Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 782

 

 

 

 

 

 

 

   2020          08              31                                       2020/ШЦТ/782

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Г.Золбоо, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Н.Энхболд,

иргэдийн төлөөлөгч Б.Батжаргал,

хохирогч Г.Д ,

шүүгдэгч С.У, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт С-н У-т холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дүгээр баг, **-** тоотод оршин суух, урьд:

            - Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3**1 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1-д тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-д зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /регистрийн дугаар ******/, М овогт С-н У.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.У нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "М" хүнсний дэлгүүрийн худалдагч иргэн Х-с 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн цагдаагаас явж байна, танайх тамхи зардаг гэж гомдол ирсэн, торгоно гэж хэлээд 50.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан В.Э-т нийт 50.000 төгрөгийн хохирол учруулсан, ***,

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ** тоотод байрлах хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн П.О-с 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газраас явж байна, сургуулийн ойролцоох дэлгүүрүүдэд зөвшөөрөл олгож байгаа юм, та зөвшөөрөл авахаар бол урьдчилгаа болох 120.000 төгрөг тушаах хэрэгтэй гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч хохирол учруулсан, ***,

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мини" зочид буудлын ресейпшин иргэн С.С-с 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14 дүгээр хорооны Г гэх цагдаа байна, танай буудалд зодооны зөрчил гараад байна гэж хэлээд 185.000 төгрөгөөр торгоно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч нийт 185.000 төгрөгийн хохирол учруулсан, ***,

Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Х" нэртэй хоолны газар ажиллуулдаг иргэн Ш.Д-с 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мэргэжлийн хяналтын ажилчин байна, 800.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгөөр торгоно гэж худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 120.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан, ***,

Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ** тоотод байрлах ТҮЦ ажиллуулдаг иргэн Н.Г-с 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газраас явж байна. Сургуулийн ойролцоох дэлгүүрүүдэд зөвшөөрөл олгож байгаа юм. Тамхины зөвшөөрөл картаар өгдөг болсон 80.000 төгрөг өгчих гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч нийт 80.000 төгрөгийн хохирол учруулсан, ***,

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “О” PC тоглоомын газар ажиллуулдаг иргэн Б.Дулмаагаас 2019 оны 06 дугаар сарын 17- ны өдөр Нийслэлийн Мөрдөн байцаах газраас явж байна, торгоно гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 80.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан, ***,

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тумбааш” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн М.Шүрнээд “...Нийслэлийн Цагдаагийн газраас явж байна, тамхины зөвшөөрөл авч өгнө...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 70.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан, ***,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** тоотод үйл ажиллагаа явуулдаг “И т” дэлгүүрээс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийгөө А гэж танилцуулан дэлгүүрийн тусгай зөвшөөрөл сунгаж өгнө гэж хуурч залилан 72.000 төгрөг болон Болор архи, шоколад зэргийг авч иргэн О.Ж-т нийт 103.000 төгрөгийн хохирол учруулсан, **,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ж” дэлгүүрээс 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөн өөрийгөө цагдаагийн ахмад Анхбаяр гэж танилцуулан танай дэлгүүрээс архи авсан хүн хордлогод орж бие нь муу байна, эмчилгээний зардал өг гэж хуурч авч иргэн Ц.Б 150.000 төгрөгийн хохирол учруулсан, **

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 А багт үйл ажиллагаа явуулдаг “А” дэлгүүрээс өөрийгөө хэсгийн байцаагч Амарбаяр гэж танилцуулж “танайх насанд хүрээгүй хүнд архи худалдаалсан байна” гэж хуурч, иргэн Х.Ц-д 120.000 төгрөгийн хохирол учруулсан, ***,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Д.Б-г Батлан хамгаалах их сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн залилан авч 280.000 төгрөгийн хохирол учруулсан, **,

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй зочид буудалд С.Э-с “цагдаагаас шалгалтаар явж байна, маягт худалдаж авах ёстой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан авч 145.000 төгрөгийн хохирол учруулсан, **,

2019 оны 06 дугаар 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайран дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Вансэмбэрүү" нэртэй караокены зөөгч Л.О-с өөрийгөө "Нийслэлийн цагдаагийн газраас хяналт шалгалтаар явж байна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж 120.000 төгрөгийг залилж авч, М.Н-д 120.600 төгрөгийн хохирол учруулсан, **,

2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Т" эмийн сангийн байранд эмийн санч иргэн Т.м-с Нийслэлийн эрүүл мэндийн байцаагч байна, иргэдээс гаргасан гомдлын дагуу торгуулийн арга хэмжээ авна гээд 352.000 төгрөгийн "Айфоне-5" загварын гар утас, бэлэн 150.000 төгрөгийг авч, нийт 502.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбарт хамгаалагч ажилтай Б.Б-н эзэмшлийн зөөврийн компьютер, ажлын хэрэгцээнд хэрэглэж байсан цахилгаан бороохой, гав зэрэг эд зүйлийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч нийт 712.400 төгрөгийн хохирол учруулсан, ***,

2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо 40 дүгээр байрны гадна талд иргэн Г.М-д "цагдаа байна" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, төөрөгдөлд оруулан 390.000 төгрөгийн "Айфоне-6 плас" загварын rap утас болон 55.000 төгрөг, нийт 445.000 төгрөгийн хохирол учруулсан, ***,

2019 оны 06 дугаар сарын 17-ны орой Баянгол дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сотын 2.1 дүгээр байрны өргөтгөлийн махны дэлгүүрт иргэн Л.Л-д мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.М гэж танилцуулж, 200.000 төгрөгийн торгуулийг 100.000 төгрөгөөр торгоно гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч Л.л-д нийт 100.000 төгрөгийн хохирол учруулсан, ***,

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Д.Б-д цагдаагийн байгууллагын ажилтан гэж танилцуулан "тусгай зөвшөөрлийг чинь 9 жилийн хугацаатай сунгаж өгнө" гэж төөрөгдөлд оруулан залилж 140.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан, **,

2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн орчим Сүхбаатар 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН караокены урд байрлах иргэн Э.Б-н эзэмшлийн Түргэн үйлчилгээний цэгт орж, өөрийгөө цагдаагийн байгууллагын ажилтан байна, тамхи зарсан байна, торгоно гэж хуурч, 85.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан, **,

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд байрлах ТҮЦ-нд О.М-с Хорооны цагдаа ахлах дэслэгч Анхбаяр байна, мэргэжлийн хяналтын хүн орж ирэх гэж байна, би чамд урьдчилаад хэлж байна, чи 500.000 төгрөгөөр торгуулах уу, 72.000 төгрөгөөр торгуулах уу” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 72.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, ***,

2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед хохирогч Э.Б-н эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Иргэний бүртгэл мэдээллийн төвийн урд байрлах “Хүнсний мухлаг” нэртэй түргэн үйлчилгээний цэгээс “намайг 11 дүгээр хорооны байцаагч Анхбаяр явууллаа, түргэн үйлчилгээний цэгүүдээр одоо мэргэжлийн хяналтаас шалгалт хийгдээд явж байна, танайх сүүлийн хоёр сарын торгуулиа өгөөгүй байна одоо өг гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бэлнээр 113,600 төгрөг шилжүүлэн авч залилсан, ***,

2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед хохирогч А.О-н эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1 дүгээр байрны 16 тоотод байрлах “Ц” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч О.Э-д “өөрийгөө Нийслэлийн цагдаагийн газарт ажилладаг ахмад А гэж танилцуулан, тамхины зөвшөөрөл авч өгнө гэж хуурч, улмаар 1 ширхэг архи, 1 ширхэг набор, бэлнээр 85.500 төгрөгийг шилжүүлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 111,800 төгрөгийн хохирол учруулсан, ***,

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ч" нэртэй түргэн хоолны газарт өөрийгөө А гэж танилцуулаад "мэргэжлийн хяналтын улсын байцаагч байна зөрчлийг чинь аргалж өгч чадна" гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон иргэн Т.Аптанцэцэгээс 130.000 төгрөг авч залилсан, **,

2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "З" нэртэй эмийн санд хохирогч Н.Н-г хуурч 190.000 төгрөг авч хохирол учруулсан, 1909027400158,

шүүгдэгч С.У ганцаараа 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 24 удаагийн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч бусдад 4.225.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.У мэдүүлэхдээ:

“...Би хохирогч Мишээлээс 55.000 төгрөг аваагүй. Харин бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Д  мэдүүлэхдээ: “...С.У нь манай дэлгүүрт 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1 цагийн орчимд орж ирсэн. 24-25 насны залуу байсан. Танайх цаг хэтрүүлсэн байна, иймд аж ахуйн нэгжийг 500.000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Тэгээд мэдүүлэг рапорт бичихээс өмнө 80.000 төгрөг өгчихвөл торгохгүй гэж хэлсэн учраас би өгсөн. Одоо 80.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Хохирогч П.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 29-ний орой Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 46-2 тоотод байрлах хүнсний дэлгүүрээ ажиллуулаад сууж байтал 19 цагийн үед гаднаас үл таних халзан толгойтой, эрэгтэй орж ирээд Нийслэлийн Цагдаагийн газраас явж байна, сургуулийн ойролцоох дэлгүүрүүдэд зөвшөөрөл олгож байгаа юм, судалгаа хийж байна. Та зөвшөөрөл авахаар бол 120.000 төгрөг хэрэгтэй. Энэ нь урьдчилгаа мөнгө гэх зэргээр миний толгойг эргүүлж, худал, үнэн үгээр итгүүлэн надаас 120.000 төгрөг залилан авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-11-рт/,

 

Хохирогч В.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед дэлгүүр дээрээ ирэхэд нэг залуу Нийслэлийн Цагдаагаас явж байна, танай дэлгүүр тамхи зардаг гэж худлаа хэлж айлгаад манай хүүхэд Э.Хишигжаргалаас 50.000 төгрөг аваад явсан байсан. Тэгээд камер шүүж үзэхэд энгийн хувцастай залуу байхаар нь сэжигтэй санагдаад цагдаагийн байгууллагад мэдэгдтэл тэр залуу өөрийгөө цагдаа гэж худлаа хэлж дэлгүүрээс мөнгө авдаг хүн байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 248-рт/,

 

Хохирогч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн үед ажлаа хийгээд сууж байтал гаднаас нэг энгийн хувцастай залуу орж ирээд 14 дүгээр хорооны цагдаа Ганзориг гэж хүн байна, шалгалтаар явж байна, манай хүмүүс одоо араас орж ирнэ, танай буудалд зодоон болоод зөрчил гаргаад байгаа тул торгоно гэж хэлсэн. Тэгээд танай буудлын бичиг баримтыг хураахгүйгээр хамгийн доод талын торгуулийн хэмжээ болох 185.000 төгрөгөөр торгоё гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд 185.000 төгрөг  өгтөл эгчээ би машинаас торгуулийн хуудас аваад ирье гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-рт/,

 

Хохирогч Ш.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байх үед 09 цаг 10 минутын үед 25-30 орчим насны, 170 орчим см өндөртэй, бор, махлаг, халзан тачирхан үстэй, хар өнгийн гуталтай, хар брюкен өмд, саарал пиджак, цагаан цамцтай залуу орж ирээд би мэргэжлийн хяналтын ажилчин байна, танай эрүүл мэндийн дэвтэр хаана байна гэж үзэж байснаа дотор талаас нь 14б-н цэнхэр хавсралт нь хаана байна энэ байхгүй бол 800.000 төгрөгөөс 1.200.000 төгрөгөөр торгодог, хэрэв торгуулмааргүй байгаа бол надад 120.000 төгрөг өгөөд одоо гаргуулаад авч болно гэж хэлэхээр нь би 120.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-рт/,

 

Хохирогч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн өнгөрч байхад Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-ээ ажиллуулаад сууж байтал махлагдуу шар царайтай, шар малгайтай цамцтай, тачирхан үстэй 30 гаруй насны хүн ирээд “би Нийслэлийн цагдаагийн газраас явж байна, танай ТҮЦ тамхи зарж байгаа биз дээ, манай Нийслэлийн Цагдаагийн газар ТҮЦ-нд тамхины зөвшөөрөл картаар өгдөг болсон, танай эхнэрийг өмнө торгож байсан. Надад 80.000 төгрөг өгчих гээд сүрдүүлээд байхаар нь 80.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-рт/,

 

Хохирогч Г.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 11-12 цагийн орчимд Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цээл” нэртэй хүнсний дэлгүүртээ байж байтал үл таних эрэгтэй хүн орж ирээд манай дэлгүүрээс 80.000 төгрөгийн 0.5, 0.75, литрийн архи, хоол ундны зүйл аваад данс руу чинь 80.000 төгрөг шилжүүлчихлээ гээд гар утаснаасаа гүйлгээ амжилттай гэсэн мессеж ирснийг үзүүлсэн. Гэтэл манай ээжийн 5022620172 дугаарын данс руу мөнгө орж ирэхгүй байсан ба тухайн хүн мөнгө удахгүй орно гээд гараад явчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-рт/,

 

Хохирогч М.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 30-ны орой Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” нэртэй хүнсний дэлгүүртээ ажиллаж байхад орой 21 цагийн үед 170-175 см орчим өндөртэй ногоон эрээн хувцастай, хар хөх саравчтай малгайтай, бүлтгэр нүдтэй залуу орж ирээд Нийслэлийн Цагдаагийн газраас явж байна, П гэсэн хүнд аваачиж өгөөд материалаа өг, маргааш зөвшөөрлийг нь гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би 70.000 төгрөг бэлнээр нөгөө залууд өгөөд хэн гэдэг нэртэй цагдаа вэ гэхэд намайг Анар гэдэг, 90115790 гэсэн дугаараас над руу залгаад энэ миний дугаар шүү маргааш холбогдоорой гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-рт/,

 

Хохирогч О.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гаднаас 35 орчим насны эрэгтэй орж ирээд хүнтэй утсаар яриад байгаа бололтой “та нар хаагуур явж байна, би 10 дугаар хороонд явж байна энүүгээр яагаад ирээгүй юм бэ, онгорхой дэлгүүр байна гээд яриад байсан. Нөгөө эрэгтэй надад танайх яагаад хаагаагүй байгаа юм бэ, цагийн хуваарь хэтрүүлсэн байна, арга хэмжээ авдаг юм билүү, юмыг чинь хураана гэж байснаа, одоо цаашдаа шөнийн 01:00 цаг хүртэл ажиллах зөвшөөрлийг хэдэн дэлгүүрт гаргаж өгнө, би чамд тэр зөвшөөрлийг хөөцөлдөж өгч болно. Тэр зөвшөөрлийг хөөцөлдөхөд 72.000 төгрөг хэрэгтэй, чи надад одоо 72.000 төгрөг өгчихвөл би маргааш хөөцөлдөж бүтээгээд 12 цаг гэхэд яръя гэхээр нь итгээд 72.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр хүн гарч явахаасаа өмнө чиний утсыг авъя гэснээ энэ миний дугаар гээд 90556020 дугаар хэлж өгөөд залгуулахад утас нь дуугараад, намайг ахмад А гэдэг би Хэнтий аймгаас танай аймагт шилжиж ирсэн, танай хорооны хэв журам хариуцсан байцаагч байна гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40-41-рт/,

 

Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Мөрөн сумын 13-29-13 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ж” нэртэй хүнсний дэлгүүртээ байж байтал гаднаас үл таних 30 орчим насны махлаг биетэй залуу орж ирээд өөрийгөө ахмад А гэдэг хүн байна гэж хэлсэн. Танай тусгай зөвшөөрөл асуудалтай болсон гэхээр нь юу болсон бэ гэхэд архинд нэг хүн хордсон, тэр хүн танай дэлгүүрээс архи авсан байна гэж хэлсэн. Тэгээд одоо яах вэ гэж асуухад та маргааш өглөө Цагдаагийн газарт яваад очоорой, одоо тэр хүний биеийн байдал муу, эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа, эмчилгээнийхээ төлбөрөө хийх боломжгүй байна гэсэн, та өнөөдрийнх нь эмчилгээний төлбөрийг гаргаж өгөх шаардлагатай байна гэхээр нь би эмчилгээнд нь хэдэн төгрөг шаардлагатай бэ гэж асуухад 150.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнийг цагдаа юм байна гэж итгээд 150.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 47-48-рт/,

 

Хохирогч Х.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Мөрөн сумын 6-42-10 тоотод үйл ажиллагаа явуулдаг “А” нэртэй хүнсний дэлгүүртээ наймаа хийгээд зогсож байтал гаднаас үл таних махлаг биетэй залуу орж ирээд “сайн байна уу, би хэсгийн байцаагч Амарбаяр гэж хүн байна, би тантай уулзах гэж явна” гэхээр нь “за ямар шалтгаанаар уулзах гэж байна вэ” гэж хэлэхэд даншгийн үеэр 5-6 залуучуудад архи зарсан байна...” танайхаас архи авсан залуучууд тал руу гарч архи уугаад хоёр хүүхэн нь нэг залуугаасаа болж хоорондоо зодолдоод нэг эмэгтэйн биед нь гэмтэл учруулсан, одоо тэр эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа ба Нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орох гэж байна. Гаднаас эм тариа авч эмчилгээ хийлгэх гэтэл зодсон охин болон зодуулсан охин ямар ч боломжгүй  байгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгээд яах гээд байгаа юм гэхэд гаднаас эм тариа авахад 120.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Би тухайн залууд “чи цагдаа хүн болохоор худлаа хэлэхгүй биз дээ” гэхэд надад Мобиком, Юнителийн нэг, нэг дугаар өгөөд 120.000 төгрөг аваад явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-54-рт/,

 

Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим намайг гэртээ байж байхад миний төрсөн эгч Б над руу залгаад Батлан хамгаалах их сургуульд сургаж өгнө гэж байна, чи сурах уу гэж асуусан. Тэгээд би сурсан ч яах вэ, наад хүнтэй чинь уулзъя гэж хэлсэн. Гэтэл удалгүй 90556020 дугаарын утаснаас миний утас руу залгаад та хүрээд ир гэж хэлэхээр нь би одоо очих завгүй байна гэхэд танай гэрт яваад очъё хаягаа хэлээрэй гэхээр нь хаягаа хэлж өгсөн. Тэгээд удалгүй хүрээд ирсэн ба тухайн залуу надад өөрийгөө ахмад А гэж танилцуулаад, би Батлан хамгаалах их сургуульд нэг хүүхэд оруулах гэтэл тэр хүүхдийн маань утас холбогдохгүй болчихлоо оронд нь нэг хүүхэд оруулчихмаар байна гэхэд сурах сонирхолтой юу гэж асуусан. Гэтэл тэр залуу манай сургуулийн байр үнэгүй, хээрийн хувцас, өдөр тутмын хувцас, прад хувцаснууд нийлээд 271.000 төгрөг болдог. Нэг хувцас нь 90.000 төгрөг болдог. Аранз 250.000 төгрөгөөр авдаг. Аранзыг нь би өөрөө өгчихнө гэж хэлсэн. Тэгээд би захын “Талст” гэдэг нэртэй дэлгүүрийн “ХААН” банкны АТМ-ээс 280.000 төгрөг авч өгөөд хариулт нь яах уу гэхэд надад бас бутархай мөнгө алга би эргээд 16 цаг 30 минутад ирнэ. Тэгэхэд паспортоо 2 хувь цээж зурагтай бэлдээд байж байгаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-60-рт/,

 

Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн үед байх намайг гэртээ унтаж байхад манай “Агь” нэртэй буудлын ажилтны утсаар нэг залуу залгасан бөгөөд өөрийгөө цагдаагийн ажилтан байна гэж танилцуулаад танай буудалд мэргэжлийн хяналт, Цагдаагийн хамтарсан шалгалт хийхээр явж байна. Та хоёр маягт авах ёстой гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би буцаагаад ажилтаныхаа дугаар руу залгахад эхлээд утсаа авахгүй байж байгаад сүүлдээ утсаа аваад надтай ярихдаа нөгөө цагдаа гэх залууд 120.000 төгрөг өгөөд явууллаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 166-рт/,

 

Хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө гэртээ байхад миний гар утас руу 90116790 гэсэн дугаараас залгаж “Нийслэлийн Цагдаагийн газрын ахмад Анхбаяр гэж хүн байна, танай караокед буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах караокед ирчихсэн байна. Би Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналт болон бусад газартай хамтран шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм, танайхыг 4 хоногийн хугацаатай хаах, 72 өгье гэхээр нь би наад 72 гэдэг чинь ямар учиртай юм бэ гэхэд манай Нийслэлийн хэмжээнд явагдаж байгаа хяналт шалгалт  байгаа юм. Дахин орж ирэхгүйгээр бүртгэлд оруулж байгаа гэсэн үг. Уг 72-ыг өгч байгаа Сонгинохайрхан дүүргийн хяналтын хүн нь надтай цуг шалгалтаар явж байгаа жирэмсэн эмэгтэй “танай караокег намайг түрүүлж ороод зохицуулаад байж бай” гэж хэлсэн юм гэхээр нь би “за наад 72-ыг чинь авъя, гэхдээ манай ажилчинд та бичиг баримтаа үзүүлээд гар утасныхаа дугаарыг үлдээчих, би тэгээд хаана очиж уулзах вэ гэтэл Нийслэлийн Цагдаагийн газрын 3 давхарт 302 тоотод ахмад А болон ахлах дэслэгч Д гэдэг хүнтэй уулзана гэж хэлээд гар утсаа салгасан. Тэгээд байж байтал манай караокены зөөгч болох Отгоо гэх эмэгтэй над руу залгаад “сая нэг үл таних эрэгтэй” орж ирээд надтай цуг байсан зөөгч эгчийг сүрдүүлээд аваад гарчихлаа. Энэ үл таних эрэгтэй хүн сэжигтэй хүн байна, цагдаа бол биш юм шиг байна гэж хэлэхээр нь би нөгөө эмэгтэй зөөгч Б-н 80993936 гэсэн дугаарын гар утас руу залгатал “нөгөө үл таних эрэгтэй хүн намайг дагуулж гараад загнаж байгаад надаас 120.600 төгрөг аваад явчихлаа" гэж ярихаар нь би гэрээсээ гараад ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “В” нэртэй караокед ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206-рт/,

 

Хохирогч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Тулга” медиа эмийн санд 2015 оны 7 сараас хойш ажиллаж байна, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед би ажил дээрээ байж байтал 27-30 орчим насны эрэгтэй орж ирээд уржигдар танай эмийн санд хэн ажиллаж байсан бэ гэхээр нь би байсан гэж хэлтэл би Нийслэлийн эрүүл мэндийн Б гэх хүн байна, танай эмийн сан дээр өргөдөл гомдол ирсэн. Тухайн гомдлын дагуу явж байна гэснээ өчигдөр танайхаас 16 настай эрэгтэй хүүхэд эм аваад 4 настай дүүдээ өгтөл хүүхэд нь уугаад тэр эмнээс хордоод шокны байдалтай эмнэлэгт хүргэгдсэн, одоо сэхээнд байна, хөл рүүгээ цус нь хурсан ер нь хүнд байгаа, ар гэрийнхнээс нь гомдол ирсэн. Гэхдээ залуу хүмүүс байна, ярилцаж эвтэйхэн ойлголцвол болно гэж хэлсэн. Тэгээд би тэр үед айгаад уйлаад сандартал тэр хүн хаалгаа онгойлго гэснээ эмийн сангийн дотогш ороод өрөөнүүдтэйгээ танилцуул гээд амралтын өрөөнд ороод суусан. Тэгээд тэр хүн компьютерийн хажуу талын сандал дээр сууж байхдаа одоо бие нь сайжирч байгаа 50000 төгрөгийн дусал хийлгүүлсэн ах нь ажилдаа нэр хүндтэй чамайг сайн байвал сургалтад суулгаад ажилтан болгоод 1.5 сая төгрөгийн ажилтнаар авч болно гэж яриад асуух юм байвал асууж бай гэж байснаа намайг за чи эмийн сангаа хаалгаад эмүүдийг чинь ухрааж авч 500.000 төгрөгийн акт тавиулна гээд эмийн санг чинь түр хугацаагаар ажиллахгүй болгуулж болно эсвэл 140.000 төгрөгөөр 72 дугаар хуудсыг авч бөглөөд энэ хэргийг аятайхан зохицуулчихаж болно гэж хэлсэн. Тэгэхээр би тэр хордсон хүүхэд яах юм бэ гэж асуухад дусал хийлгээд зүгээр болчихно, чамтай холбоо барих гар утсыг чинь хураах ёстой гэхээр нь би яагаад гэтэл нөгөө хордсон хүн чам руу залгаж мессеж бичиж дарамталж байгаа эсэхийг шалгана гэхээр нь би гар утасгүй яах юм бэ гэхэд маргааш би 09 цагт аваад ирнэ гээд байсан. Тэгэхээр нь нөгөө хүн миний нэр регистрийн дугаар төгссөн сургууль зэргийг бичүүлж  маргааш 09 цагт ирнэ гэсэн. Тэгээд би 72 дугаар хуудасны мөнгө болох 140.000  төгрөгийг нь өгсөн. Тэгтэл   тэр хүн ахыгаа яаж шагнах юм гэхээр нь би мэдэхгүй байна гэхэд ахдаа ядаж хоолны мөнгө өгчих гээд 10.000 төгрөг өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 35-36-рт/,

 

Хохирогч Б.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө 2 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд Ар хороололд байрлах Хаан Банкны 24 цагийн АТМ-д хамгаалагчаар ажиллаж байхад үл таних хүн орж ирээд би олон нийтийн цагдаа, ахлагч Энхтүвшин байна сүүлийн үед банканд халдлага их хийж байгаа болохоор энд эргүүл хийж байна гэж хэлсэн. Тэгээд намайг хаана юу хийдэг, мөн аав ээж, хаана төрсөн талаар асуугаад би танай аав ээжийг чинь танина танай гэрт очиж байсан, танай аав, ээж чинь намайг Төвшөө гэж асуухад андахгүй танина гэж байснаа чи олон нийтийн цагдаад ор 1 жил 6 сар сураад олон нийтийн цагдаа болоод томилолтоор явж 2 жил ажиллаж байгаад цол нэмээд явдаг, би чамайг оруулаад өгье гэхээр нь надад мөнгө байхгүй байна гэхэд чи надад гав, цахилгаан бороохойгоо өгчих би хятадуудын хар тамхины хэрэг мөрдөж байгаа, чи надад жаахан юм орчуулж бичиж өгч тус бол, тэгвэл би чамайг олон нийтийн цагдаад бүртгүүлж 6 сараар төгсгөж өгнө гэхээр нь би за гээд зөвшөөртөл Би чиний нөүтбүүкийг чинь авч яваад жаахан юм хийж байя. Өглөө 6 цагт жолоочоор тусгай хэрэглэлийг чинь өгөөд явуулъя, чи манай жолоочтой хамт хүрээд ир гэж хэлээд миний гав, бороохой, нөүтбүүк зэргийг аваад явсан. Түүний зургийг Эрүүгийн төлөөлөгч Т-т үзүүлэхэд энэ хүнийг У гэдэг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа гэж хэлсэн... Би нөүтбүүкээ 80.000 төгрөгөөр, гав, бороохойгоо 65.000 төгрөгөөр үнэлж байгаа... Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 38-39-рт/,

 

Хохирогч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ** дүгээр байрны * дугаар орцны гадна найз З-тэй цуг тамхи татаад зогсож байтал үл таних 25-30 орчим насны 175-180 см орчим өндөртэй, махлаг биетэй, бор царайтай, жижигхэн халимаг үстэй, дээгүүрээ цагаан өнгийн фудволк, цайвар өнгийн пиджактай, доогуураа цайвар шаргалдуу өнгийн өмдтэй эрэгтэй хүн ирээд “Нийслэлийн цагдаагийн газрын ахлах А гэдэг хүн байна, яагаад олон нийтийн газар тамхи татаад байна" гэснээ нэг цагдаагийн гэмээр тэмдэг, таван хошуутай мөрдөс үзүүлээд “та хоёрт иргэний үнэмлэх байна уу” одоо 200.000 төргөгөөс 300.000 төгрөгөөр торгоно” гэхээр нь би “хогийн савтай газар татсан шүү дээ" гэхэд “тэр хамаагүй, орцноос 5 алхам зайтай газар татах ёстой" гээд утсаа гаргаж ирснээ “өнөөдөр хэн жижүүртэй байна, наашаа машин явуулчих, энд нэг 2 охин байна” гэж ярьсан. Тэгээд утсаа таслаад “одоо та хоёрыг ачна наашаа машин ирж байгаа" гэхээр нь би өөрт бэлэн байсан 55.000 төгрөгийг тухайн залууд өгөөд “одоо явж болох уу ахаа ” гэхэд “одоо өөр мөнгө олчих арга байхгүй юу, тэгэхгүй бол миний цалингаас 250.000 төгрөг суутгачихдаг юм" гэхээр нь “би одоо ямар ч арга байхгүй, би танд маргааш өөрөө өгье" гэхэд "би чамд яаж итгэх юм бэ, би олон хүнийг өрөвдөж явуулж байсан, бүгд л худлаа яриад дараа нь мөнгөө авчирч өгдөггүй, хэрэв тийм бол барьцаанд юм үлдээ” гээд загнаад байхаар нь би өөрийнхөө барьж байсан Ай фоне 6 Эс плас маркийн гар утсаа тэр ахад өгтөл “за маргааш торгуулийн үлдэгдэл мөнгөө “Тэнгис” кино театрын урд талд байдаг Нийслэлийн цагдаагийн газар дээр ирээд ахлах А-тай уулзъя гэж орж ирээд надад өгөөрэй гээд яваад өгсөн. Маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Тэнгис кино театрын урд байрлах Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд А гэдэг хүнийг асуухад тэр хэлтэст гурван А гэдэг нэртэй хүн байдаг гэхээр нь жижүүрийн цагдаад өчигдрийн болсон явдлаа хэлэхэд манай цагдаа Хан-Уул дүүрэгт юу хийж явах юм бэ, 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хамгаалалттай байсан, чи андуураад байх шиг байна, чамайг Нийслэлийн цагдаа дээр дуудсан юм бол тийшээ очоод үз” гэхээр нь би Тэнгис кино театрын зүүн талд байрлах Нийслэлийн цагдаагийн газрын жижүүр дээр очоод болсон явдлаа хэлтэл манайх тийм асуудал шийддэггүй, манай цагдаа нар барьцаанд гар утас хэзээ ч авахгүй, чи залилуулсан юм биш үү, чи Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод өргөдлөө өг” гэсэн.... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 93-96-рт/,

 

Хохирогч Л.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Б.С-н хамтаар өөрийн эрхэлж буй ажил болох ажлын газартаа цэвэрлэгээ хийгээд байж байтал 21 цаг 45 минутад Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Д.М гэж хүн орж ирсэн. Манай ахлах байцаагч Б гэдэг хүн явуулсан нийслэлийн мэргэжлийн хяналтын газар цагдаагийн хамтарсан лицензийн шалгалт явж байгаа урьдчилаад шалгалт хийж байн. Манай жижиг хилний баталгааны хугацаа 2 хоногийн өмнө дуусчихсан байсан. Зөвхөн танай хилэн дээр 500.000 төгрөгийн торгууль бичнэ гэж хэлсэн. Тэгээд 6 хүн орж ирж шалгана, хүн болгонд 200.000 төгрөг өгөх хэцүү тэрний оронд би танай дэлгүүр дээр 100.000 төгрөгийн торгууль бичиж өгье маргааш өглөө ирж аваарай, хүмүүс шалгахад тэрийгээ үзүүлээрэй ямар ч асуудалгүй өнгөрнө гэж хэлэхээр нь би 120.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 156-157-рт/,

 

Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Арвайн тал хүнсний дэлгүүрт үл таних нэг залуу орж ирээд тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэж байгаа ба Зөрчлийн тухай хуулийн дагуу 9 жилийн хугацаатай нэг зөвшөөрөл олгож байгаа. Би дэлгүүрүүдээр явж бичиг баримтыг нь авч байгаа юм, танайх өгөх үү гэхээр нь би бичиг баримтаа канондаж өгөөд хураамж 140.000 төгрөг хамт явж төлье гэтэл би өдөр мөнгө тушаасан баримтуудыг тараана гэхээр нь дансаар шилжүүлье гэхэд бэлэн төлөх ёстой гэж хэлсэн. Тэгээд би бэлэн 140.000 төгрөг ба тухайн залуу өөрийгөө Тэнгис кино театрын урд байрлах цагдаагийн хэлтэст ажилладаг А гэдэг гэж хэлсэн. Тэгээд уг хүнд мөнгө төгрөгөө өгч явуулчихаад Баянзүрх дүүрэг рүү залгаад асуутал тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан талаараа мэдсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 186-187-рт/,

 

Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, хүнсний 4 дүгээр дэлгүүрийн үүдэнд хувиараа ТҮЦ ажиллуулдаг. 2019 оны 07 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчимд манай худалдагч Н над руу залгаад “цагдаа орж ирээд торгоод явчихлаа” гэж хэлэхээр нь хэдэн төгрөгөөр гэж асуухад “85.000 төгрөгөөр” гэж хэлсэн. Тэгэхээр нь хаанаас ямар учиртай цагдаа орж ирээд торгосон юм гэж асуухад гадуураа пиджак өмссөн эрэгтэй хүн орж ирээд тамхи байна уу гэж асуухаар нь байна гэж хэлэхэд мөрдөс, үнэмлэх харуулаад дүүрэг билүү, хорооноос шалгалтаар явж байна, бусад ТҮЦ нарыг шалгаад арга хэмжээ авсан. Танай ТҮЦ үлдсэн байна гэж хэлэхээр нь худалдагч утсаа бариад би мэдэхгүй, мэддэг хүн рүү яриад асуугаад хэлье гэхэд тэр хүн утсыг нь булааж аваад “чи төрийн цагдааг доромжилж байна” гээд утсыг нь булааж аваад хүмүүс орж ирэхэд тэр хүмүүсийг ажиллахгүй гэж хөөж гаргаад хаалга, цонхыг нь бүгдийг нь хаагаад чи 85.000 төгрөгөөр торгуул эсхүл орлогоо өгөөд ТҮЦ-ээ хаалгаад дампуур гэж хэлэхээр нь худалдагч маань “би мэдэхгүй байна, би мэддэг хүн рүү нь ярьмаар байна” гэж хэлэхэд тэр хүн “чи ямар тэнэг юм бэ” гээд чичилж орилоод байхаар нь манай худалдагч тэр хүнд бэлнээр 85.000 өгөөд явуулсан байсан...” гэх мэдүүлэг  /3-р хх-ийн 223-рт/,

 

Хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр бид хоёр 2015 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Иргэний бүртгэл мэдээллийн төвийн урд байрлах “Хүнсний мухлаг” нэртэй түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулж байна. 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ТҮЦ-дээ сууж байсан юм. Гэтэл өдрийн 13 цагийн орчим 30 гаран насны бололтой их албаны маягтай хувцасласан, дунд зэргийн мах мариатай, богино шардуу үстэй, шардуу царайтай 170 см орчим өндөртэй хүн орж ирээд шууд надаас “эгч хаачсан юм бэ байхгүй байгаа юм уу” гэсэн. Тэгэхээр нь би эхнэр байхгүй гадуур ажилтай яваа гэж хэлсэн тэгтэл шууд тэр залуу намайг 11 дүгээр хорооны байцаагч А явууллаа, та намайг таньж байгаа биз дээ, ТҮЦ-ээр одоо мэргэжлийн хяналтаас шалгалт хийгдээд явж байна. Танайх сүүлийн хоёр сарын торгуулиа өгөөгүй байна одоо өг гээд ар араас нь хурдан загнах маягтай яриад эхэлсэн. Тухайн үед би гайхаад нээрээ шалгалт хийгээд явж байхдаа ТҮЦ торгодог юм байхдаа гэж итгээд хэдэн төгрөг вэ гэж асуутал утсан дээрээ тоо бодож байгаа бололтой утсаа оролдож байгаад 113.600 төгрөгийн торгууль болох юм байна гэхээр нь би итгээд тэр залууд бэлнээр нь 113.600 төгрөг өгсөн. Тэгээд би торгуулийн хуудас өгнө биз дээ гэж асуутал машиндаа хуудас орхьчихсон байна аваад ирье гээд гарч яваад эргэж орж ирээгүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 17-18-рт/,

 

Хохирогч А.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр байрны 16 тоотод байрлах “Ц” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг хувиараа 2007 оноос хойш ажиллуулж байна. 2019 оны 06 дугаар сард танил Элбэгзаяаг гуйж дэлгүүртээ худалдагчаар ажиллуулсан. Гэтэл танихгүй дугаараас залгаад танай дэлгүүр чинь тамхи зардаггүй юм байна, танай дэлгүүр тамхины зөвшөөрөл авах эрхтэй боллоо ч гэсэн билүү эрэгтэй хүн л юм яриад байсан. Маргааш нь Элбэгзаяа руу залгаад ямар учиртай юм болсон талаар асуухад өчигдөр энгийн хувцастай 30 гаран насны залуу орж ирээд цагдаа байна. Танай дэлгүүрт тамхины зөвшөөрөл авч өгнө 85.500 төгрөг, набор вино өг гэсээр байгаад 85.000 төгрөг, 45.000 төгрөгийн үнэтэй набор, 26.500 төгрөгийн Эдэн нэртэй архи аваад явсан.  Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 55-56-рт/,

 

Хохирогч Д.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би хөдөө явах ажил гараад тухайн өдөр ТҮЦ-нд дээр өөрийн төрсөн дүү Мөнхжавхланг суулгаж үлдээсэн. Тэгээд намайг  хөдөө явж байхад манай дүү над руу нэг танихгүй хүний утасны дугаараас залгаад "ахлах Анхбаяр гэдэг нэртэй цагдаа ирээд торгоно гээд байна, эсвэл зүгээр торгуулахгүй мөнгө гээд байна гэсэн утгатай зүйл хэлсэн. Тухайн үед би хөдөө замд явж байсан болохоор сүлжээ унаад утас тасарчихсан. Гэтэл дүү 72.000 төгрөг өгөөд явуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 95-рт/,

 

Хохирогч Т.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хар хорин зах руу автобусанд суугаад явж байхад 86119086 дугаарын утаснаас залгаад Дүүргийн мэргэжлийн хяналтын газраас А гэж хүн байна танайд шалгалтаар явж байна, бичиг баримтыг чинь шалгана гэхээр нь манай тогооч байгаа тэгээд шалгачих гэж хэлсэн. Гэтэл манай тогооч О бичиг баримтаа шалгуулахад сандлын бүрээс чинь их муухай юм байна тогоочийн хувцаслалт муу байна гэх мэтээр ганц нэг зөрчил хэлээд би энэ бүгдийг чинь аргалъя та 10 цагаас өмнө 130 000 төгрөг өг, бүх юмыг чинь аргалаад маргааш гэхэд суудлын бүрээс тогоочийн хувцас зэргийг аваад ирнэ гэж хэлж байна гэхээр нь 130 000 төгрөг охиныхоо данснаас Оюунжаргал руу шилжүүлж Оюунжаргал АТМ-ээс аваад тухайн хүнд 130.000 төгрөг өгсөн байсан. Тэр хүн мөнгө аваад манай тогоочид маргааш ирнэ гэж хэлээд явсан байсан. Надад 130.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 16-рт/,

 

Хохирогч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай ажил Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 10-ны орой 19 цаг 40 минутын орчимд ямар нэгэн албаны хувцасгүй, энгийн хувцастай, шаргал өнгөтэй мөрдөс барьсан өндөр нуруутай, дугуй царайтай эрэгтэй хүн орж ирээд нийслэлийн аюулгүй байдлын ахмад Энх-Эрдэнэ гэж өөрийгөө танилцуулаад “манай даргыг А, түүний таньдаг хүнийнх нь хүүхэд танай эмийн сангаас эм аваад эгч нь буруу уулгаад хордлого болоод сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна, танай эмийн сангаас эм авсан учир та буруутай, одоо наадам болох гээд энэ хэрэг чинь дээшээ явах гээд байна” гэж хэлэхээр нь би ямар эм авсан юм бэ гэж асуухад ямар нэгэн хариу хэлэхгүй “би танай хэргийг хариуцсан байцаагч байна. Хэрэг шалгадаг хугацаа баярын өдрүүдээр таараад байна, 7 хоногоор сунгахад 190.000 төгрөг болдог, шар хуудас өгдөг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 190.000 бэлнээр тоолж өгөөд шар хуудсыг хэзээ авах талаар асуухад ажлын өдрөөр нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хажуу талаас ирээд аваарай гэж хэлээд 86119086 дугаарын утсыг өгсөн. Тухайн үед залгаж үзэхэд гар утас нь холбогдож байсан ба сүүлдээ холбогдохгүй болсон. /5-р хх-ийн 49-рт/,

 

гэрч О.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр миний утас руу манай эгч Ж залгаад “өчигдөр орой 01 цаг хүртэл тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гээд 72.000 төгрөг, 1 шил архи, 2 ширхэг шоколад аваад явсан” гэж хэлсэн. Тэр хүн өөрийгөө цагдаагийн ахмад Аюур гэж танилцуулж байсан гэж хэлэхээр нь цагдаа хүн ирж мөнгө авна гэж юу байсан юм бэ гэж хэлсэн. 7038102 тоот утас руу залгаад А гэдэг хүн танай цагдаад ажилладаг уу гэж асуухад тийм хүн ажилладаггүй” гэж хэлэхээр нь залилуулсан байж магадгүй гэж бодоод Цагдаагийн байгууллагад хандсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 64-рт/,

 

гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би Энх-үрс эмнэлэг дээр ажлаа хийгээд байж байтал 15 цагийн орчимд нэг залуу манай эмнэлэгт орж ирсэн. Тэр залуу өрийгөө Хилийн цэрэгт ажилладаг ахмад А гэж танилцуулсан. Тэгээд танай эмнэлгээс ядарсан нэг хүүхдийг Батлан хамгаалах их сургуульд явуулж өгөх гэсэн юм. Тэгээд танай эмнэлэгт ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нэг дүү байна. Батчимэг гэдэг дүүгээ тэр сургуульд чинь оруулбал болох уу гэж асуутал “та аранз болон 3 ээлжийн хувцасны мөнгө 280.000 төгрөг, яг одоо бэлдэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэр үед Батчимэг рүү залгаж эгчийн дүү ийм сургууль байна, чи сурах юм уу гэж асуутал тэгье наад хүнтэй чинь уулзаж байгаад болъё гэж хэлсэн. Тэр залуу надад 90556020 утасны дугаар өгсөн. Би ажилтай байсан учраас ажил руугаа очсон. Гэтэл тэр залуу манай ажлаас гарангуутаа манай дүү Батчимэгийн утас руу залгаад Батлан хамгаалах сургуульд оруулна гэж хэлээд 280.000 төгрөг аваад явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71-рт/,

 

гэрч Э.Оюун-Ундрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ээжтэйгээ хамт буудал дээр байж байтал шөнө 1, 2 цагийн үед намайг унтаж байхад ээж сэрээгээд нэг хүн орж ирээд Цагдаагаас шалгалтаар явж байна, миний араас Мэргэжлийн хяналтын байцаагч орж ирнэ, нэг бичиг авах ёстой гээд мөнгө нэхэхээр нь би тухайн залууд одоо байгаа мөнгө энэ байна гээд 100 гаруй мянган төгрөг өгсөн. Араас нь гарахад нөгөө хүн байгаагүй гэж ярьсан. Би тэр хүнийг хараагүй, намайг камер шүүгээд өг гэхээр нь шүүж байгаа камерийн бичлэгээс харсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-рт/,

 

гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо Цамбагаравын замын урд талын, Номин худалдааны төвийн баруун талд байрлах “Агь” мотель нэртэй зочид буудалд жинсэн яактай, саравчтай малгайтай, саарал бэлтгэлийн өмдтэй, 30 орчим насны, дунд зэргийн махтай дунд зэргийн нуруутай, шар царайтай залуу өрөө байна уу гэж асуусан. Тэгээд 207 тоот өрөөний хаалгыг цохитол тухайн өрөөний залуу хаалгаа тайлсан. Гэтэл шууд нүүр рүү нь цохьсон гэсэн. Гэтэл гаднаас эрээн шорттой цэнхэр цамцтай махлаг биетэй залуу цагдаагийн газраас явж байна гээд хар үнэмлэх үзүүлсэн, би үнэмлэхийг нь харж чадаагүй. 6 зочид буудлын дараа танай буудал дээр шалгалт ирнэ, 2 маягт авах ёстой, тэр нь 360.000 төгрөг болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэтэл боосынхоо дугаарыг өг, босстой чинь яръя гэж хэлсэн. Тэгээд би захирлын нөхрийн дугаарыг өгөөд яриултал шалгалтаар явж байна. 71-ийн хуудас, 82-ын хуудсаа ав, манайх өндөржүүлсэн бэлэн байдалд байна гээд яриад байсан. Тэгээд намайг шалгалт ирэхэд тэр 2 хуудас байх ёстой гэсэн. Тэгээд би 120.000 төгрөг, 1 өрөөний төлбөр 25,000 төгрөг, нийлээд 145.000 төгрөг өгсөн. Та намайг дагаад гар зам дээрээс ав гэж хэлсэн ба намайг хаалга түгжиж байх хооронд тэр залуу намайг гадаа хаалгаа түгж гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадаа хаалгаа түгжиж яах юм бэ гэж хэлтэл түгжчихээ би аргалаад цаагуур чинь явуулъя, харин та маягтаа л авчих би энүүгээр машинтай өнгөрөхдөө өгье гэж хэлээд явсан. Тэгээд тур залуу алга болчихсон. Би захирал руугаа залгаад мөнгө өгсөн талаараа хэлэхэд та яах гэж өгсөн юм бэ наад хүн чинь залилсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 167-168 –рт/,

 

гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед би ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо Вансэмбэрүү нэртэй караокед байж байтал нэг үл таних 25-30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд амрыг ирье, Нийслэлийн цагдаагийн газрын ахмад А байна гээд нийслэлийн бүх дүүргүүдийг хамарсан шалгалт явагдаж байна, энэ бүрэлдэхүүнд 6-7 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт явагдаж байгаа юм. Танай хажуу талын 2 караокед шалгалтын хүмүүс байгаа, одоо танай караокед 10 минутын дараа ороод ирнэ. Танай караоке руу нэг эмэгтэй хүн явуулсан гэж хэлээд намайг манай зөөгч болох О-н хамт текний өмнө зогсоож байгаад хувцасны жигдрэлт байхгүй, үйлчилгээний ёс зүй, журам байхгүй, бармен, зөөгчийн эрх үүрэг мэдэхгүй, манай караокены нэг өрөө рүү дагуулж ороод тоос арчиж үзээд гар нь тоос болтол танайх тоос шороотой байна, шалгалтад тэнцэхгүй хаагдана, шалгалтын бүрэлдэхүүн танай караокед орж ирээд шууд хаалгана. Харин 72 гэсэн бичиг надаас авах юм бол танай караокег засвартай гэж ойлгоод шалгалт орж ирэхгүй, энэ шалгалт явж өнгөрсний дараа дүүргээс хэдэн хүмүүс ирж үзсэн болоод яваад өгнө гэж хэлээд надаас 120.200 төгрөг нэхэхээр нь би ийм их мөнгийг дур мэдэж танд өгч чадахгүй захирлаасаа асууж байж өгнө гэж хэлтэл тухайн эрэгтэй чи тэгвэл захирлынхаа гар утсыг өг гээд өөрийнхөө гар утсаар манай захирал болох М.Н-тай гар утсаар яриад танай захирал 72 авъя гэж байна гэж хэлээд гар утсаа таслаад надаас мөнгөө нэхэхээр нь би уучлаарай ахаа таны бичиг баримтыг үзэж болох уу гэтэл тэр ах миний бичиг баримтаа машинд байгаа, чи ер нь миний бичиг баримтыг үзье гэдэг хэн юм, тэгвэл танай караоке шалгалтандаа унаад хаагдана биз гэж хэлээд уурлаад манай караокеноос гараад явахаар нь манай караокег хаачих байх гэж айгаад араас нь гараад би мөнгийг чинь өгье манайх караокегоо хаалгамааргүй байна гэж хэлтэл нөгөө үл таних ах танай захирал авъя гэж байхад чи юу юм гэж хэлээд уурлаад намайг загнаад байхаар нь би үгүй ээ ахаа би таны бичиг баримтыг үзэх гэсэн юм гэтэл нөгөө ах чи яасан хүний хэл ойлгодоггүй юм бэ, би машиндаа бичиг баримтаа орхисон гэж хэлсэн биз дээ гээд замын цаана зогсож байгаа цагдаагийн машиныг заахаар нь би нэхээд байсан 120.200 төгрөгийг нь гаргаж өгтөл нөгөө ах би машин руу гялс очиж 72-ын бичиг аваад ирье гэж хэлээд миний өгсөн мөнгийг тоолж үзэлгүй аваад шууд цаашаа гүйгээд явахаар нь би араас нь харалгүй буцаад караоке руу ороод нөгөө цуг байсан зөөгч эмэгтэйд чи захирал М.Нансал эгч рүү залгаарай гэж хэлээд өөрөө тухайн залуугийн буцаж араас гартал нөгөө ах байхгүй, алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 208-рт/,

 

гэрч Л.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо Вансэмбэрүү караокед байж байтал нэг үл таних 25-30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд амрыг ирье Нийслэлийн цагдаагийн газрын ахмад А байна, нийслэлийн бүх дүүргүүдийг хамарсан шалгалт явагдаж байгаа, энэ бүрэлдэхүүнд 6-7 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт явагдаж байна. Танай хажуу талын 2 караокед шалгалтын хүмүүс шалгалт хийгээд тухайн караокег хаасан. Одоо танай караокед 10 минутын дараа ороод ирнэ. Намайг манай бармен болох Мөнхбаясгалангийн хамт текний өмнө зогсоож байгаад хувцасны жигдрэлт байхгүй, үйлчилгээний ёс зүй, журам байхгүй, бармен, зөөгчийн эрх үүрэг мэдэхгүй, манай караокены нэг өрөө рүү дагуулж ороод тоос арчиж үзээд гар нь тоос болтол танайх тоос шороотой байна шалгалтад тэнцэхгүй хаагдана, шалгалтын бүрэлдэхүүн танай караокед орж ирээд шууд хаалгана шүү. Харин 72 гэсэн бичиг надаас авах юм бол танай караокег засвартай гэж ойлгоод шалгалт орж ирэхгүй, энэ шалгалт явж өнгөрсний дараа дүүргээс хэдэн хүмүүс ирж үзсэн болоод яваад өгнө гэж хэлээд бармен болох Мөнхбаясгалангаас 120.200 төгрөг нэхэхээр нь Мөнхбаясгалан ийм их мөнгийг дур мэдэж танд өгч чадахгүй захирлаасаа асууж байж өгнө гэ ж хэлтэл тухайн эрэгтэй чи тэгвэл захирлынхаа гар утсыг өг гээд өөрийнхөө гар утсаар манай захирал болох М.Н-тай гар утсаар яриад танай захирал 72 авъя гэж байна гэж хэлээд гар утсаа таслаад М-с мөнгөө нэхэхээр нь Мөнхбаясгалан уучлаарай ахаа таны бичиг баримтыг үзэж болох уу гэтэл тэр ах миний бичиг баримтаа машинд байгаа, чи ер нь миний бичиг баримтыг үзье гэдэг хэн юм гэж хэлээд уурлаад танай караоке шалгалтандаа унаад хаагдана биз гэж хэлээд гараад явахаар нь Мөнхбаясгалан тухайн эрэгтэйн араас гарахаар нь би Н эгчийн 86004243 гэсэн дугаарын гар утас руу би өөрийн 99488681 гэсэн дугаарын гар утсаар залгаж сая тантай ярьсан эрэгтэй хүн сэжигтэй байна та хүрээд ир гэ хэлтэл Нансал эгч за гээд байж байтал Мөнхбаясгалан 5 минутын дараа орж ирээд би хульхидуулчих шиг боллоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 210-рт/,

 

гэрч О.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз М тамхи татаж байгаад тамхиа унтрааж хажууд байсан хогийн саванд хийтэл гэнэт хаанаас ч юм 25-30 орчим насны махлаг биетэй, бор царайтай эрэгтэй хүн гарч ирээд бид хоёрыг “бичиг баримтаа үзүүл, би цагдаа байна” гээд 2 таван хошуутай цагдаагийн мөрдөс гаргаж ирж үзүүлээд би Цагдаагийн газрын ахмад А гэдэг хүн байна, та 2 хэдэн настай вэ, 21 нас хүрээгүй олон нийтийн газар тамхи татсан болохоор одоо торгоно, одоо та хоёрыг хамт авч явна, цагдаагийн машинаа дуудчихсан байгаа гэснээ одоо эцэг, эхийг чинь дуудна гээд байхаар нь Мишээл түүнд бэлэн 55.000 төгрөг өгөөд гар утсаа аваарай” гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 98-99-рт/,

 

гэрч Э.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний орой 21 цаг өнгөрч байхад миний ажилладаг байсан ТҮЦ-нд 30 гаран насны, гадуураа сааралдуу ч юм шиг пиджак өмссөн, доогуураа даавуун хөхдүү ч юм шиг өмд өмссөн, намхандуу нуруутай, махлаг биетэй, нэлээн том гүзээтэй, онигор нүдтэй, богино бор үстэй эрэгтэй хүн орж ирээд надаас тамхи байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би байна гэж хариулсан. Гэтэл тэр хүн утсаа гаргаж ирээд хүнтэй утсаар яриад байсан. Гэхдээ яг үнэнээсээ ярьсан юм уу мэдэхгүй, ямар ч байсан ТҮЦ-нд шалгалт хийгээд явж байна гэж ярьж байснаа ТҮЦ-нээс юм авах гээд ороод ирчихсэн байсан хүмүүсийг одоо энэ ТҮЦ худалдаа хийхгүй цагдаагаас шалгалт хийж байна гээд гаргасан. Тэгээд гадуураа өмсөж байсан пиджакаа тайлсан ба шар өнгийн мөрдөстэй зүүн мөрөн дээрээ Police /полис/ гэсэн бичигтэй цагаан өнгийн богино ханцуйтай цамц өмсчихсөн байсан. Тэр хүн цагдаагаас явж байна, одоо танай ТҮЦ-ийг хаана, чи яг хэдэн ширхэг тамхи байгааг надад хэлчих, 50 хайрцгаас олон тамхи байвал мэргэжлийн хяналт дуудаад танай ТҮЦ-ийг хаагаад шууд ачуулаад явна гээд намайг тулгаж эхэлсэн. Бас надад үнэмлэх шиг юм үзүүлсэн. Би сайн харж чадаагүй. Би тэгэхээр нь энэ ТҮЦ-ний эзэн нь би бишээ, мэддэг хүн рүү нь утсаар яриад асуучихъя, би зүгээр ажиллаж байгаа юм гэж хэлтэл чи цагдааг доромжиллоо, утсаараа ярих хэрэггүй, энэ ТҮЦ-ийг Б ажиллуулдаг гэдгийг би мэднэ. Б махлаг биетэй, приус 30 унаад яваад байдаг охин байдаг. Цагдаагаас олон удаа бултаж эрүүгийн хариуцлагаас зугтаад байгаа. Б руу ярих хэрэггүй. Энэ ТҮЦ-нд одоо чи байгаа юм чинь чамтай хариуцлага ярина гэсэн. Би тэгж хэлэхээр нь цагдаа мөн юм байна гэж бодоод хариуд нь би мэдэхгүй ахаа, би эзэн рүү нь яриад хэлье, би юу ч мэдэхгүй гэсэн чинь чи ямар тэнэг охин бэ, яасан юм ойлгодоггүй юм бэ, хэрвээ чи надад 85.000 төгрөг өгчихвөл би хамт явж байгаа шалгалтын хүмүүстээ танай ТҮЦ-ийг түр хаасан гээд хэлчихье. Чи тэгээд ТҮЦ-ээсээ түр гарч бай гээд байхаар нь би аргагүйн эрхэнд тухайн өдрийн ТҮЦ-ний орлогынх мөнгөнөөс 85.000 төгрөг тоолж өгөөд тэр ахтай цуг ТҮЦ-ээ хаагаад хоёр тийш салаад явсан. Тэгээд би утсаараа Б руу яриад болсон асуудлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 227-228-рт/,

 

гэрч О.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 02-ны 20 цаг 20 минутын үед манай дэлгүүрт гаднаас Нийслэлийн цагдаагийн газарт ажилладаг ахмад А гэж өөрийгөө танилцуулсан саарал өнгийн биеийн тамирын хувцастай хүн орж ирсэн. Тэгээд өөрийн 90116790 гэсэн дугаараас миний дугаар руу дохиод энэ миний дугаар гэж хэлсэн бөгөөд танай дэлгүүрийн эзэнтэй ярих хэрэгтэй байна гээд манай дэлгүүрийн эзэн О гэх хүнтэй өөрийн утаснаас холбогдож ярьсан. Тэгээд би түүнд 85.500 төгрөгийг бэлнээр, 1 шил архи, 1 ширхэг набор өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 41-рт/,

 

гэрч О.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...14 цагийн орчимд махлаг биетэй 30 гаруй настай цагаан өнгийн срочкон цамцтай эрэгтэй хүн орж ирээд “Хорооны цагдаа ахлах дэслэгч А байна, мэргэжлийн хяналтын хүн орж ирэх гэж байна, би чамд урьдчилгаа хэлж байна, чи 500.000 төгрөгөөр торгуулах уу, 72.000 төгрөгөөр торгуулах уу” гэж хэлэхээр нь би сайн мэдэхгүй байна, эгч рүү залгаад үз гэж хэлээд эгч П-н дугаарыг тэр хүнд өгсөн. Гэтэл тэр хүн өөрийн гар утаснаас эгч рүү 3 удаа залгаад “Ахлах дэслэгч А байна, танайх яагаад хууль бусаар тамхи зараад байна, хяналтын албанаас шалгах гээд байна” гэж ярьж байхад эгчийн гар утас сүлжээгүй болж тасарсан. Тэр хүн намайг хурдал, би чамд ойлгуулж хэлээд байхад гэх мэтээр зандрангуй байдалтай загнаад байхаар нь 72.000.00 төгрөгийг хаана тушаах вэ гэж асуухад дүүргийн цагдаагийн газарт тушаах ёстой гэж хэлэхээр би тушаах уу гэхэд тэр хүн би өөрөө эмэгтэй цагдаад тушаах ёстой гэж хэлэхээр нь 72.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэр хүн маргааш мэдүүлгийн хуудсыг чинь хүнд өгөөд явуулна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 96-рт/,

 

гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 сарын 19-ний өдөр би Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кино театрын зүүн талд байдаг "Ч " нэртэй түргэн хоолны газарт өглөө 08 цагт А эгч ирчихээд махаа аваад ирнэ гээд гарч явсан. Тэгтэл гаднаас нэг залуу орж ирээд мэргэжлийн хяналтын байцаагч тэр байна гээд нэг нэр тухайн үед хэлээ М эгч явууллаа, өнөөдөр мэргэжлийн хяналтынхан гадуур шалгалтаар явна М эгч намайг бичиг баримт юм дутуу байвал надаар өгч явуулаад аргалуулах юм байвал аргалуул гэж байна гэхээр нь би А эгчтэй яриулсан. Гэтэл а эгчтэй ярьчихаад над руу А эгч залгаад шалгалт шүүлэг явах гэж байна, бичиг баримт дутуу, аргалах юм байвал аргалуул гэж байна, 130.000 төгрөг гэнэ, бэр охин одоо мөнгө шилжүүлнэ, тэгээд тэр мөнгийг аваад өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд миний Хаан банкны данс руу 125.000 төгрөг шилжүүлж би 130.000 төгрөг тэр хүн өгсөн. Тэр хүн энэ мөнгийг нь шалгалт оруулахгүй аргалж өгнө гэж 130.000 төгрөг авсан. Бас ширээ, сандлын бүтээлэг акталж хураагдсан байдаг, тэрийг авч ирж өгнө гэж хэлээд гарсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 19-рт/,

 

- таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 21-23, 129-133, 155-159, 204-208, 3-р хх-ийн 116-120-рт/,

- "М" хүнсний дэлгүүрийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн камерын бичлэгт хийсэн мөрдөгчийн тэмдэлэл /1-р хх-ийн 82-85-рт/,

- Эд зүйлийн үнэлгээ "Болор архи, Мах bon шоколад" /2-р хх-ийн 77-рт/,

- "Арвайн тал" хүнсний дэлгүүрийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн камерын бичлэгт хийсэн мөрдөгчийн тэмдэлэл /1-р хх-ийн 183-рт/,

- Эд зүйлийн үнэлгээ /4хх-ийн 64-65-рт/,

"Зайг гол" эмийн сангийн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн камерын бичлэгт хийсэн мөрдөгчийн тэмдэлэл /5-р хх-ийн 45-рт/,

 

шүүгдэгч С.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би өөрийн хийсэн 24 үйлдлээ хүлээн зөвшөөрч байна мөн надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би ял эдлэж байх хугацаандаа бусдад учруулсан хорио төлбөрөө төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 126-127-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хх-ийн 56-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 46-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 46-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.У 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 24 удаагийн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад 4.225.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.У залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна...” гэх дүгнэлт гаргав.

 

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж заажээ.

Эрүүгийн хуульд заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн гэмт хэргийн обьектив талын шинж нь амьдрах байр, идэх хоол, өмсөх хувцсаар хязгаарлагдахгүй бөгөөд тухайн гэмт этгээдийн хувьд өөрийн хүсэл сонирхлоо хэрэгжүүлсэн, амьдралын хэв маяг (зугаа цэнгэл)-аас үүдэлтэй хэрэгцээнд зарцуулсан байх бөгөөд тогтвортой гэсэн хууль зүйн шинжийг шаардахгүй бөгөөд гэмт этгээдийн хувьд тухайн цаг мөчид өөрийн хүсэл, дур сонирхлоос үүдэлтэй хэрэгцээгээ хангасан бүхий л бодит нөхцөлийг хамааруулж ойлгох ба шүүгдэгч С.Уын дээрх 24 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг өөртөө авч байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Мянгаа овогт Саруултамирын Ууганбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.У-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч, энэхүү гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч С.У-аас хохирогч П.О-д 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөг, В.Э-т 50.000 /тавин мянган/ төгрөг, С.С-д 185.000 /нэг зуун наян таван мянган/ төгрөг, Ш.Дашзэвэгт 120.000 /нэг зуун хорин мянган/  төгрөг, Н.Г-д 80.000 /наян мянган/ төгрөг, Б.Д-д 80.000 /наян мянган/  төгрөг, М.Ш-д 70.000 /далан мянган/ төгрөг, Л.Ж-т 103.000 /нэг зуун гурван мянган/ төгрөг, Ц.Б-д 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөг, Х.Цэ-ад 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөг,  Д.Ба-т 280.000 /хоёр зуун наян мянган/ төгрөг,  С.Энхжаргалд 145.000 /нэг зуун дөчин таван мянган/ төгрөг, М.Н-д 120.600 /нэг зуун хорих мянга зургаан зуун/ төгрөг, Т.М-нд 502.000 /таван зуун хоёр мянган/ төгрөг, Б.Б -д 712.400 /долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг, Г.Ми-д 445.000 /дөрвөн зуун дөчин таван мянган/ төгрөг, Л.Л-т 100.000 /нэг зуун мянган/ төгрөг, Д.Б-ад 140.000 /нэг зуун дөчин мянган/ төгрөг, Э.Ба-д 85.000 /наян таван мянган/ төгрөг, О.М-д 72.000 /далан хоёр мянган/ төгрөг, Э.Б-д 113.600 /нэг зуун арван гурван мянга зургаан зуун/ төгрөг, А.О-т 111.800 /нэг зуун арван нэгэн мянга найман зуун/ төгрөг, Т.А-т 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөг, Н.Н-д 190.000 /нэг зуун ерөн мянган/ төгрөгийг гаргуулж тус тус олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч С.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан ба шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.У-ын цагдан хоригдсон 374 /гурван зуун далан дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 /дөрөв/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч С.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. М овогт С-н У-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар С.У-т 5 /таван/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.У-т оногдуулсан 5 /таван/ жил 3 /гурван/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.У-ын цагдан хоригдсон 374 /гурван зуун далан дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.У-аас нийт 4.225.400 /дөрвөн сая хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч П.О-д 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөг, В.Э-рт 50.000 /тавин мянган/ төгрөг, С.С-д 185.000 /нэг зуун наян таван мянган/ төгрөг, Ш.Д-т 120.000 /нэг зуун хорин мянган/  төгрөг, Н.Г-д 80.000 /наян мянган/ төгрөг, Б.Д-д 80.000 /наян мянган/  төгрөг, М.Шү-д 70.000 /далан мянган/ төгрөг, Л.Ж-т 103.000 /нэг зуун гурван мянган/ төгрөг, Ц.Ба-д 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөг, Х.Цэ-д 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөг,  Д.Ба-т 280.000 /хоёр зуун наян мянган/ төгрөг,  С.Э-д 145.000 /нэг зуун дөчин таван мянган/ төгрөг, М.Н-д 120.600 /нэг зуун хорих мянга зургаан зуун/ төгрөг, Т.М-д 502.000 /таван зуун хоёр мянган/ төгрөг, Б.Б-д 712.400 /долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун/ төгрөг, Г.М-д 445.000 /дөрвөн зуун дөчин таван мянган/ төгрөг, Л.Л-т 100.000 /нэг зуун мянган/ төгрөг, Д.Б-д 140.000 /нэг зуун дөчин мянган/ төгрөг, Э.Ба-лд 85.000 /наян таван мянган/ төгрөг, О.Мө-д 72.000 /далан хоёр мянган/ төгрөг, Э.Ба-т 113.600 /нэг зуун арван гурван мянга зургаан зуун/ төгрөг, А.Оюунчимэгт 111.800 /нэг зуун арван нэгэн мянга найман зуун/ төгрөг, Т.А-т 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөг, Н.На-д 190.000 /нэг зуун ерөн мянган/ төгрөг, Н.На-д 190.000 /нэг зуун ерөн мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 /дөрөв/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч С.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ 

 

                                              ШҮҮГЧ                                       М.ДАЛАЙХҮҮ

 

                                               ШҮҮГЧ                                    Г.ЗОЛБОО