| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2020/0143/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй
иргэдийн төлөөлөгч С.Баярсайхан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Д.Аянагүл,
хохирогч О.Б,
хохирогчийн өмгөөлөгч М.Энхжаргал,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, Л.Хаш,
шинжээч эмч Ч.Эрдэмболор,
гэрч М.Э, Д.Б, Ц.Б, Б.Х,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Мд холбогдох эрүүгийн 1907003900176 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа Нарантуул зах дээр худалдаа эрхэлдэг, ам бүл 7, ээж, ах, хүү, дүү нарын хамт амьдардаг, …………………….. тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт Б.М /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргио” тахианы үйлдвэрийн урд талын орон нутгийн засмал зам дээр **-** СЭҮ улсын дугаартай Тоёота Сиэнта /Тoyota Sienta/ маркын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг дүрэмд заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/осолд өртсөн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх, буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газарт буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 12.2/ Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ******* овогтой *******ийг мөргөж амь насыг нь хохироож, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр оройн 19 цагийн үед ******* тоотод хайрцаг буулгахаар хөдөлсөн. Зам засвартай байсан болохоор 20 цагийн үед гэрээрээ орж хоол идсэн. Тэгээд цэргийн ангийн уулзвар өнгөрч “Оргио” тахианы үйлдвэрийн урд ирэх үед хоёр том машин зөрж өнгөрсөн ба сүүлийн машин явж өнгөрөөд л зам дээр хүн хэвтэж байсан. Би ямар ч үйлдэл хийж амжилгүй дээгүүр нь гараад явсан. Тухайн үед айж сандраад эгчийн гэрт очсон. Шөнийн 02 цагийн үед цагдаа нар залгаж би байгаа газраа зааж өгсөн” гэв.
Хохирогч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Үнэхээр их гомдолтой байна. Миний хүү эрүүл энх надаас төрсөн. Гэтэл гэнэтийн ослын улмаас хүүгээ алдаад их хэцүү байдалтай байна. Манай гэр бүлийн сэтгэл зүй их муу байгаа. 2 настай ач охин маань үлдсэн. Хүүгээ нас барснаас хойш миний бие их муудаж, ажил хийх боломжгүй, юм мартаж санадаг болсон” гэв.
Гэрч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Талийгаач өглөө нь надад машин янзлах гэж байна манай гэрт хүрээд ирээч гэж хэлсэн. Би завгүй байна өдөр яваад очъё гэсэн. Аавынхаа машинаар таксинд явж байгаад гэрт нь очиход эхнэр Хүслэнзаяа нь *******ийг ажилдаа явсан байна гэж хэлсэн. Орой 16 цагийн үед дахин гэрт очих үед ажлын газрын ахтайгаа хамт мотор боож байсан. Би машинаа гэртээ үлдээгээд ирье гэж хэлээд хашаанаас гарах үед талийгаач нэг шил архи аваад зөрөөд орсон. Би битгий архи уугаарай гэж хэлсэн. Машинаа янзлаад дуусч байх үед цуг байсан ах архи уучихсан болохоор “миний машиныг бариад” гэрт хүргээд өгөөч гэж надаас гуйсан. Ахыг гэрт хүргэж өгөөд талийгаач бид хоёр явж байтал гэнэт хөл өвдөөд байна би жаахан амармаар байна гэсэн. Тэр үед надад таксины зогсоол ойрхон санагдаад байхаар нь би талийгаачийг үлдээгээд такси авч ирэх гээд явсан. Такси аваад буцаад очиход талийгаач үлдсэн газраа байгаагүй. Би гэрлүүгээ яваад өгсөн байх гэж бодоод гэрт нь очиж эхнэрээс нь асуухад гэртээ ирээгүй байна гэж хэлсэн. Талийгаачийг зам тээврийн осолд өртсөн талаар маргааш өглөө эхнэрээс нь мэдсэн” гэв.
Гэрч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “Угалзан цамхаг” ХХК-д ажиллаж байхдаа энэ хэргийн талаар мэдсэн. 2020 оны 07 дугаар сарын эхэн үеэр цагдаагийн байгууллагаас намайг гэрчээр асуух шаардлагатай байна гэж хоёр удаа дуудсан. Би эхний удаад юу ч санахгүй байгаа талаараа хэлсэн. Эхний байцаалтын дараа би тухайн хэрэг болон хэрэг гарсан өдрийн тухай бодсон. Тэгээд дахин намайг дуудах үед хороон дундуур хүн хайж яваа гэх залуу миний машинд суусан удалгүй хүнээ олохгүй байхаар нь би машинаасаа буулгасан гэж мэдүүлэг өгсөн” гэв.
Гэрч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай найз ******* ажлын газрынхаа хүний машиныг янзалж байна гээд дуудсан. Тэгээд хамтдаа машинаа янзлаад байж байтал талийгаач, манай найз хоёр пиво ууж байснаа надад өгөхөөр нь “ах нь пиво уудаггүй” гэж хэлсэн. ******* гэх залуу 0.5 литрийн хараа архи өгсөн. Мотороо буцаагаад угсрах гэтэл хүн дутаад байхаар нь хоёр найзыг нь дуудсан. Сүүлд нэмэгдэж ирсэн хоёр залуугийн нэг нь нэмж нэг шил архи авч өгсөн. Тэр архийг хувааж уучихаад бид нар салсан. Би архи уусан болохоор машинаа сүүлд ирсэн хоёр залуугийн нэгээр бариулж гэртээ хүргүүлсэн” гэв.
Гэрч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр талийгаач бид хоёр ажлаа эрт тарсан. Тэгээд талийгаач машины мотор боох гэж байгаа туслаад өгөөч гэж гуйгаад байхаар нь хамт гэрт нь очсон. Талийгаач 0.5 литрийн пиво гаргаж ирэхээр нь би ах нь ажилтай гээд уугаагүй. Тэгээд машиных нь моторыг салгаж чадахгүй байхаар нь би найзыгаа дуудсан. Найз ******* ирээд мотороо задлаад буцааж тавих гэтэл хүн дутаад байсан. Талийгаач нэмээд хүн олоод ирье гээд хоёр танихгүй залуу дуудаад ирсэн. Танихгүй хоёр залуугийн нэгийн явуулж 0.75 литрийн хараа архи авчруулсан. Тэгээд архи ууж дуусаад гадаа харанхуй болсон тул манай найз архи уугаагүй казак залуугаар машинаа жолоодуулж, би Содон төвийн хажууд буусан. Тэрнээс хойш болсон зүйлийг би мэдэхгүй” гэв.
Шинжээч эмч Ч.Эрдэмболор шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд амь хохирогч Н.*******ийн нас барсан шалтгаан болон бусад асуудлыг тогтоох зорилгоор ирүүлсэн хэргийн материалаар шинжээч эмч Б.Ундармаа, О.Оюунбаясгалан нарын хамтаар шинжилгээ хийн дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахдаа цогцост урд хийсэн шинжилгээний акт, өвчний түүх, эд эсийн шинжилгээ, болон мөрдөн байцаагчаас нь цогцосны гадна үзлэгийн гэрэл зургийг гаргуулан авч үзэж танилцаад дараах дүгнэлтийг гаргасан.
1. Шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 08 шэ/82 дугаартай дүгнэлттэй санал нэгтэй байна.
2. Амь хохирогчид учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүссэн байх боломжтой байна.
3. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын хавсарсан хэлбэр буюу авто машинд мөргөгдөх, дайрагдах үед үүссэн байх боломжтой байна. Тухайлбал босоо байрлалд авто машинд мөргөгдөж унасан ба хэвтээ байрлалд байхад машины дугуй дээгүүр нь гарч гэмтэл учруулсан байна гэсэн дүгнэлтийг гаргасан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд: Гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 20 цаг 40 минутын үед байх хураамжаа аваад байж байтал нэг машинтай эмэгтэй доор зам дээр хүн мөргүүлчихсэн юм шиг байна сандраад тогтож харж чадсангүй гэхээр нь би өөрийн эзэмшлийн 20-29 УНТ улсын дугаартай Соната 7 маркын тээврийн хэрэгсэлтэй доош уруудаад явахад хуванцарын үйлдвэрийн урд зам дээр хүн хэвтэж байхаар нь очоод гэрэл тусгаж хартал цус нь гоожсон хүн хэвтэж байхаар нь 20 цаг 53 минутанд эмнэлэг рүү залгаж мэдэгдээд дараа нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44 дүгээр хуудас/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 19 цаг 30 минут гээд Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд явсан. Тэгээд 20 цаг 20 минутын үед Налайх дүүргийн мөнгө авдаг пост цаанаасаа наашаа өгсөж явах үед зам дээр бараан хувцастай хүн хэвтэж байсан ба уг хүний цаад талд нь цайвар өнгийн СЭҮ улсын дугаартай тоёота маркийн загварыг нь сайн мэдэхгүй нэг машин зогсож байсан. Тэгээд л би хажуугаар нь гараад явсан...Тэр машин нь дөрвөлжин загварын SIENTA гэх нэртэй машин шиг санаж байна” гэх мэдүүлэг, /хх-ийн ******* дугаар хуудас/
Гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би *******ийг аваад гэрлүү нь явсан. Ингээд Багануур чиглэлийн төв зам дээгүүр хөндлөн гараад урагшаа Нисэхийн хороо чиглэлд явж байхад ******* найзаа ганц шил архи авч өгөөч гэхээр нь танайд очиж байгаад авч өгье гэхэд миний үгэнд орохгүй улмаар намайг заамдаад авахаар нь гарыг нь тавиулаад Нисэхийн хорооны эцсийн таксины зогсоол чигт ганцаараа гүйсээр байгаад очиход эмэгтэй жолоочтой такси байхаар нь эгчээ 4.000 төгрөг өгье под станцын ойролцоо байгаа манай найзыг аваад гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй байна гэхэд тэр эгч зөвшөөрсөн. Ингээд би машинд нь суугаад найзыгаа үлдээсэн газар болох под станцын баруун талд очиход тэр байхгүй байсан. Тэгээд ойр орчимд нь хайсан боловч олдохгүй байхаар нь гэрт нь очоод эхнэрт нь хэлэхэд за одоо ирэх байлгүйдээ гэхээр нь би шууд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52 дугаар хуудас/
Гэрч М.Э дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Талийгаач ******* дунд зэргийн согтолттой байсан бөгөөд биеэ авч явах чадвартай байсан. Талийгаач бид хоёр зам хөндлөн гараад под станц өнгөрөөд явж байхад тэр “найздаа ганц шил архи аваад өг” гэхээр нь “гэрт чинь очиж байгаад авч өгье” гэхэд миний үгэнд орохгүй намайг заамдаад авахаар түүний гарыг тавиулаад такси олж ирэх гээд гүйгээд явсан юм. Түүнээс бид хоёрын дунд зодолдсон маргалдсан ямар нэгэн үйл явдал болоогүй. Талийгаач өөрөө хөл өвдөөд байна такси барих хэрэгтэй байна гээд зүүн чиглэлийн Багануур явдаг зам руу явж такси барина гээд намайг заамдаад тэр чиглэл рүү явах гэхээр нь “наад зам дээрээс чинь такси олдохгүй би хурдан такси олоод ирье” гээд нисэхийн хороо чиглэл рүү гүйгээд нисэхийн хорооны автобусны буудал дээр зогсож байсан ганцхан эмэгтэй жолоочтой машинд гуйж суугаад буцаад очиход байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №08 шэ/82 дугаар:
1. Талийгаачийн цогцост гавал-тархины битүү гэмтэл: Дух ясны шугаман хугарал, Зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, Их тархины зүүн дух, чамархай, дагз, баруун зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, Цээж хэвлийн хавсарсан гэмтэл: зүүн 6, 7, 8-р хавирганы зөрүүгүй шууд бус хугарал, зүүн 9, 10-р хавирганы хугарлыг зассан мэс заслын дараах байдал, Зүүн эгэм ясны хугарал , Уушгины эдийн няцрал, Элэгний эдийн няцрал, Баруун зүүн бөөрний өөхөн эд, ходоодны мах махиа хэсгийн өөхөн эдэд цус хуралт, Бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, Баруун дунд чөмөг ясны хугарлыг бэхэлсэн мэс заслын дараах байдал, Баруун зүүн суудал ясны хугарал, Зүүн сүүж ясны хугарал, Баруун хацар ясны хугарал, Баруун гуянд шарх, нүүр, хүзүү, цээж, нуруу, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийн амьд байх үед үүссэн гэмтлүүд байна.
4. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ.
5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламжийг цаг тухайд нь хүргэсэн байна.
7. Талийгаач нь ГССҮТ-ийн өвчний түүхэнд бичигдсэнээр 2019 оны 09 дүгээр сарын 13 ны 09.05 минутанд нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 60-65 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5051 дугаар: “Н.******* гэх цус нь В/III/бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 5100 дугаар: 1. Шинжилгээнд ирүүлсэн НД-ийн 1-р хороо Бенерпластик ХК-ны урд зам дээр осол болж хүн дайрагдсан ХГ-аас илрүүлсэн үс болон хар өнгийн хуванцар гэсэн бичигтэй гялгар уутанд 2-4 см орчим урттай үс мэт зүйл болон НД-ийн 5-р хороо Гандан ам 3-1 тоот хашаанд 3909 СЭҮ т/х-ийн доод анги /тэнхлэг/ дээрээс илрүүлэн хурааж авсан үсний хэсэг гэсэн бичигтэй гялгар уутанд 1-2 см орчим урттай үс мэт зүйлүүд нь хүний үс мөн байна. Бүлгийн харьяалал тогтоох боломжгүй. Жич: Үсний бүлгийн харьяалал тогтоох шинжилгээ нь Биологийн лабораторид хийгдэхгүй байгаа болно.” гэх дүгнэлт /хх-ийн 80 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5491 дугаар: 1. Хэргийн газраас хураан авсан гэх хар өнгийн зүйлс нь хүний үс мөн байна. 2. Уг үс нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 81дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дугээр сарын 20-ны өдрийн 4493 дугаар: 1. Шинжилгээнд ирүүлсэн 3909 СЭҮ улсын дугаартай Toyota sienta тээврийн хэрэгслийн урд анги буюу гупер дээрээс бэхжүүлсэн оёдлын утас гэх хаягтай цайвар өнгийн утаслаг сэмэрдэсүүд нь хохирогчийн өмсөж явсан гэх саарал өнгийн өмдний материалын сэмэрдэстэй өнгө, диаметр, шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх дүгнэлт /хх-ийн 88-90 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 5099 дугаар:
1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн богино савхин куртик, захтай хар өнгийн футболка, саарал өнгийн бэлтгэлийн өмдөн дэр хүний цус илэрсэн.
2. Саарал өнгийн бэлтгэлийн өмдөн дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна.
3. Хар өнгийн богино савхин куртик, захтай хар өнгийн футболкан дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.
4. Түрийтэй хар өнгийн хос гутал, 2 хэсэг даавуу /хөлийн ороолт/, бор өнгийн саравчтай малгайн дээр цус илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 92-93 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 668 дугаар:
2.3. Амь хохирогчид учирсан дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүссэн байх боломжтой байна.
4.5. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын хавсарсан хэлбэр буюу автомашинд мөргөгдөх, дайрагдах үед үүссэн байх боломжтой байна. Тухайлбал босоо байрлалд автомашинд мөргөгдөж унасан ба хэвтээ байрлалд байхад машины дугуй дээгүүр нь гарч гэмтэл учруулсан байна” гэх дүгнэлт, /2-р хх-ийн 82-90 дүгээр хуудас/
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Даштогтохын 40 дугаар:
1. Toyota sienta маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйл “3.5.Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйл 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн хэрэг, осол гарах болсон үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйл Явган зорчигчийн үүрэг 5.1. Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуу хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна, 5.1.2. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэх, буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх,
2. Тухайн зам тээврийн ослын үед тээврийн хэрэгслийн тормосны мөр гараагүй учир тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй.
3. Тухайн замын зохион байгуулалт, тэмдэг, тэмдэглэгээ, үзэгдэх орчин нөхцөл байдал осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй.
4. Тухайн зам тээврийн хэрэг, ослын үзлэг хийсэн тэмдэглэл болон схем зургаас харахад Б.М нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна.
5. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 105 дугаар хуудас/,
Гэрч М.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12 дугаар хуудас/,
Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 130 дугаар хуудас/,
Б.Мгийн иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа, /хх-ийн 152 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 155 дугаар хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 170-178 дугаар хуудас/,
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороо “Оргио” тахианы үйлдвэрийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй Тоёота Сиэнта /Тoyota Sienta/ маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын зорчих хэсэгт хэвтэж байсан хүнийг дайрч, улмаар 11 метрийн зайнд чирсэний улмаас хохирогчийн биед олон тооны хавсарсан гэмтлүүд үүсгэн амь насыг хохироосон болох нь:
шүүгдэгч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр оройн 19 цагийн үед ******* тоотод хайрцаг буулгахаар хөдөлсөн. Тэгээд цэргийн ангийн уулзвар өнгөрч “Оргио” тахианы үйлдвэрийн урд ирэх үед хоёр том машин зөрж өнгөрсөн ба сүүлийн машин явж өнгөрөөд л зам дээр хүн хэвтэж байсан. Би ямар ч үйлдэл хийж амжилгүй дээгүүр нь гараад явсан” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бердгүлийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Талийгаач Н.******* миний хамгийн том хүү байсан. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зам тээврийн осолд орсны улмаас нас барсан. Буруутай хүн хүүг минь дайрсан мөртлөө хаяад явсанд гомдолтой байна. Хохирол төлбөрт 6.590.000 төгрөг авсан. Хүүгийнхээ эмчилгээ болон ажил явдалд зориулж 3.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх,
гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хуванцарын үйлдвэрийн урд зам дээр хүн хэвтэж байхаар нь очоод гэрэл тусгаж хартал цус нь гоожсон хүн хэвтэж байхаар нь 20 цаг 53 минутанд эмнэлэг рүү залгаж мэдэгдээд дараа нь цагдаад мэдэгдсэн...” гэх,
гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 19 цаг 30 минут гээд Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд явсан. Тэгээд 20 цаг 20 минутын үед Налайх дүүргийн мөнгө авдаг пост цаанаасаа наашаа өгсөж явах үед зам дээр бараан хувцастай хүн хэвтэж байсан” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №08 шэ/82 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5051 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4493 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 5099 дугаар, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 668 дугаар дүгнэлт,
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Даштогтохын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 40 дугаар шинжээч ийн дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Б.М нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороо “Оргио” тахианы үйлдвэрийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй Тоёота Сиэнта /Тoyota Sienta/ маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа хохирогч Н.*******ийг дайрсны дараа Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг дүрэмд заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осол холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, б/ “осолд өртсөн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх, буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газарт буцаж ирэх”, г “тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн үүргээ зөрчин улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан болох нь:
шүүгдэгч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зам дээр хүн хэвтэж байсан. Би ямар ч үйлдэл хийж амжилгүй дээгүүр нь гараад явсан. Тэгээд буугаад харахад замын хөвөөн дээр хүн хэвтэж байсан. Тухайн үед айж сандраад яахаа мэдэхгүй, эгчийн гэрт очсон. Шөнийн 02 цагийн үед цагдаа нар залгаж би байгаа газраа зааж өгсөн” гэх,
гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хуванцарын үйлдвэрийн урд зам дээр хүн хэвтэж байхаар нь очоод гэрэл тусгаж хартал цус нь гоожсон хүн хэвтэж байхаар нь 20 цаг 53 минутанд эмнэлэг рүү залгаж мэдэгдээд дараа нь цагдаад мэдэгдсэн...” гэх,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №08 шэ/82 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 5100 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5491 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4493 дугаар дүгнэлт,
Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Даштогтохын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 40 дугаар шинжээчийн дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх шинжилгээний хүрээлэнгийн №668 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “Амь хохирогчид учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослын хавсарсан хэлбэр буюу автомашинд мөргөгдөх, дайрагдах үед үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт, шүүх хуралдаанд шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн: “... духны ясны шугаман хугарал, уушигны эдийн няцрал, элэгний эдийн няцрал нь мөргөгдөх үед үүсэх боломжтой” гэж тайлбарлаж байгаа хэдий ч хохирогчид учирсан олон тооны хавсарсан гэмтлүүдээс мөргүүлсэн гэх үйл баримтыг шүүгдэгчид холбогдуулан шинжээчийн дүгнэлтээр дүгнэх үндэслэлгүй, бусад нотлох баримтууд болох гэрч Б.Н, Д.Д нарын мэдүүлэг, явган зорчигч Н.******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дугаар шинжээчийн дүгнэлт, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргийг харьцуулан үйл баримтыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “хохирогч яагаад зам дээр хэвтэх болсон, шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед учирсан гэмтэл мөргөгдөх болон дайрагдах үед үүссэн байх боломжтой гэсэн тул дайрагдахаас өмнө ямар гэмтэлтэй байсныг тогтоох, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуванцар зүйл шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийнх мөн эсэхийг тогтоох шаардлагатай” гэж маргасныг шүүх хянан үзээд
-Түүнчлэн хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдан авсан 5 дугаараар тэмдэглэсэн хар өнгийн хуванцар зүйл нь хохирогчийн хэвтэж байсан газраас 3 метр зайд, хохирогчийг анх мөргөсөн байх боломжтой А цэгээс 14,5 метр хүртэл зайд байгаа нь Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5163 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зураг зэргээр тогтоогдож байх тул энэ хэрэгт хамааралтай, зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн эд ангийн хагархай гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд амь хохирогчийг зам дээр хэвтэж байхад нь дайрсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдав.
Иймд шүүгдэгч Б.Мг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Н.*******ийн амь нас хохироосон, мөн осол гаргасан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 4.329.100 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Б.М нь 6.590.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь шүүх хуралдаанд талийгаач хүүгийнхээ эмчилгээнд болон ажил явдалд зориулж дүү А.Адилбекээс 3.000.000 төгрөг зээлсэн байсан, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж баримт бүрдүүлж чадаагүй хэмээн тайлбарлан хохирол 3.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч, хохирогч нар нь эвлэрэн хэлэлцэж, шүүгдэгч нь хохирогчид 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон, энэ талаар шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч санал, тайлбар гаргасан тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгчид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэв.
Шүүгдэгч нь дээрх 2.000.000 төгрөгийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 2 сар 26 хоногийн хугацаагаар нээлттэй хорих ангид оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 27.11 дүгээр зүйлд улсын яллагчийн санал болгосноос доогуур торгох ял оногдуулах”, хохирогчийн өмгөөлөгчөөс “...тусгайлан гаргах санал байхгүй” гэх дүгнэлт, саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид баримтын хүрээнд учирсан хохирлыг нөхөн төлсөн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 дугаараар тэмдэглэж хураан авсан хуванцар зүйл, 6 дугаараар тэмдэглэж хураан авсан 3 ширхэг хуванцар зүйл, 3 ширхэг будагны хэлтэрхий, бор өнгийн саравчтай малгай, автомашинд хийсэн үзлэгээр хураан авсан цагаан өнгийн утасны хэсэг, хар өнгийн үсний дээж, амь хохирогч Н.*******ийн цогцост хийсэн үзлэгээр хураан авсан хар өнгийн савхин хүрэм, хагас ханцуйтай хар өнгийн цамц, саарал өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, хэрэгт ирүүлсэн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 236872 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тээврийн хэрэгслийн 01277130 дугаартай гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Мд буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,
мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийн 2.1-т зааснаар Б.Мд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 6.590.000 /зургаан сая таван зуун ерэн мянга/ төгрөг төлсөн, түүний №236872 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 01277130 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг Б.Мд буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 5 дугаараар тэмдэглэж хураан авсан хуванцар зүйл, 6 дугаараар тэмдэглэж хураан авсан 3 ширхэг хуванцар зүйл, 3 ширхэг будагны хэлтэрхий, бор өнгийн саравчтай малгай, автомашинд хийсэн үзлэгээр хураан авсан цагаан өнгийн утасны хэсэг, хар өнгийн үсний дээж, амь хохирогч Н.*******ийн цогцост хийсэн үзлэгээр хураан авсан хар өнгийн савхин хүрэм, хагас ханцуйтай хар өнгийн цамц, саарал өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч нь 2.000.000 төгрөгийн учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.ЧИНЗОРИГ
Э.ЭНХЖАРГАЛ