Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1965 онд төрсөн, Архангай аймгийн Цахир сумын 3-р баг, Цахир талбай гудамжны 02 тоотод оршин суух Саарал адуун овгийн Балданхүүгийн Насанжаргалын /РД:АЙ65031001/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Насанжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн ба олдохгүй ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтыг үндэслэн Архангай аймгийн Хангай сумын Хамтын зориг нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Б.Насанжаргал нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Б.Насанжаргал ажиллаж байсан байдал бичигдсэн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, мөн ажиллаж байсан байдалтай холбоотой холбогдох бусад бичиг баримтууд нь шатчихсан. Б.Насанжаргал нь 4 хүүхэдтэй, тэтгэвэрт гарах нас нь болчихсон. Иймд архивын лавлагаа бусад баримтуудыг үндэслэн Б.Насанжаргалын 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Насанжаргал нь Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл  малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. ...Нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал, суурийн ахлагчдын зөвлөгөөнд оролцогчид 248 хүнд нэг удаа өгсөн хоолны үнэ хавсралт №2-оор 644 төг 80 мөнгө бүгд 659 төг 21 мөнгийг зарлага болгосугай. Хавсралтанд: Насанжаргал, цай тоо-1, мө-60, хуушуур тоо-4, мө-50, бүгд үнэ-2 тө, 60 мө гэсэн “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 11 сарын 16-ны өдрийн 56 тоот тогтоол,

1.2. ... Тэрх-14, Баясгалан-26, Чандмана-17, Хан-Уул-31, бүгд-88 саальчны идээ шим хөлдүү сүүний төлбөрийг 100% төлүүлсүгэй. Хавсралтанд: Насанжаргал, эрхийн дугаар-26, төлбөр болсон-52, үнэ-20, шийдвэрлэсэн-100% төлүүлэхээр, жинхэнэ төлөх-52 20 гэсэн “1987 онд идээ шим дутагдуулсан хүмүүст төлбөр оногдуулах тухай” Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 сарын 04-ний өдрийн 10 тоот тогтоол,

1.3. Сүү тосны тасгийн эрхлэгч, төв заводын ажилчдаар 1989 оны 04 сарын 01-нээс доорхи хүмүүсийг томилсугай. Тасгийн эрхлэгчээр ... Насанжаргал гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 04 сарын 01-ний өдрийн 28 тоот тушаал,

2. Балданхүү овогтой Насанжаргалын Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар 1981, 1983, 1984, 1989 онуудад ажиллаж байх үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 36 тоот цалингийн тодорхойлолт,

3. Гэрч А.Больхүүгийн: “Би Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд нягтлангаар 1981 оноос 1989 он хүртэл ажиллаж байгаад 1989 оноос Хангай сумын захиргаанд нягтлангаар шилжиж ажилласан. Намайг Хангай сумын Ардын зориг нэгдэлд нягтлангаар ажилладаг байхад Б.Насанжаргал нь 1981 оноос тус нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд уг ажлаа 1990 он хүртэл хийсэн. Би тухайн үед нэгдлийн ажилчдын цалин хөлсийг боддог байсан учир Б.Насанжаргалыг 1981 оноос 1990 он хүртэл Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд саальчнаар ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг,

4. Гэрч Л.Пүрэвцогтын: “Би 1975 онд илгээлтээр гарч Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчин болсон. Намайг Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар ажилладаг байхад Б.Насанжаргал нь 1981 оноос тус нэгдэлд саальчнаар ажилласан. 1990 оны үед Цахир сум байгуулагдаж Ардын зориг нэгдэл 2 хуваагдаж, нэг хэсэг нь Цахир сумын нэгдэл рүү шилжих үед Б.Насанжаргал мөн би Цахир сум руу шилжиж байсан. Б.Насанжаргал нь Цахир сум руу шилжтэл Ардын зориг нэгдэлд саальчин хийдэг байсан. Би Б.Насанжаргалтай нэг нэгдэлд нэг бригадад хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан талаар мэднэ” гэх мэдүүлэг зэрэг болно.

                                                                                                                  

Шүүх хүсэлт гаргагч Б.Насанжаргалын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан А.Больхүү, Л.Пүрэвцогт нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 

Хүсэлт гаргагч Б.Насанжаргалын Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд ажиллаж байсан нь Архангай аймгийн Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 11 сарын 16-ны өдрийн 56 тоот, 1988 оны 04 сарын 04-ний өдрийн 10 тоот тогтоол, тус нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 04 сарын 01-ний өдрийн 28 тоот тушаал, Архивын тасгийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 36 тоот цалингийн тодорхойлолт, гэрч А.Больхүү, Л.Пүрэвцогт нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “би Архангай аймгийн Хангай сумын Хамтын зориг нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан” гэх тайлбар, гэрч А.Больхүү, Л.Пүрэвцогт нарын “Б.Насанжаргал нь Хангай сумын Хамтын зориг нэгдэлд 1981-1990 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг, 1981, ... 1989 онуудад авч цалинг түүвэрлэсэн цалингийн тодорхойлолт зэргийг үндэслэн Б.Насанжаргалыг Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл  малчин, саальчнаар ажилласан гэж үзлээ.

Иймд Б.Насанжаргалын Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл  малчин, саальчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Саарал адуун овгийн Балданхүүгийн Насанжаргалыг Архангай аймгийн Хангай сумын “Ардын зориг” нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл  малчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА