Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01655

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00524 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1292 дугаар магадлалтай,

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Т Х ХХК-д холбогдох,  

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 54.117.773 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ж, өмгөөлөгч А.А, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хэнтий аймгийн Мөрөн сумын төвд баригдсан 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд Т Х ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Манай зүгээс гэрээгээр тохирсон ажлыг 2015 оны 10 дугаар сарын 15-ний өдөр захиалагч талд 100 хувь гүйцэтгэж үр дүнг хүлээлгэн өгсөн. Харин нөгөө талаас гэрээгээр хүлээсэн үүрэг болох хөлс төлөх үүргээ 100 хувь гүйцэтгээгүй. Иргэний хуулийн 343.1-т заасны дагуу захиалагч тал болох Т Х ХХК-иас ажлын хөлсийг хүлээлгэн өгөх үүргээ төлөх зохих ёсоор гүйцэтгээгүй буюу нийт ажлын үнэлгээ болох 60.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 40.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа нь зохих ёсоор гүйцэтгээгүй гэж харагдаж байна. Гүйцэтгэгчийн зүгээс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр захиалагчид гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн. Захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авснаар хөлс төлөх үүрэг хүлээсэн. Гэвч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь хоёр талын гэрээнд гэрээний нэг тал үүрэг зөрчсөн байна. Гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 6.2-т хугацаа хэтэрсэн хоног тутамд буруутай тал гүйцэтгээгүй үнийн дүнгээс 0,01 хувийн алданги хүлээнэ, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т тус тус зааснаар алданги авах эрхтэй байна. Иймд 40.000.000 төгрөгийн нэг хоногийн алданги тооцогдох 4000 төгрөг байгаа ба үүргийн гүйцэтгэлийг 473 хоног хэтрүүлсэн нь 1.892.000 төгрөгийн алданги бодогдсон тул үүнийг гаргуулан авахаар шаардаж байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал нь учирсан хохирлоо шаардах эрхтэй, 6.1-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг гэм буруутай тал хохирогч талд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхгүйгээр хугацаа хэтрүүлсэн нь үүргээ зөрчсөн гэж үзэж өөрт учирсан хохирол болох 12.225.773 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байна. Манай хувьд тухайн ажлыг 100% өөрийн хөрөнгөөр хийсэн бөгөөд ажлыг хүлээлгэж өгснөөр ажлын гүйцэтгэлийн хөлсөө аваад буцаан төлөх нөхцөлтэй бусдаас зээл авсан байсан. 2015 оны 10 дугаар сарын 15-нд захиалагчид ажлыг хүлээлгэн өгсөнөөр нөгөө талаас хөлс төлөх үүрэг үүссэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 40.000.000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги 1.892.000 төгрөг, үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлснээс үүссэн хохирол 12.225.773 төгрөг, нийт 54.117.773 төгрөгийг Т Х ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т Х ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Манай компани нь 2013 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын төвд 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ хийж тус ажлыг 2015 оны 10 сарын 23-нд 43215 тоот комиссын шийдвэрээр улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус ажлыг гүйцэтгэхдээ Б XXК-тай 60.000.000 төгрөгийн \хяналтын төсөвт өртгөөр\ гэрээний дүн бүхий туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Б ХХК нь 2015 оны 7 сарын 15-наас 8 сарын 15 хүртэл хугацаанд ажлаа хийж гүйцэтгэх ёстой байсан боловч гэрээнд заасан ажлаа 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ажлаа дуусгаагүй, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын талаар тайлангаа гаргаж гэрээгээ дүгнээгүй байна. Гэрээ байгуулагдах үед Б ХХК-ийн захирал Дугардоржийн аав Дашдондог нь Хэнтий аймгийн Барилга хот байгуулалт газрын албаны даргаар ажиллаж байсан. Тухайн үед өөртөө ашиг хонжоо олох зорилгоор барилгын хяналтын төсөвт тулган манай компаний ерөнхий менежер Б.Гансүхтэй үгсэн хуйвалдаж гэрээг хийсэн байна. Гэрээ байгуулагдсанаас хойш захиалагчийн хүсэлтээр бохирын шугам татах талбай багасаж, цэвэрлэх байгууламжийг хийхгүйгээр шууд цооногт дамжуулан бохирыг соруулах маягаар шийдвэрлэсэн. Цэцэрлэгийн хашааны хэмжээ багасгасан. Зурагт тусгаснаар халаалтын зуух нь Чех Улсын Dakon-dor хатуу түлшний зуух байхаас Хятад улсын F маркийн 220в-ын цахилгаан болон хатуу түлш хосолсон усан халаалтын зуух тавигдсан. Нэгэнт гэрээнд тусгагдсан ажлын өртөг багассан, хугацаа алдсан зэргээс гэрээгээ шинэчилж хийх шаардлагыг Д.Дашдондогт тавихад одоог хүртэл гэрээг шинэчлэх, дүгнэх ажил хийгдээгүй. Комисст хүлээлгэн өгөхөд гэрээнд заасан ажлуудаас 2 аваарын шат хийгдэхээс 1 хийгдээд 1 хийгдээгүй, 2 халаалтьн зуухны 1 ажилладаггүй, уурын зуухны 2 янданг галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлж зурагт заасны дагуу өндөрлөх, цэвэр усны нөөцийн сав солих гэсэн ажлууд өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна. Манай компани нь дээрхи ажлуудыг хийж дуусгахаар Б XXК-ийн өмнөөс амлалт аван улсын комисст хүлээлгэн өгсөн, гүйцэтгэлээр үлдэгдэл санхүүжилтээ 2015 ондоо авах байсан боловч Сангийн яамны 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 9/7635 тоот албан бичгээр төсвийн орлого бүрдүүлэлтээс хамаарч санхүүжилтийг 2016 онд шийдвэрлэхээр болсон. Нэхэмжлэгч тал гүйцэтгэлээ баталгаажуулж гэрээг бодит үнийн дүнгээр тохиролцон хийснээр, дутуу гүйцэтгэсэн дээрхи ажил болон ажилладаггүй халаалтын зуухны ажлыг тус тус гүйцэтгэж дууссанаар шинэчлэн хийх гэрээний үндсэн дээр төлбөр хийх болно. Б XXK нь Т Х ХХК-тай байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд заасан гүйцэтгэгчийн хүлээх үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэсэн ажлын тайлангаа гаргаж өгөөгүй, гэрээг дүгнээгүй тул шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Манай компанийн зүгээс Б ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх ажлын нэр, тоо, үнийн жагсаалт бодит байдалтай нийцээгүй, хийж гүйцэтгэсэн ажлын төсөв өртөг, хийж гүйцэтгэсэн ажлын чанар зэргийг харгалзан үлдэгдэл төлбөрийг төлнө. Бидний тооцоогоор хэдийгээр гэрээгээр хүлээсэн үүргээ Б ХХК биелүүлээгүй ч тухайн компанийн хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилт 8.000.000 төгрөгт багтана гэж үзэж байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00524 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасны дагуу хариуцагч Т Х ХХК-аас 18.444.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35.673.773 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428.540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т Х ХХК-аас 250.170 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу шинжээчийн ажлын хөлс нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул хариуцагч Т Х ХХК-аас шинжээчийн ажлын хөлсөд төлсөн 2.192.400 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдалд хувь тэнцүүлсэн 745.416 төгрөгийг нэхэмжлэгч Б ХХК-аас гаргуулан хариуцагч Т Х ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1292 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00524 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...18.444.000 төгрөг... гэснийг 25.544.000 төгрөг гэж, ...35.673.773 төгрөг... гэснийг 28.573.773 төгрөг гэж, 2 дахь заалтын ...250.170 төгрөг... гэснийг ...285.670... төгрөг гэж, 3 дахь заалтын ...2.192.400 төгрөг... гэснийг 2.891.481 төгрөг гэж, ...745.416 төгрөг... гэснийг ...1.532.484... төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.210 төгрөгийг буцаан олгохыг дурдаж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 250.170 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн гаргасан дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй байна гэж дүгнэн шийдвэрийг өөрчилсөн нь хэрэгт авагдсан нотлох баримттай үндэслэл нь нийцэхгүй буруу дүгнэлт хийсэн гэж үзэж болохоор байна. Б ХХК нь Т Х ХХК-тай 4 төрлийн 60.000.000 төгрөгний ажил байгуулахаар гэрээ байгуулсан боловч 2 төрлийн ажил буюу халаалтын тогоо суурилуулах, гадна бохир усны шугам угсралтын ажлыг гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгээгүй, хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй талаар шинжээч дүгнэлт гаргасан байхад шүүх дүгнэлт хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ гаргаж чадсангүй. Өөрөөр хэлбэл гэрээгээр 14.200.000 төгрөгийн өртөгтэй Чех улсад үйлдвэрлэгдсэн Дакондор брендийн 2 халаалтын зуух суурилуулах ёстой байтал БНХАУ-ын 2 төрлийн тогоо суурилуулж 1 тогоо нь огт ажиллахгүй байсан ба энэ нь өөрчлөгдсөн төсвийн 90 хувь гэсэн ба тогооны марк нь өөрчлөгдсөнөөр үнэлгээ хэд болсон, 1 зуух нь ажиллах боломжгүй байгаа нь нийт төсөвт өртөгөөс хэд болох нь тодорхойгүй, шинжээч ч таамгаар үнэлж, шүүх ч таамаглалд үндэслэсэн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. 22 сая төгрөгний өртөгтэй гадна бохир усны шугам цооногийн угсралтын ажлын мөн л эхний зураг төсвөөс өөрчилж “АТМОР”-ын бохирын систем болох хоногт 2,5 мЗ халдваргүйжүүлэх, 5 мЗ септикт хийхээр төлөвлөснийг өөрчилж, цооногт тевлөрүүлэхээр болсон ба цооногийн хоолойг төмөр бетоноор цутгаж хийхээр төлөвлөснийг тоосгон өрлөгөөр хийсэн нь мөн л чанарын шаардлага хангаагүй талаар шинжээч дүгнэлдээ, шүүх хурал дээр ч мэдүүлсэн. Гэтэл шүүх ба шинжээч өөрчлөгдсөн зураг төсвийн үнэ хэд болох, хийж гүйцэтгэсэн ажил нь өөрчлөгдсөн зураг төсвийн 95 хувь юм бол хэдэн төгрөг болох талаар нотлох баримт байхгүй байхад бас л багцаагаар үнэлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж болохоор байна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-т “Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасан “Доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах” гэсэн заалт, мөн талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 5.1.2-т “Угсралтын ажлын технологи, зураг төсөл, техникийн даалгавар, БНБД-г чанд мөрдөж ажиллана. Угсралтын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн тохиолдолд гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэнэ” гэсэн заалтуудын дагуу Б ХХК доголдолтой хийж гүйцэтгэсэн ажлаа дахин хийж гүйцэтгэж улмаар дахин мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгэсний эцэст нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэстэй гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүхийн 25.244.000 төгрөг гаргуулж Б ХХК-д олгуулах заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б ХХК нь Т Х ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 40.000.000 төгрөг, алданги 1.892.000 төгрөг, хохирол 12.225.773 төгрөг, нийт 54.117.773 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...гэрээнд заасан журмаар ажлыг хүлээлгэн өгөөгүй, анхны төсөв багасаж өөрчлөгдсөн,  гүйцэтгэсэн ажил нь доголдолтой...” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 18.444.000 төгрөгийн шаардлагыг хангасныг, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 25.544.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Т Х ХХК нь Хэнтий аймгийн Мөрөн сумын төвд 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэхдээ 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Б ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж цэцэрлэгийн барилгын дотор халаалтын тогоо, түүний тоноглолын угсралт монтаж, гадна бохир усны шугам, бохир усны 30м3 багтаамжтай цооногийн угсралт, гадна торон хашаа, гарц болон галын шатны угсралтын нийт 4 төрлийн ажлыг 60.000.000 төгрөгийн төсөвт гүйцэтгүүлэхээр тохиролцсон нь тогтоогджээ.

Энэхүү гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн байна.

Цэцэрлэгийн барилгын ажлыг улсын комисс хүлээн авсан боловч туслан гүйцэтгэгч Б ХХК нь хийсэн ажлаа захиалагч Т Х ХХК-д гэрээнд заасан журмын дагуу буюу гүйцэтгэсэн ажлыг ажлын тайлан, зураг төслийн хамт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Гэрээнд заасан ажлаас 17.200.000 төгрөгийн өртөгтэй гадна төмөр хашааны ажил бүхэлдээ, 6.400.000 төгрөгийн гадна гарцын 2 аваарын шатны ажлын нэг нь хийгдсэн, ажлын хөлст 22.356.000 төлөгдсөн талаар зохигч маргаагүй байна.

Харин анхны зураг төслөөс хоёр төрлийн, тухайлбал, халаалтын зуухны угсралт, тоноглолын ажил болон гадна бохир усны шугам, цооног угсралтын ажлын обьём, материалд өөрчлөлт орсон, мөн  эдгээр ажил нь доголдолтой эсэх талаар зохигч маргажээ.

Анхан шатны шүүх дээрх ажлуудын зардал анхны төсвөөс багассан, түүнчлэн ажлыг доголдолтой гүйцэтгэсэн нь тогтоогдсон гэж үзэхдээ хариуцагчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт, тайлбар, хэргийн бусад баримтуудыг хуульд заасан журмын дагуу  харьцуулан үнэлжээ.

Тухайлбал, анхны зураг төсөвт 14.200.000 төгрөгт Чех улсад үйлдвэрлэсэн Дакон дор 32 маркийн хатуу түлшээр ажиллах усан халаалтын ган тогоо хийхээр тохиролцсон хэдий ч түүний оронд Хятад улсад үйлдвэрлэсэн Hebe fangyuan boler үйлдвэрийн F маркийн цахилгаан болон түлш хосолсон горимоор ажилладаг тогоог тавихаар өөрчилсөн, уг ажлын төсөв нь 12.000.000 төгрөг болохыг, бохир усны шугам, цооног угсралтын ажлын хувьд талууд гэрээндээ 22.200.000 төгрөгийн хөлс тооцохоор тохиролцсон ч төсөвт өртөг нь 15.000.000-16.000.000 төгрөг болохыг шинжээч тус тус тогтоожээ.

Дээрхээс гадна гүйцэтгэсэн ажил доголдолтой болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Ажил гүйцэтгэгч Б ХХК нь халаалтын зуухны угсралт, тоноглолын ажлын 50 хувь, бохир усны шугам, цооног угсралтын ажлын 90 хувийг  гүйцэтгэснээс захиалагч Т Х ХХК нь ажлын хөлсийг бууруулах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, эдгээр ажлын хөлсөнд нийт 20.400.000 төгрөг гаргуулах боломжтой гэж үзсэн байна.

Зохигч анхны тохиролцоог өөрчилж цахилгаан болон хатуу түлшээр ажиллах тогоо тавихаар тохирсон ч дан хатуу түлшээр ажиллах горимтой F маркийн 2 тогоог дутуу тавьж тоноглосон, даралт хэмжих манометр, өгөх буцах шугамын усны халуун хэмжих термометр хийгдээгүй, тогооны ажиллагааны аюулгүй байдлыг хангах аваарын хавхлагагүй, нэг тогооны дотор цамц цоорсны улмаас галын хөндий рүү ус ордог шалтгаанаар анхнаасаа ашиглагдаагүй, солих шаардлагатай, бохир усны шугам, цооног угсралтын ажлын хувьд шинжээч дүгнэлт гаргах үед цооног бохир усаар дүүрсэн байснаас багтаамж эзлэхүүнийг тодорхойлоогүй, мөн уг ажлын гүйцэтгэлийн зураг төсөв архивт байхгүй, цооногийн амсрыг стандартын дагуу бетоноор цутгаагүй, тоосгон өрлөг хийснээс лаг шавар арилгах нэмэлт төхөөрөмж суурилуулах шаардлагатай нь тогтоогдсон бөгөөд  анхан шатны шүүх тухайн  нөхцлүүдийг харгалзан  халаалтын тогоо суурилуулах ажлын хөлсийг тогтоогдсон төсвийн 50 хувиар, бохир усны шугам, цооног угсралтын ажлын хөлсийг төсвийн  90 хувиар тооцсныг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Алданги, хохирол гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйг анхан шатны шүүх Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасантай нийцүүлэн дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх халаалтын зуухны угсралт, тоноглолын ажлын хөлсийг тогтоогдсон төсвийн 90 хувиар, бохир усны шугам, цооног угсралтын ажлын хөлсийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа  шинжээчийн дүгнэлт, тайлбарт 2 тогооны нэг нь анхнаасаа ажиллагаагүй, солих шаардлагатай гэсэн нөхцөл болон бохир усны шугам цооногийн ажлын 90 хувь хийгдсэн гэж дүгнэснийг анхаараагүй нь буруу болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож,  шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1292 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00524 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 284.170 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ