Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямын Амарзаяа |
Хэргийн индекс | 118/2018/0014/З |
Дугаар | 16 |
Огноо | 2018-07-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 16
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяадаргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Нэхэмжлэгч: Ш.Н- Хариуцагч: Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгох, Дөрвөлжин сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтны ажилд буцаан томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч: Ш.Н- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Балжинням Хариуцагчийн өмгөөлөгч: О.Мөнхболд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ганчимэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ш.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1. Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 02 сарын 06-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгох, 2. Дөрвөлжин сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд буцаан томилуулах, 3. Ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, 4. Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч Ш.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Ийнхүү намайг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтыг баримталсан. Энэ заалтыг ойлгохдоо үр дүнгийн гэрээг дүгнэж хангалтгүй үнэлгээ авсан бол дээрх хуулийн заалтыг баримтлах нөхцөл үүснэ гэж үзэж байна. Миний бие ажиллах хугацаандаа F үнэлгээ авч үзээгүй. Иймд Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтыг баримталсан нь буруу. Удирдлагаас өгсөн даалгаврыг 3 удаа биелүүлээгүй гэсэн үндэслэлийн тухайд. Энэ талаар ёс зүйн хороонд орохдоо анх удаа сонссон. Нэгдүгээрт Халамжийн тухай хуулинд өөрчлөлт орно, үүнд саналаа ирүүл гэсэн үүргийг өгсөн. Тухайн үед надад санал байгаагүй учраас өгөөгүй юм. Тодруулж хэлэхэд хуулийн төсөл, тайлбар нь ирээгүй. Хоёрдугаарт нөхцөл байдлын үнэлгээг хийгээгүй гэж буруутгасан. Би энэ үүргийг хангалттай биелүүлсэн. Гэхдээ хариуг нь хоцроосон. Нөхцөл байдлын үнэлгээг жил бүр хийдэг зүйл юм. Энэ судалгааг хийгдсэний үндсэн дээр тодорхой албан тушаалтнууд гарын үсэг зурж хувийн хэрэг үүсгэж баталгаажуулдаг. Тэгэхээр миний хувийн хэрэг нэг ч удаа буцаагдаагүй. Мөн Амьжиргаа дэмжих зөвлөлийн улирал бүрийн тайлан дээр энэ талаар дурдагдсан. Дээрх судалгааг хийсний үр дүнд Дөрвөлжин суманд асаргааны тэтгэмжийн талаар маргаан гараагүй гэдгийг манай удирдлагууд мэдэж байгаа. Мөн 2018 оны 01 сарын 27-ны өдөр хяналтын мэргэжилтэн Болормаа миний бүх хувийн хэргийг шалгасан. Ингэхэд ямар ч зөрчил, дутагдал гарч ирээгүй. Нөхцөл байдлын үнэлгээг жилд нэг удаа хийхээр 200000-300000 төгрөг шийдэж өгдөг. Нөхцөл байдлын үнэлгээ хий гэсэн албан бичиг ирэхэд нь Должинсүрэнд энэ үнэлгээг нэг дор хийчих юм бол дараа нь он дуустал яаж үнэлгээгээ хийх юм бэ? гэдгийг хэлсэн. Тэгээд хагас жилээр нөхцөл байдлын үнэлгээний судалгаагаа өгсөн байгаа. Би үнэлгээг хийхдээ яг бодитоор хууль, журмын дагуу хийсэн. Гуравдугаарт ахмадын сувилалд хүн амраагаагүй гэж буруутгасан. Би Буурал багийн Засаг дарга Алзахгүй гэдэг хүнтэй тохироод 8 ахмадыг амраахаар болсон. Миний тухайд 2 ахмадыг амраахаар тохирсон байсан. Яг сувилалд амраах болсон чинь ахмадууд өөр сувилалуудад амарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл ахмадууд нь ямар сувилалд амрахаа сонгох эрхтэй. Хамгийн сүүлд ахмадын баяраар сувилалд амрахгүй гэдгээ илэрхийлсэн юм. Дээрх гурван үүрэг даалгаврыг огт биелүүлээгүй болон биелүүлж чадаагүй зүйл байхгүй. Тодорхой хэмжээнд биелүүлж, ажлын үр дүн гарсан. Миний хувьд иргэд болон ахмадуудыг хохироосон явдал байхгүй. Дараагийн үндэслэл хагас жилийн ажлын тайлан, илтгэх хуудсыг D буюу дутагдалтай дүгнүүлсэн гэдэг. Бид нар 2017 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр цугларсан юм. Энэ үеэр хагас жилийн тайлан, илтгэх хуудсыг авч ирээрэй гэсэн албан бичиг очсон. Тухайн үед оноо тавигдаж, танилцуулагдаагүй. Э.Балжинням дарга орж ирээд хагас жилийн тайлан, илтгэх хуудсын тухайд зөвхөн стандарт ярина гэж хэлсэн. Миний нэр дээр шүүмжлэл байгаагүй. Хамгийн сүүлд Э.Балжинням дарга хэлэхдээ энэ удаад та нарт анхаарууллаа, одоогийн дүгнэсэн дүнгээс нэг шат ахиулж дүгнэнэ гэж хэлсэн. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Туяажаргал дарга хагас жилийн тайлан дээр гарын үсэг зур гэж хэлсэн. Тухайн үед хагас жилийн тайлан ач холбогдолгүй байсан учраас үзээгүй, анзаараагүй гарын үсгээ зурсан. Өөрөө ямар дүн авсан гэдгээ үзээгүй байж гарын үсгээ зурсан нь миний алдаа. Гэрээг дүгнэж оноо өгсөн талаар тайлбарлая. Бүтээгдэхүүн тус бүрд оноо өгөх ёстой. Ямар ч оноо өгөөгүй. Шууд дундаж оноогоо тавьчихсан. Тусгай бүтээгдэхүүн гэдэг зүйл дээр онцолж хэлье. Өөрөөр хэлбэл нэг бүтээгдэхүүнд 40 оноо өгөх ёстой. Энэ дотор нь хүнсний эрхийн бичгээр үйлчлэх асуудал байгаа. Энэ ажлыг хууль, журмын дагуу зохион байгуулсан. Дээрх ажлын хүрээнд ямар нэгэн зөрчил, гомдол гараагүй. Холбогдох тайлан, тооцоогоо бүрэн өгсөн. Тэгэхээр хүнсний эрхийн бичгээр үйлчлэх гэдэг хэсэгт 40 оноо өгөх ёстой байсан. Яг бодитоор үзвэл би 29 онооноос доош оноо авахгүй. Гэтэл надад 17 оноо өгсөн байсан. Надад яагаад ч 17 оноо өгөхгүй байсан. Оноо өгөхдөө журмаа мэддэггүй хүн юм уу? эсхүл журмаа мэддэг мөртлөө санаатай оноо өгсөн үү? үүнийг гайхаж байгаа. Энэ талаар дотоод ажил хариуцсан хүнээс асуухэд мэдэхгүй гэж хэлсэн. Менежер нь хангалтгүй буюу дутагдалтай оноо өгсөн үндэслэлээ бичих ёстой. Гэтэл энэ талаар ямар ч тайлбар, үндэслэл бичээгүй. Мөн эрх бүхий этгээд тамга дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно. Гэтэл Э.Балжинням дарга нь М.Гүрсэд даргын нэртэй хэсэг дээр гарын үсэг зурсан. Менежерийн хэсэгт хэн ч гарын үсэг зураагүй. Мөн эрх бүхий этгээдийн тамга дарж албажуулаагүй. Тэгэхээр хагас жилийн ажлаар хүнийг ажлаас халах үндэслэл болохгүй. Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолд зааснаар илтгэх хуудсаар жилд нэг удаа ажлаа дүгнүүлдэг. Хагас жилээр оноо өгч ажил дүгнэдэггүй юм. Дараагийн үндэслэл бол 2017 оны бүтэн жилийн тайлан, илтгэх хуудсыг хугацаандаа гаргаж өгөөгүй, дүгнүүлээгүй гэсэн. Тухайн үед ачаалал ихтэй ажилласан. Энэ ачааллыг хэн бий болгосон бэ? гэхээр хэлтсийн дарга Наранцэцэгээс 2017 оны 12 дугаар сарын 13-ны дотор бүх үйлчилгээнд хамрагдах хүмүүсийн материалыг дуусга гэж үүрэг өгсөн. Тэгээд 12 дугаар сарын 15-наас хойш санхүүжилт орохгүй гэсэн. Ийм учраас дээрх үүргийг биелүүлэхээс өөр аргагүй болсон. Дараа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний өдрийг санаачилж тэмдэглэсэн. Энэ үйл явдал давхацсан. Ийнхүү ачаалал ихтэй байсан ч заваар нь тайлан, илтгэх хуудсаа бичсэн байгаа. Илтгэх хуудсаа 12 дугаар сарын 14-ний өдөр шивж дууссан. Ингээд тайлан, илтгэх хуудсаа явуулахаар байж байтал газраас 12 дугаар сарын 19-ний өдөр сургалттай. Энэ сургалтанд ирэхдээ илтгэх хуудас, тайлангаа авч ир гэсэн бичиг ирсэн. Тэгэхээр нь над шиг тайлан, илтгэх хуудсаа хоцроосон хүмүүс байгаа юм байна гэж бодсон. Ингээд өөрийн биеэр тайлан, илтгэх хуудсаа 12 дугаар сарын 18-ны өглөө өгсөн. Тэгэхэд тайлан хоцроосон учраас ажил дүгнэхгүй гэдэг зүйлийг хэлээгүй. Бид нар ажил дүгнэх комиссын өмнө тайлангаа тавьсан. Тухайн хурал дээр яагаад тайлангаа хоцроосон талаар М.Гүрсэд дарга асуухаар нь би тайлбараа хэлсэн. Туяажаргал нь нэг стандарттай болъё зарим хүмүүсийн тайлан стандарт хангахгүй байна. Тиймээс жилийн эцсийн илтгэх хуудсыг дахиад бич гэж хэлсэн. Тайлан, илтгэх хуудсаа хугацаандаа гаргаж өгөөгүй нь миний алдаа. Гэтэл тайлан, илтгэх хуудсаа дүгнүүлээгүй гэдэг асуудал байгаа. Хэдийгээр хоцроосон ч гэсэн тайлан, илтгэх хуудсаа өгсөн, хамт олны өмнө тайлангаа тавьсан, стандартын дагуу дахиж илтгэх хуудсаа бичсэн, дараа нь Э.Балжинням даргын өрөөнд ажлаа дүгнүүлэх гээд орсон. Тэгэхээр дүгнүүлээгүй гэдэг үндэслэл надад хамааралгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-т зааснаар ямар нэгэн шийдвэр бодит байдалтай тохирсон, үндэслэлтэй байх ёстой. Намайг 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлаа дүгнүүл гэж дуудсан. Үүний дагуу хувийн хэргээ тэвэрч очоод дүгнүүлсэн. Дараа нь Амьжиргаа дэмжих зөвлөлийн /ёс зүйн хорооны/ хуралд ирж ор гэсэн. Энэ хуралд ороход тайлан, илтгэх хуудас хоцроосон талаараа тайлбараа өг гэж хэлсэн. Үүний дагуу тайлбараа хэлсэн, зарим асуултанд нь хариулсан. Амьжиргаа дэмжих зөвлөлийн /ёс зүйн хорооны/ шийдвэр гарсан гэдгийг хэн ч мэдэгдээгүй. Тэгсэн мөртлөө ажлаас хална гэдгийг мэдэгдсэн. Ёс зүйн хорооны шийдвэрээр ажлаас халагдаагүй гэж ойлгосон. Тушаал гарснаас хойш М.Гүрсэд дарга надтай уулзаагүй, мэдэгдээгүй. Тушаалаас харахад ажил хийж чадахгүй гэсэн үндэслэлүүд байдаг. Миний тухайд ажлаа хийж чадахгүй, үүрэг даалгавар биелүүлээгүй зүйл байхгүй. Тиймээс гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв. Хариуцагч М.Гүрсэд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ш.Н- нь Дөрвөлжин сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 8 жил ажилласан, төрийн албанд нийт 31 жил ажилласан төрийн албаны үйл ажиллагаа, үйл ажиллагааны үндсэн зарчим, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг зэргийг хангалттай мэдэх хэмжээний түвшинд хүртэл төрийн албанд ажилласан хүн юм. Гэтэл Ш.Н- нь Төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, үйл ажиллагааны зарчим, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчсөн тул Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/15 дугаар тушаалаар цалинг 5 сарын хугацаанд 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Ш.Н- нь 2017 оны А/15 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээс сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэж Ш.Н-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Ш.Н- нь гаргасан алдаа дутагдалдаа дүгнэлт хийлгүй буюу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байхдаа ажлын байрны тодорхойлолт, албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих албан үүргээ хангалтгүй биелүүлж 2017 оны хагас жилийн ажлын тайлан, илтгэх хуудсаар D буюу дутагдалтай үнэлгээгээр дүгнүүлсэн, 2017 оны жилийн эцсийн ажлын тайлан, илтгэх хуудсыг хугацаандаа гаргаж өгөөгүй, дүгнүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа /3 удаа/ биелүүлээгүй, газар хэлтсээс явуулсан чиглэл болон судалгаа тайлан мэдээ ирүүлэх байсныг ирүүлээгүй нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журам, Төрийн албан хаагчийн үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам, Хариуцлагын гэрээ, Үр дүнгийн гэрээ гэх мэт дүрэм журмын холбогдох заалтуудыг зөрчсөн явдал юм. Иймд манай газрын зүгээс Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэл бүрэн бүрдсэн гэж үзэж 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас халсан болно. Ш.Н-ын нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нь харьяа төрийн албаны зөвлөлд гомдлоо 2018 тоны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан боловч, шүүхэд нэхэмжлэлээ 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буюу 3 сарын дараа гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4, Захиргааны ерөнхий хуулийн 94.3, 94.4 заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байх магадлалтай байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Ш.Н-ын тушаалыг гаргахдаа 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай газрын дэргэдэх орон тооны бус ёс зүйн хорооны хурлаар асуудлыг авч хэлэлцэж, Ш.Н-аас өөрөөс нь амаар тайлбар, мэдээлэл авч, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ш.Н-тай утсаар холбогдож сонсох ажиллагаа хийсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Балжинням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Н- өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн байхдаа дахин зөрчил гаргасан нь ажлаас халах үндэслэлийг бүрдүүлж байгаа юм. Ш.Н- 2017 оны хагас жилийн үнэлгээгээр D буюу хангалтгүй дүгнүүлснээ хүлээн зөвшөөрөхгүй, шалгуулах хүсэлтэй байна гэж дурджээ. Ш.Н- нь 2017 оны хагас жилийн үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тухайн үедээ хуульд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргаж, шалгуулах боломжтой байсан ба хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй байж одоо шалгуулах хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын сум хариуцсан мэргэжилтэн нь сумуудад тус бүр нэг орон тоотой байдаг ба Ш.Н-ын нэмэлт тайлбарт дурдсан шиг албан тушаал бууруулах ямар ч боломжгүй юм. Нэхэмжлэгч нь халамжийн тухай хуулийн төсөлд санал байхгүй учраас ирүүлээгүй нь зөв мэтээр тайлбарлалаа. Дөрвөлжин сум алслагдсан багтай. Ийм багийн хүмүүсийг төрийн халамжинд хамруулахад асуудал гардаг. Энэ мэтээр зөндөө асуудал байсаар байхад яагаад санал өгөөгүй юм бэ? нэхэмжлэгч нь Дөрвөлжин сумын удирдах албан тушаалыг олон жил хийсэн. Мөн 2009 оноос хойш халамжийн байцаагчаар ажиллаж байгаа. Ийнхүү ажлын арвин туршлагатай хүн мөртлөө яагаад хуулийн төсөлд санал ирүүлээгүй нь ойлгомжгүй. Хоёрдугаарт нөхцөл байдлын үнэлгээг хийгээгүй гэдгээ түрүүн тайлбар хэлэхдээ хүлээн зөвшөөрсөн. Мөн хяналт үнэлгээний тайлан ирүүлээгүй. Энэ талаарх баримт хэргийн материалд байгаа. Гуравдугаарт нэхэмжлэгч нь ахмадын сувилалд хүн амруулаагүй. Манай байгууллагын тухайд зуны цагт Хаалгын амралтанд ахмадаа амраадаг, бусад үед Ахмадын ордны хоёр давхарт амраадаг. Ийнхүү ахмадыг амраахдаа Завхан аймгийн 24 сумын ахмадыг амраахаар хуваарь гаргадаг бөгөөд батлагдсан хуваарийн дагуу амруулдаг. Энэ албан үүргийг нэхэмжлэгч нь биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл 2017 онд нэг ч хүн амруулаагүй. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. 2018 онд нэхэмжлэгчийг ажлаа өгснөөс хойш ахмадын сувилалд амарсан хүмүүсийн жагсаалтыг сая гаргаж өгсөн. Үүгээр юу тодруулах гэсэн юм бэ? гэхээр Дөрвөлжин сумаас ахмадын сувилалд хүн амрах боломжтой байсан гэдгийг нотолж байна. Хагас жилийн ажлын тайланг D буюу хангалтгүй үнэлсэн гэж тайлбарлалаа. Тухайн үед газрын дарга байхгүй байсан учраас би гарын үсэг зурсан. Ийнхүү хагас жилийн тайланг дүгнэхдээ хууль, журмын дагуу дүгнэсэн. Нэхэмжлэгч тайлбартаа нэг шат ахиулж дүгнэнэ гэж Э.Балжинням дарга хэлж байсан гэж хэллээ. Энэ бол үнэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн F үнэлгээ авсныг D үнэлгээ болгосон юм. Жилийн эцсийн тайлан дүгнүүлээгүй талаарх асуудал ярилаа. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний хугацаа гэсэн хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч гэрээний биелэлтийг 12 дугаар сарын 10-ны дотор багтаан тавина, менежер үр дүнгийн гэрээг 12 дугаар сарын 15-ны дотор дүгнэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор тайлангаа өгөөгүй. Энэ талаар тайлбарлахдаа сумын Засаг даргынхаа тайланг гаргах гээд завгүй байсан гэж тайлбарладаг. Хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдсан байгаа. Ёс зүйн хорооны тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч нь ажлаа заавал цаасаар тайлагнах шаардлага байгаа ч юм уу? би бол ажлыг ноён нуруугаар хийдэг гэх байдлаар үл тоомсорлосон байдлаар хандсан байдаг. Нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-т зааснаар ажлаас халах үндэслэл хангалттай нотлогдсон. Мөн нэхэмжлэгч нь ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмж өгчих гэдэг байдлаар өргөдлөө бичээд явж байсан. Нэхэмжлэгч тайлбартаа Алзахгүй гэдэг багийн Засаг даргатай яриад 8 хүн амраахаар тохирсон, би өөрөө 2 хүн амраахаар болсон гэх мэтээр үлгэр шиг тайлбар гаргах хэрэггүй. Төрийн ажлыг ингэж хийж болохгүй. Хөнгөлттэй үнээр амраад, бариа заслаа хийлгэе гэсэн олон ахмадууд байдаг. Ийм байдлаар Дөрвөлжин сумын ахмадуудыг хохироож болохгүй. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий тушаалд заасан нөхцөл байдлуудыг тодорхой ярих нь зөв. Нэгдүгээрт нэхэмжлэгчид 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/15 дугаар тушаалаар цалинг 5 сарын хугацаанд 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Ийнхүү сахилгын шийтгэл авснаас нэхэмжлэгч нь 3 удаа үүрэг даалгавар биелүүлээгүй байна. Сахилгын шийтгэл авснаар үүрэг даалгавраа сайн биелүүлж ажиллах ёстой гэсэн шийдэлд хүрэх ёстой. Гэтэл дээрх дүгнэлтийг нэхэмжлэгч өөртөө хийгээгүй. Мөн 2017 оны хагас жилийн тайланг D буюу дутагдалтай дүгнүүлсэн. Ийнхүү дутагдалтай дүгнүүлсэн хүн жилийн эцсийн тайлангаа хугацаанд нь өгөх ёстой. Нэхэмжлэгч хагас жилийн тайлангаа дутагдалтай дүгнүүлчихээд, бүтэн жилээр тайлангаа хугацаанд нь өгөхгүй байна гэдэг бол ажил хийх чадваргүй гэдгээ харуулсан гэж ойлгож болно. 2018 оны Б/06 дугаар тушаалын гол үндэслэл бол Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалт юм. Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 7-д ...хангалтгүй биелүүлсэн... гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж заасан. Тэгэхээр төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэхтэй холбоотой заалт биш. Харин төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой. Нэхэмжлэгчийн тухайд 3 удаагийн үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг асуудал яригдаж байгаа. Нэгдүгээрт хуулийн төсөлд санал ирүүлээгүй. Энэ нь ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт яаж холбогдож байна вэ? гэхээр нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний Нэгжийн дотоод ажил үйлчилгээний 5 дахь хэсэгт байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хоёрдугаарт нөхцөл байдлын үнэлгээг тогтоосон хугацаанд хийгээгүй. Нэхэмжлэгч тайлбартаа нөхцөл байдлын үнэлгээг хугацаанд нь хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ нь ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.5-д хамаарч байна. Гуравдугаарт ахмадын сувилалд хүн амраагаагүй. Энэ нь нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний 2.5 дахь хэсэгт хамаарч байна. Үүнээс харахад нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд заасаг чиг үүргээ хангалттай биелүүлээгүй гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нь хагас жилийн тайлангаар D үнэлгээ авсан мөртлөө, бүтэн жилийн тайлангаа хугацаанд нь гаргаж өгөөгүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч 12 дугаар сарын 18-ны өдөр тайлан, илтгэх хуудсаа өгөөд, хамт олондоо тайлангаа тавьсан гэдэг нь үр дүнгийн гэрээнд заасан хугацаандаа өгөөгүй гэдгийг нотолж байна. Байгууллагын дотоод журамд албан үүргээ биелүүлээгүй талаар тодорхой заасан. Маргаан бүхий тушаалд байгууллагын дотоод журмын 4.1.1, 4.1.5 дахь заалтуудыг баримталсан. Ийнхүү байгууллагын дотоод журмын 4.1.1, 4.1.5 дахь заалтыг зөрчвөл Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтыг баримтлан ажлаас хална гэж уг дотоод журмын 9.1 дэх хэсэгт заасан байна. Иймд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д зааснаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 3 удаа хангалтгүй биелүүлсэн. Ийнхүү хангалтгүй биелүүлсэн үүрэг даалгавар нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд заасан чиг үүрэгт хамаарч байна. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Гуравдагч этгээд С.Баярмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Надад тайлбар алга. Цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ш.Н- нь Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Дөрвөлжин сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхшаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нь 2018 тоны 02 дугаар сарын 18-ны өдөр харьяа төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан боловч, шүүхэд нэхэмжлэлээ 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр буюу 3 сарын дараа гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4, Захиргааны ерөнхий хуулийн 94.3, 94.4 заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байх магадлалтай байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж маргасан байна. Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар[1] нэхэмжлэгч Ш.Н-ыг үүрэгт ажлаас нь халсан байх ба нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Яамны төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө, 94.4-т шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ гэж заасан байна. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөл нь хуульд заасан дээрх хугацаанд нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй, гомдол шийдвэрлэх хугацааг сунгасан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй байх тул нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ. Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 49 дүгээр албан бичгээр[2] Ш.Н-ын гомдлыг хэлэлцээд Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн талаар хариу өгсөн байна. Дээрх байгууллага нь 2018 оны 07 сарын 05-ны өдрийн 53 дугаар албан бичгийг[3] шүүхэд ирүүлэхдээ Ш.Н-ын гомдлыг хэзээ хүлээж авсан, гомдол шийдвэрлэх хугацааг сунгасан эсэх талаар тодруулаагүй байна. Иргэнээс ирүүлсэн гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд Ш.Н- нь 02 дугаар сарын 06-ны өдрийн тушаалд 02 дугаар сарын 18-нд төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гаргасан байх тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Нэг: Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ныөдрийн Ш.Н-ыг ажлаас халах тухай Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Завхан аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ныөдрийн Б/06 дугаар тушаалаар Ш.Н-ыг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 3 удаа биелүүлээгүй, 2017 оны хагас жилийн ажлын тайлан, илтгэх хуудсаар D буюу дутагдалтай үнэлгээгээр дүгнүүлсэн, 2017 оны жилийн эцсийн тайлан, илтгэх хуудсыг хугацаанд нь гаргаж өгөөгүй, дүгнүүлээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан гэж Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4.2, байгууллагын дотоод журмын 4.1.1, 4.1.5, албан хаагчтай байгуулсан төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний 4.2 дахь заалт, хариуцлагын гэрээний 4.7 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь халсан байна. Нэхэмжлэгч Ш.Н- дээрх тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргаж миний өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсан нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэгт хамааралгүй, надад албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зүйл байхгүй, харин хугацаатай албан бичгүүдийн хариуг хугацаа хожимдуулж өгсөн нь үнэн, үүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхгүй, жилийн эцсийн ажлыг дүгнэж өгсөн үнэлгээгээр хангалтгүй байвал ажлаас халах боломжтой, 2017 оны үр дүнгийн гэрээний тайлан, илтгэх хуудсыг хугацаа хоцроож өгсөн боловч дүгнээгүй гэж маргасан байна. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д ...удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн.../бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах/-аар заасан бөгөөд Ш.Н-ыг 1. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар албан бичгийн[4] дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөөгүй, 2. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 200 дугаар албан бичгийн[5] дагуу тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие болон эмнэлэгийн хяналтад байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж тайланг жагсаалтын хамт 2017 оны 05 дугаар сарын 26-ны дотор ирүүлэх үүргийг биелүүлээгүй, 3. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар албан бичгийн[6] дагуу ахмадуудыг сувилалд амруулаагүй, 4. 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт, тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй, 2017 оны хагас жилийн ажлаа Dбуюу дутагдалтай дүгнүүлсэн, 5. Өмнө нь сахилгын арга хэмжээ авагдсан гэжээ. 1.Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд хуулиар болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар түүнд уг чиг үүргийг хүлээлгээгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгчөөс хуулийн төсөлд санал өгөх нь үр дүнгийн гэрээний нэгжийн дотоод ажил үйлчилгээ-5 гэсэн хэсэгт Тогтоол шийдвэр, албан даалгавар, үүрэг даалгаврын биелэлтийг ханган ажиллах гэж заасныг зөрчсөн гэж маргаж байх боловч дээрх албан даалгавар, үүрэг даалгавар нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэвэл зохих албаны чиг үүрэгтэй уялдах бөгөөд хуулийн төсөлд санал өгөх нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон үр дүнгийн гэрээнд заасан чиг үүрэг биш байна. 2. Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын халамжийн хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 200 дугаар албан бичгээр тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие болон эмнэлэгийн хяналтад байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж тайланг, жагсаалтын хамт 2017 оны 05 дугаар сарын 26-ны дотор ирүүлэх үүргийг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнүүдэд үүрэг болгосон байна. Нэхэмжлэгчээс уг судалгааг 2017 оны хагас жилийн байдлаар гаргаж хүргүүлсэн, уг судалгаа хийгдсэнээр зорилтот бүлгийн иргэд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтөндөө хамрагдсан, энэ талаар бусдыг хохироосон зүйл байхгүй, 2018 оны 1 сарын 28-нд хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн миний ажлыг шалгаад хангалттай байна гэж дүгнэсэн гэж маргажээ. Хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд оновчтой хүргэх, холбогдох баримтын бүрдлийг хангаж ажиллах чиг үүрэг ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд тусгагдсан байх бөгөөд энэ зорилтын хүрээнд нийт 5 ажил хийхээс ажлын байрны гол үйл ажиллагааны 2.2-т үйлчилгээнд хамрагсадад нөхцөл байдлын үнэлгээ хийж оновчтой үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг дээрх 5 ажлын нэг нь байна. Энэхүү 2 дугаар зорилтын хүрээнд хийх 5 ажил нь нийт ажил үйлчилгээний 10 хувийг эзэлж байх ба нөхцөл байдлын үнэлгээ хийж оновчтой үйлчилгээ үзүүлэх ажил нийт ажил үйлчилгээний 2 хувийг эзэлж байна. Нэхэмжлэгчээс дээрх нөхцөл байдлын үнэлгээ хийж, тайланг ирүүлэх үүргийг хугацаанд хийж гүйцэтгээгүйгээс байгууллагад ямар хохирол, үр дагавар учирсан нь тодорхойгүй, энэ талаар хариуцагч хангалттай шалгаж тогтоогоогүй, нэхэмжлэгчийн 2017 оны хагас жилийн ажлыг дүгнэхдээ энэ чиглэлийн ажил, үүргийг яаж дүгнэсэн нь тодорхойгүй байна. 3. Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь Ахмадын сувилалд амрах амрагчдын хуваарь-ийг баталж, Дөрвөлжин сумаас нийт 15 ахмадыг 2017 оны 10 сарын 11-ний өдрөөс 10 сарын 20-ны өдрүүдэд амраах хуваарийг гаргажээ. Үүний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар албан бичгээр батлагдсан хуваарийн дагуу ахмадуудыг сувилалд амруулахыг сумын мэргэжилтнүүдэд мэдэгдсэн байна. Гэтэл заасан хугацаанд ахмадуудыг амруулаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан байна. Нэхэмжлэгчээс Буурал багийн Засаг даргатай ярилцаж тохироод тус багаас нийт 8 ахмадыг амраахаар болсон боловч ахмадууд нь өөр амралт, сувилалд амраад дээрх хугацаанд амраагүй, аль амралтыг сонгож амрах нь ахмадуудын эрхийн асуудал гэж маргажээ. Дээрх чиг үүрэг нь ажлын байрны 2 дугаар зорилтын хүрээнд хийх ажил байх бөгөөд үр дүнгийн гэрээний нэгжийн ажил үйлчилгээ 2.5 гэсэн хэсэгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын сувилалд графикийн дагуу ахмадуудыг амрааж, сувиллуулах арга хэмжээ зохион байгуулах чиг үүрэгтэй байна. Нэхэмжлэгчээс энэ талаар хийсэн бүртгэл, судалгаа байхгүй, энэ ажлыг зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Гэвч энэ зөрчил нь дангаараа нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болохгүй. 4. 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт, тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ, 19.3-т төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно гэж тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 1.1-д байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга...төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, 1.5-д гэрээг дүгнэж өгсөн үнэлгээ нь...төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн...болох-оор тус тус зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг үр дүнгийн гэрээ-г дүгнэснээр үнэлэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл байдал нь сахилгын зөрчил гаргасан үйл баримттай холбогдохгүй, албан тушаалтан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, энэ нь үр дүнгийн гэрээний биелэлтээр хангалтгүй гэж дүгнэгдвэл хамаарахаар байна. Гэтэл Ш.Н-ын 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй мөртлөө 2017 оны хагас жилийн ажлын тайлангаа D буюу дутагдалтай дүгнүүлснийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэнд хамааруулж үзсэн нь буруу байна. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний 4.2-т Төрийн албан хаагч гэрээний биелэлтийг 2017 оны 12 дугаар сарын 10-ны дотор багтаан тайлагнаж, менежер 2017 оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан дүгнэнэ гэж заажээ. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 2.1-д зааснаар Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй байна. Ш.Н- нь 2017 оны ажлын тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг заасан хугацаанд ирүүлээгүй болох нь гэрч Д.Цэрэнлхамын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Гэрээ дүгнэх журмын 2.2-т зааснаар менежер нь тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө хугацаандаа ирүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулахаар байна. Энэ талаар хариуцагч талаас шаардлага тавьсан, хэрэгжилтийг хангуулах талаар авсан арга хэмжээ байхгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө менежерт өгөөгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохоор байх бөгөөд дээрх журмын Гомдол маргааныг хянан шийдвэрлэх гэсэн 8 дугаар зүйлийн 8.1-д ...төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө өгөөгүй тохиолдолд холбогдох тал байгууллагынхаа дээд шатны удирдах албан тушаалтан болон Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлд харьяаллын дагуу гомдол гаргаж болно. ...Холбогдох зөвлөл шаардлагатай тохиолдолд буруутай албан тушаалтанд шаардлага хүргүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд санал гаргаж болно гэжээ. Үүнээс дүгнэж үзвэл гэрээний биелэлтээ хугацаанд нь тайлагнаагүй төрийн жинхэнэ албан хаагчид эрх бүхий этгээдийн саналаар сахилгын шийтгэл хүлээлгэхээр байна. Гэтэл хариуцагч нь дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж ажлаас шууд халсан нь буруу байна. Мөн тус журмын 6.3-т зааснаар гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэхээр байх бөгөөд хагас жилийн үнэлгээгээр D үнэлгээтэй дүгнүүлсэн гэдгээр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь хагас жилийн ажлыг дүгнэж D үнэлгээ өгснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч дээрх журамд зааснаар үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа талаараа эрх бүхий албан тушаалтанд тайлбар гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зөвхөн тайлбартаа дурьдсан байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/15 дугаар тушаалаар цалинг 5 сарын хугацаанд 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан зөрчил нь дахин үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэлд дурдагдсан нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэдгээр үүрэгт ажлаас нь халаагүй тул өмнө нь сахилгын арга хэмжээ авсан нь тухайн маргаанд хамааралгүй байна. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу уг хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоохоор заасан байхад маргаан бүхий захиргааны актад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дотоод журмын 4.1.1, 4.1.5, хариуцлагын гэрээний 4.7 дахь заалтыг тус тус баримтлан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хөдөлмөрийн дотоод журам болон гэрээ нь хууль, журамд нийцсэн байх ёстой бөгөөд хуулиас давсан зохицуулалт бүхий журам, гэрээг баримталж төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж болохгүй юм. Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дотоод журмын[7] 4.1.1-д хариуцсан ажил үүргийг чанартай гүйцэтгэж, газрын дарга, хэлтсийн дарга нараас өгсөн үүрэг даалгаварыг тогтоосон хугацаанд нь биелүүлнэ, 4.1.5-д мэдээ тайлан, тогтоол шийдвэр, үр дүнгийн гэрээний болон төлөвлөгөөний биелэлтийг хугацаанд нь үнэн зөв чанартай гарган холбогдох газарт хүргүүлж, заасан хугацаанд ажлаа дүгнүүлэх, ажлаа дүгнүүлээгүй бол ажлын байрны тодорхойлолт, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх, 9.1-д Төрийн албан хаагч...ажлын байрны тодорхойлолтонд заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн,...журмын 4.1.1, 4.1.5 заалтуудыг зөрчвөл Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 заалтын дагуу ажлаас хална гэж заажээ. Хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дэх заалтад уг журмын 4.1.1, 4.1.5 дахь заалтуудыг хамааруулсан нь төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журамд үр дүнгийн гэрээний биелэлтийг хугацаанд нь тайлагнаагүй бол эрх бүхий этгээдийн саналаар сахилгын шийтгэл ногдуулахаар байхад шууд ажлаас халах зохицуулалт болгож оруулсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар гэдэг нь төрийн албан хаагчийн албан үүрэгтэй холбогдох бөгөөд үүрэг даалгаварыг биелүүлээгүйгээс төрийн албанд ямар үр дагавар учирсан, энэ нь тухайн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэдэн хувийг эзэлж байгаа, түүний ажлын гол чиг үүрэг мөн эсэхийг харгалзан үзэхгүйгээр шууд албан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, ажлаас халах зохицуулалт болгосон нь буруу байна. Ийнхүү Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Н-ыг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна. Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь нэхэмжлэгч Ш.Н-ыг үндэслэлгүйгээр халсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ш.Н-ад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 120 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4906991 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Ш.Н-ын ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх 4906991 төгрөгнөөс хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Ш.Н-ын нийгмийн даатгалын дэвтэр[8] дээрх бичилтийг үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2017 оны 11, 12, 2018 оны 1 сарын дундаж цалин болох 899615 төгрөгнөөс нэг хоногийн цалинг 40891,59 төгрөгөөр тооцон гаргасан болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ш.Н-ыг ажлаас халах тухай Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.Н-ыг Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Дөрвөлжин сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоосугай. 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ш.Н-ын ажилгүй байсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 120 хоногийн олговор 4906991 /дөрвөн сая есөн зуун зургаан мянга есөн зуун ерэн нэг/ төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгасугай. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Н-ад олгосугай. 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай
ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА
[1] Хавтаст хэргийн 5-р хуудас [2] Хавтаст хэргийн 123-р хуудас [3] Хавтаст хэргийн 121-р хуудас [4] Хавтаст хэргийн 102-р хуудас [5] Хавтаст хэргийн 104-р хуудас [6] Хавтаст хэргийн 98-р хуудас [7] Хавтаст хэргийн 41 дэх тал [8] Хавтаст хэргийн 9-р хуудас |
| ||
|