Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00060

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Зүүнхараагийн гудамж 25 тоот хаягтай, Боржигон овогт Доржготовын Батсүх /Регистрийн дугаар МЗ:57121347,Утас:99688538/-д холбогдох 5185713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч

                                             

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замын               1 дүгээр багийн иргэн Д.Батсүх нь нь 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “ Бүрх малгай ” төсөл хэрэгжүүлэхээр 10000000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30 ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Д.Батсүх нь зээл түүний хүүг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн, албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 5185713 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Батсүх шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Бүрх малгай” төсөл хэрэгжүүлэхээр 10000000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээл болон түүний хүүг 2013, 2014, 2015 онуудад тасралтгүй зээлээ төлж барагдуулж байсан. Гэтэл эдийн засаг муудаж, хүмүүсийн малгай захиалж хийлгэх нь эрс багасаж зээлээ төлж чадахаа больж эхэлсэн. Учир нь манай ам бүл 7 ээж,эхнэр хоёр тэтгэвэрт, дүү группт, хүү эхнэрийн хамт ажилгүй, өрхийн орлого чадан ядан хүрдэг болсон. Цаашид ногоо тарьж малгайгаа хийн, өрхийн орлогоо нэмэгдүүлэн, сар болгон чадах чинээгээрэй зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулна. Зээлийн хугацааг сунгаж өгвөл зүгээр байна. Үлдэгдэл 5185713 төгрөгийг төлөхийг  зөвшөөрч байна гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Мандал сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Д.Батсүхээс 5185713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Батсүх нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Батсүхээс 5185713 төгрөг гаргуулах тухай Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Батсүх нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 11623 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ