Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00061

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Шарын голын гудамж 38 тоот хаягтай, Юншөөбү овогт Алтангэрэлийн Ганбаатар /Регистрийн дугаар ЧГ:64112078, Утас:99940686/-д холбогдох 10624000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч

                                             

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийнхангайн ТЗ-ын 1-р багийн А.Ганбаатар нь 2013 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Шатахуун түгээх станц байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр 10000000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн А.Ганбаатар нь зээл түүний хүүг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн, албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээл түүний хүү нийт 10624000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ганбаатар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би 2013 онд тус сумын Тарни 8 дугаар багт нэн шаардлагатай байгаа шатахуун түгээх станц барьж эхэлсэн бөгөөд миний хөрөнгө дутагдалтай болсон учир сумын захиргаанд хандан сум хөгжүүлэх сангаас 10000000 төгрөгийн зээл авсан юм. Уг зээлийг төлөх боломж маш хомс байгаа учир нь шатахуун түгээх станц онцгой объект учир холбогдох зөвшөөрөл баталгаажуулалтанд төлөвлөж байснаас их зардал гарсанаас шалтгаалан 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дөнгөж улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтанд оруулсан юм. Зээл авсан энэ хугацаа дуусахад л дөнгөж авлагын ажиллагаатай болсон юм. Энэ нь зээл төлөх боломжгүй байдал үүсэхэд нөлөөлсөн гол шалтгаан юм. Дөнгөж үйл ажиллагаа нь эхэлж байхад нь үйл ажиллагааг нь дэмжих ямар арга зам байгааг хайхын оронд шүүхэд өгч татаж унагах бодлого явуулж байгаа иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын удирдлагад харамсаж байна. Ер нь сум орон нутгийн удирдлага тухайн орон нутагт тухайн зээл юунд зарцуулагдсан ямар үр ашигтай, нэн шаардлагатай эсэх, тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдал цаашид энэ төслийг яаж дэмжих ямар арга замаар дэмжих зэргийг харгалзан үзэж гэрээг сунгаж, дэмжих, хөнгөлөлт үзүүлэх боломж байгаа гэж бодож байна. Иймд энэ зээлийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж өгнө үү нийт 10624000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа:.... Тус сумын ЗДТГ-ын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А.Ганбаатарт холбогдох сум дундын шүүхэд өгсөн хариу тайлбарын хүсэлттэй танилцаж манай нэхэмжилсэн 10624000 төгрөгийг төлнө гэснийг зөвшөөрч байна. Хугацаа сунгах тухай тайлбарыг хүлээн авах боломжгүй болно гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Мандал сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч А.Ганбаатараас 10624000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Ганбаатар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч А.Ганбаатараас 10624000 төгрөг гаргуулах тухай Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Ганбаатар нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг Даргын Тамгын газрын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн      74.5 дах хэсэгт зааснаар хариуцагч А.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 92467 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ