| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00110/И |
| Дугаар | 69 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1965 онд төрсөн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р багт оршин суух Шарнууд овгийн Самбуугийн Тунгалагсайхан /РД:АВ65021108/-ы хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Тунгалагсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд миний хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагааг үндэслэн 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд төлчин саальчнаар ажиллаж байсан байдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Тунгалагсайхан нь Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн. 1981 онд 8-р анги төгсөж мал маллаж эхлээд 1990 оныг дуустал хугацаанд Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн Зуслан бригадад төлчин саальчнаар ажиллаж байсан. Иймд С.Тунгалагсайханы 1981 оны 06 сараас 1990 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд төлчин саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Тунгалагсайхан нь Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд төлчин, саальчнаар 1981 оны 06 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгийн Самбуугийн Тунгалагсайханы Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн 1982 оны 01 сар, 04 сараас 08 сар, 10 сараас 11 сар, 1983 оны 02 сараас 04 сар, 07, 08 сар, 1988 оны 01, 02 сар, 05 сараас 07 сар, 10 сар, 1989 оны 03 сараас 05 сар, 07 сар, 1990 оны 01, 02 сард тус тус ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,
2. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
2.1. Хүн өдрийн доод хэмжээг шалтгаангүйгээр биелүүлээгүй 72 хүнийг хавсралт жагсаалтаар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд шилжүүлсүгэй. Хавсралтанд: Тунгалагсайхан Баянцагаан, 204 гэсэн “Хүн өдрийн доод хэмжээ биелүүлээгүй хүмүүсийн тухай” Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02 сарын 07-ны өдрийн 06 тоот тогтоол,
2.2. 1981-1983 онд Ерөнхий боловсролын сургууль төгсөөд мал аж ахуй дээр ажиллаж байгаа хүүхдүүдэд тэтгэмж олгох тухай хэлэлцээд тогтоох нь: 1. Хүүхдийн ажиллаж байгаа тогтвор суурьшил ажил хариуцсан байдлыг харгалзан хавсралт жагсаалтаар 25 хүүхдэд 3150 төгрөгийн тэтгэмж олгосугай. Хавсралтанд: Самбуу Тунгалагсайхан Зуслан, төлчин, 150 гэсэн “Тэтгэмж олгох тухай” Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 03 сарын 26-ны өдрийн 13 тоот тогтоол,
2.3. Саальчдын дунд зарласан болзлыг биелүүлсэн 14 саальчдад олгох 1120 төгрөгийг 2-р хавсралтаар баталсугай. Хавсралтанд: С.Тунгалагсайхан гэсэн “1984 онд төлчид, саальчид, малчдын дунд зарласан болзлуудыг дүгнэж шагнал олгох тухай” Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 сарын 12-ны өдрийн 07 тоот тогтоол,
2.4.ХАА-н нэгдлийн гишүүдийг хавсралт №1-ээр 1992 оны 08-р сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлсүгэй. Хавсралтанд: С.Тунгалагсайхан эм гэсэн “Ажлаас чөлөөлөх тухай” Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн даргын 1992 оны 06 сарын 20-ны өдрийн 27 тоот тушаал,
3. Гэрч Т.Оюунтаны: “Би 1966 оноос эхлэн 1984 оныг хүртэл хугацаанд Архангай аймгийн Жаргалант сумын туслах үйлдвэрт мужаан, Баянцагаан багийн дарга, сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1984 онд Намын дээд сургуульд суралцахаар Улаанбаатар хот руу явсан. Намын дээд сургуулийг 1986 онд Хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжлээр төгсөөд Архангай аймгийн Цэцэрлэг суманд Намын хорооны орлогч нарийн бичгийн даргаар 1990 оны 7-р сарыг хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан. С.Тунгалагсайхан нь 1981 онд Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн Зуслан багт туслах малчнаар анх ажилд ороод 1991 оныг хүртэл хугацаанд тус нэгдэлдээ малчнаар тасралтгүй ажилласан. С.Тунгалагсайхан нь айлын ганц охин, түүний аав Самбуу нь тус нэгдлийн хонин суурьт ажилладаг байсан. Самбуу гуай намайг сумын соёлын төвд ажиллаж байх үед сайн малчин болж байсан. Би 1981 оноос 1984 оныг хүртэл хугацаанд би С.Тунгалагсайхантай нэг нэгдэлд хамт ажиллаж байсан, мөн нэг нутгийн хүмүүс учир түүний 1981 оноос 1991 оныг хүртэл хугацаанд “Жаргалант амьдрал” нэгдэлд ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг,
4. Гэрч Ч.Сэнгэдодогийн: “Би 1981 оны 06 сард Жаргалант сумын 8 жилийн дундын сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн Асайт бригадад малчнаар гарч, 1983 оны 06 сарыг хүртэл малчнаар ажиллаж байгаад 1983 оны 06 сард Хилийн ба дотоодын цэргийн 05 дугаар тусгай ангид цэргийн албанд татагдан 1986 оны 06 сард цэргээс халагдсан. Цэргээс халагдаад 1986 оны 07 сараас эхлэн Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1992 онд нэгдэл тарах хүртэл хугацаанд тасралтгүй малчнаар ажилласан. С.Тунгалагсайхан надтай хамт 1981 онд Архангай аймгийн Жаргалант сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд тус сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн Зуслан бригадад малчин, саальчнаар анх ажилд орсон. Тэгээд нэгдэл хувьчлагдах хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан. Айлын ганц охин. Би 1981 онд хамт илгээлтээр мал дээр гарч байсан, мөн С.Тунгалагсайхантай нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учир түүний 1981 оноос 1992 оныг хүртэл хугацаанд “Жаргалант амьдрал” нэгдэлд ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг,
7. 1981 оны 01 сараас 08 сар, 10 сараас 12 сар, 1981 оны 01 сараас 10 сар, 1983 оны 03 сар, 1984 оны 03 сараас 12 сар, 1985 оны 01 сараас 12 сар, 1986 оны 01 сар, 05 сараас 06 сар, 12 сар, 1989 оны 09 сараас 10 сар, 1990 оны 01 сараас 12 сард ажилласан хоног, авсан цалин бичилттэй С.Тунгалагсайханы хөдөлмөрийн дэвтэр зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэндагвын хүсэлтээр С.Тунгалагсайхантай хамт ажиллаж байсан Т.Оюунтан, Ч.Сэнгэдондог нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаанууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч С.Тунгалагсайханы Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд төлчин, саальчнаар 1981 оны 06 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь гэрч Т.Оюунтан, Ч.Сэнгэдондог нарын мэдүүлгээр, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 31-ний өдрийн 58 тоот С.Тунгалагсайханы Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант” амьдрал нэгдэлд малчинаар ажиллаж байсан үеийн 1982,1983, 1988, 1989, 1990 оны цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02 сарын 07-ны өдрийн 06 тоот тогтоол, Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 03 сарын 26-ны өдрийн 13 тоот “Тэтгэмж олгох тухай” тогтоол, Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 сарын 12-ны өдрийн 07 тоот “1984 онд төлчид, саальчид, малчдын дунд зарласан болзлуудыг дүгнэж шагнал олгох тухай” тогтоол, Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн даргын 1992 оны 06 сарын 20-ны өдрийн 27 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд С.Тунгалагсайханы Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд төлчин, саальчнаар 1981 оны 06 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овгийн Самбуугийн Тунгалагсайханы Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд төлчин, саальчинаар 1981 оны 06 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА