| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1035/Э |
| Дугаар | 1092 |
| Огноо | 2020-06-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 1092
2020 06 09 2020/ШЦТ/1092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З овогт Д-ийн А-т холбогдох эрүүгийн 2006 00841 1188 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь эхийн 16 дугаар гудамжны 2251 тоотоос хохирогч Б.Мөнхжаргалын эзэмшлийн Самсунг А-10, Самсунг Эс-7, Самсунг Эс-3 маркийн 3 ширхэг гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 519.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Иргэн Б.Мөнхжаргалаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 12 дугаар тал/
Хохирогч Б.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 11-ний өглөөний 9 цагийн орчимд боссон. Тэгээд байж байсан чинь найз болох Батжаргал залгаад надтай утсаар ярьсан. Түүнд би Долгорсүрэнтэй цуг байна мөн урьд өдөр архи уусан талаар хэлсэн чинь би нэг юм аваад яваад очъё гэж хэлээд утсаа салгаад бараг цагийн дараа байх манай гэрт 0,5 литрийн Хараа нэртэй архийг авчирсан. Тэрийг Долгорсүрэн, Батжаргал бид 3 хуваагаад уусан юм. Тэр архийг айгүй хурдан ууж дуусгасан ба 11 цаг өнгрөөгөөд дууссан санаад байна. Тэгээд бид гурав халуураад ахиад архи авья гэж хоорондоо яриад би өөрөө яваагүй харин таньдаг дэлгүүрийн хүнд мөнгө шилжүүлсэн ... Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Учир нь тасарсан байсан. Лав Батжаргалыг гаргаж өгөхөд манайд Долгорсүрэн байсныг санаад байна ... Цагдаагийн байгууллагад өөрийнхөө утасны орж, гарсан ярианы лавлагааг Мобикомоос авчираад өгсөн. Тэгэхэд би хамгийн сүүлд буюу 2020.01.12-ны өдөр Ариунаагийн 99565543 дугаарын утасруу баахан залгаж ярьсан байсан ... Ариунаа ганцаараа зогсож байсан. Тэгээд түүнийг аваад явж байгаад гар утсаараа нэг яриулчих гэж хэлсэн чинь надад Самсунг А-10 маркийн гар утсыг өгсөн. Би утсаа алдах өдөр хамгийн сүүлд Ариунаатай ярьсан болохоор түүнийг авсан байж магадгүй гэж бодоод утсанд байх өөрийнхөө мэдээллүүдийг хайж үзье гэж бодоод түүнээс утсыг аваад хамгийн түрүүнд "Самсунг нөтс" гэх аппруу ороход миний өөрийн хадгалж байсан би гэсэн тэмдэглэл байж байсан ... Тэгээд тэрийг үзчихээд Ариунаад өөрт нь харуулж байгаад энэ миний утас байна. Чи энэ тэмдэглэлд байгаа зүйлсийг хар миний гэрийн хаяг болон бусад мэдээллүүд байна чи энэ утсыг хаанаас авсан юм бэ гэж хэлсэн чинь би Мобикомоос худалдан авсан юмаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,
Үүүрэн телефоны “МОБИКОМ”-ын 99154024 гэх дугаар эзэмшигч Бямбажавын Мөнхжаргалын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хоорондох хэрэглээний жагсаалт /хх-ийн 39 дүгээр тал/,
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33 дугаар тал/,
Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар тал/,
Хохирогч Б.Мөнхжаргал, шүүгдэгч Д.А нараас гаргасан хүсэлт /хх-ийн 72 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Аийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд дарь эхийн 16 дугаар гудамжны 2251 тоотоос хохирогч Б.Мөнхжаргалын эзэмшлийн Samsung A10, Samsung S7, Samsung S3 маркийн 3 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 519.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Иргэн Б.Мөнхжаргалаас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 12 дугаар тал/,
Хохирогч Б.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би утсаа алдах өдөр хамгийн сүүлд Ариунаатай ярьсан болохоор түүнийг авсан байж магадгүй гэж бодоод утсанд байх өөрийнхөө мэдээллүүдийг хайж үзье гэж бодоод түүнээс утсыг нь аваад хамгийн түрүүнд Самсунг нөүт гэх аппруу ороход миний өөрийн хадгалж байсан би гэсэн тэмдэглэл байж байсан ... Тэгээд тэрийг үзчихээд Ариунаад өөрт нь харуулж байгаад энэ миний утас байна. Чи энэ тэмдэглэлд байгаа зүйлсийг хар миний гэрийн хаяг болон бусад мэдээллүүд байна чи энэ утсыг хаанаас авсан юм бэ гэж хэлсэн чинь би Мобикомоос худалдан авсан юмаа гэж хэлсэн ... манайхаас алдагдсан 3 ширхэг утсыг Ариунаа авсан гэдэгт итгэлтэй байна. 3 утас гурвуулаа цэнэгтэй байсан. Тэгэхээр хэн нэгэн унтраасан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
Үүрэн телефоны Мобиком ХХК-ий 99154024 дугаарын эзэмшигч Бямбажавын Мөнхжаргалын 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хоорондох хэрэглээний жагсаалт /хх-ийн 39 дүгээр тал/,
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.А-ийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.А-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Мөнхжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.А-ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнд тооцож, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.А нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.А-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.А-ээс учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт яллагдагчийн биеийн байцаалтанд Д.А-ийн регистрийн дугаарыг буруу бичсэн байгааг хэрэгт авагдсан прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэгтэй харьцуулан зөвтгөж бичих нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Д-ийн А-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.А-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.А-т мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ