Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1399

 

 

 

 

 

 

   

    2020        07           ..                                 2020/ШЦТ/.....

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-н А-т холбогдох эрүүгийн 2006 00671 1443 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч А.А нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул Олон улсын худалдааны төвийн 63 дугаар контейнерийн орчимд хохирогч Ш.Цэвэлмаагийн контейнерт хадгалуулахаар өгсөн байсан цаасан хайрцагтай бараа болох эмэгтэй хүний үсний боолт, хавчаар зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 1.636.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Баянзүрх дүүргийн зах дээрээс хулгай хийсэн. Авсан зүйлээ дүүгийндээ аваачиж тавьсан бөгөөд буцаагаад авчирч өгсөн” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 3-4 дүгээр тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/,

Хохирогч Ш.Цэвэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул олон улсын худалдааны төвийн 90 дүгээр лангууны бараагаа хурааж том хайрцаганд хийгээд тээш ажиллуулдаг Дулмаад аваачиж өгөөд би хайрцагтай бараагаа аваад ирлээ, энд тавьчих уу гэхэд за тэг гэхээр нь явсан. Тэгтэл хайрцагтай барааг минь хурааж тээшинд хийлгүй хулгайд алдсан байна ... хайрцаганд үсний зүүлт болон үсний боолтууд байсан ... Хяналтын камерт ... хүн аваад явж байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 16-17 дугаар тал/,

Гэрч Н.Мягмардуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... манай тээш хадгалдаг 63 дугаар контейнерт бараагаа хадгалуулдаг Цэвэлмаа гэдэг эгч надтай таараад танай тээшний хажууд бараагаа орхисон байгаа гэж хэлэхэд би за гэж хэлээд машин руу яараад яваад өгсөн ... Би Цэвэлмаа эгчийн хайрцагтай барааг нь хараагүй ба хаана тавьсныг нь ч мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

Гэрч Ж.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн үед Ш.Цэвэлмаагаас хайрцагтай бараа хүлээж аваагүй ... өмнө хийдэг байсан 2 хайрцагтай бараа байсан ба маргааш өглөө нь Цэвэлмаа эгчийн нөхөр Баяраа ах ирээд тээшнээс бараагаа авахдаа надаас нэг нимгэн, хавтгай, жижгэвтэр хайрцагтай, цэнхэр уяагаар гадуур нь боосон хайрцагтай бараа байсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 62-63 дугаар тал/,

А.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн “Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Баялаг-Ундраа худалдааны төвийн зүүн талд байрлах лангуун дээр байсан бор өнгийн том, дөрвөлжин хэлбэртэй цаасан хайрцагтай бараа байхаар нь өргөөд аваад яваад Нарантуул захын хашааны урд талын машин гардаг том хаалгаар авч гараад зам дээрээс такси бариад Цэргийн хотхоны автобусны буудал дээр буугаад эгчийнхээ хүүхэд болох С.Элбэгбаярын гэрт очоод хайрцагтай хулгайлсан эд зүйлээ үлдээгээд ... Би хулгай хийх үедээ бага зэргийн согтолттой байсан ба архи уух мөнгөтэй болох гэж хулгай хийсэн” /хх-ийн 70-73 дугаар тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

А.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/,

Шүүхийн шийдвэрийн хуулбарууд /хх-ийн ... дугаар тал/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.А нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул Олон улсын худалдааны төвийн 63 дугаар контейнерийн орчим тавьсан байсан хохирогч Ш.Цэвэлмаагийн эмэгтэй хүний үсний боолт, хавчаар зэрэг эд зүйл бүхий цаасан хайрцагтай барааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлан 1.636.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч А.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Баянзүрх дүүргийн зах дээрээс хулгай хийсэн. Авсан зүйлээ дүүгийндээ аваачиж тавьсан бөгөөд буцаагаад авчирч өгсөн” гэх мэдүүлэг, хохирогч Ш.Цэвэлмаагийн “... бараагаа хурааж том хайрцаганд хийгээд тээш ажиллуулдаг Дулмаад аваачиж өгөөд явсан. Тэгтэл хайрцагтай барааг минь ... хулгайд алдсан байна ... хайрцаганд үсний зүүлт болон үсний боолтууд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 09 дүгээр тал/, Дамно ХХК-ий үнэлгээний тайлан /хх-ийн 62-63 дүгээр тал/, яллагдагч А.А-ын “... Баялаг-Ундраа худалдааны төвийн зүүн талд байрлах лангуун дээр байсан бор өнгийн том, дөрвөлжин хэлбэртэй цаасан хайрцагтай бараа байхаар нь өргөөд аваад явсан ... би архи уух мөнгөтэй болох гэж хулгай хийсэн” /хх-ийн 70-73 дугаар тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

             Хохирогч Ш.Цэвэлмаад гэмт хэргийн улмаас учирсан 1.636.000  төгрөгийн хохирол эд зүйлийн биетээр буцааж өгөх хэлбэрээр төлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч А.А-ыг хохирол нөхөн төлсөнд тооцож, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.А-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А-ын хохирол төлбөрөө нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд 5 удаа ял шийтгэгдсэн хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт А-н А-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-т 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Ат оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.А-ын урьд цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялаас хасч,  дээрх хугацаагаар хорих ял эдэлсэнд тооцсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гэм хорын хохирол, хор уршиг болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.А урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ