Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 75

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багт оршин суух Шинэчүүл овгийн Бүрнээгийн Даваажав /РД:АЕ62021071/-ын хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Даваажав шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Хүнд нөхцөлөөр 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд тасралтгүй трактор комбайнчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдэг дутуу байсан тул ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн тодорхойлолт зэргийг үндэслэн 1986 оны 08 сарын 1-ний өдрөөс 1992 оны 10 сарын 01-ний өдрийг дуустал “Өрнөл” нэгдэлд тракторчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн Б.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 оноос 1992 он хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд тасралтгүй тракторын жолоочоор нэгдэл тартал ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдэг нь дарагдаагүй зөрчилтэй учир тэтгэвэрт орж чадахгүй байна. 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би үрчлэгдэж байсан учир архиваас лавлагаа авахад зарим баримтууд нь Дагважанцан гэсэн овгоор гарч ирсэн гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Даваажав нь Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд тракторын жолоочоор 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1. Архангай аймгийн Архивын тасгийн Дагважанцан овогтой Даваажавын Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн 1992 оны 1 сараас 05 сар, 07 сараас 10 сард ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,  
2. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
2.1. Ардын цэргийн алба хааж ирсэн Ш.Ням-Осорыг авто машины жолоочоор, Д.Даваажавыг трактор комбайны жолоочоор тус тус 8-р сарын 1-нээс эхлэн томилсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн даргын 1986 оны 08 сарын 01-ний өдрийн 68 тоот тушаал,
2.2. Тракторчин Д.Даваажав нарын 1987 оны ээлжийн амралтыг үндсэн 15, нэмэгдэл 11 бүгд 26 өдрөөр ... тус тус олгосугай гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 01-ний өдрийн 68 тоот тушаал, 
2.3. ХЦХУХ, МҮЭ-ийн төв зөвлөлийн 1976 оны 50/38-р тогтоолын 2-р хавсралтыг үндэслэн тухайн нэгдэлд мэргэжлээрээ тасралтгүй ажилласаны нэмэгдэл хөлсийг 3-аас ээш жил ажилласан механикжуулагчидад зохих хувиар бодож олгосугай. Хавсралтанд: Д.Даваажав, 10, 2568, 256, 80, 6 сараас гэсэн “Трактор комбайны жолооч нарт удаан жилийн нэмэгдэл олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн даргын 1989 оны 12 сарын 22-ны өдрийн 91 тоот тушаал,
2.4. Аминдаа огт малгүй ба 16 хүртэл толгой малгүй механикжуулагчид 20-иос дээш толгой малгүй барилгачидад гишүүдэд худалдах үнээр 47 өрхөд адуу 1, үхэр 1, хонь 96, ямаа 92-ыг хавсралт 1, 2-рт заасан хүмүүст олгосугай. Хавсралтанд: Д.Даваажав 3, 1, 1, 10, 10, 3, 3 гэсэн “Барилгачид, газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа механикжуулагчид ногоочдыг малжуулах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 07 сарын 04-ны өдрийн 64 тоот тогтоол, 
3. Гэрч М.Сарангэрэлийн: “Би 1985 оны 07 сарын 01-ний өдөр Санхүү эдийн засгийн сургуулийг төгсөөд Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд анх ажилд орж 1992 онд нэгдэл татан буугдах хүртэл хугацаанд тасралтгүй техникийн нягтлан бодогч, цалин хөлсний нягтлан бодогчоор тус тус ажилласан. 1992 оны 10 сарын 01-ний өдөр “Өрнөл” нэгдэлд татан буугдаж “Баянбайшир” ХК болж өөрчлөгдөхөд тус компанид мөн нягтлангаар тус компанийг тартал ажилласан. Б.Даваажав нь намайг 1985 онд Архангай аймгийн Өлзийт суманд анх томилогдон очиход тус сумын “Өрнөл” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Б.Даваажав нь “Өрнөл” нэгдэлд 1992 онд нэгдэл татан буугдах хүртэл хугацаанд тракторын жолоочоор тасралтгүй ажиллаж байгаад дараа нь “Баянбайшир” ХК-нд шилжин ажилласан. Б.Даваажав нь тракторын жолоочоос өөр ажил хийж байгаагүй. Тухайн үед нэгдэлд тракторын салаа ажилладаг байсан. Б.Даваажав нь МТЗ-80 маркийн трактор барьдаг байсан. Би Б.Даваажавтай 1985 оны 7 сараас 1992 онд нэгдэл тарах хүртэл хугацаанд хамт Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд ажиллаж байсан учир энэ хугацаанд түүний ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг, 
4. Гэрч С.Жаргалсайханы: “Би 1976 оны 08 сараас 1980 оныг хүртэл Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт жолоочоор, 1980 оноос эхлэн 1990 оныг хүртэл хугацаанд Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд трактор комбайны жолоочоор, 1990 оноос Дулааны станцад гачегариар ажиллаж байсан. Б.Даваажав нь Архангай аймгийн Өлзийт сумын уугуул иргэн  бөгөөд намайг 1980 онд Архангай аймгийн Өлзийт суманд очиход тус сумын “Өрнөл” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Би 1990 онд нэгдлээс гарахад Б.Даваажав нь тракторын жолоочийн ажлаа хийгээд үлдсэн. Хэдэн оныг хүртэл нэгдэлд ажилласныг нь сайн мэдэхгүй байна. Б.Даваажав нь тракторын жолоочоор л ажиллаж байсан, өөр ажил хийж байгаагүй. Би Б.Даваажавтай 1980 оноос 1990 оныг хүртэл хугацаанд хамт Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд тракторын жолоочоор хамт ажиллаж байсан учир энэ хугацаанд түүний ажиллаж байсан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг,
7. 1985 оны 02 сарын 01-ний өдөр Өлзийт сумын худалдаа бэлтгэлийн ангийн Бодонт бригадад агентаар Архангай аймгийн Өлзийт сумын Х.Б.Ангийн даргын 1985 оны 2-р сарын 1-ны өдрийн 4-р тоот тушаалаар ажиллуулсан, 1986 оны 07 сарын 25-ны өдөр өөр ажилд шилжсэн тул ХБ ангийн агентын ажлаас чөлөөлөв. Өлзийт сумын худалдаа бэлтгэл ангийн даргын 1986 оны 7-р сарын 25-ны 23-р тоот тушаалаар, 1986 оны 08 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд трактор комбайны жолоочоор томилов. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1986 оны 8-р сарын 01-ны өдрийн 68-р тушаалаар, 1992 оны 10 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн өмч хөрөнгө задарч байгаатай холбогдуулан тракторын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1992 оны 10 сарын 01-ны 41-р тоот тушаалаар ... гэсэн бичилттэй Б.Даваажавын хөдөлмөрийн дэвтэр, 
8. 1986 оны 08 сараас 12 сар, 1987, 1988, 1989, 1990 онуудад ажилласан хоног, авсан цалингийн бичилттэй 1991 оны 10 сарын 14-ний өдрийн Даваажавын хөдөлмөрийн дэвтэр, 
9. 40403 дугаартай 1986 оны 11 сарын 14-ний өдрийн Д.Даваажавын Тракторын машинчийн үнэмлэхийн анхааруулах талон, 
10. 40471 дугаартай 1995 оны 05 сарын 20-ны өдрийн гэрчилгээ, 
11. Д.Даваажавын үрчлэгдэгчдийн гэрчилгээ, 
12. 041309 дугаартай Тракторч машинчийн гэрчилгээ, 
13. Х.Цогтбаатарын: “Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн иргэн Халтар овогтой Цогтбаатар миний бие тус сумын Байшир багийн иргэн Бүрнээ овогтой Даваажавтай 1986-1992 оны 10-р сарыг дуустал Өлзийт сумын Өрнөл нэгдэлд трактор комбайн барьж байсан нь үнэн болно. Иймд миний бие нь Өлзийт сумын дунд сургуульд уурын зуухны слесарийн ажил хийдэг тул Даваажавын гэрчээр очих боломжгүй байгаа тул тодорхойлолт гаргалаа. Энэ байдал үнэн тул ямар нэгэн хууль бус байсан бол хариуцлага хүлээхэд бэлэн” гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон Х.Цогтбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.                                                                                                                                                 
Шүүх хүсэлт гаргагч Б.Даваажавын хүсэлтээр Б.Даваажавтай хамт ажиллаж байсан М.Сарангэрэл, С.Жаргалсайхан нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаанууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 
Дагважанцангийн Даваажав нь үрчлэгдэж Бүрнээгээр овоглогдсон нь 2 тоот үрчлэгдэгчийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Дагважанцангийн Даваажав нэрээр хэрэгт авагдсан архивын лавлагаа, тракторч машинчийн гэрчилгээ, талон зэрэг баримтыг хүсэлт гаргагч Б.Даваажавт холбогдох нотлох баримт хэмээн үзлээ. 
    Хүсэлт гаргагч Б.Даваажавын Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд тракторын жолоочоор 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан нь гэрч М.Сарангэрэл, С.Жаргалсайхан нарын мэдүүлгээр, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 47 тоот  Б.Даваажавын Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд малчинаар ажиллаж байсан үеийн 1992 оны цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн даргын 1986 оны 08 сарын 01-ний өдрийн 68 тоот тушаал, Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 01-ний өдрийн 68 тоот тушаал, Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн даргын 1989 оны 12 сарын 22-ны өдрийн 91 тоот тушаал, Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 07 сарын 04-ны өдрийн 64 тоот тогтоол, 40403 дугаартай 1986 оны 11 сарын 14-ний өдрийн Тракторын машинчийн үнэмлэхийн анхааруулах талон, 041309 дугаартай тракторч машинчийн гэрчилгээ, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна. 
    Харин 2017 оны 01 сарын 30-ны өдрийн Х.Цогтбаатарын тайлбар нь хуульд заасан журмын дагуу авагдаагүй, мөн 40471 дугаартай ГАЗ-53 маркийн 30-47АР дугаартай тээврийн хэрэгслийн үзлэг тооллогод тэнцсэн гэрчилгээ нь хэрэгт ач холбогдолгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно. 
Иймд Б.Даваажавын Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд тракторын жолоочоор 1986  оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шинэчүүл овгийн Бүрнээгийн Даваажавын Архангай аймгийн Өлзийт сумын “Өрнөл” нэгдэлд тракторын жолоочоор 1986  оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
    
              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА