Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1400

 

 

 

 

 

 

   

  2020        07         30                                      2020/ШЦТ/1400

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогч З.Саруул, түүний өмгөөлөгч Б.Анар,

Шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-н С-т холбогдох эрүүгийн 2006 02341 1592 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч О.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 15 дугаар гудамжны 1002 тоотод иргэн З.Саруулыг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих, түлхэж унагах зэргээр биед нь халдаж улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч З.Саруулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр бид 2 ажлаа тараад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байсан болохоор зодоон эхлэхийг мэдээгүй. С-т зодуулж байхдаа ухаан орсон. Одоо биеийн байдал дажгүй сайн. Гомдол саналгүй. Намайг өвчтэй байх хугацаанд байнга эргэж тойрч асарсан. Эмчилгээний бүх зардлыг гаргаж өгсөн” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Хохирогч З.Саруулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... маргалдаж байгаад харилцан зодолдсон бөгөөд нэг мэдэхэд нохой үржлийн газартаа ганцаараа сэрсэн ... намайг манай найз О.С зодсон ... миний зүүн нүд хавдсан, хавирга хугарсан, уушги гэмтсэн байдалтай байна ... Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг С миний биед учруулсан. С хэрхэн яаж учруулсныг тодорхой сайн санахгүй байна ... би С-т зодуулаад одоо болъё оо дуусгая, зодооноо болъё гээд хэлж байсан” /хх-ийн 10-11, 12-13 дугаар хуудас/,

Гэрч А.Молоржингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... С газар унаад босож ирээд Саруулын нүүрлүү нь баруун гараараа 2 удаа цохисон тэгээд унахад нь нэг удаа өшиглөсөн” /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 791 дугаартай “З.Саруулын биед зүүн талын 6, 7, 8, 9, 10, 11, 12-р хавирганы далд хугарал, цээж, хүзүүний арьсан доорх хий хуралт, зүүн цээжний хөндийд хий болон цус хуралт, зүүн уушгины бүрэн бус авчилт, голомтлог няцрал, цээжний хөндийн гуурс тавьж хий болон шингэн соруулсан мэс ажилбар /2020.04.30/, уушгины няцралыг чөлөөлж наалдцыг салгах, хавирганы хугарлыг эвлүүлсэн мэс ажилбар /2020.05.08/, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зулай, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-45 дугаар хуудас/,

О.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “... гэрт нь ороод авсан пивоо ууж дуусгасан уу үгүй юу сайн мэдэхгүй байна ... маргааш өдөр нь 12 цагийн үед сэрэхэд би гэртээ ирчихсэн унтаж байсан ... 8810-тай дугаараас залгаад Саруулын найз уу гэхэд тийм байна гэхэд найз чинь гэмтлийн эмнэлэг рүү түргэний машинаар явж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/,

Цагдаагийн Асап сангийн мэдээлэл /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

О.С-ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52-60 дугаар хуудас/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ, түрээсний гэрээний хуулбар /хх-ийн 63-70 дугаар хуудас/,

О.С-ын спортын амжилттай холбоотой баримтууд /хх-ийн 71-96 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогчид хохирол төлбөр төлж байгаа талаар баримт болон шүүгдэгчийн орлогын байдлыг нотолсон бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.С нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд Дарь-Эх 15 дугаар гудамжны 1002 тоотод хохирогч З.Саруулыг гараараа цохин унагаж өшиглө зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн талын 6-12-р хавирганы далд хугарал, цээж, хүзүүний арьсан доорх хий хуралт, зүүн цээжний хөндийд хий болон цус хуралт, зүүн уушгины бүрэн бус авчилт, голомтлог няцрал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зулай, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан О.Сын “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогч З.Саруулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. С-т зодуулж байхдаа ухаан орсон. Гомдол саналгүй. Миний бүх зардлыг төлсөн” гэх мэдүүлэг, хохирогч З.Саруулын “харилцан зодолдсон бөгөөд нэг мэдэхэд нохой үржлийн газартаа ганцаараа сэрсэн. Намайг манай найз О.С зодсон. Миний зүүн нүд хавдсан, хавирга хугарсан, уушги гэмтсэн байдалтай байна. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг С миний биед учруулсан. Би С-т зодуулаад одоо болъё дуусгая, зодооноо болъё гээд хэлж байсан” /хх-ийн 10-11, 12-13 дугаар хуудас/, гэрч А.Молоржингийн “Саруулын нүүрлүү нь баруун гараараа 2 удаа цохисон тэгээд унахад нь нэг удаа өшиглөсөн” /хх-ийн 16-17 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 791 дугаартай “З.Саруулын биед зүүн талын 6-12-р хавирганы далд хугарал, цээж, хүзүүний арьсан доорх хий хуралт, зүүн цээжний хөндийд хий болон цус хуралт, зүүн уушгины бүрэн бус авчилт, голомтлог няцрал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зулай, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-45 дугаар хуудас/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар  /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч О.С-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

             Хохирогч З.Саруул нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй, гэм хор, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй боловч О.С-аас 645.000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирол барагдуулсан баталгаа бичиг гаргаж өгсөн, хохирогч З.С нь шүүхийн хэлэлцүүлэгт бүх зардлыг гаргаж өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.С-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.С-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.С-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс О.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянга нэгж зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.С-ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт О-н С-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.С-т 10 100 /арван мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.С нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.С нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гэм хорын хохирол, хор уршиг болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ