Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Зүүнхараагийн 29Б тоотод оршин суух, 1938 онд төрсөн, 79 настай, эрэгтэй, Сар Тамгат овогт Далайн Хишигтээс гаргасан   “төрсөн он сэргээн тогтоолгох” хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Хишигт, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

 Хүсэлт гаргагч Д.Хишигт шүүхэд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ... Би 1938 оны бар жил Ховд аймгийн Манхан сумын Хүртийн нурууны Өлкөн өтөг гэх газар төрсөн. Тэндээсээ би Манхан сумын сургууль, Зэрэг сумын 7 жилийн сургуулийг төгсөөд Хөдөө аж ахуйн техникумыг механикийн ангид элсэн 1955 онд хотод ирсэн. Тухайн үед Хөдөө аж ахуйн техникум хөдөө байх ёстой гэсэн үзэл санааны үндсэн дээр шилжсээр байгаад 1959 онд Дорнод аймагт төгссөн. Төгсөөд Тариалангийн сангийн аж ахуйд ажиллаж байгаад 1962 онд Ховд аймагт гачигдлаар очин Мал аж ахуйн машинч станцын механикаар ажилласан. 1986 оноос хойш тус нутгаас гарч сургуульд явсан билээ. Гэтэл одоогийн иргэний үнэмлэх дээр 1940 онд төрснөөр бичигдсэн тул үүнийг 1938 он болгон зөвтгөж өгнө үү. Би Далай гэгч хүний хамгийн отгон хүү билээ. Үндэсний архивын хүн амын тооллогын 1944 оны лавлагааг хавсаргав гэжээ.

                                                    Үндэслэх нь:

 

            Хүсэлт гаргагч Д.Хишигт Би 1938 оны бар жил Ховд аймгийн Манхан сумын Хүртийн нурууны Өлкөн өтөг гэх газар төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, мэдүүлэг,  Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны 03-2/57 дугаар ... Ховд аймгийн Манхан сумын 9 дүгээр багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 143 дугаар хуудсанд: өрхийн тэргүүн Далай овогтой Батжаргал эрэгтэй, 25 настай, дүү Далай овогтой Жанцан эмэгтэй, 20 настай, дүү Далай овогтой Нанзад эмэгтэй, 17 настай, ах Далай овогтой Уртнасан 27 настай, дүү Далай овогтой Базар эмэгтэй, 11 настай, дүү Далай овогтой Хишигт эрэгтэй, 6 настай, эх Пүрэв овогтой Жигжмаа 52 настай гэж бүртгэгдсэн байна гэх лавлагаа болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, Д.Хишигтийг 1938 онд төрсөн болохыг  тогтоох  нь зүйтэй байна гэж үзлээ.

           

Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан Сар Тамгат овогт Далайн Хишигт нь Ховд аймгийн Манхан сумын Хүртийн нурууны Өлкөн өтөг гэх газар 1938 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Хишигтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар  шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.АЛТАНЦЭЦЭГ