Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 18

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын иргэн Ч-ын Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.*******, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Засаг дарга Д.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б/123 дугаартай захирамж гарган чөлөөлсөн. Энэхүү шийдвэрийг нь би хүлээн зөвшөөрөхгүй учраас Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин шүүхээс намайг урьд эрхэлж байсан ажилд маань буцаан томилох тухай шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэрийн дагуу би Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоогдсон. Үүнээс хойш ажил хүлээлцэх ажиллагаа явагдахгүй байсаар байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өргөдөл гаргасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Энхбаяраар ахлуулсан баг ирж ажил хүлээлцүүлсэн. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр надад захирлын өрөөг л хүлээлгэж өгсөн. Түүнээс биш тамга, тэмдэг хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Энэ асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ******* сумын цагдаад өргөдөл өгсөн байдаг. Үүний дагуу ******* сумын цагдаа нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор сургуулийн захирлын тамга, тэмдэгийг хүлээлгэж өгсөн. Ийм байдлаар 09 дүгээр сараас 11 сар хүртэл төрийн ажлыг цалгардуулсан. Миний бие тамгаа авч эхэлсэн өдрөөс хойш төрийн ажлыг хэвийн гүйцэтгэсэн байгаа. Энэ хооронд ойлгомжгүй зүйл болсон. Энэ юу вэ? гэхээр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/89 дүгээр захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Ийнхүү чөлөөлсөн мөртлөө миний оронд хүн томилоогүй, мөн ажил хүлээлцээгүй. Энэ нөхцөл байдлаас болоод ажиллаж байгаа гэдгээ ч мэдэхгүй, ажиллахгүй байгаа гэдгээ ч мэдэхгүй байсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлчихөөд, буцаагаад ажилд томилоогүй. Ингээд байж байтал 2018 оны 01 дүгээр сард ажлаас халах мэдэгдэл ирсэн. Үүний дагуу мэдэгдлийн хариуг явуулсан байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тайлбарлахад би 2017 онд ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын албыг хашиж байхдаа тухайн оныхоо хөрөнгө орлогын мэдүүлгийг гарган өгсөн.Мөн би 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд шүүхийн шийдвэрээр буцаан томилогдоход шинээр хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хууль, Улсын Дээд Шүүхийн тайлбар, зөвлөмжөөс харахад ажилтан ажлаас үндэслэлгүй халагдаад шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орж байгааг хөдөлмөрийн харилцаа шинээр үүсч байгаа гэж үздэггүй байна. Энэ талаар өмгөөлөгчөөсөө хуулийн зөвлөгөө авсан. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилтантай дахин шинээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсч байгаа гэж үзэхээргүй байна. Тийм учраас намайг шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн орсоныг шинээр томилогдож байгаа учраас хөрөнгө орлогын мэдүүлгээ шинээр гарган өгөх ёстой гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хувьд 2017 оныхоо хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн. Харин 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг өгөх хууль зүйн үндэслэл байхгүй, мөн мэдүүлэг өгөх нөхцөл боломж ч байгаагүй. Тиймээс Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн Ажлаас халах тухай Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг яагаад үндэслэлгүй гэж байгаа талаар тайлбарлая. Нэгдүгээрт нэхэмжлэгч нь томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй гэж буруутгаж байна. Ажлаас чөлөөлсөн заалтыг харахаар Авлигын эсрэг хуулийн 10.3-т зааснаар мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй гэдэг заалтыг баримталсан. Үүнийг юу гэж ойлгож байна вэ? гэхээр өмнөх жилийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байна. Тодруулбал өмнө нь огт ажиллаж байгаагүй хүн өмнөх оны хөрөнгө орлогын мэдүүлгээ томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргана гэж ойлгох юм уу? Авлигын эсрэг хуулийн 10.3 дахь заалтаас харахад өмнөх жилийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргана гэсэн агуулга харагдахгүй байна. Тэгэхээр 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэдэг үндэслэл буруу байна. Мөн Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй гэсэн заалт байгаа болохоос биш өмнөх оныхоо мэдүүлгийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор гаргаж өгнө гэсэн заалт байхгүй. Мөн ажлаас халсан захирамжиндаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4-т энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах гэсэн заалтыг баримталсан. Энэхүү заалтаас харахад өмнөх оныхоо мэдүүлгийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор гаргаж өгнө гэсэн заалт байхгүй. Ийм учраас нэхэмжлэгчийг 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаагүй гэж буруутгасан нь огт үндэслэлгүй юм. Хоёрдугаарт нэхэмжлэгчийг томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй гэж тайлбарласан.

Тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш гэж хуульд заасан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд эрх ашиг нь хөндөгдөөд шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаан томилогдсон байгаа. Өөрөөр хэлбэл ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Тэгэхээр эгүүлэн томилогдсон юм уу? эсхүл буцаан томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргана гэсэн хуулийн заалт, үг үсэг байхгүй. Томилогдсон гэдгийг юу гэж ойлгож байна вэ? гэхээр тухайн албан тушаалд шинээр томилогдсон хүнийг гэж ойлгож байгаа. Сонгогдсон гэдэг бол сонгуулийн үр дүнд томилогдсон албан тушаалтныг хэлдэг. Ийм учраас Авлигын эсрэг хуулийн 10.3 дахь заалт нь нэхэмжлэгчид хамааралгүй. Төрийн үйлчилгээний албан тушаалтны эрх зүйн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Нэхэмжлэгч Ч.Д- нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан юм. Дээд шүүхийн зөвлөмжөөс харахад шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдож байгаа ажилтантай шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах заавал шаардлага байхгүй гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч нь шинээр томилогдоогүй, харин хууль бусаар эрх ашиг нь таслан зогсоогдоод, энэхүү эрхээ сэргээлгээд үргэлжлүүлээд өмнөх ажилдаа ажиллаж байгаа юм. Ийм учраас ажлаас халсан захирамжийн заалтууд нэхэмжлэгчид хамааралгүй. Мөн буруутгаад байгаа хуулийн заалтуудын хэрэгжих үндэслэл нь бүрдсэн байх ёстой. Гэтэл дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх бодит нөхцөл байгаагүй. Нэхэмжлэгч нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа томилогдоод, 10 дугаар сарын 13-ны өдөр арай гэж өрөөгөө хүлээж авсан. Ийнхүү өрөөгөө авахад нь тамга, тэмдэг байхгүй. Тамгаа авах гээд цагдаагаар явж байтал дахиад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлсөн захирамж гаргачихсан. Ингээд ажлаас чөлөөлөгдсөн учраас ажил хүлээлцэх хүртэл ажил үүргээ гүйцэтгээд явж байя гэтэл ажлыг нь хүлээж авдаггүй, албан үүргийг гүйцэтгүүлээд байдаг. Мөн цалин хөлс нь олгогддог. Тэгэхээр ажиллаад байгаа нь ч эргэлзээтэй, ажлыг нь хэзээ хүлээж авах нь тодорхойгүй нөхцөл байдалд ажиллаж байсан. Б/89 дүгээр захирамжийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцах үүрэгтэй. Үнэхээр Б/89 дүгээр захирамжийг хүчингүй, гаргаагүй гэж үзэж байгаа бол няцааж тайлбар өгөх эрхтэй. Мөн шинжээч томилуулж, хүсэлт гаргаж, ажиллагаа хийлгэх эрхтэй байгаа. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх эрх, үүргээ биелүүлээгүй мөртлөө Б/89 дүгээр захирамжийг хүчингүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлсөн захирамж гарсан хэдий ч цалин хөлс нь олгогдоод, ажлаа хийж байгаа бол ажилласан гэж үзнэ. Тиймдээ ч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамж 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гарсан. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь Авлигын эсрэг хуулийн 10.3, 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.3, 29.2.4 дэх заалтуудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй байна. Мөн дээрх хуулийн заалтууд нэхэмжлэгчид хамааралгүй. Нэхэмжлэгчийн хувьд 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ 2018 оны 02 дугаар сард гаргасан. Мөн Авлигатай тэмцэх газраас иргэнээс ирсэн гомдлыг шалгаж хариу ирүүлэхээс өмнө аймгийн Засаг даргаас 2018 оны 01 сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид ажлаас халах мэдэгдэл өгсөн байдаг. Тэгэхээр Авлигатай тэмцэх газраас хэрхэн шалгасан талаар материал байхгүй. Үнэхээр шалгалт явуулсан бол яагаад хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй талаар шалгасан зүйл байхгүй. Энэ талаарх баримт хэргийн материалд байхгүй. Гуравдугаарт Авлигатай тэмцэх тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж өгөхийг шаардах үүрэгтэй албан тушаалтан байдаг. Сумын тухайд Засаг даргын Тамгын газрын дарга шаардах үүрэгтэй. Энэ үүргээ Засаг даргын Тамгын газрын дарга биелүүлээгүй. Энэ талаар ямар ч баримт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргад иргэн Б.*******аас ирүүлсэн Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирал Ч.Д- нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй зөрчилтэй байх тул шалгаж өгнө үү гэх гомдлыг хүлээн авч Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн. Төрийн байгууллага нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан үүргийн дагуу зөрчлийг шалгах ёстой. Сумын сургуулийн захирал нь Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ аймгийн Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтны дор сумын Засаг даргын Тамгын газрын эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгдөг бөгөөд цахим хуудаст бүртгүүлэн цахимаар өгдөг. Уг цахим сан болон цаасан хэлбэрээр Ч.Д-гийн мэдүүлгүүдийг шалгахад 2017 онд шүүхийн шийдвэрийн дагуу томилогдсоны дараа 2016 оны мэдүүлгээ огт гаргаж өгөөгүй байсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т энэ хуулийн 28.1.1-д зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар гэж заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт бүрдүүлэх зорилгоор өргөдлийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн давхар шалгуулсан. Авлигатай тэмцэх газраас 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05/1929 дугаартай албан бичгээр Ч.Д-г Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10-т заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй нь тогтоогдсон гээд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т тус тус заасны дагуу хариуцлага тооцуулах үндэслэлтэй байх тул хуульд заасан арга хэмжээг өөрийн бүрэн эрхийн хүрээнд авч, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу хариу хүргүүлэхийг үүрэг болгосон. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасны дагуу оролцогчийг сонсох ажиллагааг явуулсан.

Энэхүү мэдэгдлийн дагуу Ч.Д- нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай албан бичгээр ирүүлсэн сонсох ажиллагааны хариуд ...миний бие 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ дээрх хуулийн заалтын дагуу мэдүүлэх боломжгүй, мэдүүлэх үндэслэлгүй нөхцөл байдал тогтоогдсон. Харин миний бие ажлаа хүлээж авснаас хойш хуулинд заасан хугацааны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ шинээр болон шинэчлэн гаргасан болно гэсэн боловч хуулийн хугацаанд 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй болохоо өөрөө тайлбарласан байдаг. Энэ тайлбарын дагуу нөхцөл байдлыг дахин шалгахад Ч.Д- ХАСХОМ-ээ өгөөгүй, тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй болох нь бүрэн тогтоогдсон. Иймээс ажлаас халах хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах процесс ажиллагааг бүрэн хийсэн болно.

Захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд: Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэж, Ч.Д-г ажлаас халж хариуцлага тооцсон болно. Оролцогчийг сонсох, тайлбар мэдээлэл авах, нотлох баримт цуглуулах хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсний үндсэн дээр нэхэмжлэгч нь тухайн албан тушаалдаа томилогдсоны дараа 30 хоногийн хугацаанд 2016 оны ХАСХОМ-ээ гаргаж өгөөгүй нь тогтоогдсон учраас хуулийг хэрэгжүүлж захирамж гаргасан болно.

Мөн Авлигатай тэмцэх газрын шалгалтаар ч уг нөхцөл байдал тогтоогдсон учраас бид нотлох баримтыг дутуу цуглуулсан, буруу үнэлсэн гэж үзэхгүй байгаа болно.

Уг маргаан нь хэргийн харьяаллын хувьд шүүхээр хянан шийдвэрлүүлэх маргаан юм. Учир нь ажлаас халсан захиргааны акт буюу захирамж нь авлигын эсрэг хууль тогтоомжийн хүрээнд нийтийн албан тушаалтанд хариуцлага тооцсон эрх бүхий албан тушаалтны шийдвэр билээ. Энэхүү шийдвэрийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээд шатны албан тушаалтан нь Монгол Улсын ерөнхий сайд биш бөгөөд захиргааны актын хууль зүйн үндэслэлийг зөвхөн захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай. Ийм учраас бид Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэж заасны дагуу ажлаас халах захирамжид захирамжийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй болохыг мэдэгдсэн. Захирамжид гомдол гаргах хугацаа болон харьяалалыг туйлын тодорхой заасан байтал энэхүү хугацааг зөрчиж нэхэмжлэл гаргасан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тодорхой үндэслэл болно. Шүүх уг нөхцөл байдалд тодорхой дүгнэлт хийнэ үү. Аймгийн Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, хуульд заасан шаардлагыг хангаж буй тул Ч.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д- нь Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ч.Д- нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, дээд шатны албан тушаалтанд хандахгүйгээр шүүхэд хандах байсан гэж маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д иргэн, хуулийн этгээд нь гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад гаргана гэсний дагуу нэхэмжлэгчээс аймгийн Засаг даргын 2018 оны 03 сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжийн талаар ерөнхий сайдад гомдол гаргасныг буруутгах боломжгүй байна.

Ч.Д-гийн гомдлыг 2018 оны 03 сарын 29-ний өдөр хүлээн авч мөн өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бичиг хэрэгт дамжуулж өгсөн талаар төрийн тусгай шуудангийн алба тодорхойлсон байх тул 03 сарын 29-нөөс эхлэн гомдлыг хянан шийдвэрлэх 30 хоногийг тооцоход 04 дүгээр сарын 28 буюу амралтын өдөр дуусч байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна гэсний дагуу 2018 оны 04 сарын 30-ны өдөр гомдлыг хянан шийдвэрлэх 30 хоногийн хугацаа дууссан байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсэгт шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ гэсний дагуу хугацааг сунгасан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй байх тул Ч.Д- нь 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 03 сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар[1]Ч.Д-г ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн, түүнийг 2016 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ ажилд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор гаргаж өгөөгүй гэж буруутгажээ.

Албан тушаалтан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар хөрөнгө орлогын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй байна. Энэ нь тухайн албан тушаалд шинээр томилогдож, сонгогдож байгаа албан тушаалтанд хамаарах заалт бөгөөд Ч.Д- нь дээрх маргаан бүхий албан тушаалд ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр[2] ажилд эгүүлэн тогтоогдсон байна. Энэхүү шийдвэр нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017//0269 дүгээр магадлал[3] болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 230 дугаар тогтоол[4] гарснаар хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч аймгийн Засаг даргаас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар[5] Ч.Д-г өмнө эрхэлж байсан ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсон байна.

Үүнээс үзэхэд Ч.Д- нь тухайн албан тушаалд шинээр томилогдоогүй бөгөөд өмнө нь эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа гэж үзнэ. Иймд дээрх хуулиудад зааснаар тухайн албыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй байна. Энэ чиг үүргийнхээ дагуу 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2017 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгсөн болох нь баталгааны маягт[6]-аар тодорхойлогдож байна.

2016 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж өгөх ёстой байсан боловч хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжаар[7] ажлаас чөлөөлөгдөж, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар ажилд эгүүлэн томилогдсон тул дээрх хугацаанд мэдүүлгээ гаргаж өгөх боломжгүй байсан байна.

Мөн хариуцагч нь Ч.Д-г өмнөх ажилд нь 09 сарын 06-ны өдөр эгүүлэн томилсон мөртлөө 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/89 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг үндэслэн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалаас дахин чөлөөлсөн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх Б/89 дүгээр захирамжийг хариуцагч гаргаагүй гэж маргаж байна. Гэвч нэхэмжлэгч дээрх хугацаанд ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байсан, цалин хөлс олгогдсон гэж тайлбарлаж, Б/89 дүгээр захирамжид гомдол гаргаагүй байх тул шүүх уг захирамжийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05/1929 дүгээр албан бичигт[8] ...Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/87 дугаар захирамжаар Ч.Д- нь тус аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдсон атал Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй болох нь мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем болон мөн ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/58 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна. Иймд Ч.Д-гийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй, мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй дээрх зөрчилд нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т тус тус заасны дагуу хариуцлага тооцуулах үндэслэлтэй байх тул хуульд заасан арга хэмжээг өөрийн бүрэн эрхийн хүрээнд авч, хариуг ирүүлэх талаар мэдэгджээ. Энэхүү албан бичиг нь нэхэмжлэгч заасан хугацаанд хөрөнгө орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй шалтгаан байсан эсэх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэх, нэхэмжлэгч ажилд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор дээрх мэдүүлгүүдийг гаргаж өгөх үүрэгтэй эсэхийг тодруулж шалгахгүйгээр шууд хариуцлага тооцуулахаар мэдэгдсэн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул уг албан бичгийг үндэслэж гарсан аймгийн Засаг даргын Б/16 дугаар захирамж нь хуульд нийцээгүй байна.

Ийнхүү хариуцагч нь Ч.Д-г ******* сумын сургуулийн захирлын албан тушаалаас үндэслэлгүйгээр, мөн хуульд заасан зохицуулалтыг буруу хэрэглэн чөлөөлсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Завхан аймгийн Засаг даргын аймгийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэжлэгч Ч.Д-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ч.Д-г төрийн албанаас үндэслэлгүйгээр халсан, түүнчлэн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2018 оны 08 дугаар сарын 08-ыг дуусталх хугацаанд ажил, албан тушаал эрхлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажлын 111 хоногоор тооцож олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Ч.Д-гийн нийгмийн даатгалын дэвтэр[9] дэх бичилтийг үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2017 оны 12, 2018 оны 1, 2 дугаар саруудын дундаж цалин хөлс 1047153 төгрөгнөөс нэг хоногийн хөлсийг 49162 төгрөгөөр тооцон, 111 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 5456982 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Ч.Д-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгон, Ч.Д-г Завхан аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Д-гийн ажилгүй байсан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 111 хоногийн цалин, хөлс 5456982 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж холбогдох дэвтрүүдэд бичилт хийж олгохыг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Д-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА