Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 174

 

                                                                                                                                                                                                                                                    

                                                                    

 

 

 

 

 

 

 

         Л.Бт холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.БулР.Г,

Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Ц.Тунгалаг,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 628 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Р.Гийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Бт холбогдох эрүүгийн 1711000000163 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овогт Лхаажавын Л.Б, 1968 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 00 дугаар гудамжны 002 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000091511/,   

 

             Л.Б нь 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цаг 25 минутын орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сурагчийн 49 дүгээр гудамжны 3-49/в тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Р.Гийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, бөөрөн тус газар нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Л.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Л.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон нийт 66 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын өмчлөлийн 57-89 УБМ улсын дугаартай “Мазда Демо” загварын автотээврийн хэрэгслийг хохиролд тооцож, хохирогч Р.Гийн /РД: МХ66030206/ өмчлөлд шилжүүлж, хохирогч Р.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй 1 ширхэг хутга, цустай бинт 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн эд зүйл устгах комисст шилжүүлэн устгаж, шүүгдэгч Л.Бын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор ...шийдвэрлэжээ.

 

            Хохирогч Р.Г шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Р.Г би ...Л.Бт оногдуулсан 4 жилийн хорих ялыг өндөр байна хэмээн үзэж гомдол гаргаж байна.

            1. Шүүгдэгч Л.Быг тухайн үед хэл амаар доромжилж хэрүүлийг анх гаргасны улмаас хань ижил минь хүнд байдалд орсон.

            2. Бидний амьдралыг эх үүсвэрийг залгуулдаг байсан хүнээ ийм байдалд хүргэснээрээ хөгжлийн бэрхшээлтэй хадам ээж, бидний амьдрал маш хүнд байдалд орсон. Иймд ар гэрийн гачигдал, эдийн засгийн хүнд байдалд байгаа бидний байдлыг харгалзан үзэж Л.Бын ялыг хуульд заасны дагуу хөнгөвчилж өгнө үү...” гэжээ.  

 

            Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэхүү хэрэг хувийн таарамжгүй харилцаанаас болсон гэж үзсэн нь үндэслэлтэй. Гэхдээ хохирогч Р.Гтэй албан ёсны гэр бүлийн баталгаагүй. Хамтран амьдарч байсан гэдэг нь тогтоогддог. Дундаасаа хүүхэд байхгүй, хамтран амьдрагч Р.Гийн хувьд олон дагавар хүүхэдтэй. Анх хүүхэд харсангүй гэдэг асуудлаас болж маргалдаж, шөнө дунд хүртэл маргалдаж улмаар ийм асуудал болсон. Л.Бын хувьд байнга архи уудаггүй, айлын ганц өргөмөл хүүхэд. Хохирогч Р.Г нь Л.Бын хараагүй эх, хоёр гар нь татсан хүнийг асарч ажил эрхэлдэггүй. Өөрөөр хэлбэл Л.Б өөрийн автомашинаар таксинд явж энэ гэр бүлийг тэжээн тэтгэж амьдардаг. Л.Б хааяа нэг архи уудаг, архи уухгүй бол хүн чанарын хувьд маш сайн хүн, цаашдаа ч энэ хүнтэй хамтран амьдарч ивээлд нь амьдрах нь зайлшгүй байгаа учраас давж заалдах гомдолд “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт нь үндэслэлтэй байна. Тэгэхээр ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулахдаа гуравны хоёроос доошгүй гэдэг заалтыг баримталж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг доош нь татаж өгнө үү гэсэн хохирогчийн гомдлыг дэмжиж байна...” гэв.

 

            Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Л.Бт ял шийтгэлийг шүүхээс оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн шинж чанар, нийгмийн аюул шинж чанар мөн учруулсан хохирол, хохирогчид хохирлоо төлсөн байдал, хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзаж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс Л.Бт оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөрүүлэн шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Л.Б нь 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цаг 25 минутын орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Сурагчийн 49 дүгээр гудамжны 3-49/в тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Р.Гийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, бөөрөн тус газарт нь нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Р.Гийн “...2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө манай хамтран амьдрагч Л.Бтай маргалдсан юм. Учир нь өөрийн хүү Тэмүүжинг өмөөрөн Л.Быг хэл үгээр доромжилж хэрэлдсэн. Тэгээд би хүүгийнхээ хувцасыг угаачихаад гэртээ сууж байтал Л.Б намайг “хоолоо хий” гэхээр нь “чадахгүй” гээд уурлаад сууж байсан. Гэтэл Л.Б өөрөө хоол хийж өгсөн. ...хоолоо идээд маргалдаад би Л.Бын баруун мөр орчим руу цохьтол намайг “давраад байгаарай” гээд баруун шанаа орчим руу нэг удаа цохисон. Тэгээд би хүү Тэмүүжинг дагуулаад гараад явсан, гэтэл Л.Б араас машинтайгаа ирээд “суу, 7-н буудал оруулаад өгье” гэсэн. Тэгээд би хүүгээ Тасганы овоонд байх гэртээ аавд нь үлдээгээд ирсэн. 21 цагийн үед уг хэрэг болсон. Гэтэл гэрт хадам ээж унтаж байсан. Л.Б гаднаас нэлээн согтуу орж ирсэн. Л.Б орон дээр хэвтчихээд утсаар ярьж байсан ингэж ярьж байхдаа “хүний анхны эхнэр л илүү юм байна” гээд л яриад байсан. Тэгэхээр нь уурлаад Л.Б луу “чи муу архичин, би чиний ээжийг асарч халамжлаад байж байна” гээд л хэл үгээр доромжилж муудалцсан. Тэгээд би гэрийнхээ ард байдаг хөрш айлындаа орж хэсэг сууж байгаад гэртээ орж иртэл Л.Б гэрт байхгүй байсан. Тэгэхээр нь би хойд айлдаа ороод унтаж байтал Л.Б ирээд намайг “харьж унтая” гээд гарсан. Тэгээд бид хоёр гэртээ ороод байж байтал Л.Б миний нүүр орчим руу гараараа нэлээн олон удаа цохисон. Тэгээд би миний нүүр гар цус болчихсон байсан болохоор “гэрлээ асаагаад өг” гэсэн чинь “чи өөрөө асаа” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би айгаад гэрээс гараад зугтаасан. Гэтэл Л.Б миний араас гарч   ирээд миний зүүн ардаас хутгалсан. Тэгээд би хойд айл руугаа орсон. Тэгээд тэр айлын хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх-18-20/,

Гэрч Ц.Нямжавын “...Тэр өдөр бид гурав Р.Гийн хүү Тэмүүжин нарын хамтаар байж байсан чинь Л.Б, Р.Г нар хүү Тэмүүжингээс болж маргалдсан. Л.Б Р.Гийг “чи хүүхдээ харсангүй” гэж хэрүүл хийсэн. Яг нарийн сайн учрыг олоогүй...” /хх-28-29/,

Гэрч М.Болдбаатарын “...Тэр өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө 01 цагийн үед өөрийн эхнэр Азбилэгийн хамтаар унтах гээд орондоо хэвтээд зурагт үзээд хэвтэж байтал гаднаа манай урд айлын Р.Г гэх эгч орж ирээд “манай нөхөр 7-н буудал руу архи уух гээд явсан байна” гэж хэлж байсан, тэгээд манай эхнэр “та тэгвэл нөгөө талын орон дээр унтаж амрахгүй юу” гээд ор засаж өгөөд хэвтүүлсэн тэгээд удалгүй 03 цагийн үед нөхөр Л.Б ах манай гэрийн хаалгыг цохиод “Чимгээ эгч нь танайд байна уу” гээд хэлэхээр нь “байхгүй” гээд манай эхнэр Азбилэг хэлсэн чинь хаалга цохиод байхаар нь би хаалгаа онгойлгоод оруулсан чинь “ах нь эхнэрээ авъя” гээд аваад гарах гэхэд Р.Г нь “гарахгүй” гээд хэлсэн чинь Л.Б нь “гэртээ ор” гээд орноос нь татаад үснээс нь зулгаагаад байсан. Тэгэхээр нь би босоод Л.Б ахад “та одоо согтуу байна, та Р.Г эгчийг энд нь унтуулж амраагаад маргааш өглөө гэр рүүгээ орох байлгүй” гэсэн чинь Л.Б ах “юу гэж өөрөө гэртэй байж танайд хонуулах бэ” гээд Р.Г эгчийг “бос” гээд ...гарах гэхэд нь манай эхнэр Азбилэг “цагдаа дуудъя” гэсэн чинь Чимгээ эгч “яах юм бэ, ингэж байгаад гайгүй болчихдог юм” гээд манай гэрээс гараад явсан. Тэгээд 30-40 орчим минутын дараа Чимгээ эгч орилоод манай хашаан хаалгыг цохиод байхаар нь гараад харсан чинь Чимгээ эгч зүүн талын хавирганыхаа доод талд хутгалуулсан, цус гарсан байдалтай “эгч нь хутгалуулчихлаа” гээд байхаар нь гэр рүүгээ дагуулж ороод цагдаа болон түргэн дуудсан. Тэгээд би цус гарсан газар дээр нь даавуу тавьж боогоод тусламж үзүүлсэн...” /хх-30-31/,

Шүүгдэгч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байхад манай эхнэр Р.Гийн урд нөхрийнх нь хүүхэд болох Тэмүүжин нь урд өдөр нь манайд гэдэсний махтай бууз идээд тэр өдрөө гэртээ хонож амраад маргааш нь Р.Гийн хамтаар гэр рүүгээ “Тасганы овоо” руу явсан чинь гэртээ очоод гэдэс нь өвдөөд гээд буцаад ирсэн. Тэгээд би гэртээ гэдэсний буузаа халааж идэх гээд сууж байсан чинь Р.Г нь хүү Тэмүүжингийн өмдөнд бие зассаныг цэвэрлээд живхийг нь өмсгөөд тавьсан байсан чинь Тэмүүжин намайг хоолоо идэх гээд сууж байхад урдуур, хойгуур нүцгэн гүйгээд байхаар нь “чи наад хүүхдээ уячихгүй ухаан санаа нь ямар эрүүл саруул биш” гээд хэлсэн чинь намайг янз бүрээр “гичий нохой, янхан” гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед Р.Гтэй муудалцаад ам мурийгаад мөр рүү нь цохих гээд гараараа цохисон чинь баруун шанаа орчимд нь цохисон. Тэгээд би өөрийн ээж Нямжавд хоол хийж өгөөд ажилдаа 7-н буудал руу гарсан чинь Р.Г хүү Тэмүүжинг гэрт нь хүргэж өгнө, дээрээс нь охин Амараа ахынхаа машиныг унаж байгаад хашаа шүргэсэн гэж байна, тийшээ явна гээд надтай явж байгаад 7-н буудал дээр миний машинаас буугаад автобусанд суугаад яваад өгсөн. Тэгээд би 21 цагийн үед найз Батсайханы нүүрсийг 32-ын тойргоос нүүрсийг нь аваад гэрт хүргэж өгчихөөд тэндээсээ гараад одоо гэртээ харьж амаръя гэж бодоод дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн савалгаатай “Ерөөл” нэртэй архийг аваад гэрийн гадаа архиа уучихаад гэрлүүгээ орсон. Тэгээд намайг гэртээ ороход хамтран амьдрагч Р.Г ирсэн байсан ба би тухайн үед архи уусан байсан болохоор нэлээд согтсон байсан. Өдөр болсон маргаанаас болж дахиж маргасан, тэгээд би тухайн үед айлгах зорилготой гэрийнхээ улаан өнгийн хуванцар иштэй ахуйн хэрэглээний хутгыг авсан байсан. Тэгээд тухайн үед ухаан санаа орж гараад байсан нэг ухаан ороход гэрийн гадаа Р.Гийг хөөгөөд гүйж байгаад л улаан өнгийн иштэй хутгаараа нэг удаа хутгалсан...” /хх-56-57/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12982 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...Рэнбуу овогтой Р.Гийн биед хэвлийн зүүн ар хэсгээр нэвтэрч, зүүн бөөрний дээд хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн ар хана, давсагны цус хуралт, мэс заслын дараах байдал /2017.10.13/, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” /хх-44/ гэх дүгнэлт, 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тухай тэмдэглэл /хх-12-16/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Быг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт гаргасан тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцжээ.

Хохирогч Р.Г нь “...ар гэрийн гачигдал, эдийн засгийн хүнд байдалд байгаа бидний байдлыг харгалзан үзэж Л.Бын ялыг хуульд заасны дагуу хөнгөвчилж өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Л.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчлэн хэргийн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгон цагаатгах, шүүхээр дахин хэлэлцүүлэх, хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгах зэрэг үндэслэлүүд, тогтоогдоогүй болно.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Р.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

                  

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Р.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Д.ОЧМАНДАХ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ