Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0330

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Б.Н болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү

Нэхэмжлэгч: “М” ГХОХХК

Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хороо

Гуравдагч этгээд: “Ю” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Харилцаа холбооны зохицуулах хорооны “Ю” ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 дүгээр захиргааны гэрээг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө, Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Т.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Б.Ү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2020/0428/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ГХОХХК нь “Харилцаа холбооны зохицуулах хорооны “Ю” ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 дүгээр захиргааны гэрээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр: Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Харилцаа холбооны зохицуулах хорооны “Ю” ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Ю” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 дүгээр гэрээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. Шүүхийн шийдвэрийн 15 дахь хуудасны 24-т дээрх хууль журмын заалтуудаас үзэхэд, хариуцагчаас маргаан бүхий 2020 оны 01 дүгээр сарын 01- ний өдрийн “Ю” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын 31400014 дүгээр нэмэлт гэрээг байгуулахдаа хороо хуралдаагүй, хуралдааны тэмдэглэл гараагүй, хэрхэн хэлэлцэж ийм шийдвэр гаргасан нь тодорхой бус байсан нь тодорхойлох хэсгийн 15-д зааснаар шүүхээс явуулсан бичиг баримтын үзлэгээр нотлогдож, энэ тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах талаарх Зохицуулах хорооны бүрэн эрхийг уг хорооны дарга дангаараа хэрэгжүүлсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна гэжээ.

3.2. Харилцаа холбооны зохицуулах хороо нь зөвхөн хууль болон дүрэмд заагдсан чиг үүргийг хэрэгжүүлж, эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заагдсан бүрэн эрхийг хорооны хуралдаанаараа дамжуулан хэрэгжүүлдэг хэдий ч дугаарлалтын асуудлыг хорооны хуралдаанаар шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй болно. Мөн дугаарлалт олгосон асуудлыг анхан шатны шүүхийн зүгээс буруу дүгнэж, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй бөгөөд аливаа хуулийн этгээдэд дугаарлалт олгож байгаа нь тусгай зөвшөөрөлд нь нэмэлт оруулж байгаа асуудал огт биш юм.

3.3. Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журамд заагдсаны дагуу шийдвэрлэдэг бөгөөд үйлчилгээний хамрах хүрээ, ашиглаж буй тоног, төхөөрөмж, тоо ширхэг, хүчин чадалд, ашиглаж буй радио давтамжийн зурвас зэрэгт нэмэлт, өөрчлөлт орох тохиолдолд хүсэлтээ гаргаж, хорооны хуралдаанаар шийдвэрлүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах асуудлыг илт буруу тайлбарлаж, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журамд заасан тусгай зөвшөөрөлд хэрхэн нэмэлт, өөрчлөлт оруулдаг асуудлыг авч үзэхгүйгээр шууд “Зохицуулах хорооны бүрэн эрхийг уг хорооны дарга дангаараа хэрэгжүүлсэн” гэсэн нь үндэслэлгүй байна.

3.4. Аливаа хуулийн этгээдийг төлөөлөх, гэрээ байгуулах асуудал нь холбогдох хууль, дүрэмд заагдсанаар тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд байдаг бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1.4-т заасны дагуу хорооны дарга хороог гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу байгууллагыг төлөөлж бусад иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулдаг. Гэтэл энэ эрхийг тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах хорооны бүрэн эрхтэй хольж тайлбарлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3.5. Шүүхийн шийдвэрийн 15 дахь хуудасны 27-д ...эрх бүхий этгээдээс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд .... эхлэх дугаар 5 зориулалт “үүрэн холбоо, зүйлсийн интернет, дата үйлчилгээнүүдэд” гэж харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж баталсан. Харин уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ шударга өрсөлдөөнийг хязгаарласан, тэгш байдлыг хангаагүй, далдуур хийгдсэн үйл ажиллагаа болсон гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй” гэжээ. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлд заагдсаны дагуу өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй бие даасан байгууллага бөгөөд дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлагдсан даруйд үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд энэ талаар мэдэгдэж, албан бичиг хүргүүлдэг. Энэ зарчмын дагуу 2019 оны 12 дугаар сард ярианы үйлчилгээ эрхэлдэг бүх аж ахуйн нэгжүүдэд албан бичиг хүргүүлсэн.

3.6. Мөн нэхэмжлэгч болох “М” ГХОХХК нь энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан бөгөөд тус газрын зүгээс Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн, аль нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосон асуудал байхгүй гэсэн дүгнэлт шийдвэрийг гаргасан байдаг. Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс бүх аж ахуйн нэгжид ижил тэгш нөхцөл боломж олгосон бөгөөд дугаарлалт авах хүсэлт гаргах эрх нь мөн бүх аж ахуйн нэгжид нээлттэй байсан тул аль нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, шударга өрсөлдүүлээгүй гэх асуудал хөндөгдөхгүй болно. Дугаарлалтын төлөвлөгөөнд заасан дугаарлалт авах эрх нь өнөөдрийг хүртэл ярианы үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд нээлттэй хэвээр байна.

3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэдэг бөгөөд нэхэмжлэгч талын хуульд заасан субъектив эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй байх шаардлагатай. Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч “М” ГХОХХК-ийн хуульд заасан субъектив эрх, ашиг сонирхол огт хөндөгдөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа болно. Харин ч хэрэглэгчийн хувьд өсөлттэй явж байна. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

4.1. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тухайд,

4.1.1. Анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ “...маргаан бүхий гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй гэж үзэхэд учир дутагдалтай. Тодруулбал нэхэмжлэгчийн субъектив эрх хөндөгдсөн эсэхийг шүүх дүгнэх боловч маргаан бүхий энэ тохиолдолд төр /нийтийн захиргаа/ нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх үүргээ биелүүлсэн эсэх талаар хангалттай үндэслэл байхгүй, ...дугаарлалтын нөөц хангалттай эсэхийг тогтоосон баримт байхгүй, маргааны зүйл нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, энэ утгаараа нэхэмжлэл хангагдсанаар зөвхөн “М” ГХОХХК-ийн эрх хангагдах бус, бусад өөр бусад ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд мөн хамаарахаар байна... гэж дүгнэжээ.

4.1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг.

4.1.3. Гэхдээ захиргааны гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу “...захиргааны гэрээг хүчингүй болгуулах... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн байхыг заавал шалгах шаардлагатай. Сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд 5 цифрээр эхэлсэн дугаарлалт “нөөц”-д байсныг “үүрэн холбоо, дата үйлчилгээ, зүйлсийн интернет” болгож өөрчилсөн тухай албан бичгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэн холбооны бүх оператор компаниудад 2019 оны 12 дугаар сарын 12-нд албан бичгээр хүргүүлсэн. Ингэж албан бичиг хүргүүлснээр үүрэн холбооны оператор компаниуд шинэ дугаарлалт хүсэх боломжтой болдог. Гэтэл “М” ГХОХХК нь 5 цифрээр эхэлсэн дугаарлалтаас авах талаар ямар ч хүсэлт гаргаагүй байтлаа шүүхэд 55 цифрээр эхэлсэн дугаарлалтыг “М” ГХОХХК нь 2012 онд ашиглаж байсан тул авах ёстой байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.1.4. Үүнээс гадна Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн бичгийг үндэслээд “Ю” ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүсэлтээ гаргаж, дугаарлалтын ашиглалтын тайлангаа өгч, шинэ дугаарлалт хүссэнийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүлээн авч 31400014 дугаар гэрээгээр 50 болон 55 дугаарлалтыг олгосон. Гэтэл “М” ГХОХХК-аас шинээр дугаарлалт олгох нь буруу, нөөц байсаар байтал дугаар олгож байгаа нь манай ашиг сонирхлыг хөндөж байна гэсэн үндэслэлээр захиргааны гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, түүнийг нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж дүгнэсэн нь хууль бус хэмээн бид үзэж байна. “Ю” ХХК-аас дугаар ашиглалтын мэдээллээ дэлгэрэнгүй гаргаж, ашиглалт 76 хувьтай байгаа талаар мэдээлэл өгсөн талаараа шүүхэд нотолсоор байтал шүүх уг баримтыг хэрэгсэхгүйгээр асуудалд хандсан гэж бид үзэж байна.

4.1.5. Тодруулбал нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн субъектив эрх ашиг хэрхэн хөндөгдсөн талаар үндэслэлээ гаргаж, түүнийгээ нотлох үүрэгтэй байдаг. Тиймээс захиргааны хэргийн шүүх нь маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг хянаж шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд энэхүү нөхцөл хангагдаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай байдаг.

4.1.6. Гэвч анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн субъектив эрх шууд хөндөгдөөгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай гэж үзсэн боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна.

4.2. Маргаан бүхий захиргааны гэрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга гарын үсэг зурах эрхтэй эсэх тухайд Маргаан бүхий гэрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга гарын үсэг зурсан тухайд Анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...Хорооны даргын хувьд мөн дүрмийн 3.1.2-т хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах гэж зааснаар тушаал гаргаж, хэрэгжих бүрэн эрх байна. Харин Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоол гаргах замаар шийдвэрлэх, тухайлбал тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах асуудалд хамааралгүй гэж үзсэн байна. Гэвч Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих” эрхийн хүрээнд маргаан бүхий гэрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга гарын үсэг зурсан нь Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1.2-т заасан хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах, 3.1.4-т заасан Хороог гадаад дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх гэсэн зохицуулалтад нийцэж байгаа юм.

4.2.1. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Хорооны дүрмийн 3.1.2 дахь заалт болон бусад холбогдох заалтыг буруугаар тайлбарлаж, маргаан бүхий гэрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга гарын үсэг зурах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.2.2. Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны бусад аж ахуйн нэгжтэй байгуулсан сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга мөн гарын үсэг зурсан байна. Анхан шатны шүүхээс маргаан бүхий гэрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга гарын үсэг зурсныг хууль бус гэж үзэх тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хорооноос өдийг хүртэл бусад аж ахуйн нэгжтэй байгуулсан нэмэлт гэрээний хүчин төгөлдөр байдал мөн адил хөндөгдөх юм. Гэвч шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бусад аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан нэмэлт гэрээний нотлох баримт, тус нөхцөл байдлуудыг огт харгалзан үзэлгүйгээгээр Харилцаа холбооны зохицуулах хорооны даргыг гэрээ байгуулах эрхгүй хэмээн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.

4.2.3. Үүнээс гадна нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсний дагуу “М” ГХОХХК-аас энэ асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргаснаас хойш 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж бид үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч “М” ГХОХХК нь Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны “Ю” ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 дүгээр захиргааны гэрээг хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 50, 55 гэсэн цифрүүдийг олгохдоо Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга шууд гэрээ байгуулаад Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр “Ю” ХХК-д хоёр сая дугаарлалтыг олгосон нь хууль бус ... “Ю” ХХК-д шинээр 55хх-хххх, 50хх-хххх дугаарлалтыг олгосон үйлдэл нь ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг үүрэн холбооны компаниудын шударга өрсөлдөөнийг хязгаарласан. Уг үйлдэл нь харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан бодлогыг зөрчсөн ... “Ю” ХХК-д олгосон 4 сая дугаарлалтаас ашиглагдаагүй нөөц дугаар хангалттай байгаа ... өмнө нь 5 серитэй дугаарыг “М” ГХОХХК эзэмшдэг байсан боловч Харилцаа холбооны зохицуулах хорооноос дугаарлалтын нөөц хангалттай байна гэж хурааж авсан атлаа яг адил нөхцөл байдал бий болсон байхад “Ю” ХХК-д олгосон нь хууль зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгөх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тухайн гэрээ нь хууль бус эсэхийг тогтооход шүүхийн хяналтын цар хүрээ хязгаарлагдах бөгөөд энэ тохиолдолд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шаардлагад нийцэхгүй байна.

2.3. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/104 дүгээр тушаалаар “Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-г шинэчлэн баталсан бөгөөд тус газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар уг нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж эхлэх дугаар “5” зориулалт “Нөөцөд төлөвлөгдсөн” дугаарлалтын багцыг “Үүрэн холбоо, зүйлсийн интернет, дата үйлчилгээнүүдэд” гэж өөрчилж энэ талаар харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд мэдэгджээ.

2.4. Улмаар “Ю” ХХК-аас хүсэлт гаргасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны “Ю” ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 дүгээр гэрээгээр Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний 1.2, 1.6, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 58 дугаар тогтоол болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх 14300003 дугаар тусгай зөвшөөрлийн гэрээний 6.5 дахь заалтыг тус тус үндэслэн 50, 55 дугаарлалтын багцыг цахилгаан холбооны сүлжээнд ашиглуулахаар болжээ.

2.5. Харилцаа холбооны зохицуулах хорооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 9.1.2-т “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;”, 9.1.9-т “сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;”, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолоор баталсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1-д “Хорооны дарга дараах бүрэн эрхтэй:”, 3.1.2-т “хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;”, 3.1.4-т “Хороог гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх;” гэж тус тус заасны дагуу хорооны дарга нь хороог төлөөлж Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжтэй нэмэлт гэрээ байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлж “Ю” ХХК-тай сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 дүгээр гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ агуулгаараа нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

2.6. Учир нь хэрэгт авагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны үүрэн холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан сүлжээний дугаарлалтын гэрээний баталгаажуулах хэсгийг үзвэл Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга болон тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн захирал гарын үсэг зурж баталгаажуулсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр байх ба энэ тохиолдолд нэмэлт гэрээг Харилцаа холбооны зохицуулах хороо хуралдаанаараа шийдвэрлэх байсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна.

2.7. Нэгэнт Харилцаа холбооны зохицуулах хороо хууль болон журамд заасан бүрэн эрхийн хүрээнд Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг өөрчилж, уг өөрчлөлтийн дагуу “Ю” ХХК-ийн шинээр нэвтрүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээнд ашиглахад дугаарын сонголтууд бий болгох үүднээс дугаарлалтын эрх хүссэн хүсэлтийг шийдвэрлэсэн, харин нэхэмжлэгчээс уг дугаарлалтыг хүссэн хүсэлтийг гаргаагүй энэ тохиолдолд 5 серитэй дугаарыг өмнө нь “М” ГХОХХК эзэмшдэг байсан гэх үндэслэлээр дугаарлалт олгох сонгон шалгаруулалт зарлах эсхүл шинэ дугаарлалт олгохоос татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаас үзвэл шүүхийн үндсэн зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэгдсэн байдаг бөгөөд маргаан бүхий гэрээ нь хууль бус байхаас гадна тухайн хууль бус алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх учиртай бөгөөд хариуцагч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гэрээ байгуулсан, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь тогтоогдсон байх тул хариуцагчийг хууль бус гэрээ байгуулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

2.9. Тодруулбал, нэхэмжлэгчийн маргаж буй “...өмнө нь 5 серитэй дугаарыг “М” ГХОХХК эзэмшдэг байсан боловч Харилцаа холбооны зохицуулах хорооноос дугаарлалтын нөөц хангалттай байна гэж хурааж авсан атлаа яг адил нөхцөл байдал бий болсон байхад “Ю” ХХК-д олгосон нь хууль зөрчсөн” гэх үндэслэл нь хэд хэдэн аж ахуйн нэгжүүдээс хүсэлт ирүүлсэн тохиолдолд хамаарах болохоос технологийн шинэчлэлтэй холбоотой Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Мобифон үйлчилгээг зогсоож 5 сери бүхий дугаарлалтыг хурааж авснаас хойш сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг өөрчилсөнтэй холбогдуулан “Ю” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн захиргааны гэрээний үндэслэлд хамаарахгүй.

2.10. Нөгөөтэйгүүр хэргийн оролцогчид “амралтын өдөр гэрээ байгуулагдаагүй, буруу огноолсон” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд энэ нь захиргааны гэрээний эрх зүйн үр дагаварт нөлөөлөхөөргүй хэлбэрийн төдий алдаа байх тул маргаан бүхий гэрээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

2.11. Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 13.2.1-д “аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан;”, 13.2.3-т “тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн;” 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж тус тус заажээ.

2.12. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нь хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр “Ю” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж маргаан бүхий гэрээ байгуулсан байх бөгөөд өрсөлдөөнийг хязгаарласан, давуу байдал бий болгосон гэж үзэхгүй.

2.13. Өөрөөр хэлбэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/422 дугаар албан бичгээр “Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2019 оны 02/1728 дугаар албан бичгээр ярианы үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуй эрхлэгчдэд Харилцаа холбооны сүлжээний нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орсон талаарх мэдээллийг хүргүүлсэн байна. Ингэхдээ Харилцаа холбооны зохицуулах хороо нь 5 сериэр эхэлсэн үүрэн холбооны дугаарлалтыг зөвхөн нэг аж ахуйн нэгжид олгохоор, бусад аж ахуйн нэгжид тус дугаарлалтыг олгохгүй байх ямар нэгэн шийдвэр гаргаагүй буюу аж ахуй эрхлэгч шинэ дугаарлалт авах хүсэлт гаргах боломж нээлттэй байх тул Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй” гэж хариу өгсөн, мөн хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл “М” ГХОХХК  уг албан бичгийг хүлээн авсан ч дугаарлалт авах хүсэлтээ гаргаагүй болох нь тогтоогдож байх тул энэ тохиолдолд нэхэмжлэгчийн дугаарлалт авах эрхийг хязгаарлаж, давуу байдлаар “Ю” ХХК-д 50, 55 сери бүхий дугаарлалт олгож өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй.

2.14. Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг эхлэх дугаар “5” зориулалт “Нөөцөд төлөвлөгдсөн” дугаарлалтын багцыг “Үүрэн холбоо, зүйлсийн интернет, дата үйлчилгээнүүдэд” гэж өөрчилсөн, уг 5 дугаарлалт багцаас 50, 55 дугаарлалтыг “Ю” ХХК-д олгосон, үлдэх 51, 52, 53, 54, 56, 57, 58, 59 дугаарлалт бүхий 8 сая дугаарлалтад хүсэлт гаргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү үндэслэл мөн үгүйсгэгдэж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.14. Мөн нэхэмжлэгчээс сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг өөрчилсөн, уг өөрчлөлтийг хариуцагчаас мэдэгдээгүй гэх талаар маргаагүй[1] гэж тайлбарласан байх тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийн хүчингүй болгож, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ГХОХХК-аас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хорооны “Ю” ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 дүгээр гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

    

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 230-р тал, 40-р мөр