Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1377

 

 

 

 

 

 

 

 2020           07          27                                       2020/ШЦТ/1377

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Н-н Б-д холбогдох эрүүгийн 2003 00000 0247 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Н.Б- нь 2020 оны 06 дугээр сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Их тойруугийн Баянцээл төвийн баруун замд Тоёота Корролла маркийн 63-96 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо  Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасан зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Гүнтуяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Н.Б- нь 2020 оны 06 дугээр сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Их тойруугийн Баянцээл төвийн баруун замд Тоёота Корролла маркийн 63-96 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо  Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасан зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчисний улмаас явган зорчигч Ж.Гүнтуяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
 

Хохирогч Ж.Гүнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчим би Сансарын Баянцээлийн явган хүний гарцаар ганцаараа явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд гарцаар эхний урсгалыг зам хөндлөн гараад, дараагийн урсгалын замынхаа эхний эгнээг дөнгөж өнгөрөөд явж байтал явган хүний гарцан дээр нэг машин зогсож байгаа харагдсан тэгсэн хойноос урагшаа явж байсан цагаан өнгийн жижиг суудлын автомашин хурдтай ирээд автомашиныхаа зүүн хойд талын хаалга орчмоор шүргэсэн би тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа, би босох гэтэл баруун талын хөл гишгэх боломжгүй өвдөөд байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Энх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өглөөний 11 цаг 03 минутын орчим би гэрээсээ гараад Баянцээлийн явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас, зүүн тал руугаа гарах гээд ганцаараа явж байтал Баянцээлийн явган хүний гарцаар эмэгтэй хүн зүүнээс, баруун чиглэлд ганцаараа зам гарах гээд явж байхдаа замын голд ирээд хойноос урагшаа чиглэлд явж байгаа хэрэгслийг харахад зайтай харагдсан. Тэгээд л тэр эгч зүүнээс, баруун чиглэлд явган хүний гарцаар явж байтал хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан саарал өнгийн улсын дугаар, маркийг нь сайн харч чадаагүй тээврийн хэрэгсэл явган зорчигч эмэгтэйг зам гарч явахыг харчхаад хурдаа сааруулаад явж байснаа гэнэт автомашины хурдаа нэмээд л явган зорчигч эгчээс өмнө амжаад гарчина байх гэж бодсон байх тэгсэн явган зорчигч эмэгтэй гэнэт гүйсэн чинь автомашины зүүн хойд хэсгээрээ шүргэчхээд зогсолтгүйгээр шууд яваад өгсөн. Тэгсэн Баянцээлийн постноос 2 цагдаа гарч ирээд мөргүүлсэн эмэгтэйг замаас өргөөд гарцны сандал дээр суулгасан. Тэгсэн мөргөсөн жолооч машинаа нилээн зайдуу зогсоогоод өөрөө явган хүрээд ирсэн. Тэр хоёр цагдаа замын цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би сургалт руугаа явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 7361 дугаартай “Ж.Гүнтуяагийн биед баруун 2, 3, 4-р хурууны хавтгайн шивнүүр, тавхайн шивнүүрийн дөрвөлжин ясны зөрүүгүй хугарал, баруун тавхай, шагайн үений зөөлөн эдийн няцрал баруун тохойд зулгаралт, зүүн алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх45-46 дугаар хуудас/

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн “...Тоёото Коррола маркийн 63-96 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 71-72 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Б-ий зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Н.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ж.Гүнтуяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр 2.158.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.Б-ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнд тооцож, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Б- нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.  

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Б-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б-ий учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-ий цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

  Шүүгдэгч Н.Б- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Н-н Б-ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ