Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00094

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн Ноёд гэх газар оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй,Боржигон овгийн Цэдэнгийн Жаргал /РД:ДС62031204, утас-98287437/-ээс гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай”  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Баянжаргал, хүсэлт гаргагч Ц.Жаргал нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

   Хүсэлт гаргагч Ц.Жаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: ... Миний бие 1962 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд Цэдэнгийн том охин болж төрөөд Халиун сумын сургуулийн 8 дугаар ангийг 1979 онд төгссөн. Тэгээд Завхан аймгийн Худалдааны техникумын нийтийн хоолны тогоочийн мэргэжлээр суралцаж 1981 онд төгсөж ирсэн. Дараа нь мэргэжлийн ажил байхгүй байсан болохоор 1981 оны 09 сараас Говь-Алтай аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуйн хүний их эмчийн салбарт асрагчаар ажилласан.Тэндээ ажиллаж байгаад 2 хүүхэд гаргаад нялх хүүхэдтэй байсан болохоор яслид асрагчаар 1990 оны 10 дугаар сарын 01 хүртэл ажилласан. 1990 оны 10 сарын 01-нээс нөхрөө дагаад Сэлэнгэ аймгийн Мандал суманд шилжиж ирсэн. Манай нөхөр тухайн үед Гуулинд тракторын жолооч хийдэг байсан. Одоо халагдсан тушаал олдохгүй байгаа тул 1981 оны 09 дүгээр сарын 01-ээс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 09 жил 03 сар ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Жаргал нь 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуйн хүний их эмчийн салбарт асрагч, Гуулингийн тэжээлийн аж ахуйн яслид асрагчаар тус, тус  ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 313 дугаар тодорхойлолт,хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар,  Гуулингийн хүн эмнэлэгт 1981-1988 онуудад ажиллаж байсан цалингийн тодорхойлолт болон гэрчийн мэдүүлгүүд:

Гэрч Г.Доржсүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1977 оноос Говь-Алтай аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуйд жолоочоор ажиллаж байхад Ц.Жаргал нь 1981 оноос Гуулингийн тэжээлийн аж ахуйн хүн эмнэлэгийн салбарт ажиллаж эхэлсэн. Би 1997 он хүртэл ажиллаж байгаад гарсан.Ц.Жаргал нь 1990 он хүртэл ажиллаж байгаад Зүүнхарааруу шилжсэн гэх мэдүүлэг

Гэрч Д.ЛхагвасүБ.Дашдаваагийн шүүхэд өгсөн мэдүүлэг: 1976 онд Завхан аймгийн Говь-Алтай аймгийн Гуулин суманд шилжиж ирсэн юм. Шилжиж ирээд Гуулин сумын тэжээлийн аж ахуйд жолооч хийж байхад Ц.Жаргал нь тус тэжээлийн аж ахуйн хүн эмнэлэгийн салбарт асрагч хийдэг байсан. Бид 1983 онд гэр бүл болцгоосон. Би 1990 он хүртэл жолоочоо хийсэн. Ц.Жаргал нь 1990 он хүртэл хүн эмнэлэгийн салбартаа ажиллаж байгаад 1990 оноос Сэлэнгэ аймгийн Мандал суманд шилжиж ирсэн гэх мэдүүлэг

Гэрч Д.Нарандэлгэрийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Бид Говь-Алтай аймгийн Гуулин сумын хүмүүс. Нэг нутгийн улс байгаа юм. Намайг 1981 оноос Гуулийнгийн тэжээлийн аж ахуйн Худалдаа бэлтгэл нийтийн хоолны ангид Эдийн засагчаар ажиллаж байхад Ц.Жаргал нь тус тэжээлийн аж ахуйн хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан. Ц.Жаргал нь тус эмнэлэгтээ 1990 он хүртэл ажилласан би бас 1990 он хүртэл ажилласан юм. 1990-1991 оны хооронд эдийн засаг уналтанд орж ихэнх байгууллага татан буугдахад ажилгүй болцгоосон гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар:

Хүсэлт гаргагч Ц.Жаргал нь  1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуйн хүний их эмчийн салбарт асрагч, Гуулингийн тэжээлийн аж ахуйн яслид асрагчаар тус, тус  ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Хүсэлт гаргагч Ц.Жаргалын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Цэдэнгийн Жаргал нь 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Гуулингийн тэжээлийн аж ахуйн хүний их эмчийн салбарт асрагч, Гуулингийн тэжээлийн аж ахуйн яслид асрагчаар тус,тус  ажиллаж байсан хугацааг  сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч Ц.Жаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                           

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.АЛТАНЦЭЦЭГ