Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 83

 


     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут баг Хужирт булан гэх газар оршин суух Жонгоор овгийн Олзвойн Эрдэнэбүрэн /РД:АН57030116/-ий хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дамдинсүрэн нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Эрдэнэбүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би 1980 оноос эхлэн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд тасралтгүй ажилласан бөгөөд энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр сумын захиргаанд хадгалагдаж байгаад шатсан тул одоо ажилласан жил нотлогдохгүй хохироход хүрээд байна. Архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1980 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Эрдэнэбүрэн 1976 оны 05 сараас 1979 оны 10 сарыг хүртэл хугацаанд Эрдэнэтийн 166 дугаар ангид цэргийн алба хаасан. О.Эрдэнэбүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй учир түүний Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1980 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.Эрдэнэбүрэн нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд малчнаар 1980 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. 1984 онд малчид, төлчин саальчдын дунд зарласан социалист уралдааны болзлын биелэлтийн талаар бригадаас ирүүлсэн нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд тогтоох нь: Болзол хангасан дараах сууриудыг шалгаруулан шагнасугай ... 4. 1 наст мал, эр сувай мал онд оролтоор /IY хавсралтаар/ 10100 төгрөг. Хавсралтанд: О.Эрдэнэбүрэн Чулуут, эр хонь, 631, 631, 100, 500, 500 гэсэн “1984 оны мал аж ахуйн үйлдвэрлэл дээр зарласан социалист уралдааны болзлыг дүгнэх тухай” Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 07 сарын 08-ны өдрийн 39 тоот тогтоол,
1.2. 1985 онд суурь мал тарган, сүрэг мэнд “Төл түмний үйлс” социалист уралдааны шинэчилсэн болзол бог малын төлчдийн хөдөлмөрийн нормчлол хөлсний үнэлгээнд оруулсан өөрчлөлтийг шинэчилж баталсугай. Хавсралтад: О.Эрдэнэбүрэн гэсэн “Социалист уралдааны болзол, бог малын төлчний хөдөлмөрийн нормчлол хөлсний үнэлгээнд зарим өөрчлөлт оруулан шинэчлэн батлах тухай” Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоол, 
1.3. Хавсралтад дурдсан 24 суурийг малчдыг баярын бичиг, сайшаалын үнэмлэх, 2850 төгрөгөөр шагнасугай. Хавсралтанд: О.Эрдэнэбүрэн гэсэн “Социалист уралдааны болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 10 сарын 23-ны өдрийн 52 тоот тогтоол,
1.4. Олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэр бүхий 69 малчин, ажилчинд 1870 төгрөг, 10 мөнгөний шагнал ... олгосугай. Хавсралтанд: О.Эрдэнэбүрэн 5=30, 10, 12, 27=30 гэсэн “Шагнал олгох тухай” Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 11 сарын 01-ний өдрийн 70 тоот тогтоол, 
1.5. 1989 онд ... суурьтаа орлого, зарлагын тооцоо нэвтрүүлэн ажиллаж зардал хэмнэсэн 75 суурийн малчинд 12538 төгрөг 52 мөнгөний шагналыг хавсралтанд зааснаар олгосугай. Хавсралтанд: О.Эрдэнэбүрэн гэсэн “Гэрээ дүгнэж, шагнал олгох тухай” Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 02 сарын 03-ны өдрийн 94 тоот тогтоол, 
1.6. Нэгдлийн ерөнхий хорооноос гаргасан “Арвин хадлан авахын төлөө” уралдааны болзлыг Туулант бригадын II суурь, Чулуут бригадын 13 суурь, Хужирт бригадын 9 суурь бүгд 33 суурийн малчид хангасан гэж үзэж /хавсралтаар №1, 2, 3-аар/ баталсугай. Хавсралтанд: О.Эрдэнэбүрэн гэсэн “Болзлын шагнал олгох тухай” Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 02 сарын 08-ны өдрийн 14 тоот тогтоол, 
2. Гэрч Д.Отгонбаярын: “Би 8-р ангиа төгсөөд илгээлтээр гарч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1980 оноос эхлэн галч, манаачаар ажиллаж эхлэхэд О.Эрдэнэбүрэн нь тус нэгдэлд малчнаар ажилладаг байсан. Би Чөлөөт амьдрал нэгдэлд 1981 он хүртэл галч, манаачаар ажиллаад 1981 оны 06 сард Барилгын цэрэгт татагдаж, 1984 оны 08 сард цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд барилгачин, галч зэрэг ажлуудыг хийсэн бөгөөд тэр үед О.Эрдэнэбүрэн малаа маллаад тус нэгдэлд ажиллаж л байсан. О.Эрдэнэбүрэн бид хоёр нэг нэгдэлд 2 өөр бригадад ажилладаг байсан. Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд Хонгорж бригадад, харин О.Эрдэнэбүрэн Чулуут бригадад мал малладаг байсан. Би О.Эрдэнэбүрэнтэй Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийг хувьчлагдах хүртэл хамт ажилласан. Чөлөөт амьдрал нэгдэл 1992 онд хувьчлагдаж дуусаж байсан” гэх мэдүүлэг, 
3. Гэрч Ч.Хүрэлбаатарын: “О.Эрдэнэбүрэн бид хоёр Архангай аймгийн Цэцэрлэг сумын 8 жилийн дунд сургуулийн 7-р ангийг төгсөөд хамт илгээлтээр гарч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1974 оноос эхлэн мал маллаж эхэлсэн. Би 1976 онд цэргийн албанд татагдаж, 1979 онд цэргээс халагдаж ирээд 1980 оноос Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд малчнаар тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Би цэргээс ирсний дараахан О.Эрдэнэбүрэнтэй нэг таарахад О.Эрдэнэбүрэн нь нэгдэлд мал маллаж байна гэж ярьж байсан. Түүнээс хойш би түүнтэй уулзаж байгаагүй хэзээ хүртэл мал малласныг мэдэхгүй” гэх мэдүүлэг,
4. Гэрч Г.Дуламын: “Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн 2-р бригадад 1971 оноос 1980 оныг хүртэл хугацаанд Нямын Чулуунбаатарын суурьт, дараа нь 1980 оноос эхлэн 1992 оныг хүртэл хугацаанд Олзвойн Эрдэнэбүрэнгийн суурьт төлчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. О.Эрдэнэбүрэн нь 1957 онд төрсөн. 1980 оноос 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн 2-р бригадад суурийн ахлах хоньчноор тасралтгүй ажиллаж байсан. Би 1980 оноос 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “Чөлөөт амьдрал” нэгдэлд хамт ажиллаж байсан учир түүний дээрх хугацаанд ажиллаж байсан учир энэ хугацаанд түүний ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ” гэх мэдүүлэг, 
5. 1983 онд амжилт гаргаж ажилласан О.Эрдэнэбүрэнд Архангай аймгийн Намын хороо, ҮЭ-ийн хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хорооноос шагнасан талархал, 
6. 1983 оны 07 сарын 01-ний өдөр МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн зөвлөл, МХЗЭ-ийн хорооноос Ө.Эрдэнэдүүрэн ахлагчтай суурьт олгосон Хүндэт жуух бичиг, 
7. 1984 оны 07 сарын 10-ны өдөр Цэцэрлэг сумын Намын үүр, ҮЭ-ийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хорооноос О.Эрдэнэбүрэнд олгосон баярын бичиг, 
8. Сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаас Олзвойн Эрдэнэбүрэнд олгосон Сайшаалын үнэмлэх, 
9. 1983 оны 07 сарын 03-ны өдөр Цэцэрлэг сумын намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, нэгдлийн зөвлөл, ҮЭ-ийн зөвлөлөөс Олзвойн Эрдэнэбүрэнд олгосон Баярын бичиг, 
10. 1987 оны 01 сард МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн төв хороо, МХЗЭ-ийн төв хорооноос О.Эрдэнэбүрэнд олгосон Хүндэт жуух бичиг, 
11. 1988 оны 01 сарын 13-ны өдөр Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөл, Цэцэрлэг сумын үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Чанарын албанаас Олзвойн Эрдэнэбүрэнд олгосон баярын бичиг, 
12. 1991 оны 07 сарын 10-ны өдөр Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн ерөнхий хорооноос О.Эрдэнэбүрэнд олгосон Баярын бичиг, 
13. 1989 оны 10 сарын 28-ны өдөр “Чөлөөт амьдрал” нэгдлийн зөвлөлөөс олгосон баярын бичиг, 
14. Гэрч Ч.Хүрэлбаатарт холбогдох Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 510 дугаар шийдвэрийн хуулбар, 
15. Гэрч Д.Отгонбаярт холбогдох Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 26-ны өдрийн 492 дугаар шийдвэрийн хуулбар, 
16. Гэрч Г.Дуламд холбогдох Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 сарын 05-ны өдрийн 167 дугаар шийдвэрийн хуулбар зэрэг болно.                                                                                                                                                 
Шүүх хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбилэгийн хүсэлтээр О.Эрдэнэбүрэнтэй хамт ажиллаж байсан Д.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Г.Дулам нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаанууд болон О.Эрдэнэбүрэнд олгосон Архангай аймгийн Намын хороо, ҮЭ-ийн хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хорооноос олгосон Талархал, 1984 оны 07 сарын 10-ны өдөр Цэцэрлэг сумын Намын үүр, ҮЭ-ийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хорооноос олгосон Баярын бичиг, 1983 оны 07 сарын 03-ны өдөр Цэцэрлэг сумын намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, нэгдлийн зөвлөл, ҮЭ-ийн зөвлөлөөс баярын бичиг, 1987 оны 01 сард МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн төв хороо, МХЗЭ-ийн төв хорооноос олгосон хүндэт жуух бичиг, 1988 оны 01 сарын 13-ны өдөр Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөл, Цэцэрлэг сумын үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Чанарын албанаас олгосон баярын бичиг, 1991 оны 07 сарын 10-ны өдөр Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн ерөнхий хорооноос олгосон баярын бичиг зэрэг  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.  
     Хүсэлт гаргагч О.Эрдэнэбүрэнгийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд малчнаар 1980 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь гэрч Д.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар, Г.Дулам нарын мэдүүлгүүдээр, Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын “1984 оны мал аж ахуйн үйлдвэрлэл дээр зарласан социалист уралдааны болзлыг дүгнэх тухай” 1984 оны 07 сарын 08-ны өдрийн 39 тоот тогтоол, “Социалист уралдааны болзол, бог малын төлчний хөдөлмөрийн нормчлол хөлсний үнэлгээнд зарим өөрчлөлт оруулан шинэчлэн батлах тухай” 1985 оны 02 сарын 13-ны өдрийн 10 тоот тогтоол, “Социалист уралдааны болзол дүгнэх тухай” 1987 оны 10 сарын 23-ны өдрийн 52 тоот тогтоол, “Шагнал олгох тухай” 1989 оны 11 сарын 01-ний өдрийн 70 тоот тогтоол, “Гэрээ дүгнэх, шагнал олгох тухай” 1990 оны 02 сарын 03-ны өдрийн 94 тоот тогтоол, “Болзлын шагнал олгох тухай” 1991 оны 02 сарын 08-ны өдрийн 14 тоот тогтоол, О.Эрдэнэбүрэнд Архангай аймгийн Намын хороо, ҮЭ-ийн хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хорооноос олгосон талархал, 1984 оны 07 сарын 10-ны өдөр Цэцэрлэг сумын Намын үүр, ҮЭ-ийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хорооноос олгосон баярын бичиг, Сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаас олгосон сайшаалын үнэмлэх, 1983 оны 07 сарын 03-ны өдөр Цэцэрлэг сумын намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, нэгдлийн зөвлөл, ҮЭ-ийн зөвлөлөөс олгосон баярын бичиг, 1987 оны 01 сард МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн төв хороо, МХЗЭ-ийн төв хорооноос олгосон хүндэт жуух бичиг, 1988 оны 01 сарын 13-ны өдөр Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөл, Цэцэрлэг сумын үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Чанарын албанаас олгосон баярын бичиг, 1991 оны 07 сарын 10-ны өдөр Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн ерөнхий хорооноос олгосон баярын бичиг, хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. 
Харин 1983 оны 07 сарын 01-ний өдөр МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн зөвлөл, МХЗЭ-ийн хорооноос шагнасан хүндэт жуух бичигт Ө.Эрдэнэдүүрэн гэсэн байх тул уг баримтыг О.Эрдэнэбүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзлээ.
Иймд О.Эрдэнэбүрэнгийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд төлчин, саальчнаар  1980 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жонгоор овгийн Олзвойн Эрдэнэбүрэнгийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд малчнаар 1980 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
    
              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАЙГАЛМАА