Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг Мангиртын 4-р хэсэг Хүрээлэнгийн 2-12 тоотод оршин суух Хэрээд овогт Хавчигийн Цэвэлдулам /РД: ТА63102806, утас: 99782278/-аас гаргасан

           Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Замчны 18 тоотод оршин суух Юншөөбүү овогт Алтангэрэлийн Ганбаатар /РД:ЧГ64112078, утас: 99940686/-т холбогдох  гэрээ цуцласны үлдэгдэл төлбөр 5443275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Цэвэлдулам, хариуцагч А.Ганбаатар,  нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Х.Цэвэлдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ....X.Цэвэлдулам миний бие А.Ганбаатараас Тарни 8 дугаар багт баригдсан шатахуун түгээх станцыг худалдан авах гэрээг цуцлан 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Тухайн үед хийсэн ажил хүлээлцэх актанд тусгагдсан материал, түүхий эдийн үнэ 168150 төгрөг, зээлээр авсан түлшний үнэ 1231400 төгрөг, үлдэгдэл шатахууны үнэ 4043735 төгрөг нийт 5443275 төгрөгийг гаргуулан миний хохиролыг барагдуулж өгнө үү.

            Тухайн үедээ бид 2 худалдах, худалдан авах гэрээ хийгээд гэрээний үндсэн дээр урьдчилгаа мөнгөө өгсөн. Тэр үед Ганбаатарын шатахуун түгээх станцын жижиглэн борлуулах үнэ болон, геодизын үнэлгээ, үл хөдлөхийн тусгай зөвшөөрөлүүд гээд холбогдох бичиг баримтууд гараагүй байсан учраас энэ бичиг баримтаа бүрдүүлээд ирэхээр бид үлдэгдэл мөнгөө тооцоод өгье гэж гэрээ хийсэн. Ганбаатар 1 сарын дотор би гаргаад өгчихнө гэж байсан учраас тэр хугацаанд нь бид шатахуун түгээх станцыг ажиллуулж байя гэж тохиролцсон юм. Тэгээд бичиг баримт нь хугацаандаа гарч ирээгүй. Нэлээн хугацаа алдсан. Ажиллуулж байх хугацаанд шатахуун түгээх станц техникийн шаардлага хангахгүй, түгээгүүрийн гар эвдрэх ч юм уу асуудлууд гардаг байсан. Мөн энэ хүний хэлсэн бичиг баримтууд хугацаандаа ирэхгүй байсан учраас бид 2 талаасаа яриад худалдах, худалдан авах гэрээгээ цуцалсан юм. Тэгээд төлбөр барагдуулах гэрээ хийцгээе гээд тэнд байгаа бүх материалуудаа тоолоод ажил хүлээлцэх акт гараар үйлдсэн. Ажил хүлээлцэхэд тэнд шатах тослох материал болон шатахууны үлдэгдэл гарсан. Би тухайн үед Ганбаатарт 76.600 төгрөгийн өртэй байснаас үлдэх тос. тослох материалуудаа тооцож үзээд Ганбаатарт өгөх 76.600 төгрөгөө хасаад 168.150 төгрөгийн авлага авахаар болсон. Мөн  Ганбаатар 2015 оны 05 сарын 28-наас 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 1.231.400 төгрөгний түлш надаас зээлээр авсан байдаг. Мөн дизель болон бинзен түлшний үлдэгдэл байсныг бид нар хэмжиж үзээд үнийн дүнгээр нь бодохоор 4.443.725 төгрөг болсон. Ингээд үлдэгдэл түлшний мөнгө 4.443.725 төгрөг, зээлээр авсан түлшний үнэ 1.231.400 төгрөг, материал болон бусад зүйлийн үнэ 168.150 төгрөг нийт 5.443.725 төгрөг Ганбаатараас авахаар болсон. Төлбөр барагдуулах гэрээг 2015 оны  07 сарын 20 өдөр хийсэн. Ганбаатар тухайн үедээ надад өгөх бэлэн мөнгө байхгүй гээд 2015 оны 10 сарын 01-ний өдөр гэхэд бүх төлбөрөө барагдуулъя гэж ярьсан юм. Гэвч Ганбаатар надад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Би энэ хугацаанд Ганбаатараас мөнгөө нэхэмжилж маш олон удаа утсаар ярьсан, гэрт нь очдог байсан. 53 дугаар зөрлөг дээр хүртэл очиж байсан. Тэр байтугай 2015 оны 10 дугаар сарын 1 нээс мөнгийг чинь өгч чадаагүй бол сарын 10 хувийн хүүг мөнгөн дээр чинь нэмж төлье гэж хүртэл хэлж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл надад өгсөн зүйл байхгүй учраас би шүүхэд хандаж мөнгөө нэхэмжилж байгаа юм гэв.

Хариуцагч А.Ганбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ....Нэхэмжлэгч Х.Цэвэлдуламын 2016 оны 12 дугаар сарын 08-нд гаргасан нэхэмжлэлд дурьдсан түүхийн эдийн үнэ 168150 төгрөг, зээлээр авсан шатхууны үнэ 1231400 төгрөг болон үлдэгдэл шатхууны үнэ 4043735 төгрөгийг бүгдийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь түүхий эдийн үнэ болон зээлээр авсан шатхууны үнэ гэдэг нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 08-нд шатхуун түгээх станцын актуудын 1-4 дүгээр зүйлд байгаа шатхуун, тос тослох материалын үнэ юм. Үлдэгдэл шатхууны үнэ 4043735 төгрөгийг бүгдийг нь төлөх үндэслэлгүй учир нь Х.Цэвэлдулам нь гэрээний дагуу шатхуун түгээх станцыг 2015 оны 04 дүгээр сараас гэрээ  цуцалсан буюу төлбөр барагдуулах гэрээ хийсэн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллуулж ашиглаж байсан нь гэрээ актаар нотлогдож байгаа тул иргэн Х.Цэвэлдуламд төлөх 4043735 төгрөгнөөс ашиглалтын зардал 2000000 төгрөгийг тооцож намайг хохирогүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ганбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 04 дүгээр сард энэ хүмүүстэй шатахуун түгээх станцыг худалдах, худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 12.000.000 төгрөг авсан нь үнэн. Бид нар шатахуун түгээх станцыг 2015 оны 06 дүгаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Үл хөдлөхийн гэрээ нь 07 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Ингээд би та нар үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх гэж байна гэж асуухад таны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан тохиолдолд банкинд барьцаалж зээл авч өгнө гэж ярьсан. Тэгтэл эдгээр хүмүүс чимээгүй алга болсон. Ингээд намайг Улаанбаатарт ажлаар явж байтал дүү Уранчимэг нь Ганбаа ахаа таньтай уулзмаар байна гэсэн. Яваад очтол бид нар шатахуун түгээх станцыг авч чадахгүй боллоо.  Хоорондоо маргалдаад байна гэсэн. Үнэн хэрэг дээрээ эд нарын наймаа буцсан шалтгаан бол эгч дүү нарын хөрөнгөний маргаанаас болоод болъё гэдэг асуудал гарч ирсэн. Тэрнээс болоод миний үл хөдлөх хөрөнгө борлогдоогүйгээс болоод энэ бүх хүндрэлүүд үүсэж эхэлсэн. Би түүнээс санаатайгаар өгөхгүй байгаа юм биш. Би 2015 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр шатахуун түгээх станцыг хүлээлгэж өгөхдөө үйлдсэн актан дээр 1.162.000 төгрөгийн дизель түлш, 200 гаруй мянган төгрөгийн үлдэгдэл материалтай хүлээлгэж өгсөн. Тэгтэл би 2016 оны 07 дугаар сарын 20-нд хүлээж авахдаа эргүүлээд миний өгсөн шатахууний үнийг эд нар зээлээр авсан гээд эргүүлээд надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Тэр байтугай өөрсдийнхөө хэрэглэсэн цахилгааний төлбөр, торгуулыг надаас нэхэмжилсэн байдаг. Энэ бол байж болохгүй асуудал гэж би бодож байна. Зээлээр авсан шатахууний үнэ 1.231.400 төгрөг, бусад материалын үнэ 168.150 төгрөг зэргийг би хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл би 2015 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр шатахуун түгээх станцыг хүлээлгэж өгөхдөө 1.162.000 төгрөгийн дизель түлш, 200 гаруй мянган төгрөгийн үлдэгдэл материалтай хүлээлгэж өгсөн байдаг. Хоёрт энэ бол эд нарын мөнгөөр босгосон барилга биш. Энэ хүмүүс үл хөдлөх хөрөнгийг маань 4 сар ашигласан. Гэрээ буцсанаас  болоод бизнес хийдэг миний хувьд цаг хугацаа алдсан. Цаг хугацаа алдана гэдэг бол эд нар надаас мөнгө үржүүлээд нэхэхтэй адил зүйл. Миний хувьд үл хөдлөх хөрөнгөө зүгээр ашиглуулаад эд нараас болоод хохироод үлдэж болохгүй байх. Тиймээс энэ нэхэмжилж байгаа мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Х.Цэвэлмаа нь хариуцагч А.Ганбаатараас Шатахуун түгээх станц худалдах, худалдан авах гэрээ цуцласнаас үлдсэн төлбөр 5443275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

            Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ цуцлах тухай иргэний маргаан нь  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн байна. Тус шийдвэрт шатахууны үлдэгдэл тооцоог нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг заасны дагуу нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн  тайлбар мэдүүлэг болон төлбөр барагдуулах гэрээ /хх-2,19/, Тооцоо нийлсэн акт  /хх-3/ Шүүхийн шийдвэр /хх-24-26/ шүүх хуралдаанд гаргасан А.Ганбаатартай үлдэгдэл түлшийг шатахуунаар болон мөнгөөр өгсөн тооцооны баримт /хх-30-31/ зэрэг баримтуудаар:

            Хариуцагч А.Ганбаатараас 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн төлбөр барагдуулах гэрээ болон ажил хүлээлцэх актанд тусгагдсан материал, түүхий эдийн үнэ 168150 төгрөг, зээлээр авсан түлшний үнэ 1231400 төгрөг, үлдэгдэл шатахууны үнэ 4043735 төгрөг нийт 5443275 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Харин А.Ганбаатараас гаргасан “Шатахуун түгээх станц ажиллуулсны ашиглалтын зардал 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Зохигчдын хооронд ШТС худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр 12000000 төгрөг өгч 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 20 хүртэл  хугацаанд худалдан авагч тал болох Х.Цэвэлдулам нь ШТС-ыг ажиллуулж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог бөгөөд “Худалдах худалдан авах гэрээ  цуцлах тухай “ иргэний маргаан нь  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн байна. Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн, тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй ба  А.Ганбаатар нь ШТС ашиглуулсан төлбөр нэхэмжилж буй үндэслэлээ нотлоогүй тул Х.Цэвэлдулматаас 2000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Х.Цэвэлдуламаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102043 төгрөг, А.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46510 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч А.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102043 төгрөгийг гаргаж нэхэмлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Юншөөбүү овогт Алтангэрэлийн Ганбаатараас 5443725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хэрээд овогт Хавчигийн Цэвэлдуламд олгосугай

2. А.Ганбаатараас гаргасан Х.Цэвэлдуламд холбогдох шатахуун түгээх станцыг ашигласны төлбөр 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Цэвэлдуламын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102043 төгрөгийг, А.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46510 төгрөгийг Төрийн сангийн 130400941 тоот дансанд тус, тус  хэвээр үлдээж, хариуцагч А.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд 102043 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Цэвэлдуламд  буцаан олгосугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.4-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч, этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас   хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.АЛТАНЦЭЦЭГ