| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1160/Э |
| Дугаар | 1482 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 1482
2020 08 11 2020/ШЦТ/1482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Б.Тулга,
Хохирогч Н.Алтангэрэл,
Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ө-н Б-д холбогдох эрүүгийн эрүүгийн 2006 00000 1233 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ө.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Төмөр замын гудамжинд Н.Алтангэрэлийн нүүрэн тус газарт нь хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ... “Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... танил ах Баярмандахтай гэрийнх нь үүдэнд таарсан ... Баярмандахын гэрээс 40-50 метр орчим өнгөрөөд явж байхад Баярмандах араас гүйж ирээд шилэн хүзүү хэсэг рүү хатуу зүйлээр цохиод би ухаан алдаж унасан. Ухаан ороод сэргэхэд хажууд хүн байгаагүй ... Эхнэрийг дуудчихаад байж байхад Баярмандах над дээр буцаж ирээд чи зүгээр байгаарай муу бацаан минь энэ тэр гээд намайг ганц нэг удаа өшиглөөд гартаа барьсан байсан модон иштэй хүрзнийхээ ишээр хөлрүү нэг удаа цохисон. Тэр үед эхнэр ирж таараад Баярмандах хүрзээ хаяаад зугтаасан ... эхлээд ар шилэн хүзүүрү цохиж ухаан алдуулсныхаа дараа хүрзээрээ нүүрлүү цохисон юм шиг байна лээ ... дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүд нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Баярмандах намайг хүрзээр цохиж учруулсан гэмтлүүд ... гэрлүүгээ гүйж орж харагдсан би цаашаа 50 орчим метр газар явж байхад араас ирээд толгойны ар дагз хэсэг рүү нэг хатуу зүйлээр цохиод би ухаан балартаад унасан тэгээд би хэдэн минут болсоноо мэдэхгүй сэргээд эхнэрлүүгээ залгаад ахыг дагуулаад хурдан хүрээд ирээ гэж хэлсэн тэгээд толгой хэсэг маш их өвдөөд доошоо тонгойцон сууж байхад миний зүүн гуя хэсэгт нэг удаа цохиод дахиад хүрзээ далайж байхад нь манай эхнэр Солонгоо гудамжнаас гарч ирээд хөөе чи яаж байгаа юм гэхэд хүрзээ хаяад зугтаад гудамжаар яваад өгсөн ... араас хатуу зүйлээр нэг цохисон ... хүрзний ирмэг хэсэг нь цус болсон байсан ... эхнэрийг ирж байхад зүүн гуяанд нэг цохисныг эхнэр харсан” /хх-ийн 11-14, 15-16 дугаар хуудас/,
Гэрч Б.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... шөнө 22 цагийн үед надруу залгаад Баярмандахынд ахыг дагуулаад хүрээд ир гэж хэлсэн ... Баярмандахын гэрийн зүг явж байхад эрэгтэй хүн орилох чимээ гарахаар нь яваад очтол нөхөр Алтангэрэл газар суусан байдалтай Баярмандах нь гартаа модон иштэй хүрз барьсан зогсож байсан. Хүрзнийхээ ишээр Алтангэрэлийн ташаа хэсэг рүү цохиод дахиад далайхаар нь би наанаас нь болиоч гээд орилсон чинь Баярмандах хүрзээ газар хаясан ... Алтангэрэлийн нүүр нь цус болоод шороотой холилдоод хаанаа яаж гэмтсэн нь мэдэгдэхгүй байсан” /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5292 дугаартай “Н.А-н биед зүүн хацрын нум болон хацар ясны бяцарч салсан ил хугарал, зүүн гайморын хөндийн урд болон гадна хананы хугарал, зүүн гайморын хөндийд цусан хураа, зүүн шанаа, зүүн хацарт шарх, хоёр нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн гарын алганд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, баримтууд /хх-ийн 45-51 дүгээр хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-53 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч Ө.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүрэг 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын гудамжинд хохирогч Н.А-н нүүрэн тус газарт хүрзээр цохиж эрүүл мэндэд нь зүүн хацрын нум болон хацар ясны бяцарч салсан ил хугарал, зүүн гайморын хөндийн урд болон гадна хананы хугарал, зүүн гайморын хөндийд цусан хураа, зүүн шанаа, зүүн хацарт шарх, хоёр нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн гарын алганд цус хуралт, хоёр нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан
зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Ө.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.А-д баримтаар 1.912.275 төгрөгийн хохирол учирсан бөгөөд дээрх хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ө.Б-аас 1.912.275 төгрөг гаргуулж хохирогч Н.А-д олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Ө.Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ө.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Ө.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Б нь долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй хүрз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Ө-н Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-д 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Б-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй хүрз 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Б-аас 1.912.275 төгрөг гаргуулж хохирогч Н.А-д олгосугай.
7. Хохирогч Н.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ө.Б-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ