| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
| Хэргийн индекс | 125/2016/0045/З |
| Дугаар | 29 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Т.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч З.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.Л нь 2013 оны 02 сард Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 01 сарын 27-ны өдрийн Б/03 тушаалын хавсралтаар Ховд аймгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргаар томилогдсон. Гэтэл намайг Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар Гамшигаас хамгаалах, Малын удмын сангийн эрүүл мэндийг хамгаалах, Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж намайг ажлаас чөлөөлсөн. Намайг ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан ажил албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг ямар баримтаар нотолсон эсэхийг нягтлан шалгаагүй дээр захирамжийг гаргасан. Мялзан өвчин 2016 оны 8 сард гарсан. 4, 5 сард Булган, Үенч суманд мал өвчилснийг Хүнс хөдөө аж ахуйн яам болон улсын төв лабораторт уг өвчний оношийг тодруулахаар удаа дараа дээж, албан бичгийг явуулсны үр дүнд бог малын мялзан төст өвчин гэж илрүүлэн цаг алдалгүй бүсчлэн хорио цээр тавих, аймгийн онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоон ажилласан төдийгүй шаардлагатай бүх арга хэмжээ авч ажилласан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч, Ховд аймгийн Засаг дарга Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Булган суманд 2016 оны 3 сарын гарсан бог малын мялзан төст өвчин нь мөн оны 8 сарын байдлаар аймгийн 11 сумын нутагт тархаж 995 өрхийн 74183 мал өвчилж, 11869 мал хорогдсон. Үүнтэй холбоотой Монгол улсын Засгийн газраас 1100847880 төгрөг гаргаж худалдан авсан 3223000 тун вакцинаар аймгийн хэмжээний 17 сумын 2850776 малыг вакцинжуулсан. Гамшгийн нөхцөл байдал, учирсан хохирол, үүссэн үр дагавар нь тухайн үед ажиллаж байсан З.Л-ийн гамшгаас хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой.
Иймээс ажлын байрны тодорхойлолтонд заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн З.Л-г албан тушаал бууруулах шийдвэр гаргасан. Үүнийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч ажлаа өгсөн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Б/40 дугаартай захирамжаар Төрийн албаны тухайн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, Улсын комиссын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан З.Л-г албан тушаалаар бууруулсан талаар гол баримталсан зүйл нь гамшгаас хамгаалах, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажлын байрны тодорхойлолт, дүр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл байгаа. Тухайн үед болсон нөхцөл байдал нь холбогдох үндэслэлээр хангалттай нотлогдон тогтоогдсон болох нь үндэслэлтэй юм. Ховд аймагт бог малын “Мялзан” төст өвчин 21 суманд гарчихсан бөгөөд зэргэлдээх аймаг болох Увс, Баян-Өлгий аймагт тархсан нөхцөл байдлууд байсан. Тухайн өвчин нь анх Ховд аймгийн Булган, Алтай, Үенч сумуудтай хил залгаа БНХАУ-ын Шинжиан Уйгарын Өртөө Засах орны Алтай Хами гэсэн аймгуудад 2013, 2014, 2015 онуудад тарсан талаар судалгаа байдаг. Хилийн цаана аюулын харанга дэгдээд мал үхээд явж байхад Хүнс хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн газрын зүгээс яагаад тухайн өвчнийг нааш нь алдаад мэргэжлийн болон бодлогын ямар арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бэ? гэдгийг Аймгийн Засаг даргын зүгээс болон Хүнс хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн газрын зүгээс авч хэрэгжүүлээгүй. Үүний талаар ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд З.Л-ийн албан тушаалыг бууруулах шалтгаан болсон. Энэ талаар баримтууд нь Тагнуулын байгууллагын баримт хэрэгт байдаг. Тухайн өвчин нь анх 2015 онд гарч байсан тогтоогддог бөгөөд энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй нь харагдаагүй.
Мөн 11 000 000 мал өвчилж үхсэний дараа мэдэгдэж байгааг ойлгохгүй байгаа. Хүнс хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн газраас тухайн өвчний талаар судалгаа болон тандалт хийгээгүй байхад мал үржлийн тасгаас болон малчид арга хэмжээ авах талаар санаачилсан байдаг. Тухайн өвчнүүдийг малчин айлуудын хотноос шинжилгээ авч онош тодруулахаар Хүнс хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн газарт хүргүүлж оношлогддог. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн сайдын 2011 оны 06 сарын 02-ны өдрийн А/86 дугаартай тушаалаар Хорио цээр хязгаарлалтын заавал тогтоох зааврын мал, амьтны гаралтай өвчний жагсаалтыг баталсан. Тухайн жаргсаалтанд цусан халдвар, Колибактериоз өвчин багтаж байгаа. Хүнс хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн газар нь тухайн хариунуудыг Мэргэжлийн хяналтын газар руу явуулаад хорио цээр тогтоох шаардлагатай байсан боловч явуулаагүй байдаг. Булган суманд ажлаар явж байхад гэрч малын эмч Мерген 05 сарын эхээр маш их мал үхээд байгаа учраас арга хэмжээ авах талаар хэлсэн байдаг. Гэтэл тухайн нэр бүхий хүмүүс сонгуулийн сурталчилгаа хийгээд явж байсан. Хүнс хөдөө аж ахуйн сайдын 1994 оны тушаалаар мал амьтны гоц халдварт өвчнийг яаралтай мэдэгдэх, тэмцэх журмаар уг өвчнийг яаралтай зарлан мэдээлнэ гэж байгаа. Гэтэл ямар нэгэн байдлаар яаралтай зарлан мэдээлсэн зүйл байдаггүй бөгөөд тухайн журам хэрэгжээгүй байдаг. Гэтэл 5 удаагийн шинжилгээгээр тухайн өвчин илрээд байхад зарлан мэдээлэх арга хэмжээ аваагүй байдаг. Хавтаст хэрэгт Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын тушаал байгаа бөгөөд анхаарч ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн байхад авч хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс эдгээр байдлуудтай холбоотойгоор арга хэмжээ авсан бол тэр талаар баримтаа хавтаст хэрэгт хавсаргах байсан байх. Ховд аймгийн Засаг даргын зүгээс болон Хүнс хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн газрын 2015 оны 09 сараас 2016 оны 09 сарын бүтэн 01 жилийн хугацаанд малын өвчний талаар ямар ч арга хэмжээ аваагүй нөхцөл байдал байдаг. Тухайн өвчнөөр 628 000 мал өвчлөөд, 1035 мал үхсэн байдаг бөгөөд вирусийн гаралтай өвчнөөр өвчилсөн болох нь харагддаг. Бактери, вирусийн гаралтай өвчнүүдийн халдварлах арга зам болон хамрах хүрээ нь өөр өөр байдаг бөгөөд тэнгэр, газар шиг ялгаатай байдаг. Вирусийн гаралтай өвчин нь маш хурдан тархаж, олноор нь үхүүлдэг. Энэ талаар мэргэжлийн алдаа гаргаж олон тооны мал үхүүлсэн.
Анх Ховд аймгийн Булган суманд гарсан өвчин нь Мянгад сумдад гараад 20 000 өрхийн 81 000 мал өвчилсөн. Малчин н.Доноогийн малаас авсан дээжийг Улсын Мал эмнэлгийн Үржлийн тасагт хүргүүлээд, 2016 оны 08 сарын 24-ний өдөр бог малын Мялзан төст өвчнөөр үхсэн гэдэг нь тогтоогдсон. Тухайн шинжилгээг дээж ирүүлж байх үед хийлгэх шаардлагатай байсан. Үүнийг мэргэжлийн хүмүүсийн цэвэр алдаа байсан. Тухайн байгууллагыг хэн ажиллуулах ёстой байсан гэхээр дарга нь ажиллуулах шаардлагатай байсан. 2015 оны 08 сарын 26-ны өдөр Ховд аймгийн онцгой комисс бүтэн жилийнхээ анхны хуралдааныг хийсэн байдаг. Гэтэл анх сумуудад өвчин гарч эхэлж байх үед хуралдаанаа хийгээд арга хэмжээ авах ёстой байдаг. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д малын халдварт болон гоц халдварт өвчин гарсан тохиолдолд Улсын байцаагчийн дүгнэлтээр аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нар хорио цээр тогтооно гэж заасан. Хүнс хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн газрын зүгээс тухайн өвчний талаар гарсан оношийг маш яаралтай Мэргэжлийн хяналтын газар хүргүүлэх шаардлагатай байсан. Гэтэл Мэргэжлийн хяналтын зүгээс 2016 оны 08 сарын Мялзан төст өвчний дүгнэлт ирэхээс өмнө Хүнс хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн газраас нэг ч онош ирээгүй талаар хэлдэг. Ингээд Ховд аймгийн Мянгад, Дөргөн сумуудад Мялзан төст өвчин гарсан талаар дүгнэлт гаргаад маргааш нь Аймгийн онцгой комисс хуралдаад, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 11 дугаартай захирамжаар Булган, Мянгад, Дөргөн сумуудад хорио цээрийн дэглэм тогтоосон. Үүний улмаас хэн хохирч байгаар гэхээр малчид, иргэд болон Монгол улс эдийн засгаараа хохирч гадагш махаа гаргаж чадахгүй болсон. 2016 оны 08 сарын 29-ны өдрийн хуралдаанаар Аймгийн онцгой комисс гараад хуралдаан хийгээд тандалт, судалгаа хийдэг. Гэтэл нөгөө үхээд байсан малнууд нь Мялзан төст өвчнөөр үхэж байсан болох нь тогтоогддог. Сүүлд авсан хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш мал үхээгүй байдаг. Тухайн өвчин нь улсын хэмжээний асуудал болоод 2016 оны 09 сарын эхээр тогтоол гараад Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад Мялзан өвчтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоосон. Аймгийн онцгой комисс хуралдаад малын өвчин хурдацтай тархаад 11 000 мал өвчилж, 3 аймагт дамжсан талаар асуудалд тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа хангалттай байгаа. Энэ асуудлаас болоод Хүнс хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын ажлын албан тушаалыг бууруулж, салбарын бодлогыг хариуцаж байсан хүнийг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Улсын төсвөөс 1 тэрбум төгрөгийн зардал гаргаж Мялзан өвчний вакцин авч тарих ажил явагдаж байгаа. Бид нарын зүгээс Хүнс хөдөө аж ахуйн жижиг, дунд үйлдвэрийн газрын даргад хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн зарчим дээр санал нэгдээд албан тушаалыг нь буруулсан. Мөн энэ талаар Ховд аймгийн Засаг дарга тайлбараа ирүүлсэн байгаа гэв.
Гуравдагч этгээд Т.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Т.Б би нэхэмжлэгч З.Л-ийн тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардан аваад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 12-ны өдрийн Б/41 дугаартай захирамжаар уг ажилд томилогдон газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Ховд аймгийн Булган суманд 2016 оны 03 сард гарсан бог малын Мялзан өвчин нь 2016 оны 08 сарын байдлаар аймгийн 11 сумын нутагт тархаж, 995 өрхийн 74 183 мал хорогдсон хохирол учирлаа. Бог малын Мялзан өвчний гарал үүсэл, үүссэн цаг хугацаа, тархсан байдал, нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар зэрэг бусад хууль хяналт, мэргэжлийн байгууллагын тайлангаар Мялзан өвчний шинжилгээний дүгнэлтээр нотлогдсон. Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 08 сарын 30-ны өдрийн А/418 дугаартай захирамжаар Мянгад, Дөргөн сумын нутагт, 2016 оны 09 сарын 13-ны өдрийн А/443, А/444, дугаартай захирамжуудаар аймгийн 11 сумын 34 багийн нутаг дэвсгэрт тус тус хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр аймгийн хэмжээнд 62 274 малд эмчилгээ хийж, өвчний шинж тэмдгийг арилгаж, нэмж мал өвчилсөн тохиолдол гараагүй болно.
Тухайн өвчнөөс сэргийлэх болон хариуцаж байгаа хүний хувьд Ховд аймгийн Булган суманд анх бог малын Мялзан өвчин гэхээс илүү өвчин гарч, бог мал ихээр хорогдох боллоо гэсэн дуудлагуудыг удаа дараа Хүнс хөдөө аж ахуйн газарт ирүүлсэн байдаг. Мөн шинжилгээний дээжүүдийг Улсын төв лабораторид ирүүлсэн бөгөөд шаардлага хангаж байсан. 2016 оны 08 сарын 24-ны өдөр хүртэл Булган сумаас 3, 4, 5 саруудад ирж байсан шинжилгээнүүд эд нэг ч удаа вирусийн шинжилгээнүүд хийгдээгүй бөгөөд учир дутагдалтай байсан. Хэрвээ тухайн ажилдаа хариуцлагатай хандаад мал яагаад хорогдсон талаар болон маш түрэн тархалттай байна гэсэн зүйлүүдэд учир дутагдалтай байсан. Мөн 2 дахь удаагийн шинжилгээн дээр бактери болон вирусийн шинжилгээг хамтад хийсэн бол 3, 4 сард тухайн өвчний бариад авчих бүрэн боломжтой байсан. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичлэгээр Мал эмнэлгийн үржлийн эмч Мергений өгсөн мэдүүлэг дээр тухайн үед байсан Аймгийн Засаг дарга болон Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан З.Л нарыг Булган суманд ажлаар явж байх үед нь тухайн өвчнийг бактерийн гаралтай өвчин бөгөөд малаас малд дамжин халдварлаж, гэдэс нь гүйлгэж, амаар нь яр гарч, мал өөрөө идэшлэж чадахгүй, айлаас айлд дамжиж байгаа талаар хэлээд 2 хоног халуураад хоргодож байна гэж тайлбарласан байдаг.
Тухайн үйлчилгээний нэгжээс хариу ирээд байхад нэг ч удаа орон нутагт очиж ажиллаагүй байдаг. Өнөөдрийн байдлаар Мялзан өвчтэй холбоотой 13.9 тэрбум төгрөг, үйл ажиллагааны зардалд 1 тэрбум төгрөг, 11 000 мал гээд улсын хэмжээнд гарсан хохирол арилаагүй байгаа. Мөн үүнээс хойш хэчнээн толгой малд вакцин хийх нь тодорхойгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед Мялзан өвчин гарсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярилаа. Тухайн асуудлыг их ярих нь чухал биш харин гол агуулгыг нь олж ярих нь чухал асуудал юм. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сонингийн ярилцлагын талаарх асуудлыг яриад байгаа бөгөөд 2016 оны 09 сарын 12-ны өдөр Б/40 дугаартай захирамж гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1-д зааснаар ажлын хэсгээс олгосон үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан З.Л-г Малын удмын сан болон Халдварт өвчинтэй тэмцэх тухай хууль, үр дүнгийн гэрээнд заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Маргаан бүхий актанд нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр, ажлын байрны тодорхойлолтонд заасан ямар үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас албан тушаалаас чөлөөлсөн талаар тодорхой дурьдаагүй. Төсвийн шууд захирагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн нь цаагуураа улс төртэй шууд холбоотой гэж үзэж байна. Мялзан өвчин гарснаас хойш вакцин хийгээд малаа эрүүлжүүлсэн асуудлыг яриад байдаг.
Ховд аймгийн прокурорын мэдэгдэх хуудсаар дээрх хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна. Үүнийг татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хугацаа алдсан зүйл байхгүй бөгөөд урьдчилан эмчилж чадсан талаар гэрчүүд мэдүүлэг өгсөн байдаг. Хариуцагчийн хүсэлт гаргаснаар гэрч нар тодорхой хариултуудыг хэлсэн. Түүгээр ч үл барам хөдөлмөрлөх харилцааг дуусгавар болгохдоо нотлох баримтыг цуглуулаагүй, мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй.
Үүнийг шүүх анхаарч үзнэ үү.
З.Л-ийн хувьд өмнө нь сахилгын арга хэмжээ авагдаж байсан бөгөөд өнөөдрийн хянан хэлэлцэж байгаа хэрэгтэй шалтгаант холбоо байхгүй. Харин нэхэмжлэгчийн зүгээс урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах талаар нэхэмжлэл гаргасан. Мал аж ахуйг сүйтгэсэн, эрт оношлоогүй гэсэн асуудлуудыг хэлээд байдаг. Гэтэл тухайн асуудал нь Ховд аймгийн хэмжээний асуудал биш бөгөөд Монгол улсын хэмжээний асуудал биш юм. Гуравдагч этгээдийн хэлснээр малын өвчнийг эмчилсэн, одоо малын халдварт өвчин байхгүй болсон талаар ярьж байна. Малын халдварт өвчин гарсантай холбоотой өвчтэй малаас дээж авч шинжилгээнд явуулж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжэгчийн шаадлагыг хангах үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч З.Л нь Захиргааны хууль бус актад холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.4 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хандаж шийдвэрлүүлсэн нь Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул уг нэхэмжлэлийг шүүх хэлэлцэх үндэстэй байна. Ховд аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлсэн, нэхэмжлэл нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр, агуулгыг хангасан гэж үзэн шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч З.Л-ийн Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч З.Л нь Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч болох нь түүний 2013 оны 8 дугаар сарын 08-ний өдрийн Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас, Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар дүгнэлт, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн баримт зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр “З.Л-г албан тушаалаас чөлөөлөх тухай” захирамж гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр зөвхөн албан тушаал бууруулахаар заасан байхад дээрх заалтыг үндэслэн Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халж хуулийн заалтыг буруу хэрэглэж шийдвэрлэжээ.
Мөн Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааны талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заалтуудыг зөрчсөн буруутай байна.
Иймд Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр “З.Л-г албан тушаалаас чөлөөлөх тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан эргүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч З.Л нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 231 хоног ажилгүй байсан ба Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар ”Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 7 дугаар заалтын 7-ийн а-д тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин болох 9036720 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Л-д олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1. Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Л-г Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны 231 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9036720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР