Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 175

 

                                                                                                                                                                                                                                                    

                                                                    

 

 

 

 

 

 

 

         М.Эт холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч М.Эын өмгөөлөгч Г.Энхтүвшин,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Мажигсүрэнгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаартай эсэргүүцлээр М.Эт холбогдох эрүүгийн 201725020865 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Багшийнхан овогт Мижиддоржийн М.Э, 1989 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 0004 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000030510/,   

 

             М.Э нь “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Goodcars.mn” цахим сайтад зар мэдээлэл байршуулснаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны 510 тоот дахь “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн байрандаа иргэн Ц.Н-тай уулзаж “би захирал нь байна, танд Япон улсаас “Тоёота Прадо-120” маркийн автомашин захиалан оруулж ирж өгнө” гэж албан тушаалын байдлаа ашиглаж 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр “Автомашин худалдан авах” гэрээ байгуулан, 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр өөрийн дансруугаа 18.250.000 төгрөгийг нь шилжүүлүүлэн авч, зориудаар төөрөгдүүлэн хоорондын харилцааны явцад үүссэн итгэлийг нь урвуулан ашиглаж, Ц.Нын эд хөрөнгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: М.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

             Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос шүүгдэгч М.Эт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Шүүгдэгч М.Эыг албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж, ...давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж ...шийдвэрлэжээ.

 

            Прокурор Л.Мажигсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд: 2002 оны хууль хэрэгжих үед тэнсэж хянан харгалзсан тохиолдолд түүнд тавих хяналтыг оршин суугаа газрын цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэдэг байсан бол одоо хэрэгжиж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж, түүнд тавих хяналтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгахаар хуульчилсан бөгөөд Цагдаагийн байгууллагад энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэхээ больсоор 6 сар гаруй хугацаа өнгөрч байгааг дурдах нь зүйтэй байх төдийгүй хуучин хуулиар хорих ял оногдуулан тэнсэж буй тохиолдолд хяналт тавих тухай шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй нөхцөл байдал тогтоогдож буйг дурдах нь зүйтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тохиолдолд аль хуулийг буцаан хэрэглэсэн хууль зүйн үндэслэлээ тогтоолдоо заах ёстой тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

            Шүүгдэгч М.Эын өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн байна. Ийм хуулийн үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

М.Э нь “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Goodcars.mn” цахим сайтад зар мэдээлэл байршуулснаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны 510 тоот дахь “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн байрандаа иргэн Ц.Нтай уулзаж “би захирал нь байна, танд Япон улсаас “Тоёота Прадо-120” загварын автомашин захиалан оруулж ирж өгнө” гэж албан тушаалын байдлаа ашиглаж, 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр “Автомашин худалдан авах” гэрээ байгуулан 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр өөрийн дансруугаа 18.250.000 төгрөгийг нь шилжүүлүүлэн авч, зориудаар төөрөгдүүлэн хоорондын харилцааны явцад үүссэн итгэлийг нь урвуулан ашиглаж, Ц.Нын 18.250.000 төгрөгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Нын “...Би 2017 оны 1 дүгээр сард машин худалдан авахаар зар үзсэн.Тэгээд “Goodcars.mn” сайтаас харж байгаад “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн зарыг хараад машин захиалахаар ярьж тухайн компанийн захирал М.Этой Тусгаар тогтнолын ордны 510 тоот байранд нь уулзаж “Тоёота Прадо-120” загварын автомашин захиалахаар болсон. 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр машин захиалах гэрээгээ хийсэн. Урьдчилгаа мөнгө гэж гэрээний заалтын дагуу 18.250.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр “Хүүхдийн 100” дугаар дэлгүүрийн орчимд байрлах “Голомт” банкнаас М.М.Эын “ХААН” банкны /5111213223/ гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд гэрээнд заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр машиныг хүлээлгэн өгөх ёстой байсан боловч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй. Лавлаж асуухад 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Замын-Үүд” дээр ирж байгаа” гэсэн. Тухайн хэлсэн өдөр нь М.М.Эын утас руу залгаж асуухад “нэг контейнерт 4 машин хамт ирж байгаа, задлахын тулд бүх хүн байж байгаад задладаг юм. Зарим эзэд нь цагаан сарын дараа авъя гээд байна” гэсэн. Тэгээд 3 дугаар сарын 6-ны өдөр залгахад утас нь ерөөсөө холбогдохгүй байсан. Оффис дээр нь очтол хаалган дээр нь “төлбөр төлөөгүй учраас гээд битүүмжилсэн” гэсэн байсан. Тэгээд өдөржингөө залгаад нэг удаад нь утсаа авч орой нь 21 цагийн үед уулзахаар болоод “Баянмонгол” хороололд байдаг нэг кафед уулзсан. Тэгтэл М.М.Э “машиныг чинь захиалаагүй, захиалахад асуудал үүссэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мөнгөө буцааж авъя” гэтэл 2017 оны 3 дугаар сарын 17-ны дотор таны төлсөн мөнгийг буцааж өгнө” гэсэн. 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр уулзахад “төлсөн мөнгийг чинь үрээд дууссан, одоо нэг ч мөнгө байхгүй, 3 дугаар сарын 17-ны өдөр хэлсэн ёсоороо яг мөнгийг чинь буцааж өгнө” гэсэн. Үүнээс хойш мөнгө өгөөгүй өдийг хүрч байна. Япон руу машин захиалахад нь байгаагүй, надад хэдэн төрлийн машины зургийг үзүүлээд би тэрнээс нь сонгосон юм. Надаас М.М.Э 18.250.000 төгрөг авсан. Эхнээсээ М.М.Э намайг залилан мэхэлж мөнгө авсан байна...” /хх-21-22/,

Шүүгдэгч М.Эын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би “Гэрэлт Соёмбо” ХХК-ийг 2014 оны 7 дугаар сард байгуулсан. Манай компани гадаад улсаас автомашин оруулж ирж худалдан борлуулж ашиг олдог чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. ...Дуудлага худалдаагаар урьдчилгаа өгч авсан байсан 2 автомашины үлдэгдэл мөнгийг өгөх хугацаа хэтэрсэн байсан. Тэгээд хураагдчихсан. Ингээд л өр үүсч эхэлсэн. Би энэ 2 автомашиныг захиалаад хүмүүст нь аваад өгчихсөн юм. Тэгтэл Ц.Н “автомашин захиалъя” гээд надтай холбогдсон. Ц.Н “Тоёота Прадо-120” загварын автомашиныг 36.500.000 төгрөгөөр авахаар тохиролцоод урьдчилгаа болгож 18.250.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Гэвч би Ц.Над автомашин захиалаагүй юм. Тухайн үед манай компани өртэй болчихсон байсан ба Ц.Нын өгсөн мөнгөний 3.000.000 төгрөгийг нь 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр өрөнд шилжүүлсэн. Мөн урсгал засварт зарцуулсан. Дараа нь 3.000.000, 4.000.000 гэж авсан мөнгө бол би өөрөө бэлнээр авсан мөнгө байгаа юм...” /хх-24-27/ гэх мэдүүлгүүд, автомашин худалдан авах гэрээ /хх-9-11/, мөнгө шилжүүлсэн баримт /хх-12/, М.Энхболорын “ХААН” банкны дансны гүйлгээний хуулга /хх-50-55/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, ...албан тушаалын байдлаа ашиглаж, ...авсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилжээ.

Прокуророос М.Эт холбогдох хэргийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шүүгдэгчид оногдуулах хорих ялын дээд хэмжээ нэмэгдэж, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байх тул тухайн хэргийг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчлэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Эт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн нь хуулийн үндэслэлтэй байх боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцүүлэн, М.Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар М.Эт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон /цаашид “тогтоолын биелэлтийг хойшлуулсан” гэх/ ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө.” гэсний дагуу түүнд тавих хяналтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хариуцахыг дурдах нь зүйтэй байна.   

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

- 1 дэх заалтын “Прокуророос шүүгдэгч Мижиддоржийн Энхболорт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэснийг “Прокуророос шүүгдэгч Мижиддоржийн Энхболорт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэж,

 

- 3 дахь заалтын “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхболорыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Э нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.  

 

2. Шийтгэх тогтоолын 4, 6 дахь заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Л.Мажигсүрэнгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 8 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Д.ОЧМАНДАХ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ