Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0309

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Д-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Б

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Л

Илтгэсэн шүүгч Д.Б

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Нэхэмжлэгч: Ж.Д

Хариуцагч: Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар “Сөрөг дүгнэлт”-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн өдрийн 91/А1670360 ӨМА-2021/34/СТА-ТШЗ, 93/А1670360 ӨМА-2021/34/СТА-ТШЗ, 94/А1670360 ӨМА-2021/34/СТА-ТШЗ дугаар албан шаардлагууд, 17/А1670360 ӨМА2021/34/СТА-ТШЗ дугаар төлбөр барагдуулах тухай актыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагч Төрийн аудитын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.Б, хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын өмгөөлөгч М.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 120/2021/0013/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Д- нь “Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар “Сөрөг дүгнэлт”-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, мөн өдрийн 91/А1670360 ӨМА-2021/34/СТА-ТШЗ, 93/А1670360 ӨМА-2021/34/СТА-ТШЗ, 94/А1670360 ӨМА-2021/34/СТА-ТШЗ дугаар албан шаардлагууд, 17/А1670360 ӨМА2021/34/СТА-ТШЗ дугаар төлбөр барагдуулах тухай актыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр:

Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 8 дугаар зүйлийн 8.9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 91/А1670360 ӨМА-2021/34/СТА-ТШЗ, 93/А1670360 ӨМА-2021/34/СТА-ТШЗ, 94/А1670360 ӨМА-2021/34/СТА-ТШЗ Албан шаардлага-ууд, 17/А1670360 ӨМА2021/34/СТА-ТШЗ дугаар төлбөр барагдуулах тухай актыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, 227 дугаар “Сөрөг дүгнэлт”-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.9, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Д-г Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль (1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр)-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Д-д 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 11 сар, 01 хоногийн цалинтай тэнцэх олговорт 19,138,478.00 (арван есөн сая нэг зуун гучин найман мянга дөрвөн зуун далан найм) төгрөгийг гаргуулан олгохдоо хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. Сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх хуульд заасан зарчимд үл нийцэх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Үүнд:

3.1.1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана” гэсний дагуу сумын Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйл, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлагыг тус тус үндэслэж байгааг дурдсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасны дагуу захирамжлах хэсэгт нэхэмжлэгчийг Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Шилэн дансны тухай, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн, “Сөрөг дүгнэлт” авсан үйлдэлд нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгааг тодорхой заажээ.

3.1.2. Ажлаас халах захиргааны актыг гаргах хариуцагчид эрх олгогдсон хуулийн заалт нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт байх тул төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болох 37 дугаар зүйлийг үндэслэл болгоогүй хэмээн дүгнэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцэхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг нь “... хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухай зөрчлийн шинж байдал, түүнийг анх болон давтан үйлдсэнийг нь харгалзан ... албан хаагчид сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулах” тухай хариуцагчид эрх олгосон хуулийн заалт байна. Харин шүүхийн шийдвэрт дурдсан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг ажлаас халсан актад үндэслэл болгох боломжгүй бөгөөд тухайн заалт нь захиргааны байгууллагад эрх олгосон бус төрийн албан хаагчид үүрэг болгосон заалт юм.

3.2. Нэхэмжлэгч нь хууль дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, хууль тогтоомжид заасан бусад үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас акт, сөрөг дүгнэлт, албан шаардлагуудыг ногдуулсан байхад шүүхээс хариуцагч шийтгэл ногдуулсан үндэслэлээ нотлоогүй хэмээн дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйлдлийг Төрийн аудитын газар болон шүүх өөрөө дараах байдлаар тогтоожээ.

3.2.1. 3өрчил арилгах тухай 91/А1670360 дугаар албан шаардлага: Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайланд дараах зөрчил илэрсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь заалт болон холбогдох журмыг зөрчиж гэрээнд 5 хувийн барьцаа байршуулахаар заасан байхад гэрээний үлдэгдэл 34,208.9 төгрөг, мөн 76,897.0 төгрөгийг барьцааны дансанд шилжүүлэн төвлөрүүлсэн. Байгууллагын санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар илэрсэн хууль зөрчсөн үйлдэл нь нэхэмжлэгчид хуулиар хүлээлгэсэн болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт нь шууд хамааралтай байсан.

3.2.2. Зөрчилтэй худалдан авах ажиллагааны гэрээнүүдэд нэхэмжлэгч нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд захиалагчийг төлөөлөн гэрээ байгуулсан, төлбөрийн гүйлгээний баримт, нэхэмжлэх, хүсэлтэд зөвшөөрч нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулсан нь холбогдох хууль зөрчсөн болохыг шүүх тогтоосон. Төрийн аудитын газрын албан шаардлагад дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах авах тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн байна хэмээн шүүх өөрөө дүгнэлтийг хийсэн. Сумын Засаг даргын Тамгын газар нь энэ албан шаардлагад дурдсан зөрчлийг арилгаж, ажил гүйцэтгэгч компаниудад олгох санхүүжилтийн төлбөрийг гэрээний дагуу шилжүүлсэн.

3.2.3. 3өрчил арилгах тухай 92/А1670360 дугаар албан шаардлага: Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтыг зөрчиж санхүүгийн тайланд жил 37,194.1 төгрөгийн авлага, өглөг үүсгэсэн, сумын Засаг даргын шийдвэргүйгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан төсвийн хөрөнгөөс 4 сая төгрөгийг зарцуулсан, Газрын кадастрын зураг 2 сая төгрөг, конторын зураг төсөв 7 сая төгрөгийг бүртгэлд тусгаагүй орхигдуулсан. Эдгээр зөрчлийг гаргасныг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй боловч “Сөрөг дүгнэлт”, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд мөн хамаарах болно.

3.2.4. Зөрчил арилгах тухай 93/А1670360 дугаар албан шаардлага: Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтыг зөрчиж тулган баталгаажуулахад 4 мэдээллийг хоцроосон, 3 орлогын гүйлгээ нийт 16,996.7 төгрөг, 8 зарлагын гүйлгээ 282,712.6 төгрөгийн зардлуудыг мэдээлээгүй зөрчил гаргасан.

3.2.5. Шилэн дансны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “шилэн дансны мэдээллийг энэхүү хуулийн дагуу иргэн олон нийтэд хүргэх үүргийн дараах албан тушаалтан хүлээнэ”, 7.1.3-т “тухайн зарлага, төлбөрийн даалгаварт нэгдүгээр, хоёрдугаар гарын үсэг зурж гүйлгээ хийсэн албан тушаалтан” гэж заасан. Нэхэмжлэгч нь хууль зөрчсөн зөрчлийг илрүүлсэн Төрийн аудитын газрын албан шаардлага үндэслэлтэй талаар шүүх дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод ил тод байдлын шалгуур, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган гүйцэтгэх чиг үүрэгтэй байна.

3.3. Төлбөр барагдуулах тухай 17/А1670360 дугаар акт: Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 390 дүгээр тушаалаар батлагдсан журмыг зөрчиж, 1,229.107 төгрөгийн шатахууныг хэтрүүлэн зарцуулсан юм. Актаар ногдуулсан төлбөрийг сумын Засаг даргын Тамгын газар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төлж барагдуулсан.

3.3.1. Сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайлангаар илэрсэн зөрчлүүд нь нэхэмжлэгчийн Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Шилэн дансны тухай, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар хүлээсэн үүрэгтэй шууд холбоотой.

3.3.2. Түүний ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын зорилтод хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, хяналт тавих, Тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, хяналт тавих гэж заажээ. Мөн төсвийн шууд захирагчийн хувьд хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж хяналт тавих, үр дүнг дээшлүүлэх, гүйцэтгэлийн тайлагнан худалдан авах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиг үүрэгтэй. Иймд тухайн санхүүгийн зөрчлүүд нь нэхэмжлэгчийн ажил үүрэгтэй хамааралтай тул хариуцлага хүлээх үүргийг хүлээнэ.

3.4. Мөн шүүх нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйлдлийг хариуцагчийг шалгаж тогтоогоогүй хэмээн дүгнэсэн нь маргаан бүхий актын үндэслэл болсон хуулийн зүйл, заалтыг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлаагүй.

3.4.1. Шүүх “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаагүй хэмээн сумын Засаг даргын 2020 оны Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгох нэг үндэслэлээ болгожээ. Тухайн журмын 2.1-д “сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн шалгалт явуулах үндэслэл болно” 2.2-т “албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан эсхүл байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж албан тушаалтан тогтооно”, 2.3-т “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна” гэх зөрчил шалган тогтоох үйл ажиллагаа явуулаагүй гэсэн байна.

3.4.2. Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 34/А1670360 дугаар хариуцлага тооцох тухай албан шаардлагыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн. Тухайн албан шаардлагад Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг дурдсан. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй” гэсэн тул хариуцагч эрх бүхий бүхий байгууллагын тогтоосон үндэслэлийг дахин тогтоох боломжгүй юм. Гэтэл шүүх хариуцагчийг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргийг зөрчсөн байдлыг тогтоогоогүй хэмээн дүгнэлт хийсэн үндэслэл бүхий болоогүй.

3.4.3. Мөн Төрийн аудитын газрын сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг дахин тогтоогоогүй гэх боловч боловч журамд нийцэх үйл ажиллагааг хариуцагч явуулсан байх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Төрийн аудитын газрын акт, албан шаардлага, сөрөг дүгнэлтээр тогтоогдсон үйл баримтыг нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан. Байгууллагын дотоод цахим сүлжээгээр 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хариуцлага тооцох албан шаардлагыг нэхэмжлэгчид танилцуулсан. Нэхэмжлэгчийн дээд шатны албан тушаалтны хувьд сумын Засаг дарга нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зөрчлийн талаар биечлэн уулзсан тэмдэглэл хийсэн.

3.5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахаас өмнө түүнд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сонсох ажиллагаа биечлэн явуулж, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, баримтжуулсан. Гэтэл шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтын агуулгыг тайлбарлан сонсох ажиллагаа явуулсан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн байна. Сонсох ажиллагаа явуулсан нотлох баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй байна.

3.5.1. Сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийн хууль зөрчсөн олон удаагийн үйлдэл, зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг сонгон хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн хууль зөрчсөн үйлдэлд тохирсон гэж үзэж байна.

3.5.2. Мөн шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх заалттай дараах байдлаар нийцэхгүй байна.

3.5.3. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүйд тооцсон Хөдөлмөрийн тухай хууль / 1999 он /-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгасан.

3.5.4. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэх заалтыг зөрчиж байна.

3.5.5. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас тус бүр 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэжээ. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт Өмнөговь аймгийн Төрийн аудитын газар холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон байна. Тухайн байгууллагад холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байхад улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг зөрчжээ.

3.6. Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Д-гийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгох, сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Ж.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/13 дугаар захирамжаар “... сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Шилэн дансны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг зөрчиж “Сөрөг дүгнэлт” авсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Д-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3. Хариуцагчаас уг захирамжийг гаргах болсон үндэслэлээ “...нэхэмжлэгч нь төсвийн шууд захирагчийн хувьд хуульд заасан эрх, үүрэг, төрийн албан хаагчийн хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас аудитын шалгалтаар зөрчлүүд илэрч, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 94/А670360 ӨМА-2021/34/СТА-ТШЗ дугаар шаардлагад Ж.Д-д хариуцлага тооцох тухай албан шаардлага ирсний дагуу түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тайлбарлажээ.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хуульчилсан, мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй.

5. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий Б/13 дугаар захирамж гаргах өдрөө буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хариуцлага тооцуулах тухай албан шаардлагыг хүлээн аваад мөн өдрөө нэхэмжлэгчид ажлаас халах шийтгэл ногдуулсан тухай мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “...захиргааны акт ... гаргахын өмнө ... тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасантай нийцээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гэж тус тус заажээ.

7. Нэхэмжлэгч Ж.Д-д төрийн жинхэнэ албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/13 дугаар захирамжид төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлүүдийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна.

8. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захирамжид Төрийн албаны тухай хуульд заасан аль үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж буй талаар тодорхой заагаагүй байхаас гадна Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” албан шаардлага, Сөрөг дүгнэлт нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахыг даалгасан агуулгатай гарснаас бус нэхэмжлэгчийн төрийн алба хаах эрхийг шууд хязгаарласан шинжгүй байхад уг хариуцлага тооцуулах албан шаардлагыг үндэслэн нэхэмжлэгчид төрийн албанаас шууд халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах заалттай нийцээгүй байна.

9. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 30.1.17-д“хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, ...санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан... бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно”, 42.3-д “Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ” гэж зааснаар аймгийн Засаг дарга хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй. Энэ нь зөвхөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдийг заан тодорхойлсон зохицуулалт бөгөөд харин ямар тохиолдол, үндэслэл бүрдсэн үед дээрх шийдвэрийг гаргахыг Төрийн албаны тухай хуульд нарийвчлан зохицуулжээ.

10. Гэтэл нэхэмжлэгч Ж.Д-г тухайлан ямар зөрчил гаргасан болохыг хариуцагч аудитын албан шаардлагаас өөрөөр тодорхой тайлбарлаагүй, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан ямар нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, хориглох үйл ажиллагаа явуулсан болох нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...аудитын байгууллагаас хийсэн аудитаар 7 зөрчил илэрсэн. Энэ нь Ж.Д- болон нягтлан бодогч н.Бямбаа нарын ажлыг чиг үүрэгтэй шууд хамааралтай” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах” гэж заасныг хэрэгжүүлээгүй мөн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзээгүй болох нь тогтоогдож байна.

11. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй байх тул хариуцагчийн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан сонгох боломжид хамаарахгүй. Хууль, захиргааны хэм хэмжээний актад төрийн жинхэнэ албан хаагчид хуульд зааснаас бусад үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулахыг зөвшөөрөөгүй, ийм нөхцөл, тохиолдлоос төрийн албан хаагч хамгаалагдахаар байна.

12. Мөн төрийн албанаас халах сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

13. Хариуцагчийн давж заалдах гомдлоо аудитын шалгалтаар илэрсэн зөрчлүүд илэрхий, тиймээс хариуцлага тооцох албан шаардлагыг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тайлбарлах боловч Өмнөговь аймаг дахь төрийн аудитын газрын сөрөг дүгнэлт, албан шаардлагууд нь аудитын хяналт шалгалт явуулснаар илэрсэн зөрчил, мөн “Хариуцлага тооцуулах тухай” албан шаардлага нь хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргыг өөрийн хуульд заасан эрх хэмжээгээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхийг зөвлөсөн агуулгатай, болохоос уг албан шаардлагыг биелүүлж Ж.Д-д сахилгын шийтгэл ногдуулахаар нөхцөл байдлыг тогтоохоор цуглуулсан баримт гэж үзэхгүй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ