| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1516/Э |
| Дугаар | 1555 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 1555
2020 08 26 2020/ШЦТ/1555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Э.Ариунболд,
Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Б-н О-д холбогдох эрүүгийн 1806 01907 1316 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Баламжав овогтой Очирсүрэн нь зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Unegui.mn” зарын сайтад “Баянмонгол хороололд байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж иргэн З.Долгороос 400.000 төгрөгийг Х.Билгүүний эзэмшлийн Хаан банкны 5622003690 тоот дансаар дамжуулан хуурч авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Энэ гэмт хэргийг Хадбаатарын Ганбаттай хамт үйлдсэн. Энэ хэрэг дээр хам хэрэгтнээр татагдаж байцаалт өгсөн. Тэр хүн одоо байхгүй байна” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч З.Долгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Улаанбаатар хотод охин Ариунтуяаг эмчлүүлэх зорилгоор ирээд байрлах газар хэрэгтэй байсан учраас Unegui.mn сайтаас байр түрээслэх зар хайж байтал нэг зарыг олж уншаад 90354567 дугаарын утсаар Билгүүн гэгчтэй холбогдож ярьсан. Билгүүн ярихдаа Баянмонгол хотхонд 1 өрөө байрыг сарын 400.000 төгрөгөөр түрээслэнэ сар сардаа мөнгөө өгч болно гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд өөрийнх нь хэлсэн 5622003690 дансруу эхний сарын төлбөр болох 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэрний дараа утсаар ярьж байгаад 49 дүгээр байрны гадаа хүрээд ир гэсэн ба дахиад удаагүй залгахад гар утас нь холбогдох боломжгүй болсон” /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Х.Билгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2017 оны 11 дүгээр сарын сүүлээс эхлээд Ичинхорлоо эгч миний ХААН банкны картыг авч хүнээс мөнгө шилжүүлж авна гэж үе үе авдаг болсон ... Ичинхорлоо эгч 1 охинтой, нөхөр Очирсүрэн гэх хүн шоронд байдаг гэж хэлдэг байсан. Би өөрийн дансыг 2017 оны 11 дүгээр сараас хойш ашиглаж гүйлгээ хийгээгүй. Миний нэр дээр 5622003690 тоот данснаас өөр данс байхгүй. Би өөрийн дансаар мөнгө орж гарч байгаа талаар огт мэдээгүй ... 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний ХААН банкны дансанд мөнгө орсон талаар мэдэхгүй, карт Ичинхорлоо эгчид байдаг байсан ... Би картаа авмаар байна гэхээр чиний картыг Очирсүрэн аваад явсан гэж хэлсэн” /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “... Би Х.Билгүүний 5622003690 дугаарын дансны виза картыг 2018 оны 02 дугаар сарын 03 байна уу 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ашиглаж байгаад ... 2018 оны 02 дугаар сарын дундуур би Үнэгүй.мн дээр Баянмонгол хороололд 1 өрөө байр түрээслэнэ хөлс нь 400.000 төгрөг гэсэн утгатай зар оруулж байсан ... Би бусдыг хууран мэхэлж мөнгө авах гэж тийм зар оруулдаг байсан. Түүнээс надад ямар нэгэн түрээслэх байр байхгүй ... нэг нь л мөнгө шилжүүлж байсан ... Тухайн хүн 40 орчим насны эмэгтэй хүн байсан нэр нь Долгор гэж байсан шиг санагдаж байна. Би 5622003690 дугаарын данс өгөхөд уг дансруу 400.000 төгрөг шилжүүлж байсан. Тухайн мөнгийг би авч хувийн хэрэглээндээ ашигласан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Х.Билгүүний ХААН банкны 5622003690 дугаартай дансны хуулга /хх-ийн 104 дүгээр хуудас/,
Ялын тооцооны хуудас /хх-ийн 122 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.О нь зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Unegui.mn зарын сайтад Баянмонгол хороололд байр түрээслүүлнэ гэж худал зар байршуулан хуурч хохирогч З.Долгороос 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Энэ гэмт хэргийг Хадбаатарын Ганбаттай хамт үйлдсэн. Энэ хэрэг дээр хам хэрэгтнээр татагдаж байцаалт өгсөн. Тэр хүн одоо байхгүй байна” гэх мэдүүлэг, хохирогч З.Долгорын “Unegui.mn сайтаас байр түрээслэх зар хайж байтал нэг зарыг олж уншаад 90354567 дугаарын утсаар Билгүүн гэгчтэй холбогдож ярьсан. Билгүүн ярихдаа Баянмонгол хотхонд 1 өрөө байрыг сарын 400.000 төгрөгөөр түрээслэнэ сар сардаа мөнгөө өгч болно гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд өөрийнх нь хэлсэн 5622003690 дансруу эхний сарын төлбөр болох 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэрний дараа утсаар ярьж байгаад 49 дүгээр байрны гадаа хүрээд ир гэсэн ба дахиад удаагүй залгахад гар утас нь холбогдох боломжгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, Гэрч Х.Билгүүний “... 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний ХААН банкны дансанд мөнгө орсон талаар мэдэхгүй, карт Ичинхорлоо эгчид байдаг байсан ... Би картаа авмаар байна гэхээр чиний картыг Очирсүрэн аваад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Б.Очирсүрэнгийн “... Би Х.Билгүүний 5622003690 дугаарын дансны виза картыг 2018 оны 02 дугаар сарын 03 байна уу 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ашигласан ... 2018 оны 02 дугаар сарын дундуур би Үнэгүй.мн дээр Баянмонгол хороололд 1 өрөө байр түрээслэнэ хөлс нь 400.000 төгрөг гэсэн утгатай зар оруулж байсан ... Би бусдыг хууран мэхэлж мөнгө авах гэж тийм зар оруулдаг байсан. Түүнээс надад ямар нэгэн түрээслэх байр байхгүй ... нэг нь л мөнгө шилжүүлж байсан ... Тухайн хүн 40 орчим насны эмэгтэй хүн байсан нэр нь Долгор гэж байсан шиг санагдаж байна. Би 5622003690 дугаарын данс өгөхөд уг дансруу 400.000 төгрөг шилжүүлж байсан. Тухайн мөнгийг би авч хувийн хэрэглээндээ ашигласан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/, Х.Билгүүний ХААН банкны 5622003690 дугаартай дансны хуулга /хх-ийн 104 дүгээр хуудас/, ялын тооцооны хуудас /хх-ийн 122 дугаар хуудас/, Ч.Очирсүрэнг яллагдагчаар цагдан хорьсон шүүгчийн захирамж /хх-ийн 123-125 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Б.О-г “Хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-гээс 400.000 төгрөг гаргуулж хохирогч З.Долгорт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.О-г “Хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Б.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу дээрх төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсний дараа өмнөх үйлдэл гарч ирсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногтой дүйцүүлэн 60 хоног буюу 2 сарын хугацаагаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 1 сар 14 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт биелэн эдлэх ялыг 6 жил 3 сар 14 хоногийн хугацаагаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан 6 жил 3 сар 14 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О-гийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Ялын тооцоог 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөр бодож үлдсэн ялыг 6 жил 1 сар 17 хоногоор тооцсон боловч Б.О-г энэ хэрэгт 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорьсон шүүгчийн захирамж байх тул цагдан хоригдсон хугацааг тус өдрөөс тооцож 57 хоног гэж, эдлээгүй үлдсэн ялыг цагдан хоригдсон өдөр хүртэл тооцож 6 жил 1 сар 14 хоног гэж тус тус тогтоосон болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бовогт Б-н О-г “Хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногтой дүйцүүлэн 2 сарын хугацаагаар тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 заалтад зааснаар оногдуулсан 8 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 жил 1 сар 14 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 3 сар 14 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар Б.О-д оногдуулсан 6 жил 3 сар 14 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О-гийн цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-гээс 400.000 төгрөг гаргуулж хохирогч З.Долгорт олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ