Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1465

 

 

 

 

 

 

 

   2020        08           07                                    2020/ШЦТ/1465

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Б.Тулга,

шүүгдэгч Б.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бд овогт Б-н Г-д холбогдох эрүүгийн 2006 02618 1740 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч А.Азжаргалыг газар унагаан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хоншоор яс, жигүүр сэртэн, духны хөндийн өмнөд хана, хамар яс, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хацар, хамрын нуруу, зүүн шанаа, зулайн хуйх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хүзүүний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч А.Азжаргалыг газар унагаан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, өшиглөж эрүүл мэндэд нь хоншоор яс, жигүүр сэртэн, духны хөндийн өмнөд хана, хамар яс, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хацар, хамрын нуруу, зүүн шанаа, зулайн хуйх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хүзүүний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г-н үйлдсэн гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... би босож ирээд яагаад байгаа юм бэ гэсэн чинь над руу агсраад барьцалдаж аваад газарт унасан тэр үед миний нүүрүү 2-3 удаа гараараа цохиод, босоод миний нүүр рүү 2-3 удаа дэвсэлсэн тэгээд би ухаан алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 11 дүгээр хуудас/,

А.Жаргалсайханы  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Галаа гэх залуу нь надруу чи тийм аймаар зодолддог юм уу надад нэг цохиулчих гээд агсараад эхэлсэн тэгсэнээ намайг 2 удаа гараараа хацар, хүзүү рүү цохисон тэгэхээр нь би яаж байгаа юм бэ ахаа гэсэн чинь босож яваад манай ах, Төмөр-Очир ах нар дээр очоод танай дүү намайг цохичихлоо гээд байсан. Манай ах гарч ирээд Галаа гэх залуутай барьцалдаж авсан ... очсон чинь манай ах газарт унасан байсан тэгээд ахыг босгох гэсэн чинь намайг Галаа гэх залуу нь намайг нэг удаа цээж рүү цохисон би цохисон эсвэл өшиглөсөн талаар нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Б.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн  “ ... миний уур хүрээд Азжаргалыг газар унагааж байгаад 2 гараараа нүүр хэсэгт 3-4 удаа цохиж гэмтээсэн. Уг гэмтлийг би учруулсан” /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “А.Азжаргалын биед хоншоор яс, жигүүр сэртэн, духны хөндийн өмнөд хана, хамар яс, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, дух, зүүн хацар, хамрын нуруу, зүүн шанаа, зулайн хуйх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Г-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Б.Г-н зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Г-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч А.Азжаргалын хохирол төлбөрөө хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Галмандахыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Г нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.  

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г-н хохирол төлбөрөө төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-н цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г1д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б-н Г-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

          6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ