Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 88

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1964 онд төрсөн, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багт оршин суух Боржигон овгийн Бунсангийн Сарантуяагийн /РД:АН64120808/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Сарантуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Өөрт байгаа нотлох баримт болох хөдөлмөрийн дэвтэр засвартай тул ажилласан жил орохгүй хохирч байна. Ажилласан байдлыг нотлох баримтуудыг архиваас шүүлгэхэд 2 баримт гарч ирсэн. Нэгдлийн конторын барилга 1997 оны 12 сарын 21-ний өдөр шатсаны улмаас миний ажилласан байдлыг нотлох баримтууд гарч ирэхгүй байна. Иймд шүүхэд өгсөн хөдөлмөрийн дэвтэр болон архиваас гарсан нотлох баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Сарантуяа нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд малчнаар 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1.    Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. ... Богийн төлчдийн дунд зарласан болзол биелүүлсэн 88 төлчинд 15538 төгрөг 20 мөнгөний шагнал олгосугай. Хавсралтанд: Сарантуяа, төллөсөн эх бүгд-118, үүнээс бойжсон төл-118, %-100, шагнал /төг/-106,20 гэсэн “Болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 07 сарын 10-ны өдрийн 66 тоот тогтоол
1.2. Үйлдвэр бригадын зөвлөлийн гишүүдийг дараах 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгон баталсугай. Хавсралтанд: Сарантуяа, Туулант гэсэн “Үйлдвэр бригадын зөвлөлийг шинэчлэн сонгох тухай” Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн үйлдвэр бригадын бүх гишүүдийн хурлын 1989 оны 03 сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоол, 
1.3. Чөлөөт амьдрал нэгдлийн Чулуут бригадын бүх гишүүдийн хурлын 1990 оны 12 сарын 23-ны өдрийн 02 тоот тогтоол,
1.4. Нэгдлийн ерөнхий хорооны тэргүүлэгчдийн 1990 оны 07 сарын 02-ны өдрийн хурлаар баталсан болзол, 
2. Гэрч Д.Амартүвшингийн: “Би Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1987 оноос 2004 оны хооронд сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаас сумын иргэдийн хурлын дарга хүртэл 19 жил тасралтгүй ажиллаж байсан. Намайг 1987 онд захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж эхлэхэд Б.Сарантуяа нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд нөхөр Чойжамцын хамт малчнаар ажилладаг байсан. Б.Сарантуяа нь Чөлөөт амьдрал нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан. Тухайн үед би Цэцэрлэг сумын бүх иргэдийн бүртгэлийн асуудлыг хариуцдаг, мөн хөдөө байнга явж цаг үеийн асуудлаар малчидтай уулздаг байсан учир Б.Сарантуяаг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд малчнаар 1987 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл буюу 1992, 1993 он хүртэл ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг,
3. Гэрч Г.Дуламын: “Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1971 оноос 1992 оныг дуустал төлчин, саальчнаар ажиллаж байсан. Б.Сарантуяа нь 1981 онд Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд илгээлтээр ирж төлчин, саальчин болж байсан. Б.Сарантуяа нь миний ажиллаж байсан Н.Чулуунбаатарын суурьт орж миний удирдлага дор ажилласан. Тухайн үед илгээлтээр ирсэн хүмүүсийг олон жил ажилласан хүмүүст хариуцуулж сургаж авдаг байсан. Би 1981 оноос эхлэн Б.Сарантуяатай Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд нэг суурьт тус нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй хамт төлчин, саальчнаар ажилласан. Б.Сарантуяа нь Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй” гэх мэдүүлэг,
4. Гэрч Ч.Энхжаргалын: “Би 1963 онд төрсөн. Би сургуульд огт суралцаж байгаагүй. Багаас эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1979 онд 16 нас хүрч илгээлтээр Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдлийн Хонгорж бригадын Жанцанбалын фермд 1991 оныг хүртэл хугацаанд тасралтгүй төлчин, саальчнаар ажиллаж байсан. Б.Сарантуяа нь 1981 оны 01 сараас эхлэн 1991 оныг хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд төлчин, саальчнаар надтай хамт тасралтгүй ажиллаж байсан. Б.Сарантуяа нь 5 хүүхэдтэй, нөхрийг нь Чойжоо гэдэг. Би олон жил Б.Сарантуяатай хамт ажиллаж, найзалж нөхөрлөж байна. Тухайн үед нэгдлийн даргаар Гомборагчаа, Ажигцэрэн, ерөнхий нягтлан бодогчоор нь Нэргүй, Хонгорж багийн тоо бүртгэгчээр С.Ганбаатар зэрэг хүмүүс ажиллаж байсан. Би 1981 оны 01 сараас 1991 онд нэгдэл тарах хүртэл хугацаанд Б.Сарантуяатай хамт “Чөлөөт амьдрал” нэгдэлд ажиллаж байсан учир энэ хугацаанд түүний ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ” гэх мэдүүлэг,
5. Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1987.03.20-ны өдрийн 25 тоот захирамжинд: Доржпаламын Амартүвшинг Цэцэрлэг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар 3-р сарын 23-наас томилсугай гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2002 оны 09 сарын 20-ны өдрийн 205 тоот тодорхойлолт,
6. Цэцэрлэг сумын ИХТ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Доржпалам овогтой Амартүвшинг сонгож баталсугай гэсэн Архангай аймгийн Цэцэрлэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1990 оны 01 сарын 05-ны өдрийн 04 тоот тогтоол,
7. Гэрч Г.Дуламыг 1971 оны 1 дүгээр сарын 15-аас 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд төлчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоосон Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 167 тоот шийдвэр,
8. Гэрч Ч.Энхжаргалыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд төлчин, саальчнаар 1982 оны 01 сараас 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосон Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 сарын 14-ний өдрийн 523 тоот шийдвэр,
9. Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн 1981, 1987, 1991 оны баримтыг шүүн үзэхэд ажил төрөлтэй холбоотой материал гараагүй тул Пунсангийн Сарантуяад холбогдох лавлагаа гарах боломжгүй байна гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 03-ны өдрийн 75 тоот тодорхойлолт
 10. Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал ББус ХК конторын барилга нь 1996 оны 01 дүгээр сарын 25-нд цахилгаан ашиглалтын буруугаас, тамгын газрын байр нь эд хогшилын хамт 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гар хийцийн цахилгаан халаах хэрэгсэл ашигласны улмаас тус тус шатсан нь үнэн болохыг гал түймрийн нэгдсэн бүртгэлээс хянан үзэж тодорхойлов гэсэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 31 тоот тодорхойлолт,
11. Б.Сарантуяагийн хөдөлмөрийн дэвтэр,
12. Гэрэл зураг зэрэг болно. 

Шүүх хүсэлт гаргагч Б.Сарантуяагийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Д.Амартүвшин, Г.Дулам, Ч.Энхжаргал нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Сарантуяагийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 07 сарын 10-ны өдрийн 66 тоот тогтоол, өөрсдийнхөө ажиллаж байсан талаар нотлох баримтыг шүүхэд гарган өгч мэдүүлэг өгсөн гэрч Д.Амартүвшингийн “Намайг 1987 онд захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж эхлэхэд Б.Сарантуяа нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд нөхөр Чойжамцын хамт малчнаар ажилладаг байсан. Б.Сарантуяа нь Чөлөөт амьдрал нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Г.Дуламын “Би 1981 оноос эхлэн Б.Сарантуяатай Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд нэг суурьт тус нэгдлийг хувьчлагдах хүртэл тасралтгүй хамт төлчин, саальчнаар ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Энхжаргалын “Б.Сарантуяа нь 1981 оны 01 сараас эхлэн 1991 оныг хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд төлчин, саальчнаар надтай хамт тасралтгүй ажиллаж байсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна. 
Хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “би Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажилласан” гэх тайлбар, гэрч Г.Дулам, Ч.Энхжаргал нарын “Б.Сарантуяа нь Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд 1981 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Д.Амартүвшингийн “Намайг Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1987 онд захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж эхлэхэд Б.Сарантуяа нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд нөхөр Чойжамцын хамт малчнаар ажилладаг байсан. Би Б.Сарантуяаг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдэлд малчнаар 1987 оноос тус нэгдлийг хувьчлагдах хүртэл буюу 1992, 1993 он хүртэл ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн Б.Сарантуяаг Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд малчнаар 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд Б.Сарантуяагийн Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд малчнаар 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Чөлөөт амьдрал нэгдлийн Чулуут бригадын бүх гишүүдийн хурлын 1990 оны 12 сарын 23-ны өдрийн 02 тоот тогтоолд хүсэлт гаргагч Б.Сарантуяад холбогдох заалт байхгүй учир уг тогтоолыг хүсэлт гаргагчид хамааралгүй баримт гэж, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн үйлдвэр бригадын бүх гишүүдийн хурлын 1989 оны 03 сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоол болон Нэгдлийн ерөнхий хорооны тэргүүлэгчдийн 1990 оны 07 сарын 02-ны өдрийн хурлаар баталсан болзол гэсэн баримтанд хавсралттай гэж заагаагүй тул  1989 оны 03 сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоол, 1990 оны 07 сарын 02-ны өдрийн болзол гэсэн баримтыг хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг нотолсон баримт биш гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Бунсангийн Сарантуяаг Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Чөлөөт амьдрал” нэгдэлд малчнаар 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
    
              


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БАЙГАЛМАА