Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1518

 

 

 

 

 

 

   

  2020        08          19                                      2020/ШЦТ/1518

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Я.Сансар,

Шүүгдэгч З.Л, Ц.Жамбалдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт З-н Л, Б овогт Ц-н Ж нарт холбогдох эрүүгийн 2006 00276 1637 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

           Шүүгдэгч З.Л, Ц.Ж нар бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны байрны орцонд иргэн Э.Мягмарсүрэнтэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...                      Би хуучин 2010 онд Баянмонгол хотхонд амьдарч байхдаа найзалж байсан найз болох Лхагвасүрэн гэх залууг өдөр 14 цагийн орчимд эгчийндээ дуудаад тамхи авчруулсан юм тэгээд чи орой манай эгчийнд хүрээд ирвэл ирэхгүй юу даа гэхэд юм хэлэхгүй байж байгаад яваад өгсөн ... 23 цагийн орчимд Лхагваа нь Будшагай, Дашка, Жамбаа гэх зүс таних залуучуудын хамт ирэхдээ согтуу ирцгээсэн юм. Тэд нар ирэхдээ 4 ширхэг 2 литрийн хэмжээтэй Нийслэл гэх шар айраг авч ирээд хамт 2 савтайг нь хувааж ууцгаасан ... би тэр үед нь юм бодолгүйгээр гаргаж өгөх гээд орцондоо гараад иртэл Буд гэх залуу эхлээд миний баруун нүд рүү шууд цохисон ба манараад би хойшилтол зүүн талаас Дашка миний нөгөө нүд рүү цохиод би улам манараад доошоо тонгойход тэр 4 нийлээд миний дээрээс зодоод эхлэхэд би доошоо суугаад унасан юм тэрнээс хойш хэн нь хаана цохиод байгаа нь мэдэгдэхгүй дөрвүүлээ нийлээд зодоод эхэлсэн ... Лхагвасүрэн, Жамбалдорж хоёр нийлээд миний нүүр рүү олон удаа цохиж байсан бөгөөд миний толгой эргээд манарсан байсан тул би сайн анзаарч хараагүй ... гэр рүү орох гэж байх явцад араас Лхагвасүрэн, Жамбал хоёр намайг зодохоор дахин дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11, 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Бумцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Мягмарсүрэнгийн нүүр ам нь маш хавдаж хар хөхөрсөн, нүүр, гар нь цус болсон байдалтай байсан ... Байгаль гэрийн хаалганы гадаа зогсож байгаад найз чинь зодуулаад байна чи юу хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн ... Мягмарсүрэн болон Лхагвасүрэн түүний гурван найзууд зогсож байсан ... би Мягмарсүрэнг яасан талаар тодруулаад хартал нүүр нь их хэмжээний хавдалттай мөн нүүр болон хувцас нь бүхэлдээ цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 25-26 дугаар хуудас/,

Гэрч Г.Байгалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд байж байтал дахин пиво уухаар болсон ба 00 цаг өнгөрсөн дэлгүүр хаасан байсан тул Мягмарсүрэн Бумцэцэгийн утаснаас Лхагваа гэх дүүтэйгээ яриад пиво захисан. Удалгүй Лхагваа гэх залуу 3-н найзын хамт Мягмарсүрэнгийн гэрт ирсэн ба ирэхдээ том пиво 2 ширхэгийг авч орж ирж байсан ... Лхагваа найзуудын хамт Мягмарсүрэнгийн гэрээс явахаар болсон тул Мягмарсүрэн гаргаж өгөхөөр хамт гарсан. Тэгтэл тэр хэдийг гарсны дараа орцонд орилох чимээ сонсогдсон тул би Мягмарсүрэнгийн гэрээс гараад 2 давхраас буугаад 1 давхарын лифтны ойролцоо очтол Мягмарсүрэн Лхагваа хоёр хэрэлдэж маргалдаад хоорондоо заамдалцаад барьцалдсан байдалтай хажуу талд нь найзууд нь салгаж болиулаад зогсож байсан ба хамт байсан найзууд нь хэл амаар Мягмарсүрэнг доромжилж байсан ... Мягмарсүрэнгийн нүүр нь хавдчихсан өмсөж байсан футболк нь цус болчихсон байсан. Тэгтэл Лхагваа гэх залууг нэг найз нь тэврээд боль гээд байсан бөгөөд тэр үед Лхагваа Мягмарсүрэн рүү дахин дайрч хэл амаар доромжилж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

Гэрч С.Будшагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... миний уур хүрээд хэрүүл хийгээд байж байтал дотроос Бумка гэх эмэгтэй гарч ирээд одоо больцгоо гэж хэлсэн ... нөгөө талд нь Дашдорж нь Лхагвасүрэн, Жамбалдорж хоёрыг бариад зогсож байсан ... Лхагвасүрэн, Жамбалдорж хоёр дараа нь надад хандан бид хоёр Мягмарсүрэн ахыг зодсон гэж хэлж байсан ... дараа нь тэр хоёрыг зодсоныг мэдсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 15 -16, 109-111 дүгээр хуудас/,

Гэрч Б.Дашдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Ингээд бид хэд 22 цаг 30 минутын үед Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Олимп хотхонд байх Мягмарсүрэн ахын гэрт очсон бөгөөд бид хэд тэднийд орохдоо 4-н том пиво аваад орсон. Тэгтэл тэдний гэрт үл таних 3-н охин байсан бөгөөд бид хэд хоорондоо танилцаад пиво уусан ба Мягмарсүрэн ах болон нөгөө охидууд согтуу байсан ... Тэр үед нь Лхагваа, Жамбалдорж бид 3 Мягмарсүрэн ахыг гэрт нь оруулахаар орц руу нь орсон ... Тэгэхээр нь би Жамбалдоржийг тэврээд цаашаагаа явтал ард Лхагвасүрэн.Мягмарсүрэн хоёр зодолдоод эхэлсэн. Тэгтэл Бумка гэх охин гаднаас орж ирээд больцгоо гээд тэр хоёрыг болиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1112 дугаартай “Э.Мягмарсүрэнгийн биед 2 нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, тархины доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, 2 хацар, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 283 дугаартай “Э.Мягмарсүрэнгийн биед баруун нүдний ухархайн дотор, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, тархины доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, 2 хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирсан ба 2020.01.29-02.03-ны хооронд Улсын нэгдсэн төв эмнэлэгт зүүн нүдний ухархайн дотор хана нөхөх-имплант тавих хагалгаа хийгджээ. Учирсан гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 2020.01.06-ны өдрийн 1112 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-49 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч З.Л, Ц.Ж нар бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Олимп хотхон 427 дугаар байрны орцонд хохирогч Э.Мягмарсүрэнтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, тархины доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, 2 хацар, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч З.Л, Ц.Ж нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.Мягмарсүрэнгийн                    “Лхагвасүрэн, Жамбалдорж 2 нийлээд миний нүүрлүү олон удаа цохиж байсан бөгөөд миний толгой эргээд манарсан байсан тул би сайн анзаарч хараагүй ... гэрлүү орох гэж байхад араас Лхагвасүрэн, Жамбал 2 намайг зодохоор дахин дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, гэрч Г.Байгалийн “дахин пиво уухаар болсон ба 00 цаг өнгөрсөн дэлгүүр хаасан байсан тул Мягмарсүрэн Бумцэцэгийн утаснаас Лхагваа гэх дүүтэйгээ яриад пиво захисан. Удалгүй Лхагваа гэх залуу 3 найзын хамт Мягмарсүрэнгийн гэрт ирсэн ба ирэхдээ том пиво 2 ширхэгийг авч орж ирсэн ... орцонд орилох чимээ сонсогдсон тул би Мягмарсүрэнгийн гэрээс гараад 2 давхраас буугаад 1 давхарын лифтны ойролцоо очтол Мягмарсүрэн Лхагваа хоёр хэрэлдэж маргалдаад хоорондоо заамдалцаад барьцалдсан байдалтай хажуу талд нь найзууд нь салгаж болиулаад зогсож байсан ... Мягмарсүрэнгийн нүүр нь хавдчихсан өмсөж байсан футболк нь цус болчихсон байсан. Тэгтэл Лхагваа гэх залууг нэг найз нь тэврээд боль гээд байсан бөгөөд тэр үед Лхагваа Мягмарсүрэнрүү дахин дайрч хэл амаар доромжилж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/, гэрч С.Будшагайн “Дашдорж нь Лхагвасүрэн, Жамбалдорж хоёрыг бариад зогсож байсан ... Лхагвасүрэн, Жамбалдорж 2 дараа нь надад хандан бид хоёр Мягмарсүрэн ахыг зодсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 109-111 дүгээр хуудас/, гэрч Б.Дашдоржийн “би Жамбалдоржийг тэврээд цаашаагаа явтал ард Лхагвасүрэн, Мягмарсүрэн хоёр зодолдоод эхэлсэн. Тэгтэл Бумка гэх охин гаднаас орж ирээд больцгоо гээд тэр хоёрыг болиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1112 дугаартай “Э.Мягмарсүрэнгийн биед 2 нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, тархины доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, 2 хацар, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 283 дугаартай “... Улсын нэгдсэн төв эмнэлэгт зүүн нүдний ухархайн дотор хана нөхөх-имплант тавих хагалгаа хийгджээ. Учирсан гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2020.01.06-ны өдрийн 1112 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 47-49 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч З.Л, Ц.Ж нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Хохирогч Э.Мягмарсүрэнд гэмт хэргийн улмаас учирсан 2.500.000 төгрөгийн хохирол төлөгдсөн тул шүүгдэгч З.Лхагвадорж, Ц.Жамбалдорж нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Э.Мягмарсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч З.Лх, Ц.Ж нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.Л, Ц.Жнарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч З.Л, Ц.Ж нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс З.Л, Ц.Ж нарыг нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Л, Ц.Ж нарын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж шийдвэрлэлээ.

   Шүүгдэгч З.Л, Ц.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Л, Ц.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт З-н Л, Б овогт Ц  Ж нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Л, Ц.Ж нарт тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Л, Ц.Ж нар нь оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4.  Шүүгдэгч З.Лх, Ц.Жамбалдорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

6. Хохирогч Э.Мягмарсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч З.Л, Ц.Ж нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.Л, Ц.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         

                        

 

 

            ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                Г.ХАТАНЦЭЦЭГ