| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1527/Э |
| Дугаар | 1564 |
| Огноо | 2020-09-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 1564
2020 08 27 2020/ШЦТ/1564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Хохирогч Б.Сарангоо, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгч Л.Ө, түүний өмгөөлөгч Урангуа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Лхагвын Өлзийбаярт холбогдох эрүүгийн 2006 00000 1855 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Л.Ө нь 2020 оны 06 дугар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Сарангоог нүүр цээжин тус газар гараараа цохиж баруун нүдний дээд, доод зовхи зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сарангоог цохиж нүдсэн зүйл байхгүй. Тухайн үед бид 2 адилхан уусан байсан. Сарангоо согтуу байсан. Би явж байхдаа хэсэг зуур унтсан болохоор тодорхой хэмжээгээр эрүүл болчихсон байсан. Сарангоо бид хоёрын хоорондын маргалдаан маань намайг сэрэхэд үргэлжилж байсан. Одоо тэгээд болиоч дээ гээд хэрүүл үргэлжлээд явж байх үед Сарангоо буух гээд байхаар нь би болохгүй гээд өөрлүүгээ татаад, хөдөлгөөнийг нь хорих гээд зөөлөн эдээрээ эгэмний ясан дээр нь дарсан тэгэж явж байгаад хойш нь дарсан. Сарангоо миний үснээс зулгаасан тэгэхээр нь би бас адилхан үснээс нь зулгаасан. Тэр миний буруу. Тэгэж явж байхад буюу хөдөлгөөн дунд гэмтэл учирсан байх гэж бодож байна. Түүнээс биш би санаатайгаар бол хохирол учруулаагүй. Би буухдаа харахад буруу талын хацар нь жоохон шалбарсан байсан тэр нь бол яг хөдөлгөөн дунд явж байхад л болсон, гарсан хохирол байх гэж бодож байна. Санаатайгаар 2-3 удаа цохисон гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Сарангоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 6 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө Өлзийбаярт зодуулж эхэлсэн байдаг юм. Зодуулж эхлэхдээ бол ямар нэгэн шалтгаан байхгүй. Өлзийбаяр намайг зодож эхлэхээс өмнө машин дотор намайг үгээр идээд байсан. Машин хөдлөөд явж байх үед одоо хэдүүлээ эвлэрчихэж болохгүй юм уу би та хэдтэй муудалцмааргүй байна гэдэг саналыг хэлсэн амьхандаа л тэр уур амьсгалыг гэж би машиныхаа дууг хүртэл чангалсан. Өлзийбаярыг офицеруудын ордон руу аваачиж өгье 12 цаг өнгөрөөд 1 цаг болох гэж байна шөнө болсон байна, гэр нь Налайхад байдаг, нөхөр нь хүлээж байгаа гэж бодоод офицеруудын ордон руу явсан. Гандангийн уулзвар тойроод маргаан нь зогсохгүй үргэлжлээд байсан болохоор ядаргаатай санагдаад байхаар нь машины голд миний 2 ширхэг утас байсан, би утсаа аваад машинаа зогсоогоод би Оюунчимэгийн дээгүүр даваад машинаас буугаад явсан яг машинаас буугаад явахад нарийн гудамж байсан тэр гудмаар ороод явж байсан чинь жолооч бууж ирээд яасан бэ миний найз гэхээр нь манай хоёр найзыг офицеруудын ордон дээр буулгаад суулгаж өгчхөөд хүрээд ир, найз нь өнөөдөр найзтайгаа муудалцах гээд байна эвгүй уур амьсгал үүсээд надад таалагдахгүй байна тийм болохоор найз яг эндээ хүлээж байя, чи манай 2 найзыг ямар ч асуудалгүй унаанд нь суулгаад өгчих тэгээд буцаад хүрээд ир би яг эндээ байж байя гэсэн. Тэгээд яг би хэлсэн амандаа хүрээд Оргилсайханыг хүрээд ирэхэд нь би байсан газраа сууж байсан. Би утсаа оролдоод төд удалгүй боссон чинь гэнэт намайг араас тэврээд өргөсөн тэгээд би харанхуй гудамд танихгүй хүн байна гэж бодоод гараас нь зууртал гар нь дээр нь шивээс байсан. Би шивээсийг нь хараад Өлзийбаярыг таньчхаад намайг буулгачихаа би явахгүй та хэд явчхаад хүрээд ирээ чи зүгээр манай найзаар хүргүүлчихээ суумааргүй байна наад машинаар чинь явмааргүй байна гэтэл намайг өргөөд машин руу авч ороод зодсон. Офицеруудын ордон хүртэл намайг буун буутал намайг зодсон, хоолойн дээрээс минь гараа аваагүй боомилсоор л байсан нүүрээ хамгаалаад доошоо хартал намайг үсдээд дээш нь өргөөд баруун талын шанаанаас хоолой руу базаж гаргаж ирээд ямар зэвүүн гичий вэ чи гэсэн одоо үүссэн сорив байна, Дараачийнх нь цохилт болохоор хоолой боогоод тавихгүй байсан боомилчихсон би ерөөсөө өвөр дээрээс нь босож чадаагүй тэгсэн чинь гар нь орж ирээд нүүр дээш нь харуулаад миний энэ нүдний дээр үүссэн шарх нь гараараа 2-3 одоо цохиж үүссэн сорив. Тэр шарх нь одоо сар гаран болж байж эдгэсэн тэр хөхрөлт ерөөсөө арилаагүй зодуулснаас хойш би 14, 15 хоног хэвтэрт босож чадахгүй байсан. Миний 2 дүү намайг асарсан өөрөө босоод 00 орж чадахгүй, өндийж босоод хоолоо идэх чадваргүй болсон өвчин намдаах эмгүй бол шөнө унтаж чаддаггүй байсан. Эвлэрье намайг уучлаарай гээд над руу залгасан л даа тэгээд би хэлсэн уучлаарай гэж байгаа бол надад эмчилгээ хийлгээд өгчихөө надад өнөөдөр ганц ч ширхэг өвчин намдаах авах мөнгө алга. Эмчилгээний төлбөр өгөөдөх өгч чадахгүй юм гэхэд ядаж эмнэлгээр яваад үзүүлээд надад эм тан аваад өг гэсэн. Би анх чамтай уулзахдаа эв эрүүл уулзсан чи намайг хохироосон. Өлзийбаяр намайг уучлаарай зодсонд уучлаарай гэж хэлсэн ээж нь ч гэсэн хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Манай охин зодсон юм шиг байна та 2 одоо ингээд эвлэрчих хар багын найзууд байж гэсэн” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Б.Сарангоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Өлзийбаярыг гэрт нь хүргэж өгөх гээд офицеруудын автобусны урд талын буудалд 01 цаг 30 минутын үед байж байтал намайг Өлзийбаяр гэх найз маань машины арын суудалд ямар нэгэн шалтгаангүйгээр намайг зодсон. Миний хоолойг боож, нүүрийг минь дээш харуулж байгаад 3-4 удаа нүүр болон нүд рүү минь цохисон ... Би хэлсэн амандаа хүрээд тэр газраа хүлээгээд зогсож байхад араас нэг хүн тэвэрч аваад өргөөд машины зүг рүү аваад явсан харанхуй гудамжинд танихгүй хүн тэврээд авахаар нь салах гээд тийчилсэн зүүн гарын шивээсийг нь хараад Өлзийбаярыг байна гэдгийг нь мэдсэн. Өлзийбаяр өргөж явсаар байгаад машины зүүн талын хойд талын хаалга руу пизда минь суу гээд хүчтэй шидээд суулгасан. Ингээд машиндаа суугаад хөдлөөд 100 орчим метр явж байхад Өлзийбаяр араас үсдэж аваад баруун гарын тохойгоороо хүзүү боосон хэсэг хугацаанд амьсгаа боогдсон тэгэхээр нь урд талд сууж байсан хоёр найзыгаа машинаа зогсоочих найзыг нь зодоод байна гэж хэлсэн тэр үед намайг гараараа боочихсон замдаа цохиод яваад байсан. Тэгсэн Өлзийбаяр манай хоёр найзад энэ гичий жүжиглэж байна би зүгээр цээжин дээр нь дарж байна намайг амиа хорлох гээд байгаа мэтээр манай хоёр найзад ойлгуулсан ... машины хаалга татаад онгойлгох гэсэн чинь Өлзийбаяр машины хаалга буцаж хаагаад зүүн гарынхаа тохойгоор миний хүзүүг боогоод би амь тэмцээд тийчилсэн ... машинд явж байхад байнга гараараа хоолой боосон байдалтай явж байсан. Миний нүүр лүү 3-4 удаа гараараа цохисон баруун, зүүн хоёр гараараа ээлжлээд боогоод яваад байсан ... эрүүл мэндээрээ хохирсонд маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07, 08-09, 10 дугаар хуудас/,
Гэрч А.Оргилсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Өлзийбаяр, Сарангоо, Оюунчимэг гурав маргалдаад байсан ... Өлзийбаяр машинаас буугаад Сарангоог авчирна гээд явсан. Өлзийбаяр Сарангоо хоёр хашаа тойроод хөөцөлдөж байгаад Өлзийбаяр Сарангоогийн араас нь тэвэрч аваад машинд суулгасан ... Сарангоо Өлзийбаяр хоёр хоорондоо маргалдаад байсан Сарангоо нь би та нартай явахгүй та хоёр хүргүүлчих гэсэн тэгсэн Өлзийбаяр намайг машинаа түгжчих гэхээр нь машинаа түгжсэн би мөнгөгүйдээ машинд чинь суугаагүй явахаа хүрвэл такси бариад явчихна гээд маргалдаад байсан ... Сарангоо хаалга онгойлгоод буух гэхээр нь Өлзийбаяр татаад суулгасан тухайн үед машин хөдлөөд явж байсан. Өлзийбаяр Сарангоогийн толгой дээр нь дарчихсан байсан. Сарангоо хоолой боогоод байна намайг авраач гээд орилоод байсан тэгсэн Өлзийбаяр би хоолойг нь боогоогүй ямар нэгэн зодоон болоогүй зүгээр дараад байж байна гэж хэлсэн. Толинд харахад ямар нэгэн юм болоод байгаа бололтой байсан ... Надад бол хоолойг нь боогоод байгаа бололтой харагдаж байсан доороосоо ерөөсөө гаргаж ирэхгүй байсан ... хаалга онгойлгоод харсан чинь Сарангоогийн баруун, зүүн талын нүүрэн хэсэг нь шалбарчихсан байсан” /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
Гэрч Б.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Сарангоо машины хаалга онгойлгоод бууна гээд намайг буулга буумаар байна гээд байсан ... Өлзийбаяр Сарангоогийн араас нь хоёр гараа суган доогуур нь хийгээд тэврээд орж ирсэн ... Замд явж байхдаа Сарангоо машины хаалга онгойлгоод буух гээд байсан Өлзийбаяр боль гээд татаж аваад байсан. Жолоочийг наана зогс намайг араас боогоод байна гээд орилоод байсан. Тухайн үед Сарангоо Өлзийбаяр бид хоёрын голд сууж байсан тэр хоёр хоорондоо зууралдаад намайг тавь гээд маргалдаад яваад байсан ... Сарангоо машины урд талын гэрэл асаагаад толинд харсан баруун талын нүдний хажуу талд хавдчихсан байсан үс нь жаахан сэгсийсэн байсан” /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7332 дугаартай “Б.Сарангоогийн биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Б.Ө-ын мөрдөн байцаалтанд өгсөн “... би баруун гарын шуу хэсгээрээ эгэмний ясан дээр нь сандал руу хойшоо хөдөлгөөнийг хязгаарлаж дарсан ... зүүн талын хацарны зулгаралтыг машинаас буухдаа харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31, 32-33 дүгээр хуудас/,
Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 49 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Ө нь 2020 оны 06 дугар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Сарангоогийн нүүр болон цээжин тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Сарангоогийн өгсөн “... Өлзийбаяр намайг зодож эхлэхээс өмнө машин дотор намайг үгээр идээд байсан ... Гандангийн уулзвар тойроод маргаан нь зогсохгүй үргэлжлээд ядаргаатай санагдаад байхаар нь машины голд миний 2 ширхэг утас байсан, би утсаа аваад машинаа зогсоогоод би Оюунчимэгийн дээгүүр даваад машинаас буугаад явсан, яг машинаас буугаад явахад нарийн гудамж байсан тэр гудмаар ороод явж байсан чинь жолооч бууж ирээд яасан бэ миний найз гэхээр нь манай хоёр найзыг офицеруудын ордон дээр буулгаад суулгаж өгчхөөд хүрээд ир, найз нь өнөөдөр найзтайгаа муудалцах гээд байна эвгүй уур амьсгал үүсээд надад таалагдахгүй байна, тийм болохоор найз яг эндээ хүлээж байя гэсэн. Тэгээд яг би хэлсэн амандаа хүрээд Оргилсайханыг хүрээд ирэхэд нь би байсан газраа сууж байсан. Би утсаа оролдоод төд удалгүй боссон чинь гэнэт намайг араас тэврээд ... өргөөд машинруу авч ороод зодсон. Офицеруудын ордон хүртэл намайг буун буутал зодсон, хоолойн дээрээс минь гараа аваагүй боомилсоор л байсан нүүрээ хамгаалаад доошоо хартал намайг үсдээд дээш нь өргөөд баруун талын шанаанаас хоолойруу базаж гаргаж ирээд ямар зэвүүн гичий вэ чи гэсэн. Үүссэн сорви нь байна, дараачийнх нь цохилт болохоор хоолой боогоод тавихгүй байсан боомилчихсон би ерөөсөө өвөр дээрээс нь босож чадаагүй тэгсэн чинь гар нь орж ирээд нүүр дээш нь харуулаад миний энэ нүдний дээр үүссэн шарх нь гараараа 2-3 одоо цохиж үүссэн сорви. Тэр шарх нь сар гаран болж байж эдгэсэн, хөхрөлт ерөөсөө арилаагүй, зодуулснаас хойш би 14-15 хоног хэвтэрт босож чадахгүй байсан” гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Б.Сарангоогийн “Өлзийбаяр гэх найз маань машины арын суудалд ямар нэгэн шалтгаангүйгээр намайг зодсон. Миний хоолойг боож, нүүрийг минь дээш харуулж байгаад 3-4 удаа нүүр болон нүдрүү цохисон ... араас нэг хүн тэвэрч аваад өргөөд машины зүгрүү аваад явсан харанхуй гудамжинд танихгүй хүн тэврээд авахаар нь салах гээд тийчилсэн зүүн гарын шивээсийг нь хараад Өлзийбаярыг байна гэдгийг нь мэдсэн. Өлзийбаяр өргөж явсаар байгаад машины зүүн талын хойд талын хаалгаруу пизда минь суу гээд хүчтэй шидээд суулгасан. Ингээд машиндаа суугаад хөдлөөд 100 орчим метр явж байхад Өлзийбаяр араас үсдэж аваад баруун гарын тохойгоороо хүзүү боосон, хэсэг хугацаанд амьсгаа боогдсон тэгэхээр нь урд талд сууж байсан хоёр найзыгаа машинаа зогсоочих найзыг нь зодоод байна гэж хэлсэн тэр үед намайг гараараа боочихсон замдаа цохиод яваад байсан. Тэгсэн Өлзийбаяр манай хоёр найзад энэ гичий жүжиглэж байна би зүгээр цээжин дээр нь дарж байна намайг амиа хорлох гээд байгаа мэтээр манай хоёр найзад ойлгуулсан ... машины хаалга татаад онгойлгох гэсэн чинь Өлзийбаяр машины хаалга буцаж хаагаад зүүн гарынхаа тохойгоор миний хүзүүг боогоод би амь тэмцээд тийчилсэн ... машинд явж байхад байнга гараараа хоолой боосон байдалтай явж байсан. Миний нүүрлүү 3-4 удаа гараараа цохисон баруун, зүүн хоёр гараараа ээлжлээд боогоод яваад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 08-09, 10 дугаар хуудас/, гэрч А.Оргилсайханы “... Өлзийбаяр машинаас буугаад Сарангоог авчирна гээд явсан. Өлзийбаяр Сарангоо 2 хашаа тойроод хөөцөлдөж байгаад Өлзийбаяр Сарангоогийн араас нь тэвэрч аваад машинд суулгасан ... Сарангоо Өлзийбаяр хоёр хоорондоо маргалдаад байсан ... Сарангоо хаалга онгойлгоод буух гэхээр нь Өлзийбаяр татаад суулгасан тухайн үед машин хөдлөөд явж байсан. Өлзийбаяр Сарангоогийн толгой дээр нь дарчихсан байсан ... Толинд харахад ямар нэгэн юм болоод байгаа бололтой байсан ... Надад бол хоолойг нь боогоод байгаа бололтой харагдаж байсан доороосоо ерөөсөө гаргаж ирэхгүй байсан ... хаалга онгойлгоод харсан чинь Сарангоогийн баруун, зүүн талын нүүрэн хэсэг нь шалбарчихсан байсан” /хх-ийн 11-13 дугаар хуудас/, гэрч Б.Оюунчимэгийн “Өлзийбаяр Сарангоогийн араас нь хоёр гараа суган доогуур нь хийгээд тэврээд орж ирсэн ... Замд явж байхдаа Сарангоо машины хаалга онгойлгоод буух гээд байсан Өлзийбаяр боль гээд татаж аваад байсан. Жолоочийг наанаа зогс, намайг араас боогоод байна гээд орилоод байсан ... Сарангоо Өлзийбаяр бид хоёрын голд сууж байсан тэр хоёр хоорондоо зууралдаад намайг тавь гээд маргалдаад яваад байсан ... Сарангоо машины урд талын гэрэл асаагаад толинд харсан баруун талын нүдний хажуу талд хавдчихсан, үс нь жаахан сэгсийсэн байсан” /хх-ийн 14-16 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7332 дугаартай “Б.Сарангоогийн биед баруун нүдний дээд доод зовхи, зүүн хацарт цус хуралт, дух, зүүн хацар, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Л.Ө-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хохирогч Б.Сарангоо нь баримтаар 145.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба үүнээс 100.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна. Хэрэгт авагдсан Гялбаа оптик гэх газарт нүдний хараагаа үзүүлж 45.000 төгрөгөөр нүдний шил авсан талаарх баримтыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Б.Сарангоогийн баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт нүдний ухархайнуудын бүтэц хэвийн, хоёр талын нүдний алим экзофтальм илрээгүй. Нүд хөдөлгөгч булчингууд болон харааны мэдрэлд эмгэг өөрчлөлт тодорхойлогдоогүй гэж тэмдэглэсэн мөн түүнчлэн баруун талын нүдэнд учирсан гэмтлийн улмаас хавтас хэргийн 60-61 дүгээр хуудсанд авагдсан 2 нүдний хараанд ижил хэмжээтэй буурсан үзүүлэлт гарах боломжгүй юм.
Иймд шүүгдэгч Л.Ө-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.
Хохирогч Б.Сарангоогийн зүгээс цаашид нүүрэнд учирсан сорвио арилгах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн тул энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Л.Өлзийбаяраас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Ө-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Ө-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт үйлдэгдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Л.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Ө-т мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ө-т нь цагдан хоригдсон хоноггүйхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Өлзийбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт Л-н Ө-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ө-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Ө-т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Сарангоо нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Л.Өлзийбаяраас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ