Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1960 онд төрсөн, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт оршин суух Баглуун Намхайнямбуугийн Очирхуягийн /РД:АО60060312/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Тунгалагтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Очирхуяг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Намхайнямбуугийн Очирхуяг миний бие Архангай аймгийн Ойн аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 03 сарын 15-ны өдөр ажилд орсон бөгөөд 1990 оны 7 сар хүртэл тасралтгүй ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Миний ажилд орсон тушаал гарахгүй, өөрт байсан баримтууд шатаж үрэгдсэнээс би одоо хохирч байна. Иймд шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн намайг Архангай аймгийн Ойн аж ахуй болон Агнуурын аж ахуйд 1978 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 оны 7 сарын 15 хүртэлх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Тунгалагтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Н.Очирхуягийн бие нь тааруу хөдөө ганц хүүтэйгээ амьдардаг учир би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуралд оролцож байна. Н.Очирхуягийн Архангай аймгийн Ой аж ахуйд ажиллаж байсан үеийн бичиг баримтууд нь шатсан. Одоо хүнд нөхцөлөөр тэтгэвэрт орох нас нь болсон. Н.Очирхуяг 1977 онд тракторын жолоочийн курс төгссөн. Н.Очирхуяг нь эмээ өвөөтэйгөө хамт амьдардаг байсан учир ар гэрийн гачигдлаас болоод цэргийн алба хаагаагүй. Би өөрөөс нь цэргийн алба хаасан эсэхийг нь асууж байсан. Цэргийн алба хаагаагүй гэдгийг нь манай ах дүү нар ч бас мэднэ. Н.Очирхуяг хөдөлмөрийн дэвтрээ хайгаад олохгүй байгаа юм. Гэр нь шатах үед хамт шатсан байх гэсэн. Иймд Н.Очирхуягийг Архангай аймгийн Ойн аж ахуйд 1978 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Н.Очирхуяг Архангай аймгийн Ойн аж ахуйд тасралтгүй тракторын жолоочоор ажиллаж байсан. Өөр газар ажиллаж байгаагүй гэсэн гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Очирхуяг нь Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Тунгалагтуул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Н.Очирхуягийг 1978 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор тайлбар гаргажээ. Хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. ОМАҮЯамны сайдын 1978 оны 2-р сарын 23-ны өдрийн 43, 1978 оны 5-р сарын 29-ний өдрийн 113-р тушаалуудыг үндэслэн Ойн аж ахуйн инженер Цэдээгийн Дорждагва, ахлан ня-бо Жамбын Жавзандорж, мод бэлтгэлийн бригадын дарга Чүлтэмдорж, мод үржүүлэгийн техникч Цэдэндашийн Өлзийбаяр, мод бэлтгэлийн бригадын хамт олон, мод үржүүлэгийн хамт олныг хавсралтын дагуу мөнгөн шагналаар шагнасугай. Хавсралтанд: Очирхуяг, албан тушаал-тракторчин, шагналын төгрөг-15=00 гэсэн “Шагнах тухай” Архангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 сарын 20-ны өдрийн 25 тоот тушаал,

1.2. 1985 оны ойжуулалтын ойн арга хэмжээний төлөвлөгөөг биелүүлэхэд идэвх зүтгэл гаргаж, хариуцсан /ажилдаа/ талбайн тарьц суулгацын амьдралтыг 86,6 хувьд хүргэсэн: 2. Хаврын тариалалтын ажилд идэвхтэй сайн оролцсон үйлчлэх ажилд: Очирхуяг /тракторын жолооч/ гэсэн “1985 оны ойжуулалтын ажлын үр дүнгийн шагнал олгох тухай” Архангай аймгийн Ойн агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 сарын 24-ний өдрийн 118 тоот тушаал,

1.3. Мод үржүүлгийн ... тракторын жолооч Очирхуяг нарыг ... баярын бичиг, 2-р хавсралтын дагуу шагнасугай. Хавсралтанд: Очирхуяг /тракторчин/, мөнгөний дүн-50 гэсэн “1986 оны эхний хагас жилийн бүх ард түмний социалист уралдааныг дүгнэж шагнах тухай” Архангай аймгийн Ойн агнуурын аж ахуйн даргын 1986 оны 09 сарын 16-ны өдрийн 60 тоот тушаал,

1.4. Тракторын жолооч Очирхуяг нь 1987 оны 5-р сард мэргэжил дээшлүүлэх курст суралцан тракторч-комбайнчийн 2-р зэрэг эзэмшсэн тул БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, ХЦХУ хорооны 1977 оны 12-р сарын 29-ний 295/188-р тогтоолын 9-р зүйлд зааснаар зэргийн нэмэгдлийг 1987 оны 6-р сарын 1-ээс эхлэн нөхөн олгосугай гэсэн “Зэргийн нэмэгдэл олгох тухай” Архангай аймгийн Ойн агнуурын аж ахуйн даргын 1987 оны 10 сарын 26-ны өдрийн 72 тоот тушаал,

1.5. Ажилчин албан хаагчдын 1990 оны ээлжийн амралтын хуваарийн хавсралтаар баталсугай. Хавсралтанд: Очирхуяг, албан тушаал-тракторын жолооч, амрах сар өдөр-I/VIII, үндсэн-15, нэмэгдэл-11, бүгд амрах хоног-26 гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Байгаль, орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 сарын 15-ны өдрийн 37 тоот тушаал,

2. Гэрч С.Бадамсүрэнгийн: “Би 1980 онд Архангай аймгийн Ойн аж ахуйн газрын үржүүлгийн талбайд ажилчнаар анх ороход Н.Очирхуяг нь Ойн аж ахуйн газарт тракторын жолоочоор ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн би Н.Очирхуягтай 1985 он хүртэл хамт ажиллаад цэрэгт явсан. Намайг 1988 онд цэргээс халагдаж ирэхэд Н.Очирхуяг нь Ойн аж ахуйн газарт тракторын жолоочоор ажиллаж л байсан. Би цэргээс ирээд Архангай аймгийн Худалдаа бэлтгэл нийтийн хоолны газарт манаачаар ажилласан. Н.Очирхуяг нь Ойн аж ахуйн газрыг хувьчлагдах хүртэл тракторын жолоочоор ажилласныг би мэднэ” гэх мэдүүлэг,

3. Гэрч Н.Алтангэрэлийн: “Би 1977 онд Архангай аймгийн Ойн аж ахуйн газарт тракторын жолоочоор ажилд орж 1989 он хүртэл ажиллах хугацаанд Н.Очирхуяг нь 1978 оны үеэс манай Ойн аж ахуйн газарт тракторын жолоочоор ажилд орж байсан. Тэр үеэс эхлэн би Н.Очирхуягтай 1989 оны намар хүртэл хамт ажиллаад би Ойн аж ахуйн газраас гарахад Н.Очирхуяг тракторын жолоочоор ажиллаад үлдсэн. Би Н.Очирхуягтай мод үржүүлгийн болон уулын бригадад хааяа хамт нэг дор ажиллана, заримдаа тус тусдаа ажилладаг байсан. Би Н.Очирхуягтай нэг байгууллагад тракторын жолоочоор хамт ажилладаг байсан учир түүний ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг,

4. Гэрч Н.Алтангэрэлийн Ойн агнуурын аж ахуйд мод бэлтгэгч, тракторын жолооч, мод үржүүлгийн ажилтнаар, ... ажиллаж байсан байдлыг тогтоосон Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 04-ний өдрийн 685 тоот шийдвэрийн хуулбар,

5. Намхайнямбуу овогтой Очирхуягийн цэргийн алба хаасан үгүйг тодорхойлох боломжгүй гэсэн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 39 тоот тодорхойлолт зэрэг болно.

                                                                                                                 

Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Тунгалагтуулын хүсэлтээр Н.Очирхуягтай хамт ажиллаж байсан Н.Алтангэрэл, С.Бадамсүрэн нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Мөн Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 

Хүсэлт гаргагч Н.Очирхуягийн Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан нь аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 сарын 20-ны өдрийн 25 тоот тушаал, тус аймгийн Ойн агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 сарын 24-ний өдрийн 118 тоот, 1986 оны 09 сарын 16-ны өдрийн 60 тоот, 1987 оны 10 сарын 26-ны өдрийн 72 тоот тушаал, гэрч Н.Алтангэрэл, С.Бадамсүрэн нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хэрэгт хүсэлт гаргагчийн ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн “би Архангай аймгийн Ойн аж ахуйд тракторын жолоочоор 1990 оны 7 сар хүртэл тасралтгүй ажиллаж байгаад ажлаасаа гарсан” гэх хүсэлт, 1978 оны 06 сарын 20-ны өдрийн 25 тоот тушаал, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн “Н.Очирхуягийг Архангай аймгийн Ойн аж ахуйд 1990 он хүртэл ажиллаж байсныг тогтоолгоно” гэх тайлбар, гэрч Н.Алтангэрэлийн “би 1989 оны намар Ойн аж ахуйн газраас гарахад Н.Очирхуяг тракторын жолоочоор ажиллаад үлдсэн” гэх мэдүүлэг, гэрч С.Бадамсүрэнгийн “Н.Очирхуяг Ойн агнуурын аж ахуйг хувьчлагдах хүртэл тракторын жолоочоор ажилласан” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн Н.Очирхуягийг Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 он хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Н.Очирхуягийн Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэрэгт  “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Байгаль, орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 сарын 15-ны өдрийн 37 тоот тушаал авагдсан бөгөөд хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Тунгалагтуул “Архангай аймгийн Ойн агнуурын аж ахуйн газар Байгаль орчныг хамгаалах газар болон өөрчлөгдсөн” гэж тайлбарлаж байх боловч Н.Очирхуяг нь 1990 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан тул 1990 оны 03 сарын 15-ны өдрийн 37 тоот тушаалыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй баримт гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Баглуун овгийн Намхайнямбуугийн Очирхуягийг Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                               

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА