Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1537

 

 

 

 

 

 

   

  2020        08           24                                       2020/ШЦТ/1537

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч С.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт С-ийн З-д холбогдох эрүүгийн 2006 00000 0923 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч С.З нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Данзангийн 3 дугаар гудамжны 7 тоотод бэр Г.Л-н хөл, гар, нуруун тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн үед надад зодуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг зодсон гэдгийг юугаар батлаад байгаа юм. Би бол зодоогүй би өөрөө зодуулсан хохирогч хүн зөвхөн энэ хоёр хүний зодсон гэдэг үгээр намайг зодсон гээд байгаа. Мөрдөн байцаалтын үед бид нарыг нүүр тулж уулзуулаагүй. Би харин өөрөө зодуулчхаад миний 2 ачийн ээж гээд би тухайн үед нь шүүх эмнэлгээр яваагүй. Тухайн үед би ингэж шүүхэд өгнө гэж бодоогүй. Ийм зүйл болохыг мэдсэн бол би шүүх эмнэлгээр явах байсан” гэх мэдүүлэг,

Хавтас хэргээс:

Хохирогч Г.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай хадам ээж болох С.З- нь манай хоёр хүүхдийг ээжийнд авчраад хувцсыг нь хаалгаар оруулж шидчихээд намайг барьж аваад миний нуруу, хөл, гар луу өшиглөөд байсан ... Золжаргал л намайг зодсон ... Би Батболдыг дууд би таныг явуулахгүй гээд Золжаргалыг бариад авсан чинь гараа тавиулах гээд миний хоёр гарнаас барьж доош нь дараад миний баруун гуя руу хөлөөрөө өшиглөөд, нуруу руу гараараа зөндөө олон удаа цохисон, би дээшээ өндийхөд миний нүүр гарыг маажсан ... Золжаргалд зодуулсны дараа Шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулахад хуучин гэмтлүүд маань дүгнэлтэнд тогтоогдоогүй, зөвхөн шинэ гэмтлүүд дүгнэлтээр тогтоогдсон ... Манай байрны шатны дээр коридор хэсэгт зодсон, эхлээд зууралдаж аваад намайг дарж тонгойлгоод яг аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй байна хөлөөрөө миний гуяны баруун тал руу 2-3удаа өшиглөсөн. Тэгж байхдаа миний нуруу, зүүн дал хэсэг рүү гараараа цохисон, гараараа 4-5удаа цохисон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

Гэрч Л.Даваадолгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... эргээд харсан чинь Золжаргал манай охин Лхамсүрэнг үсдэж дараад хөлөөрөө өшиглөөд зогсож байсан, би яаж байгаа юм бэ гээд наанаас нь салгах гээд ойртоход Золжаргал намайг хохьчино шүү ч гэлүү ална шүү ч гэл үү нэг үг хэлээд надруу дайрах гэхээр нь би айгаад ойртоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн өдрийн дугаартай “Г.Л-н биед уруулын дээр болон баруун сарвуунд зулгаралт, зүүн дал, зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,

Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Үзүүлэгч Лхамсүрэн нь 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр ирж үзүүлэхэд биед нь үүссэн гэмтлүүд нь ногоон шаргал өнгийн болж эдгэрч байсан, гэмтлийн эдгэрэлт нь 3ба түүнээс дээш хоногтоо ногоон шаргал өнгөтэй болдог. Тухайн гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой талаар дүгнэлтэнд дурдсан байгаа. Тухайн хугацаанаас өмнө үүссэн бол гэмтлийн эдгэрэлт, өнгө нь ногоон шаргал өнгөнөөс өөр өнгөтэй харагдах байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.З нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Данзангийн 3 дугаар гудамжны 7 тоотод бэр Г.Л-н нүүрэн тус газарт маажиж, нуруу, хөлөн тус газарт гараараа цохьж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь уруулын дээр болон баруун сарвуунд зулгаралт, зүүн дал, зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч С.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн үед надад зодуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг зодсон гэдгийг юугаар батлаад байгаа юм. Би бол зодоогүй би өөрөө зодуулсан хохирогч хүн зөвхөн энэ хоёр хүний зодсон гэдэг үгээр намайг зодсон гээд байгаа. Мөрдөн байцаалтын үед бид нарыг нүүр тулж уулзуулаагүй. Би харин өөрөө зодуулчхаад миний 2 ачийн ээж гээд би тухайн үед нь шүүх эмнэлгээр яваагүй. Тухайн үед би ингэж шүүхэд өгнө гэж бодоогүй. Ийм зүйл болохыг мэдсэн бол би шүүх эмнэлгээр явах байсан” гэх мэдүүлэг, хохирогч Г.Л-н “Манай хадам ээж болох С.З- нь манай 2 хүүхдийг ээжийнд авчраад хувцсыг нь хаалгаар оруулж шидчихээд намайг барьж аваад миний нуруу, хөл, гарлуу өшиглөөд байсан ... Золжаргал л намайг зодсон ... Би Батболдыг дууд би таныг явуулахгүй гээд Золжаргалыг бариад авсан чинь гараа тавиулах гээд миний хоёр гарнаас барьж доош нь дараад миний баруун гуя руу хөлөөрөө өшиглөөд, нуруу руу гараараа зөндөө олон удаа цохисон, би дээшээ өндийхөд миний нүүр гарыг маажсан ... Золжаргалд зодуулсны дараа Шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулахад хуучин гэмтлүүд маань дүгнэлтэнд тогтоогдоогүй, зөвхөн шинэ гэмтлүүд дүгнэлтээр тогтоогдсон ... Манай байрны шатны дээр коридор хэсэгт зодсон, эхлээд зууралдаж аваад намайг дарж тонгойлгоод яг аль хөлөөрөө гэдгийг нь мэдэхгүй байна хөлөөрөө миний гуяны баруун тал руу 2-3 удаа өшиглөсөн.  Тэгж байхдаа миний нуруу, зүүн дал хэсэг рүү гараараа цохисон, гараараа 4-5 удаа цохисон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар хуудас/, гэрч Л.Даваадолгорын “... эргээд харсан чинь Золжаргал манай охин Лхамсүрэнг үсдэж дараад хөлөөрөө өшиглөөд зогсож байсан, би яаж байгаа юм бэ гээд наанаас нь салгах гээд ойртоход Золжаргал намайг хохьчино шүү ч гэлүү ална шүү ч гэл үү нэг үг хэлээд надруу дайрах гэхээр нь би айгаад ойртоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн өдрийн дугаартай “Г.Л-н биед уруулын дээр болон баруун сарвуунд зулгаралт, зүүн дал, зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/, шинжээч эмч Т.Сэлэнгийн “Үзүүлэгч Лхамсүрэн нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ирж үзүүлэхэд биед нь үүссэн гэмтлүүд нь ногоон шаргал өнгийн болж эдгэрч байсан, гэмтлийн эдгэрэлт нь 3 ба түүнээс дээш хоногтоо ногоон шаргал өнгөтэй болдог. Тухайн гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой талаар дүгнэлтэнд дурдсан байгаа. Тухайн хугацаанаас өмнө үүссэн бол гэмтлийн эдгэрэлт, өнгө нь ногоон шаргал өнгөнөөс өөр өнгөтэй харагдах байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, С.З-аас гаргаж өгсөн фейсбүүк чатын зургууд /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч С.З-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгч С.З- нь шүүхийн хэлэлцүүлэгт Г.Л-н биед гэмтэл учруулаагүй, Г.Л нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж нөхөр С.Батболдтой маргалдсан асуудал болсон, тэр үед энэ гэмтлийг авсан байх гэж мэтгэлцэн оролцдог боловч энэ нь Г.Л, түүний нөхөр С.Батболд нарын хооронд бичсэн мессэжүүд, Г.Л-с биеийнхээ өвдөг, нуруу хэсэгт хөхөрсөн байдлыг харуулсан зургийг С.Батболдод илгээсэн баримтаар үгүйсгэгдэж байна.

            Нөгөөтэйгүүр Г.Л-н биед учирсан уруулын дээр болон баруун сарвуунд зулгаралт, зүүн дал, зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар шинжээч дүгнэж, мэдүүлгээрээ тодорхой тайлбарласныг тэмдэглэх нь зүйтэй.

С.З нь биедээ гэмтэл авсан байдлыг харуулсан гэрэл зургийг хэрэгт хавсаргуулсан боловч шүүх эмнэлэгт үзүүлж гэмтэл тогтоолгоогүй байна. Гэвч үүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгуулах эрхтэй бөгөөд энэ нь тус хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

             Хохирогч Г.Лхамсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй байх тул С.З-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөр төлбөргүйд тооцлоо.

           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.З-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.З-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Шүүхээс С.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.З-ын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.З- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О овогт С-н З-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.З-д оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. С.З нь тогтоосон хугацааанд торгуулын ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             5. Шүүгдэгч С.З-д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

             6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               Г.ХАТАНЦЭЦЭГ