Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 176

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Д.Бд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Мөнхгэрэл,

Хохирогч Д.Төгсбаярын өмгөөлөгч Ж.Батзоригт,

Хохирогч Р.Бүрэнтэгшийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “ЖЖ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Урангэрэл,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Мандах,    

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 513 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Төгсбаярын өмгөөлөгч Ж.Батзоригт, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “ЖЖ” ХХК-ийн өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Бд холбогдох эрүүгийн 21136440 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хардал мэргэд овогт Далхсүрэнгийн Д.Б, 1900 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетинг, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “ЖЖ” ХХК-ийн ...аар ажиллаж байсан, одоо ... ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 000 байрны 38 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000000ахйу/,

Д.Б нь 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖЖ” ХХК-ийн захиргааны хэсэгт борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа давтан үйлдлээр:

2008, 2009 онуудад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч П.Довчинсамбуугийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын №070829 дугаартай гэрээний дагуу тушаасан 21752 ам.доллар буюу 28.542.322 төгрөгийг,

2010 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч З.Батзолбоогийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын №071116А дугаартай гэрээний дагуу тушаасан авто зогсоолын төлбөр 6500 ам.доллар буюу 8.352.500 төгрөгийг,

2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч Р.Бүрэнтэгшийн байрны төлбөрт тушаасан 117.000.000 төгрөгөөс “Батсайханы байрны төлбөр” гэж кассаас 102.000.000 төгрөгийг авч тус тус завшиж, “ЖЖ” ХХК-нд нийт 138.897.822 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч, орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг авто зогсоолгүй захиалсан Д.Ариунжаргал, Д.Төгсбаяр нарт албан тушаалаа ашиглан зарж,

Д.Ариунжаргалаас 2009 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 6500 ам.доллар буюу 8.529.105 төгрөгийг,

Д.Төгсбаяраас 2009 оны 9 дүгээр сард 8000 ам.доллар буюу 10.497.360 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 19.026.465 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Сүхбаатар дүүргийн Прокуророос Д.Бд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 болгон, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилж, Д.Бг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д.Бд холбогдох эрүүгийн 21136440 дугаартай хэргийг /2015 оны/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Б нь нийт 72 хоног цагдан хоригдсоныг дурдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, Е-0385899 дугаартай гадаад паспорт, 1 ширхэг үзгэн дардас, үзлэг хийсэн Сиди 1 ширхэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Бгаас нийт 55.341.287 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “ЖЖ” ХХК-нд 45.133.927 төгрөг, хохирогч Д.Төгсбаярт 10.207.360 төгрөг тус тус олгож, иргэний хариуцагч “ЖЖ” ХХК-иас 102.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Бүрэнтэгшид олгож, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, ...шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж... шийдвэрлэжээ.  

Хохирогч Д.Төгсбаярын өмгөөлөгч Ж.Батзоригт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 513 тоот шийтгэх тогтоолыг 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч танилцан эс зөвшөөрч давж заалдах гомдлын өргөдөл гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Прокуророос Д.Бд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 болгож, мөн /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар шүүгдэгч Д.Бгаас нийт 55.341.187 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “ЖЖ” ХХК-нд 45.133.927 төгрөг, хохирогч Д.Төгсбаярт 10.207.360 төгрөг олгох нь зүйтэй байна гэжээ.

Шүүгдэгч Д.Бгаас хохирогч Д.Төгсбаярт 10.207.360 төгрөг олгох гэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн байна. Д.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 албан тушаалын байдлаа ашигласан гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Д.Б залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхдээ “ЖЖ” ХХК-нд борлуулалтын менежер үүрэгт ажлыг гүйцэтгэж хөдөлмөрийн гэрээгээр ажиллан албан тушаалын үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу aлбан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/-ээрээ бусдад /учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байхад хохирогч Д.Төгсбаярын 10.207.360 төгрөгийг шүүгдэгч Д.Бгаар төлүүлэхээр шийдвэрлэсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн санал хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно.”, 34 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй.” гэж заасныг үндэслэн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх Д.Бд холбогдох шүүх хуралдааныг 72 цагийн хугацаагаар хуралдаан хойшлуулах санал гаргасан. Шүүх анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг 72 цагаар хойшлуулсан. Гэтэл шүүгч хойшлогдсон шүүх хуралдааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхэд хохирол төлбөрийн талаар хэлэлцээгүй шүүгч улсын яллагчийн гэм буруугийн саналыг сонсож, өмгөөлөгч нарын тайлбарыг сонсон шүүх хуралдааныг дуусгаж шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 513 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасан байх тул хариуцагч “ЖЖ” ХХК-иас 10.207.360 төгрөгийг гаргуулан Д.Төгсбаярт олгохоор шийдвэрлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэж өмгөөлөгч миний гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “ЖЖ” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Урангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 513 дугаар шийтгэх тогтоолын хохирлын талаар гэсэн 3 дахь хэсэгт иргэний нэхэмжлэгч, хохирогч, иргэний хариуцагчаар тогтоогдсон “ЖЖ” ХХК-нд 102.000.000 төгрөг болон бусад хохирлыг дутуу гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн төлөөлөгч би энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс манай компанийн борлуулагчаар ажиллаж байсан Д.Бг:

1. 2008, 2009 онуудад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч П.Довчинсамбуугийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын №070829 дугаартай гэрээний дагуу тушаасан 21752 ам.доллар буюу 28.542.322 төгрөгийг,

2. 2010 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч З.Батзолбоогийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын №071116A дугаартай гэрээний дагуу тушаасан авто зогсоолын төлбөр 6500 ам.доллар буюу 8.352.500 төгрөгийг,

3. 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч Р.Бүрэнтэгшийн байрны төлбөрт тушаасан 117.000.000 төгрөгөөс “Батсайханы байрны төлбөр” гэж кассаас 102.000.000 төгрөгийг авч тус тус завшиж, “ЖЖ” ХХК-нд онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон.

4. Мөн Д.Ариунжаргалаас 2009 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 6500 ам.доллар буюу 8.529.105 төгрөгийг, Д.Төгсбаяраас 2009 оны 9 дүгээр сард 8000 ам.доллар буюу 10.497.360 төгрөгийг тус тус залилан авч бусдад их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бг анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлагын хуралдааныг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр санал гаргаж 5 хоног хүртэл завсарлага авах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Д.Бд холбогдох эрүүгийн хэрэгт эрүүгийн хариуцлагын хуралдааныг завсарлуулж байсан.

Анхан шатны шүүхээс хохирлын талаар шийдвэрлэхдээ: Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Урангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч П.Довчинсамбуугийн 28.542.322 төгрөг, З.Батзолбоогийн 8.352.500 төгрөг, Д.Ариунжаргалын 8.529.105 төгрөгийн хохирлыг манай байгууллага төлж барагдуулсан тул дээрх хохирлыг Д.Бгаас гаргуулах хүсэлтэй байна...” гэснийг шүүх хүлээн авах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзээд шүүгдэгч Д.Бгаас нийт 55.341.187 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “ЖЖ” ХХК-нд 45.133.927 төгрөг, хохирогч Д.Төгсбаярт 10.207.360 төгрөг олгох нь зүйтэй байна. Мөн гэрч Д.Энхсувдаас мөрдөн байцаалтын шатанд 580.000 төгрөгийг хураан ав” “ЖЖ” ХХК-ийн дансанд тушаагдсан байх тул Д.Бгийн төлөх төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гээд харин иргэний хариуцагч “ЖЖ” ХХК-иас нийт 102.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Бүрэнтэгшид олгож, “ЖЖ” ХХК нь өөрийн байгууллагад учирсан 102.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд нээлттэй үлдээж шийдвэрлэлээ гэсэнд гомдлын агуулга оршино.

Мөрдөн байцаалтын шатанд манай компанийн хууль ёсны төлөөлөгч С.Уянга нь иргэний нэхэмжлэгч Р.Бүрэнтэгшид манай ажилтан Д.Бгийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төлөхгүй гэж байхдаа “...Манай байгууллагаас Д.Ариунжаргалын гаражны мөнгө болох 8.529.105 төгрөг, Довчинсамбуугийн орон сууцны төлбөр болох 21.752 ам доллар тус тус Д.Бгаас нэхэмжилж байна. Дээрээс нь үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн 2 сая төгрөг, мөн эдийн засгийн шинжилгээний албаар шинжилгээ хийлгүүлсэн 560.000 төгрөг, мөн Довчинсамбуу нь манай байгууллагыг энэ хэргийн улмаас иргэний шүүхэд хандаад өмгөөллийн хөлс болох 1.5 сая төгрөгийг манайхаар төлүүлэхээр болсон ба тэмдэгтийн хураамж 109.150 төгрөгийг давхар нэхэмжилж байна...” гэж мэдүүлж байсан. /6 дугаар хавтаст хэргийн 84/. Мөн иргэний хариуцагч Б.Бямбатогтох нь “...нэгэнт манай ажилтан Д.Б нь Бүрэнтэгшийг залилан мэхэлж түүний 102 сая төгрөгийг Солонгоогоос авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа учраас Д.Бгийн гэм бурууг шүүх тогтооно гэж ойлгож байгаа. Харин би иргэний хариуцагчаар татагдсан компанийг төлөөлж байгаа нягтлангийн хувьд Д.Б нь манайд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа хохирогч Бүрэнтэгшид 102 сая төгрөгийн хохирол учруулсан учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар байгууллага Бүрэнтэгшид Д.Бгийн өмнөөс төлөх болж байна. Харин манай байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо Д.Бгаас нэхэмжлэх нь гарцаагүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг, “ЖЖ” ХХК-ийн хуулийн зөвлөх Э.Одонтуяагийн интернет хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч С.Халиунсүрэн, гэрч О.Солонго, гэрч Т.Оюунгэрэл, гэрч Б.Батчимэг, гэрч Б.Бямбатогтох, гэрч Д.Баттөр, гэрч Б.Халиун нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь иргэний нэхэмжлэгч Р.Бүрэнтэгшийн 102.000.000 төгрөгийг завшсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнээд түүнийг гэм буруутайд тооцсон.

Хохирогчийн төлөөлөгч би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх хуралдаан дээр шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус дараах хохирлыг шүүгдэгч Д.Бгаар нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьсан. Үүнд: 1. П.Довчинсамбуугийн 28.542.322 төгрөг, 2. З.Батзолбоогийн 8.352.500 төгрөг, 3. Д.Ариунжаргалын 8.529.105 төгрөг, 4. Р.Бүрэнтэгшийн 102.000.000 төгрөг, 5. Аудитын дүгнэлт гаргахад төлсөн 2.000.000 төгрөг, 6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зардалд төлсөн 560.000 төгрөг, 7. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.150 төгрөг нийт 150.093.077 төгрөгийг гэм буруутай Д.Бгаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон нэхэмжилсэн байсан.

Манай байгууллага хэргийн материалд өөрт учирсан хохиролоо нотолсон баримтуудыг бүрэн өгсөн, мөн хэрэгт 102.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б нь авч завшсан тухай баримтууд авагдсаар атал анхан шатны шүүхээс бидний Д.Бгаас шаардсан нийт хохирлоос 104.959.150 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн шаардлагыг эрүүгийн хэрэгтэй хамт хянан шийдвэрлэхгүй “ЖЖ” ХХК нь өөрийн байгууллагад учирсан 102.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд нээлттэй үлдээж шийдвэрлэлээ гэсэн, харин 2.959.150 төгрөгийн хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа шийтгэх тогтоолд дурдаагүй нь буруу юм. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 1-д тус тус баримтлан иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол анхан шатны шүүхээр бүхэлдээ хангагдах боломжтой, нэхэмжлэлийг шүүх эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэх байсан гэж үзэж байна. Түүнчлэн гэрч Д.Энхсувдаас мөрдөн байцаалтын шатанд 580.000 төгрөгийг хураан авч “ЖЖ” ХХК-ийн дансанд тушаагдсан байх тул Д.Бгийн төлөх төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэдэг нь ташаа зүйл боллоо. Гэрч Д.Энхсувд манай дансанд 580.000 төгрөгийг тушаагаагүй, хэрэгт прокурорын байгууллагын Хас банк дахь дансанд тушаасан баримт байдаг юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирлыг шийдвэрлэсэн хэсэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Д.Бгаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зуйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон манай байгууллагад учирсан 104.959.150 төгрөгийн хохирлыг ялтан Д.Бгаас нэмж гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын хохирлын талаар гэсэн 3 дахь хэсэгт “Хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Т.Урангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч П.Довчинсамбуугийн 28.542.322 төгрөг, З.Батзолбоогийн 8.352.500 төгрөг, Д.Ариунжаргалын 8.529.105 төгрөгийн хохирлыг манай байгууллага төлж барагдуулсан тул дээрх хохирлыг Д.Бгаас гаргуулах хүсэлтэй байна.” гэснийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Д.Бгаас 55.341.187 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “ЖЖ” ХХК-д 45.133.927 төгрөг, хохирогч Д.Төгсбаярт 10.207.360 төгрөгийг олгох нь зүйтэй байна” гэсэн хэсгийг эс зөвшөөрч би энэхүү гомдлыг гаргаж байна.

Хавтаст хэрэгт байх нотлох баримтын хүрээнд авч үзвэл:

1. П.Довчинсамбуугийн 28.542.322 төгрөг нь Иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр тогтоол нь “ЖЖ” ХХК-тай төлбөр тооцоо дууссан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгож гомдол саналгүй болсон гэх.

2. З.Батзолбоогийн 8.532.500 төгрөг нь хавтаст хэрэгт байх нотлох баримтаар иргэн Мандал, Батзолбоо хоёрын хоорондын нотариатаар баталгаажуулсан гэрээ болон “ЖЖ” ХХК-тай хийсэн гэрээ цуцлагдсан түүний анх байгуулсан гэрээг тус компанийн ажилтан Б.Батчимэг цуцалж дараагийн хүнд зарсан гэх.

3. Д.Ариунжаргал 8.529.105 төгрөгийн тус хавтаст хэрэгт байх нотлох баримтын хүрээнд тус захиалагчийг “ЖЖ” ХХК-ийн нягтлан болон ерөнхий захирал нь төлбөр тооцоо нийлсэн, тооцоогүй гэдгийг Нийслэлийн үл хөдлөх хөрөнгийн газрын албан бичгээр нотлогддог тул тус мөнгийг Д.Бгаас нэхэмжлэх үндэслэл байхгүй ба Д.Ариунжаргал нь гомдол саналгүй гэдгийг хавтаст хэрэгт хэлсэн байдаг.

4. Д.Төгсбаярын 10.207.360 төгрөгийг тус хавтаст хэрэг дэх нотлох баримтын хүрээнд байх тооцоо дууссан актыг “ЖЖ” ХХК-ийн одоог хүртэл ажиллаж буй ажилтан Б.Батчимэг нь Нийслэлийн үл хөдлөх хөрөнгийн газарт явуулсан байдаг нь нотлогддог тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирлыг шийдвэрлэсэн хэсэгт, мөн гэм буруугийн хэсэгт гэм буруутай тогтоосон хэсгийг цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Р.Бүрэнтэгшийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь миний үйлчлүүлэгч 117.000.000 төгрөгийг Д.Бд биш “ЖЖ” ХХК-ийн санхүүд тушаасан байдаг. Энэ хооронд “ЖЖ” ХХК-ийн санхүү тушааснаас хойш 7-8 жил болж байна. Энэ хооронд 117.000.000 төгрөг тушааснаас 15.000.000 төгрөгийг буцааж авч, 102.000.000 төгрөгийг өнөөдрийн байдлаар аваагүй. Тухайн үед миний үйлчлүүлэгч 4-н өрөө орон сууц захиалахаар Д.Бтай ярьсан. Миний үйлчлүүлэгч 102.000.000 төгрөг авсан ч гэсэн тухайн үеийн 4-н өрөө орон сууц биш 2 өрөө байр авахаар байна. Тэгэхдээ тухайн 102.000.000 төгрөгийг “ЖЖ” ХХК-ийн дансыг битүүмжилж, дансанд нь байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “ЖЖ” ХХК-иас энэ мөнгийг төлөхийг заасан нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад “ЖЖ” ХХК-ийн кассаар ажиллаж байсан Солонгоо гэдэг хүнийг гэм буруутайд тооцсон. Солонгоо гэдэг хүн тухайн прокурорын шатанд гомдол гаргаагүй явж байгаа. Гэтэл энэ Р.Бүрэнтэгш гэдэг хүнтэй хамааралтай 102.000.000 төгрөгт ганцаараа Д.Б төлөх үр дагавар нь Д.Бд хамааралтай болдог. Энэ нөхцөл байдал байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Мөн улсын яллагч З.Батзолбоог яллах дүгнэлтдээ З.Батзолбоотой холбоотой 0711А дугаартай гэрээний дагуу тушаасан 6.500 ам.доллар буюу 8.352.500 төгрөгийг завшсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүх гэм буруутайд тооцож үзсэн. Гэтэл З.Батзолбоогийн мэдүүлэгт 1 дүгээр хавтасны 38 дугаар талд “би 8.000.000 төгрөгийг Мандал гэдэг дансанд тушаасан гэж үүнд гаражийн 6.500 ам.доллар огт яригддаггүй. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд үйлдсэн гэрээний дагуу энэ гэрээ нь 2 өрөө орон сууц, 3 өрөө орон сууцны асуудал яригддаг. Мандал гэдэг хүн гэрчээр мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтэй “би орон сууцаа тусад нь зарсан, З.Батзолбоотой орон сууцны асуудал яриагүй” гэж байгаа. Тэгэхээр маргаантай үйл баримтуудыг багцалж гэм буруутайд тооцсон. Гэм буруутайд тооцохдоо хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байгаа. Үүнээс үр дагаврын хүндрэл яах вэ гэхээр маргаантай үйл явдлууд гарч ирдэг. Мөн Д.Ариунжаргал гэдэг хүн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдсон, хэдийгээр шүүх хуралдаанд гэрчээр оролцоогүй боловч энэ хүн шүүх хэргийг хэлэлцэх үед хохирогчийн эрх зүйн байдалтай байсан хүн. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн хэрэгт авагдсан баримтаас бол “ЖЖ” ХХК-ийн Ерөнхийлөгч, Ерөнхий захирал гэж байгаа Баттөр гэдэг хүн “Д.Ариунжаргал гэдэг хүн төлбөрөө төлсөн, манай компанид тушаасан юм” гэж өөрсдөө тухайн санхүүгийн албанд Д.Бгаас үл хамаарч Улсын бүртгэлийн байгууллага руу Д.Ариунжаргалын өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой бичиг баримтуудыг гаргуулж өгөхийн тулд хүргүүлж байгаа. Тэгэхээр хэн нь хэнд ийм мөнгийг төлсөн юм бэ гэдэг нь маргаан дагуулж байгаа нь одоо ч эцэслэн тогтоогдоогүй гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд П.Довчинсамбуутай холбоотой нэг үйл баримт байгаа. П.Довчинсамбуутай холбоотой 28.542.322 төгрөг байгаа. Энэ мөнгийг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр П.Довчинсамбуугийн нэхэмжлэлтэй “ЖЖ” ХХК-нд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ энэ мөнгийг П.Довчинсамбуугаас “ЖЖ” ХХК-нд төлсөн байна гэж шүүх дүгнэсэн. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Гэтэл тэр шийдвэрээс давж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ гэм буруутайд тооцож байгаа. Төлсөн мөнгийг нь дараа нь юм уу П.Довчинсамбуугийн иргэний хэргийн шийдвэр гарсны дараа Д.Бгаас дахин авч байгаа ийм үйл баримт харагдаж байгаа. Тэгэхээр хохирлын хувьд маш ойлгомжгүй болсон. П.Довчинсамбуугийн мэдүүлэг шийтгэх тогтоолын 7 дугаар талд байна. “Би Д.Бтай хамааралгүй, иргэний журмаар шийдвэрлүүлсэн” гэж мэдүүлэг өгсөн. Тэгэхээр энэ үйл баримт шүүхээс гэм буруутайд тооцож байгаа маргаанаа улбаатай асуудлаар хохирлын асуудал өөрөө зөрүүтэй, алдаатай тооцогдож байна гэж үзэж байна. Ийм учраас дээд шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нэг мөр шийдвэрлэж өгнө үү. Энэ нь өнөөдрийн байдлаар ингэж явах юм бол эцэс төгсгөлгүй маргаан иргэн дээр үзэхээр байна. Учир нь Р.Бүрэнтэгш гэдэг хүнтэй хамааралтай “ЖЖ” ХХК Д.Бгаас иргэний журмаар нэхэмжлэх юм байна. Үүнд холбогдохоор баримт нь шүүх өөр өөрөөр дүгнэсэн. Иргэний шүүхийн нэг шийдвэртэй, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шийтгэх тогтоолтой, дахин иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэх юм бол юу гэж ойлгох юм. Мөн Р.Бүрэнтэгш гэдэг хүнтэй хамааралтай Солонго гэдэг хүн хариуцлага гэм буруутайд тооцогдсон ийм агуулга байгаа. Би П.Довчинсамбуугийн шийдвэрийг бол Д.Б төлөх ёстой байсан юм бол “ЖЖ” ХХК-иас яагаад энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцоогүй юм, яагаад давж заалдах гомдол гаргаагүй юм, яагаад хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй юм. Энэ агуулга нь өөрөө  П.Довчинсамбууг 28.542.322 төгрөгийн хэмжээнд “ЖЖ” ХХК төлсөн юм байна гэж илэрхийлж байна гэж үзэж байна. Ийм учраас өмнө тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох бололцоо 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байгааг шүүх бүрэлдэхүүн нягтлан үзэх байх. Ийм маргаантай үйл баримтын хувьд тэр маргаанаас хамаарч хохирол төлбөрийн хэлбэр нь эргэлзээтэй, алдаатай байгаа тул миний үйлчлүүлэгч гомдол гаргаж байна гэж үзэж байна. Нэр бүхий хэргийн оролцогч нарын давж заалдах гомдлын талаар хохирогч Д.Төгсбаярын өмгөөлөгчтэй хамааралтай хэлэх зүйл байхгүй байна. Хохирогч Р.Бүрэнтэгшийн өмгөөлөгч давхардуулж хэлсэн учраас шаардлагагүй гэж үзэж байна. З.Батзолбоо, Д.Ариунжаргал нарын тухайд дэлгэрэнгүй ярьсан учраас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэв.

 

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Д.Бгийн үйлдсэн гэмт хэргийг нотлогдсон гэж гэм буруутайд тооцож, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн давж заалдах гомдол гаргасан өмгөөлөгч нарын иргэний хариуцагч “ЖЖ” ХХК-иас нийт 102.000.000 төгрөгийг гаргуулж Р.Бүрэнтэгшид олгуулж, “ЖЖ” ХХК нь өөрийн байгууллагад учирсан хохирлоо баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүхэд хандаж, гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдаж өгсөн байгаа. Хохирогч Д.Төгсбаярын өмгөөлөгч Ж.Батзоригтын гаргасан давж заалдах гомдолд Д.Б нь Д.Төгсбаярыг залилсан хохирол учруулсан гэм буруутай тооцсон учраас Д.Бгаас Д.Төгсбаярын хохирлыг гаргуулахаар шийтгэх тогтоолд зааж өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

 

                                                                 ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Д.Б нь 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖЖ” ХХК-ийн захиргааны хэсэгт борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа давтан үйлдлээр:

2008, 2009 онуудад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч П.Довчинсамбуугийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын №070829 дугаартай гэрээний дагуу тушаасан 21.752 ам.доллар буюу 28.542.322 төгрөгийг,

2010 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч З.Батзолбоогийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын №071116А дугаартай гэрээний дагуу тушаасан авто зогсоолын төлбөр 6.500 ам.доллар буюу 8.352.500 төгрөгийг,

2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагч Р.Бүрэнтэгшийн байрны төлбөрт тушаасан 117.000.000 төгрөгөөс “Батсайханы байрны төлбөр” гэж кассаас 102.000.000 төгрөгийг авч тус тус завшиж, “ЖЖ” ХХК-нд нийт 138.897.822 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

2. Мөн давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Шинэ зуун” хотхоны орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг авто зогсоолгүй захиалсан Д.Ариунжаргал, Д.Төгсбаяр нарт албан тушаалаа ашиглан зарж,

Д.Ариунжаргалаас 2009 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 6.500 ам.доллар буюу 8.529.105 төгрөгийг,

Д.Төгсбаяраас 2009 оны 9 дүгээр сард 8.000 ам.доллар буюу 10.497.360 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 19.026.465 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уянгын “…Манай байгууллагаас Ариунжаргалын гаражны мөнгө болох 8.529.105 төгрөг, Довчинсамбуугийн орон сууцны төлбөр болох 21.752 ам.доллар тус тус Д.Бгаас нэхэмжилж байна. Дээрээс нь үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн 2 сая төгрөг, мөн эдийн засгийн шинжилгээний албаар шинжилгээ хийлгүүлсэн 560.000 төгрөг, мөн Довчинсамбуу нь манай байгууллагыг энэ хэргийн улмаас иргэний шүүхэд хандаад өмгөөллийн хөлс болох 1.500.000 төгрөгийг манайхаар төлүүлэхээр болсон ба тэмдэгтийн хураамж 109.150 төгрөгийг давхар нэхэмжилж байна...” /хх-84-VI/,

Хохирогч Р.Бүрэнтэгшийн “…Би зарын дагуу “ЖЖ” компанийн борлуулалтын менежер Д.Бтай холбогдоод “Шинэ зуун” хотхоны орон сууцны Г корпусын 3 давхрын А блок-д 4 өрөө орон сууц авахаар болоод 2010 оны 4 дүгээр сарын 10-нд 3 сая, 2010 оны 4 дүгээр сарын 21-нд 99 сая төгрөг, 2010 оны 10 дугаар сарын 22-нд 15 сая төгрөгийг борлуулалтын менежер Д.Бгийн “наад мөнгөө кассанд тушаа” гэсний дагуу “ЖЖгурпп” ХХК-ийн оффисын 7 давхарт байх санхүүгийн албанд тушаагаад мөнгө төлсөн баримтыг тус бүрдээ авч байсан. Тэгээд гэрээ байгуулах гэхэд Д.Б “манай захирал байхгүй байна, та санаа зовох хэрэггүй” гээд сүүлдээ аав, ээж нас барсан гээд байхаар нь би гачигдал зовлонтой байхаар нь дарамт болоод яахав гээд 49 хоног нь өнгөрөг гээд хүлээсээр байтал хагас жил болсон. Тэгээд утсаар яриад нөгөө байр чинь юу болж байна гэхэд Д.Б “Урьд нь зарах гэж байсан хүний шүүхийн шийдвэр гараад байраа авахаар болчихсон байна” гэж хэлээд “та “Шинэ зуун” хотхондоо байранд орох уу” гэхээр нь би “за за” гээд хүлээгээд сууж байтал Д.Б “шинэ зуун хотхонд байр бүтэхээ болилоо та “Гэгээнтэн” хотхонд шинэ байр адил квадрат метрийг авах уу” гэхээр нь бас зөвшөөрөөд хүлээлтийн байдалтай байсан. Д.Бгийн 91990784 дугаар руу залгахад “Д.Б ажлаасаа гарсан” гэж хэлсэн. Тэгээд би “ЖЖ” компани дээр ирээд болсон асуудлаа хэлэхэд Батчимэг гэдэг хүн таны төлсөн мөнгөнөөс 15 сая төгрөг нь л компанид байна гээд би уг 15 сая төгрөгөө буцааж авсан юм. Би Д.Бтай ямар нэг байдлаар гэрээ байгуулаагүй, амаар тохиролцоод л мөнгөө өгсөн. “ЖЖ” гээд том компанид мөнгөө өгсөн болохоор найдвартай байх гэж итгээд л яваад байсан. Д.Б ажил дээрээ “ЖЖ” компанийн оффист дуудаад миний иргэний үнэмлэхийг аваад компьютер дээрээ тэмдэглэгээ хийгээд байсан. Мөн миний нэрийг бичсэн цаас, гэрээний төсөл шиг зүйл өгөөд /ямар нэгэн тамга, гарын үсэггүй/ “Одоо удахгүй байр чинь нэр дээр чинь очно” гэж надад итгүүлсэн. Би нийт 117 сая төгрөг тушааснаас 15 саяыг нь буцааж авсан одоо 102 сая төгрөгөө авч чадаагүй байна. Байр ч үгүй, мөнгө ч үгүй болчихоод байна…” /хх-84- VI/,

 

Хохирогч Д.Төгсбаярын “...Д.Бд гараж зарах хүн мэдэж байгаарай гэж хэлсэн. 2009 оны 12 дугаар сарын 25-нд Д.Б над руу утсаар яриад “танай байрны эсрэг талын 24г байрны доор гараж байна ирээд үзэх үү” гэхээр нь очиж үзэхэд Энхсувд гэдэг хүнтэй хамт байсан. Уг гаражийг Энхсувдын гараж гэж хэлсэн. Тэгээд би Энхсувдтай гэрээ хийхээр болоод Д.Б гэрээг нь бэлдэж канондож өгсөн. Тэгээд би Д.Бгаас гаражаа яаж баримтжуулах вэ гэхэд Д.Б миний байрны гэрээн дээр гараараа бичиж хувийн тамгаа дарж баталгаажуулсан. Тэгээд би хөөцөлдөж байгаад байрны гэрчилгээгээ 2010 оны 3 сард авсан. Тэгээд гаражийн гэрчилгээг асуухад болоогүй гэж хэлсэн. Тэгээд Д.Бгаас асуухад гарах гэж байгаа гээд хүлээлгээд байсан. Тэгээд 2011 оны 8 сард “ЖЖ” ХХК дээр очиход намайг гэрээгээ аваад ир гэсэн гэрээгээ аваад очиход миний нэр дээр мөнгө тушаагдаагүй байхаар нь Энхсувд гэж хүний нэр дээр тушаагдсан байх гээд шүүлгэхэд бас тушаагдаагүй болохоор нь Энхсувдаас асуухад манай дүүгийн нэр дээр гэрээ хийгдсэн гэсэн тэгээд Батчимэг гэж хүнээс Д.Бгийн утсыг аваад ярихад би мэдэж байгаа таны асуудлыг шийдэж өгнө гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.Б ажлаасаа гарсан Жигүүр грандад миний гаражийн мөнгө тушаагдаагүй байсан…” /хх-63-II/,

 

Хохирогч З.Батзолбоогийн “...2007 онд “ЖЖ” ХХК-ийн “Шинэ зуун” хотхонд 75 м.кв байрыг борлуулалтын менежер Д.Бтай гэрээ хийж уг байрыг 6.500 ам.долларын авто зогсоолын хамт худалдан авсан. Тэгээд би гэрээний тооцоогоо хийж 30 хувь буюу 16.614 ам.доллар, дараа нь 8643 ам.долларыг “ЖЖ” ХХК-ийн санхүүгийн албанд тушаасан юм. Тэгээд үлдэгдэл мөнгө болох 28.123 ам.доллар тушаах байсан ба би өөрийн байрыг дахин томруулж 95 мкв болгон томруулсан. Тэгээд зөрүү болох 850 ам.доллар дээр үлдэгдэл 28.123 ам.доллар хоёрыг нийлүүлж 45.123 ам.доллар буюу тухайн үеийн ханш болох 1285 төгрөгөөр бодож нийт 58.000.000 төгрөгийг өгөх гэсэн чинь 50.000.000 төгрөгийг бэлнээр аваад 8.000.000 төгрөгийг У.Мандал гэдэг дансанд тушаасан. ...би нийт 28.123 ам.долларыг Д.Бд гарын үсэг зуруулж өгсөн...” /хх-38-I/,

 

Хохирогч П.Довчинсамбуугийн гэрчээр өгсөн “...Миний хувьд “ЖЖ” ХХК-ийн барьсан байрнаас 75.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 24 дугаартай гаражийн хамт худалдаж авахаар гэрээ байгуулан гэрээнд заасан төлбөр болох 54.380 ам.долларыг заасан хугацаанд нь төлж дууссаны дараа Д.Бгаас ордер асуухад надаас зугтаад байсан. Тэгэхээр төв дээр нь очиход Д.Б ажлаасаа гарчихсан гэхээр нь тэгвэл миний ордерыг гаргаж өг гэхэд миний Д.Бд өгч байсан мөнгөнөөс 21.752 ам.доллар төлөгдөөгүй дутуу байгаа учир байрны ордер өгөхгүй гээд байсан тул би иргэний журмаар шүүхээр шийдүүлсэн. “ЖЖ” ХХК-ийн борлуулалт хариуцсан менежер гэх хүн төлбөрөө надад өгчих гэсэн учир итгээд мөнгө өгч байсан…” /хх-118-VI/,

 

Хохирогч Д.Ариунжаргалын гэрчээр өгсөн “…Би 2012 оны 12 дугаар сарын 7-нд “Шинэ зуун” хотхонд байр захиалж мөнгө тушаасан. Би гэрээг Батчимэг гэдэг борлуулалтын ажилтантай хийсэн. Тухайн үед гараж байгаа юу гэхэд байхгүй гэж Батчимэг хэлж байсан. Мөнгө төлөх явцдаа борлуулалтын ажилтан Д.Бгаас гараж асуухад байхгүй гараж гарвал танд хэлнэ гэж байсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.Б яриад “ЖЖ” компани дээр хүрээд ир гэсэн. Очиж уулзахад гараж байна 8.500 ам.доллараар авах уу гэхээр нь би авна гэж хэлээд байж байхад нэг эмэгтэй орж ирсэн. Уг эмэгтэйн гараж гэж байсан ба “ЖЖ” компани дотор өгөхөд Д.Б миний гэрээн дээр 26 тоот гаражийг авлаа 6.500 доллар гэхээр нь би “чи яагаад 6.500 гэж байгаа юм бэ” гэхэд би танд хувь хүнээс авч өгч байгаа юм гараж авсан эгч зарж байгаа гэж хэлсэн. Зарсан гэх эмэгтэй хажууд цуг байсан. Тэгээд цуг байсан эмэгтэй өөрийн гараар 8.500 доллар хүлээн авлаа гэж бичээд надад өгсөн. Тэгээд би уг гаражийг аваад байрны гэрчилгээний хамт үл хөдлөх газраас авсан. Гаражийг Эрдэнэсувд гэдэг хүнээс авч өгч байна гэж байсан. Өөр зүйл яриагүй миний байрны гэрээн дээр гаражны дугаар бичээд өөрийнхөө тамгыг дарсан…” /хх-317-II/,

 

Гэрч Д.Энхсувдын “...Би Д.Бгийн авга эгч нь болох хүн юм. Би оныг нь сайн санахгүй байна. Д.Б надаар дамжуулан 2 удаа “ЖЖ” компанийн эзэмшлийн байрны зогсоолоос бусдад худалдуулах ажлыг хийлгэсэн. Эхнийх нь болохоор 2009 оны өвөл 12 сарын орчим Д.Б “та надад гараж зарж өгөөч гэхээр нь би хаана ямар гараж вэ гэхэд тэрээр шинэ баригдсан байранд гэсэн бөгөөд би ойлгохдоо түүнийг ажлынхаа худалдаж байгаа гаражаас мөнгө нэмж зарж мөнгө олох гэж байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд миний утас руу нэг эмэгтэй хүн яриад гараж зарах уу гэхээр нь би тийм гэсэн хариу өгөөд 6.000 билүү 6.500 доллараар зарах болоод энэ эмэгтэй нь манай байрны гадна ирээд мөнгөө өгөхөд нь би уг мөнгийг хүлээн авсан тухай бичгээр тэмдэглэл үйлдээд тэр хүнд нь өгөөд явуулсан. Харин мөнгийг бол тэр өдөрт нь Д.Бд өгсөн. Үүнээс Д.Б надад тусалсан гээд 200 доллар өгсөн. Үүнээс хойш 2010 оны хавар Д.Б яриад дахин нэг гараж зараад өгөөч гэхээр нь ажил дээр нь очоод гараж худалдан авах гэж байгаа хүнтэй гэрээ хийн мөнгийг авсан ба энэ хүн Төгсбаяр гэх хүн байсан 8.500 доллараар худалдан авч мөнгийг өгөх болсон. Хэд хэдэн удаа тасалж өгсөн, ингэж өгөх тоолонд нь би Д.Бд өгч байсан. Эндээс мөн надад 200 доллар өгсөн…” /хх-198-200-II/,

 

Гэрч Б.Удвалцэцэгийн “...2010 оны 12 сарын орчим гүйцэтгэх захирал намайг дуудаад Бүрэнтэгш гэдэг хүний мөнгө тушаасан талаар шалга гэсэн үүрэг өгсөн. Тэгээд би санхүүгийн программ болон харилцах дансны гүйлгээг шүүхэд Бүрэнтэгш гэдэг хүн мөнгө тушаагаагүй байсан. Тэгээд би Халиунаа захиралд төлбөр төлсөн баримт байхгүй байна гэхэд Д.Бг дуудсан. Тэгээд Д.Бгаас Бүрэнтэгш гэдэг хүний мөнгө төлсөн үү гэж Халиунаа захирал асуухад Бүрэнтэгш гэдэг хүн мөнгө төлсөн би касснаас шүүгээд олоод өгье гэж Д.Б хэлсэн. Тэгээд би Д.Бг дагуулаад кассын өрөөнд ороод касс Солонгоод Д.Бтай хамт шүүгээд олоодох гэсэн чинь Солонго, Бүрэнтэгш гэх хүний мөнгө болох 15 сая төгрөг миний сейфэнд байгаа. Д.Б Батсайхан ахын мөнгө гэж тушаасан гэж надад хэлсэн. Тухайн үед Д.Б цуг байсан юм. Тэгээд би Д.Бд нөгөө хүнээ надтай уулзуул гэхэд нисгэгч хүн байгаа юм нисээд явчихсан ирэхээр нь уулзуулъя гэж хэлсэн юм. Бүрэнтэгшийн тушаасан 15 сая төгрөгийг кассын орлогод авахуулсан юм. Тэгээд 7-8 хоногийн дараа Д.Бг мөнгө тушаасан хүнийг авч ирж уулзуул гэхэд захирал Халиунаатай уулзуулаад зохицуулсан гэж хэлэхээр нь би итгээд дахин асуугаагүй. Тэгээд 2011 оны 10 сард Бүрэнтэгш гэдэг хүн өргөдөл гаргасан болохоор нь би Д.Бтай утсаар яриад өвөл шүүлгээд байсан хүн өргөдөл гаргасан байна гэхэд надад “наад хүн чинь бишээ Мягмарсүрэн гэдэг хүн байсан” гэхээр нь би Д.Бг хүрээд ир гэж хэлсэн. Д.Бг ирэхээр нь чи өвөл баримт үзүүлж байсан тэр баримтаа аваад ир гэхэд 2 цагийн дараа аваад ирье гэж хэлээд гараад явсан. Солонго 15 сая төгрөгийг 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэл кассын сейфэнд хадгалж байсан…” /хх-52-I/,

 

Гэрч Д.Батсайханы “...Би Д.Бд 2009 оны сүүлээр Баянзүрх дүүргийн “Шинэ зуун” хотхонд байдаг 3 өрөө байрыг хүн сураглаж ирвэл зараад өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд надад Д.Б байр авах хүн байна тал мөнгийг нь эхлээд өгье оны дараа үлдсэн мөнгийг нь өгье гээд гэрээ хийж өгсөн юм. Гэрээ хийснээс хойш 10 орчим хоногийн дараа 50 хувь болох 42.693.931 төгрөгийг оффис дотор Д.Б өгсөн. Үлдсэн мөнгөө өгөхгүй байсаар байгаад 2010 оны 6 сарын дундуур “ЖЖ” компанийн үүдэнд өгөхдөө алданги болох 2.800.000 билүү 3.000.000 төгрөгийг тооцон өгч байсан…” /хх-55-56-I/,

 

Гэрч С.Халиунсүрэнгийн “...2010 оны 4 сарын орчим санагдаж байна манай байгууллага цалин тавих үеэр манай байгууллагын инженерүүд болох хүмүүс ирчихсэн ажилчдынхаа цалин авах гэж хүлээж байсан. Тэгэж байгаад кассанд мөнгө орчихлоо гэж инженерүүд яриад байхаар нь би Солонго, Золзаяа хоёрын аль нэгээс цалингаа тавих уу гэж асуухад уг мөнгө нь компанийн мөнгө биш Д.Бгийн оруулсан Батсайхан захирлын байрны мөнгө гэхээр нь би Д.Б руу утасдаж “мөнгийг хэн ирж авах вэ, ирж авах хүнээс нь би нөхөж хийсэн нийгмийн даатгалын мөнгийг авч компанид хиймээр байна” гэж хэлэхэд Д.Б “би мөнгийг авна, Батсайхан захирлаас нийгмийн даатгалын мөнгийг төлөх эсэхийг асуугаадахъя” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа асуухад Д.Б надад уг мөнгийг Батсайхан ах дараа мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлсэн гэж надад хэлсэн…” /хх-57-58-I/,

 

Гэрч О.Солонгын “...3 сая төгрөг тушаасан, Д.Б захирал Баттөрийн дүү Батсайхан ахын байрны төлбөр гэж тушаасан. Тэгээд би орлогын баримтыг 2 хувь үйлдэж нэг хувийг нь Бүрэнтэгш гэдэг хүнд өгөөд нэг хувийг нь авч үлдсэн байсан. Захиалагч Бүрэнтэгш гэдэг хүнийг гарч явсны дараа Д.Б орж ирээд Батсайхан ахын мөнгө байгаа юм би Батсайхан ахад аваачиж өгнө гэхээр нь би баримтын хамт 3 сая төгрөгийг Д.Бд өгсөн. Дараа нь 2010 оны 4 дүгээр сарын 21-нд захиалагч Бүрэнтэгш Д.Бгийн хамт ирж 99 сая төгрөг тушаасан. Би орлогын баримтыг 2 хувь үйлдэж нэг хувийг нь Бүрэнтэгш гэдэг хүнд өгөөд явуулсны дараа Д.Б орж ирж Батсайхан ахын байрны төлбөр гээд 99 сая төгрөгийг байрны төлбөр төлсөн баримтын хамт авч явсан. Дараа нь Бүрэнтэгш гэх хүн ганцаараа 2010 оны 10 дугаар сарын 1-нд ирж 15 сая төгрөг тушаахаар нь Д.Б руу утасдаж хэлэхэд “Батсайхан ахын мөнгө байлгаж байгаарай, удахгүй очиж авна” гэж хэлэхээр нь би баримтын хамт уутанд хийж сейфэнд хадгалж байсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Д.Б руу залгаад хэлэхэд “байлгаж байгаарай, удахгүй очиж авна” гэж хэлсэн. Тэгэж байгаад би ерөнхий нягтлан Удвалцэцэгт “надад мөнгө хадгалагдаж байгаа” гэсэн чинь “ингэж болохгүй бүртгэлд авч орлогод ав” гэж хэлсэн. Би уг мөнгийг 2 сар өөр дээрээ хадгалж байгаад орлого болгосон. Урд нь Батсайхан ахын байр зарагдаад манай кассанд оролгүй би тоолж авч баримт бичиж өгөөд дараа нь мөнгийг нь өгч байсан болохоор итгээд мөнгийг нь өгсөн…” /хх-62-63-I/,

 

Гэрч Т.Оюунгэрэлийн “...Би 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр илүү гарсан мөнгө хадгалуулах гэж орохдоо давхар цалингаа асуухад цалин тавих мөнгө байхгүй гэж хэлсэн боловч ширээн дээр нь баахан мөнгө байхаар нь “энэ юун мөнгө вэ” гэхэд “Батсайхан захирлын мөнгө, Д.Б ирж авах ёстой” гэж байсан. Тэгтэл Д.Б гаднаас орж ирээд мөнгө аваад гарах үед нь тоглоомоор “цалин тавих мөнгөгүй байхад чинь хамаг мөнгө аваад явчих юм аа” гэхэд инээд алдаад гараад явж байсан нь сайн санагдаж байна…” /хх-119-VI/,

 

Гэрч Б.Батчимэгийн “...Д.Б манай өрөөнд орж ирээд Удвалцэцэг эгч намайг “мөнгө авсан байна, бичиг баримт аваад ир” гэж хэлсэн. Дараа нь надтай утсаар яриад “би Удвал эгчид юм өгөх үү яах вэ, би өгчихмөөр байна” гэж хэлэхээр нь “чи аваагүй юм бол юу өгөх гэсэн юм бэ” гэж хэлээд яриагаа дуусгасан. Борлуулалтын менежер нь зарах гэж байгаа байраа хүнд тайлбарлаж үзүүлэх, гэрээ хийх үүрэгтэй. Бэлэн мөнгө авч болохгүй…” /хх-76-I, 203-204-II/,

 

Гэрч Б.Ганболорын “...Д.Б байр зарах хүн байна гэсэн тул манай аавын байрны урд талын байранд байр авсан Батнаран гэх хүнтэй намайг утсаар яриулсан. Би тэр хүнд урьдчилгаа болгон 2 сая төгрөг өгөөд та энэ байраа өөр хүнд худалдаж болохгүй шүү гэсэн. Сүүлд тэр хүн залгаад ах нь байраа зарахаа болилоо гээд миний мөнгийг банкаар шилжүүлсэн…” /хх-201-202-II/,

 

Гэрч Ө.Гүндэгмаагийн “...Би энэ байранд 2009 оны 5 сард орохдоо 19 билүү 20 билүү дугаартай машины зогсоолыг авсан. Сүүлд бол 9 дугаартай зогсоолыг сольж авсан. Шалтгаан нь томсгож сольсон. Би нэг дугаартай зогсоолыг авч байгаагүй...” /хх-205-II/,

 

Гэрч Ч.Баасансүрэнгийн “...Манай байрны гэрчилгээ 2011 оны 1 сард гарсан. 2010 оны сүүлээр Д.Бд энэ байрыг зарах талаар ярьж байсан. Д.Б яриад танай байрыг 2 хүн үзнэ шүү, та байж байгаарай гэсэн. Ингээд намайг байрандаа байж байхад эхнэр нөхөр 2 ирсэн бөгөөд манай байрыг үзчихээд мөн өөрсдийгөө хөдөө орон нутагт ажилладаг байр авчихаад явна сайхан байр байна гээд үзэж хараад явсан. Ингээд дараа нь Д.Б утсаар надтай яриад “саяын байр үзсэн хүмүүс миний дүү нар байгаа юм та түлхүүрээ өгчих хэд хоногоос мөнгийг чинь өгье гэсэн. Ингээд би түүнд түлхүүрээ өгөөд явсан. Тэгээд надад мөнгө орж ирээгүй учраас хүн аваагүй юм байна даа гэж бодсон мөн над руу хэн ч яриагүй түлхүүр өгөөд удаагүй сар гаран ч болоогүй байхад өмнө байр үзэж байсан хүмүүсээс огт өөр хүмүүс буюу Батзолбоогийн гэр бүлийнхэн манай байранд байж байсан. Ингээд энэ байр миний нэр дээр байгаа би мөнгийг нь аваагүй, та нар юун хүмүүс вэ гэхэд Батзолбоо би энэ байрыг авч байгаа юм, Д.Б мэдэж байгаа гэсэн юм. Би эхэлж байр үзсэн хүмүүс биш байсан дээрээс нь байрны мөнгө дутаад байсан, айл нүүж орсон гэдгийг мэдээгүй байсан мөн яг хэн нэгэн хүн худалдаж авлаа гэсэн эцсийн шийдвэр хэлээгүй байсан, мөн тэр байранд байсан Батзолбоотой уулзахад байрны мөнгийг бүрэн гүйцэд төлсөн гэхээр нь Д.Бтай энэ талаар ярихад Батзолбоог байр авч байгаа мөнгийг чинь шилжүүлж өгнө гэсэн. Байрны мөнгийг цувуулж л авч байсан...” /хх-190-V/,

 

Гэрч У.Мандалын “...Би байраа зарахдаа дангаар нь зарсан, авто зогсоолоо тусад нь зарсан...” /хх-63-IV/,

 

Гэрч Б.Бямбатогтохын “...“ЖЖ” ХХК-ийн санхүүгийн дотоод программын хуулбар нэг бичигдсэн бол дээрх баримтыг ямар нэг байдлаар засч өөрчлөх боломжгүй программын хуулбар юм...” /хх-129-IV/,

 

Гэрч Д.Баттөрийн “...“ЖЖ” ХХК-ийн санхүүгээс ерөнхий захирал миний зөвшөөрлөөр, гүйцэтгэх захирал Б.Халиунаагийн гарын үсгийн зөвшөөрөлтэйгөөр гардаг. Өөр ямар ч тохиолдолд мөнгө гарах ёсгүй.  ...манай дансанд хэний ч мөнгө орсон заавал бүртгэгдэх ёстой...” /хх-65-I/,

 

Гэрч Б.Халиуны “...санхүүгээс миний зөвшөөрөлтэй болон ерөнхий захиарл Д.Баттөрийн гарын үсэгтэй зөвшөөрлөөр гардаг. Өөр ямар нэг байдлаар мөнгө гаргадаггүй...” /хх-67-I/,

 

Иргэний хариуцагч Б.Бямбатогтохын “...нэгэнт манай ажилтан Д.Б нь Бүрэнтэгшийг залилан мэхэлж түүний 102 сая төгрөгийг Солонгоос авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа учраас Д.Бгийн гэм бурууг шүүх тогтооно гэж ойлгож байгаа. Харин би би иргэний хариуцагчаар татагдсан компанийг төлөөлж байгаа нягтлангийн хувьд Д.Б нь манай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа хохирогч Бүрэнтэгшид 102 сая төгрөгийн хохирол учруулсан учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар байгууллага Бүрэнтэгшид Д.Бгийн өмнөөс төлөх болж байна. Харин манай байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо Д.Бгаас нэхэмжлэх нь гарцаагүй юм...” /хх-32-33-IХ/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №784/785, 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн №1207 дугаар Криминалистикийн шинжээчийн дүгнэлтийн “…П.Довчинсамбуугийн гэрээ төлбөрийг баталгаажуулсан гарын үсэг, тэмдэг нь хуурамч бөгөөд Д.Баярмаагийн бичгийн хэвтэй тохирсон…” гэх дүгнэлт /хх-73-90-II/, Эдийн засгийн шинжээчийн дүгнэлт /хх-35-42-III/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд /хх-110-IV/, гэрч Д.Энхсувд хохирогч Д.Төгсбаяр нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах хэлцлийн гэрээ /хх-58-II/, Д.Бг ажилд авах тухай тушаал, ажил үүргийн хуваарь, маркетинг, борлуулалтын албаны үйл ажиллагаа явуулах, мөрдлөг болгох журам, Захиргаа санхүүгийн хэлтсийн ажлын байрны тодорхойлолт /хх-102-II/, “ЖЖ” ХХК-ийн хуулийн зөвлөх Э.Одонтуяагийн интернет хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-220-223-II/, “Жигүүр гранд групп” ХХК-ийн цалин 2012 оны 4 дүгээр сарын 21-нд буусан талаарх баримтууд /хх-83-84-IV/, иргэн У.Мандалаас 2011 оны 1 дүгээр сарын 17-нд 24б-41 тоот байрны гэрчилгээг гаргуулан авч 2011 оны 5 дугаар сарын 6-нд З.Батзолбоод шилжсэн тухай баримт /хх-95-109-IV/, Баянзүрх дүүргийн бүртгэлийн газрын “…Батзолбоо, Д.Төгсбаяр нарын өмчлөлд бүртгэлтэй авто зогсоол бүртгэгдээгүй байна…” гэсэн албан бичиг /хх-145-153-IV/, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны валютын ханшийн лавлагаа /хх-147-III/, хохирогч Д.Ариунжаргал, Д.Төгсбаяр нарын авто зогсоолын төлбөр, компанийн дансанд ороогүй талаарх кассын баримт /хх-64-65, 81-III/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-181-201-IV/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хохирогч Д.Төгсбаярын өмгөөлөгч Ж.Батзоригтын гаргасан давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд хохирогч Д.Төгсбаярт учирсан 10.207.360 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч “ЖЖ” ХХК-иас гаргуулах үндэслэлтэй гэжээ. Гэтэл шүүгдэгч Д.Б нь хэдийгээр хэрэг үйлдэх үедээ “ЖЖ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан ч хохирогч Д.Төгсбаярыг залилах үйлдэл хийхдээ компанийн нэрийн өмнөөс бус, хувийн шунахай зорилгоор, санаатайгаар, идэвхитэй үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул уг гэмт хэргийн хохирлыг “ЖЖ” ХХК-иас гаргуулах үндэслэлгүй байх ба шүүгдэгч Д.Бгаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд өмгөөлөгч Ж.Батзоригтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б “...П.Довчинсамбуугийн 28.542.322 төгрөг, З.Батзолбоогийн 8.532.500 төгрөг, ...Д.Ариунжаргалын 8.529.105 төгрөг, ...Д.Төгсбаярын 10.207.360 төгрөгийг тус тус “ЖЖ” ХХК төлж барагдуулсан тул ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол шийдвэрлэсэн хэсэгт, мөн гэм буруугийн хэсэгт гэм буруутайг тогтоосон хэсгийг цагаатгаж өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргажээ. Хэрэгт авагдсан баримтуудаар дээрх иргэдийн хохирлыг “ЖЖ” ХХК хариуцан нөхөн төлж арилгасан нь шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ болон түүний төлөх төлбөрөөс хасагдах үндэслэлгүй юм. Иймд түүний гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “ЖЖ” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Урангэрэл гаргасан давж заалдах гомдолдоо “...хохирогч Р.Бүрэнтэгшид олгохоор заасан 102.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Бгаас гаргуулж компанид олгуулахаар заагаагүй...” гэжээ. Шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн хохирол болох 102.000.000 төгрөгийг иргэний хариуцагч “ЖЖ” ХХК-иас гаргуулж хохирогч Р.Бүрэнтэгшид төлөхөөр заасан байх ба компани уг хохирлоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар Д.Бгаас нэхэмжлэх эрхтэй байх тул энэ талаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтад нэмэлт хэсэг болгон оруулав.   

 

Мөн өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлын “...Аудитын төлбөр 2.000.000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 109.150 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зардалд 560.000 төгрөг зэрэг 2.959.150 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй байна...”, “...Д.Энхсувдын тушаасан 580.000 төгрөгийг Прокурорын байгууллагын дансанд тушаасан байхад “ЖЖ” ХХК-ийн дансад тушаасан гэж ташаа бичсэн...” гэсэн хэсгүүдийг тус тус хүлээн авлаа.      

 

Учир нь шүүхээс “ЖЖ” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан 2.959.150 төгрөгийн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт хийгээгүй байх ба давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баярмаагаас дээрх хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 3. Хохирлын талаарх хэсэгт “...гэрч Д.Энхсувдаас мөрдөн байцаалтын шатанд 580.000 төгрөгийг хураан авч “ЖЖ” ХХК-ийн дансанд тушаагдсан тул...” гэж ташаа бичсэн байх ба 3 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр талд Д.Энхсувд 580.000 төгрөгийг Прокурорын байгууллагын Хас банк дахь дансанд тушаасан баримт авагдсан байх тул алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй. Мөн анхан шатны шүүхээс дээрх 580.000 төгрөгийг шүүгдэгч Д.Бгаас гаргуулж хохирогч Д.Төгсбаяр, Д.Ариунжаргал нарт хувь тэнцүүлэн олгох хохирлоос хасч тооцсон атлаа тэрхүү дансанд байгаа 580.000 төгрөгийг хоёр хохирогчид хувь тэнцүүлэн гаргуулахгүй орхигдуулсан байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Мөн шүүгдэгч Д.Б нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл, 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 163 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх 72 хоног цагдан хоригдсон гэж дутуу тооцсон байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.   

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Д.Бгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгон цагаатгах, шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.

Иймд хохирогч Д.Төгсбаярын өмгөөлөгч Ж.Батзоригт, шүүгдэгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, харин хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “ЖЖ” ХХК-ийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 513 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 513 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

- 3 дахь заалтын “Хардал мэргэд овогт Далхсүрэнгийн Д.Бд холбогдох эрүүгийн 21136440 дугаартай хэргийг /2015 оны/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Д.Баярмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Хардал мэргэд овогт Далхсүрэнгийн Д.Бд холбогдох 21136440 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

- 4 дэх заалтын “Д.Баярмаа нь нийт 72 /далан хоёр/ хоног цагдан хоригдсоныг дурдсугай.” гэснийг “Д.Баярмаа нь нийт 163 /нэг зуун жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг дурдсугай.” гэж,   

 

- 6 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Баярмаагаас нийт 55.341.287 /тавин таван сая гурван зуун дөчин нэгэн мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Жигүүр гранд групп” ХХК-нд 45.133.927 /дөчин таван сая нэг зуун гучин гурван мянга есөн зуун хорин долоо/ төгрөг, хохирогч Д.Төгсбаярт 10.207.360 /арван сая хоёр зуун долоон мянга гурван зуун жар/ төгрөг тус тус олгож,

- иргэний хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК-иас 102.000.000 /нэг зуун хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Р.Бүрэнтэгшид олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Баярмаагаас нийт 55.341.287 /тавин таван сая гурван зуун дөчин нэгэн мянга хоёр зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Жигүүр гранд групп” ХХК-нд 45.133.927 /дөчин таван сая нэг зуун гучин гурван мянга есөн зуун хорин долоо/ төгрөг, хохирогч Д.Төгсбаярт 10.207.360 /арван сая хоёр зуун долоон мянга гурван зуун жар/ төгрөг тус тус олгосугай,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Баярмаагаас 2.959.150 /хоёр сая есөн зуун тавин есөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж “ЖЖ” ХХК-д олгож, Д.Энхсувдын Прокурорын байгууллагын хохирлын дансанд тушаасан 580.000 /таван зуун наян мянга/ төгрөгийн 50 хувь болох 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг хохирогч Д.Төгсбаярт, 50 хувь болох 290.000 /хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг “ЖЖ” ХХК-д тус тус олгосугай,   

- Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Жигүүр гранд групп” ХХК-иас 102.000.000 /нэг зуун хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Р.Бүрэнтэгшид олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.  

2. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “ЖЖ” ХХК нь өөрт учирсан хохирлоо Д.Бгаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Д.Төгсбаярын өмгөөлөгч Ж.Батзоригт, шүүгдэгч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Д.ОЧМАНДАХ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ