Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 743

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, “М Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийн “М Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий НЗД д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, өмгөөлөгч Т.Ц нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М Д” ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Морин даваа-2 нэртэй газарт 119,44 га уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах MV-017... тоот тусгай зөвшөөрлийг 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газраас авч, хуулиар хүлээсэн үүргүүдээ биелүүлэн ажиллаж байгаа болно.

Харин Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжаар манай компанийг энэхүү уурхайн талбайн газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор захирамжилжээ. Үүнийг манай компанийн зүгээс хууль зөрчсөн гэж үзэж, энэхүү нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагч НЗД  нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор хуульчилсан. Сонсох ажиллагааг хийхийн өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг тодорхойлох ёстой. Гэвч захиргааны байгууллагаас энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байж шууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт гаргасан нь хууль бус юм.

  1. Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хязгаарлаж байгаа нь илт хууль бус

Нэхэмжлэгч компанид төрөөс MV-017... тоот тусгай зөвшөөрлийг албан ёсоор олгосон. Ашигт малтмалын тухай хуульд “ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүрдийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг авсан этгээд нь газрын гадаргуу, түүний хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох эрхтэй болж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын манай компанийн газрын хэвлийг ашиглах эрхгүй гэсэн шийдвэрийн үр дагавар нь манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг дуусгавар болгож байгаа хэрэг юм.    

Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг хугацаанаас нь өмнө цуцлах буюу өөрөөр хэлбэл, ашигт малтмал ашиглахыг зогсоох, болиулах үндэслэлүүдийг тодорхой заасан байдаг ба НЗД  газрын хэвлийг ашиглах эрх дуусгавар болгох байдлаар ашигт малтмал ашиглах боломжгүй болгох зохицуулалт байхгүй.

Үүгээрээ НЗД  нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь буруу болжээ.

  1. Газрын хэвлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн

Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийн үндэслэлд Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсгийг дурдаж, “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” тул газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгосон гэжээ.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж заасан. Нийслэлийн Засаг даргын захирамжид “тусгай зөвшөөрлийг олгосноос хойш” гэсэн бол хуульд “газрын хэвлийг олгосноос хойш” гэсэн байна.

Мөн хуулийн 21.5-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж зохицуулсан. Эндээс харахад НЗД  нь газрын хэвлий ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон акт, газрын хэвлий ашиглах тухай зөвшөөрлийг олгосон нөхцөлд л түүнийгээ хүчингүй болгох замаар дуусгавар болгоно гэж ойлгогдож байна. Гэвч НЗД  манай компанид ямар нэгэн акт зөвшөөрөл олгоогүй хирнээ тодорхой эрхийг дуусгавар болгосон захирамж гаргаж байгаа нь дээр дурдсан заалтуудыг зөрчиж байна.

  1. Үйл ажиллагаа явуулаагүй 3 жил болсон гэдгийг явцуу утгаар ойлгож, захирамж гаргасан

Ашигт малтмалын хайгуул, ашиглалт нь тусгайлсан хуулиар зохицуулагдсан, олон шат дамжлага процесстой үйл ажиллагаа юм. Зөвхөн тусгай зөвшөөрөл бичигдсэнээр үйл ажиллагаа эхлэх буюу газар шорооны ажил ямар ч боломжгүй. Хамгийн эхэнд тухайн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явагдахад шаардлагатай байгаль орчны үнэлгээ хийгдэнэ, түүнээс улбаалж байгаль орчны менежментийн төлөвлөгөө, мөн техник эдийн засгийн үндэслэл гэх мэт бичиг баримтууд заавал хийгдэх ёстой бөгөөд үүнийг Ашигт малтмалын тухай хуулиар шаарддаг. Олборлолтын өмнө мөн уулын ажлын төлөвлөгөөг ч батлуулна. Эдгээр ажиллагаануудын дараа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасны дагуу (Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж болно) уурхайн ажиллуулах буюу үйлдвэрлэл явагдана.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан ажиллагаануудыг хийсээр байгаа. Энэ талаарх баримтуудыг нэхэмжлэлд хавсаргасан болно.

Тэгэхээр тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа газрыг ашиглах боломжгүй тул тусгай зөвшөөрөл олгогдсон л бол 3 жил тоологдоно гэдэг нь явцуу ойлголт юм. Магадгүй тусгай комисс уурхайг хүлээн авснаас уг хугацааг тоологдох боломжтой.

Иймд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийн “М Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдан гарснаар НЗД  харьяалах нутаг дэвсгэртээ байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй болсон.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай хамтарсан удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүдийн судалгаа гаргасан.

Уг шалгалтаар “М Д” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай нь дээрх хуулийн дагуу газрын хэвлийг ашиглаж эхлээгүй нь тогтоогдсон бөгөөд газар дээр нь очиж, координатын цэгээр талбайг тодорхойлж, фото зургаар баталгаажуулсан байна.

НЗД  “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 21.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны A/609 дүгээр захирамжийн “М Д” ХХК-д холбогдох хэсэг нь хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх “М Д” ХХК-иас НЗД д холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийн “М Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаараа хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 203 дугаар шийдвэрээр “М Д” ХХК-д нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт “Мориндаваа-2” нэртэй 119.44 га талбайд барилгын чулууны ашигт малтмал ашиглах MV-017... дүгээр тусгай зөвшөөрлийг олгосон байна.

2014 оны Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлал болох түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, хариуцлагыг тогтоож, төрийн зохицуулалт, төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын эрх, үүрэг зэрэг харилцааг нарийвчлан хуульчилсан байна.

Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна” гэж заасныг зөрчиж НЗД  маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар “М Д” ХХК-ийг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж заасныг үндэслэж газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон нь зохицуулалт бүхий хуулийг хэрэглээгүй, буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “аймаг, НЗД  тусгай зөвшөөрлийг цуцалсан” тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болно, 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, НЗД  тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална”, 37.1.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон”, 37.1.2-т ”тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 37.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан”, 37.1.4-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлах харилцааг тодорхой зохицуулсан болно.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нараас шүүхэд гаргасан тайлбар, мэтгэлцээнээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7/3927 дугаар албан бичигт “...дансны хуулгаар шүүх үзэхэд MV-017... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр бүрэн төлсөн байна”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2014 оны 12 дугаар сарын сарын 17-ны өдрийн 6/114 дүгээр албан бичигт ”... MV-017... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194-р тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагтай тус тус давхцалгүй байна” зэрэг.

Мөн “М Д” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах MV-017... дүгээр тусгай зөвшөөрөл эзэмшиж байх явцад “Морин даваа-2” барилгын чулууны ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн  14-07-03 дугаар дүгнэлтээр барилгын чулууны ордыг ашиглах уг техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах MV-017314 дүгээр тусгай зөвшөөрлийн талбайд явуулах 2014, 2015 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, 2016, 2017 онд үйл ажиллагаа явуулахгүй байх тухай “Х” төлөвлөгөө, 2013-2017 онуудад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайланг тус тус ирүүлж байсан нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/4347 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газрын хамран гаргасан удирдамжаар хийгдсэн нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалтын судалгааны дүнг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж шүүхэд мэтгэлцсэн. Шүүхээс түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах MV-017... дүгээр тусгай зөвшөөрөл бүхий талбайд хийсэн үзлэгээр “М Д” ХХК нь чулуун овоолго үүсгэсэн, аж ахуйн хашаа босгосон зэрэг үйл баримтуудаар нотлогдсон болно.

Иймээс хариуцагч маргаан бүхий захиргааны акт гаргахдаа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбайд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, газрын хэвлийг ашиглаж эхлээгүй гэх үндэслэл нь алдаатай гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр НЗД  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, НЗД  тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 37.3-д “Энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, НЗД д ирүүлнэ”, 37.4-т “Аймаг, НЗД  энэ хуулийн 37.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй шийдвэрээ гаргасан гэж үзлээ.

Учир нь “М Д” ХХК-ийн ашигт малтмалын MV-017... дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох шийдвэрийг гаргахдаа ямар нөхцөл шалтгааны улмаас, хуулийн ямар шаардлагыг биелүүлээгүйгээс улбаалж тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл бий болсон талаар сонсох ажиллагаа хийж,  тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тайлбар авахыг хуулиар нарийвчлан зохицуулжээ. Гэтэл дээрх хуулийн заалтыг хариуцагч биелүүлээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг няцааж мэтгэлцээгүй болно.

Нэгтгэн дүгнэхэд, НЗД  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийн “М Д” ХХК-д холбогдох хэсэг нь зохицуулалт бүхий хуулийг хэрэглээгүй буюу буруугаар тайлбарласан, бодит нөхцөл байдлыг зөв үнэлээгүй, олж тогтоолгүй шийдвэр гаргасан нь “М Д” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдийн удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3, 37.4, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсгүүдийг тус тус баримтлан “М Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжийн “М Д” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗД ас 70200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч “М Д” ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.        

  

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ