Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0329

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Ж.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан тушаал бууруулж, ажилд томилох тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч З.Т, гуравдагч этгээд Ж.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 124/2021/0006/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Б- нь “Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан тушаал бууруулж, ажилд томилох тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 45 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан тушаал бууруулж, ажилд томилох тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг гаргахад Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/17 дугаар албан тоотыг үндэслэн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Ж.Б-г үүрэгт ажлаас нь албан тушаал бууруулж, Эрүүл мэндийн эрхлэгч эмчээр Ж.Н-ийг томилсон. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 780 дугаар шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

3.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг дарга захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заасан байдаг учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”

4. Гуравдагч этгээд Ж.Н-гаас анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

4.1. Ж.Н миний бие 2014 онд “Этүгэн” АУЭЗИС-ийг хүний их эмчээр төгсөж ирээд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Тариалан сумын эрүүл мэндийн төвд хүүхэд хариуцсан их эмчээр ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр түр томилогдож нэхэмжлэгч Ж.Б-г 2016 оны 10 дугаар сарын 25-ны Б/01 дүгээр захирамжаар чөлөөлсөн байдаг. Улмаар 2017 оны 11 дүгээр сард төрийн албаны шалгалтад орж тэнцээд Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар үндэслэгдсэн.

4.2. Миний бие төгсөлтийн дараах сургалтад 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хамрагдахаар Засаг даргатай гэрээ байгуулж 2 жил “дотор судлал” мэргэжлээр суралцаж төгсөөд ажилдаа орох гэсэн боловч орон тоо байхгүй ажилд авахгүй гэсэн учир Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж миний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Уг шийдвэрийг нэхэмжлэгч Ж.Б үл зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гэж дахин хянуулахаар хүсэлт гаргасан боловч Ж.Б-гийн хүсэлтийг хангахаас татгалзсан. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарчхаад байхад захиргааны хэргийн шүүх хүлээж аваад нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдлуудыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүх бүрэлдэхүүн хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Ж.Б-гаас “Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан тушаал бууруулж, ажилд томилох тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Ж.Б-г Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилсон захирамжийг хүчингүй болгоогүй учир одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байна” гэж, хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 785 дугаар шийдвэрийг үндэслэсэн” гэж тайлбарлан маргажээ. 

4. Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан тушаал бууруулж, ажилд томилох тухай” Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 1/17 дугаар албан бичгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Б-г үүрэгт ажлаас нь албан тушаал бууруулж, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр Ж.Н-г томилжээ.

5. Анхан шатны шүүх “Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан зохицуулалтад тусгасан үндэслэлүүдэд дүгнэлт хийхгүйгээр шүүхийн шийдвэрийг үндэслэн Ж.Б-гийн албан тушаалыг бууруулсан нь буруу болжээ. Сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Ж.Б-гийн албан тушаал бууруулах шийдвэрийг хариуцагч гаргахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэж, баримтлаагүйгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд гуравдагч этгээд Ж.Н- нь Увс аймгийн Тариалан сумын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар тус сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 09 дүгээр сард резидент эмчээр суралцахаар тус сумын Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж 2 жилийн хугацаагаар суралцахаар явсан, улмаар гэрээний дагуу буцаж ажилдаа орох хүсэлтээ өгсөн боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан тул Ж.Н-гаас Увс аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

7. Хариуцагчаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 785 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба хариуцагч сумын Засаг дарга дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ж.Н-г сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилсон үйл баримт тогтоогдож байна.

8. Харин нэхэмжлэгч Ж.Б-гийн хувьд мөн сургалтын гэрээний дагуу урьд эрхэлж байсан албан тушаалдаа ажиллах эрхтэй хэдий ч гуравдагч этгээд Ж.Н-гийн хувьд мөн адил нөхцөл байдал бий болсон ч тэрээр иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалдаа томилогдох болсон үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчаас гуравдагч этгээд Ж.Н-г сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилсон шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

9. Маргаан бүхий актад нэхэмжлэгч Ж.Б-г албан тушаал бууруулсан үндэслэлийг баримтлаагүй, харин Ж.Н-г сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилсон, ийнхүү томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/17 дугаар албан бичгийг баримталсан зэргээс үзвэл Ж.Б-г албан тушаал бууруулсан гэж үзэх боломжгүй, харин шүүхийн шийдвэрээр томилогдсон ажилтныг буюу Ж.Н-г ажлын байраар хангах зорилгоор гаргасан захирамж байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан хариуцагчийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

10. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй:”, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;” гэж тус тус заасан бөгөөд Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын захирамж нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн байна.

11. Нэгэнт хариуцагчаас шүүхийн шийдвэрийг үндэслэн Ж.Н-г Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр томилсон байх боловч маргаан бүхий актад “Ж.Б-г үүрэгт ажлаас нь албан тушаал бууруулж” гэж дурдаж бичиглэлийн хувьд алдаа гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу хариуцагч захиргааны байгууллага уг актаа засах боломжтой.

12. Харин энэ үндэслэлээр актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

13. Иймд хариуцагчийн “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 780 дугаар шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна ... шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй” гэсэн гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-гаас Увс аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Албан тушаал бууруулж, ажилд томилох тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлуудыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

            

 

 

ШҮҮГЧ                                                                  С.МӨНХЖАРГАЛ

    

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ