Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 1513

 

 

 

 

 

 

   

2020         08           18                                      2020/ШЦТ/1513

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-н Б-д холбогдох эрүүгийн 1806 05887 1658 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Т.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Бүгд найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж хохирогч М.Т-гээс Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас 2.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэрч Дэлгэрмаагаар дамжуулж хохирогч Тэмүүжинтэй холбогдсон байгаа. Намайг виз мэдүүлгийн газар ажилдаг манайд материалаа өгөхгүй яасан юм гэдэг. Намайг Дэлгэрмаа мэдэж байгаа учраас би тэгж хэлээгүй байгаа. Тэмүүжингийн талаар анх Дэлгэрмаа ярихдаа материалаа бүрдүүлж өгөөгүй  байгаа манай ээжийн ахынх нь хүүхэд байгаа юм туслаад өгөөч гэж надад хэлсэн. Тэмүүжин болохоор виз мэдүүлгийн газар материалаа өгчөөд өгсөн хойноо надтай холбогдож Солонгос гарах талаар ярьсан байдаг. Дэлгэрмаа бид хоёр бол ойр дотно байдаг намайг сайн мэддэг. Мөн гэрч Дэлгэрмаагийн өгсөн мэдүүлэгт дараагийн хүн орж ирэхээр мөнгийг нь өгнө гэдэг талаар бол худлаа хэлсэн байсан. Тэмүүжинд би материал бүрдүүлж оруулж өгөөгүй учраас дахиад 3 сарын дараа материал авдаг тэр нь дээр бүрдүүлж оруулж өгнө гэхэд Тэмүүжин өөрөө 3 сар хүлээгээгүй цагдаад гомдол гаргасан байсан. Гэрч Дэлгэрмаа болон хохирогч Тэмүүжин нар намайг виз мэдүүлгийн газар ажиллуулдаггүй гэдгийг маш сайн мэдэж байгаа. Тэр хоёр намайг виз мэдүүлгийн газар ажиллуулдаг залилан хийдэг гэж өргөдөл, гомдлоо бичсэн байсан” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч М.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны салбараас Баярмаа гэх эмэгтэйн ХААН банкны 5150001834 тоот дансанд 2.500.000 төгрөгийг Бүгд Найрамдах Солонгос улсад аялалын виз гаргуулахаар өгч залилуулсан юм ... Тэгтэл Баярмаа гэх хүн надад чи манай газар өгөхгүй яасан юм бэ гэж хэлээд заза ямар ч байсан өгсөн материалыг чинь дундаас нь аваад виз гаргаад өгье баталгаатай гэсэн. Намайг болохоор 1.000.000 төгрөг, манай эхнэрийн 1.500.000 төгрөг гэсэн. Эхнэр нийгмийн даатгал нь тасалдсан болохоор ийм үнэ хүрнэ гэсэн ... эхнэр бид хоёр үнэ мөнгөө тохироод нийт 2.500.000 төгрөгийг Баярмаагийн дансруу шилжүүлсэн юм. Тэгээд визний хариу нь 2 долоо хоногийн дараа гарна гээд хариу нь гарсан тэгсэн Бүгд Найрамдах Солонгос улс явах зорилго тодорхойгүй гээд буцсан байсан ... Одоо Баярмаагаас 2.100.000 төгрөг нэхэмжилнэ. 400.000 төгрөгийг нь Дэлгэрмаа Баярмаад 400.000 төгрөгийн өртэй байсныг өрний мөнгө өгөлгүйгээр надад өгсөн тэгээд 2.500.000-400.000 төгрөгийг хасаад 2.100.000 төгрөг болсон байна” /хх-ийн 17, 18, 77-78 дугаар хуудас/,

Т.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Тэмүүжин надтай холбогдоход нь материалаа бүрдүүлсэн юм уу гэсэн чинь өгсөн Багшийн дээдийн тэнд нэг газар байдаг тэнд өгсөн гэж байсан ... энэ визний материалд туслаад өгвөл 2.500.000 төгрөг ав гэсэн тэгээд виз гарахгүй бол буцаагаад өгчих танаас хүү авахгүй гэж байсан болохоор би түр зээлсэн. Авсан мөнгөө Орос улс руу бараанд явах гэж байсан болохоор тэрэндээ хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Хохирогч М.Т-гийн Хаан банкны 5120064187 дугаартай дансны хуулга /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч Э.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Бид хоёр ямар ч байсан 2.500.000 төгрөгийг Баярмаа гэгчид өгч Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гаргуулахаар өгсөн. Тухайн үед Дэлгэрмаагаар дамжуулж байгааг мэдээгүй манай нөхөр өөрөө мэдэж байгаа болохоор би нээх оролцоод байдаггүй юм. Урьд өөр газар виз мэдүүлсэн тухайн үед татгалдсан хариу гарсан ... Одоо Баярмаагаас 2.100.000 төгрөг нэхэмжилнэ. 400.000 төгрөгийг нь саяхан авсан гэсэн мөнгө авахдаа Дэлгэрмаагаар дамжуулж 400.000 төгрөгийг авсан гэж надад манай нөхөр хэлсэн” /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Гэрч М.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би энэ хоёр хүнийг хооронд зуучилж Баярмаа эгчийн гар утасны дугаарыг Тэмүүжинд өгч байсан. 2018 оны 04 дүгээр сард Тэмүүжин нь Солонгос улсын визний материал бүрдүүлэхээр 2.500.000 төгрөгийг Баярмаа эгчид шилжүүлсэн гэж хэлж байсан. 2018 оны 08 дугаар сард Тэмүүжин нь надад энэ Баярмаа чинь худлаа юм яриад байна гэж хэлж байсан. Тэгээд би Баярмаа эгчтэй холбогдоод боломжгүй бол мөнгийг нь буцаагаад өгөөч гэхэд өөр визний материал бүрдүүлэх хүн орж ирвэл мөнгө авч байж өгнө гэж хэлж байсан” /хх-ийн 83-84 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарт Бүгд найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч М.Т-гээс 2.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэрч Дэлгэрмаагаар дамжуулж хохирогч Тэмүүжинтэй холбогдсон байгаа. Намайг виз мэдүүлгийн газар ажилдаг манайд материалаа өгөхгүй яасан юм гэдэг. Намайг Дэлгэрмаа мэдэж байгаа учраас би тэгж хэлээгүй байгаа. Тэмүүжингийн талаар анх Дэлгэрмаа ярихдаа материалаа бүрдүүлж өгөөгүй  байгаа манай ээжийн ахынх нь хүүхэд байгаа юм туслаад өгөөч гэж надад хэлсэн. Тэмүүжин болохоор виз мэдүүлгийн газар материалаа өгчөөд өгсөн хойноо надтай холбогдож Солонгос гарах талаар ярьсан байдаг. Дэлгэрмаа бид хоёр бол ойр дотно байдаг намайг сайн мэддэг. Мөн гэрч Дэлгэрмаагийн өгсөн мэдүүлэгт дараагийн хүн орж ирэхээр мөнгийг нь өгнө гэдэг талаар бол худлаа хэлсэн байсан. Тэмүүжинд би материал бүрдүүлж оруулж өгөөгүй учраас дахиад 3 сарын дараа материал авдаг тэр нь дээр бүрдүүлж оруулж өгнө гэхэд Тэмүүжин өөрөө 3 сар хүлээгээгүй цагдаад гомдол гаргасан байсан. Гэрч Дэлгэрмаа болон хохирогч Тэмүүжин нар намайг виз мэдүүлгийн газар ажиллуулдаггүй гэдгийг маш сайн мэдэж байгаа. Тэр хоёр намайг виз мэдүүлгийн газар ажиллуулдаг залилан хийдэг гэж өргөдөл, гомдлоо бичсэн байсан” гэх мэдүүлэг, хохирогч М.Т-гийн “ ... Дэлгэрмаад визний материал бүрдүүлээд өгчихлөө гэж ярьсан. Дэлгэрмаа материалаа бүрдүүлээд өгсөн бол нэмэргүй байж магадгүй, ямар ч байсан асуугаад үзэхгүй юу гэж хэлээд 99066100 дугаарыг надад өгсөн. Баярмаа гэх хүнтэй яриад би учир байдлаа хэлсэн. Тэгтэл Баярмаа надад чи манай газар өгөхгүй яасан юм бэ гэж хэлээд за за ямар ч байсан өгсөн материалыг чинь дундаас нь аваад виз гаргаад өгье баталгаатай гэсэн. Намайг 1.000.000 төгрөг, эхнэрийг 1.500.000 төгрөг болно гэсэн. Эхнэр нийгмийн даатгал нь тасалдсан болохоор ийм үнэ хүрнэ гэсэн. Гарахгүй бол яах вэ гэхэд буцааж мөнгийг олгоно гэхээр нь зөвшөөрөөд 13 дугаар хорооллын автобусны буудлын Хаан банкны АТМ-с 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэрүүнээс хойш 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр паспорт гарлаа гэж надад мессэж ирээд өгсөн газраа очиж паспортоо авахад 07 гэх зорилго тодорхойгүй гээд буцаагдсан байсан. Баярмаад хэлэхэд түр хүлээж бай дахиад боломж байгаа, паспортоо надад аваад ир гэж хэлсэн. Баярмаа өргөдөл бичээд өгье эсхүл гэрээт ажилтны визээр оруулаад өгнө гэж хэлээд паспорт авсан. Тэгээд хүлээгээд байж байгаад залахад болоогүй байна цаашаа материалуудыг чинь бүрдүүлээд өгсөн байгаа хүлээж бай гэсэн. 7 дугаар сард паспорт мөнгөө буцааж авмаар байна гэдгээ хэлсэн. Тэрнээс хойш надад мөнгийг чинь удахгүй өгнө гэсэн хариултаар намайг дахин дахин аргалаад байсан” /хх-ийн  18 дугаар хуудас/, “Баярмаа надад БНСУ виз хүлээн авдаг таньдаг хүн байгаа ... визний материалаа өгчихсөн байгаа гэсэн чинь миний таньдаг хүнтэй газар өгсөн байсан бол зүгээр байсан юм гэхдээ яахав дундаас нь та хоёрын материалыг аваад аргалж болох байх гэж хэлсэн” /хх-ийн  77-78 дугаар хуудас/, яллагдагч Т.Б-гийн “Энэ визний материалд туслаад өгвөл 2.500.000 төгрөг ав гэсэн тэгээд виз гарахгүй бол буцаагаад өгчих таниас хүү авахгүй гэж байсан болохоор би түр зээлсэн. Авсан мөнгөө Орос улсруу бараанд явах гэж байсан болохоор тэрэндээ хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, иргэн М.Т-гийн Хаан банкны 5120064187 дугаартай дансны хуулга /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Э.Сэлэнгийн “Бид хоёр ямар ч байсан 2.500.000 төгрөгийг Баярмаа гэгчид Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гаргуулахаар өгсөн” /хх-ийн 79-80 дугаар хуудас/, гэрч М.Дэлгэрмаагийн “Баярмаа эгчийн утасны дугаарыг Тэмүүжинд өгч байсан. Баярмаа эгчтэй холбогдоод боломжгүй бол мөнгийг нь буцаагаад өгөөч гэхэд өөр визний материал бүрдүүлэх хүн орж ирвэл мөнгө авч байж өгнө гэж хэлж байсан. Баярмаа эгч виз гаргадаг таньдаг хүнтэй гэж ярьж байсан” /хх-ийн 83-84 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Т.Б-г “Зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

             Шүүгдэгч Т.Б-гийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Т-д 2.100.000 төгрөг төлсөн талаарх баримтыг гаргаж өгсөн, хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны шатанд 400.000 төгрөг авсан талаар мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, шүүгдэгч Т.Б-г бусдад төлөх төлбөр гэж үзлээ.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Б-г “Зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Б-гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 1-2 насны  хүүхэдтэй, хохирол төлбөрийг шүүхийн шатанд төлсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Б-д мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Б овогт Т-н Б-г “Зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Б-д мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

             5.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.                        

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                                 Г.ХАТАНЦЭЦЭГ