Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 105

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 36-92 тоотод оршин суух Боржигон овгийн Дэлгэрийн Бямбын /РД:АМ62021811/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Чулуунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Бямба шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд эдгээр баримт материалуудаар Дэлгэрийн Бямба намайг Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1980 оны 11 сарын 04-ний өдрөөс 1993 он хүртэл, 1993 оноос 1995 он хүртэл Хотонт сумын Хан Бургалтай ХК-д тус тус тракторчноор ажиллаж байсныг тогтоож өгөхийг хүсч байна гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Чулуунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Д.Бямба нь 1980 оны 11 сарын 04-ний өдрөөс Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд тракторын жолоочоор 1992 оны 03 сар хүртэл ажилласан. 1992 онд нэгдэл хувьчлагдан тарсны улмаас газар тариалангийн “Ханбургалтай” ХК-д тракторын жолоочоор 1992 оны 3 сараас 1998 оныг хүртэл ажилласан. Нэгдлээс гарсныхаа дараа Д.Бямба нь хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир улсад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Архивын лавлагаа, баярын бичиг, цалингийн материал зэргийг үндэслэн Д.Бямбын Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд болон Хотонт сум дахь “Ханбургалтай” ХК-д ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн шүүхэд хүсэлт гаргаж Д.Бямбатай хамт тракторын жолоочоор ажиллаж байсан Долгорсүрэн, нягтлан бодогчоор ажиллаж байсан Минжмаа нарыг гэрчээр асуулгасан. Иймд Д.Бямбын Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд тракторын жолоочоор 1980 оны 11 сарын 04-ний өдрөөс 1992 оны 03 сарыг хүртэл хугацаанд мөн Хотонт сумын “Ханбургалтай” ХК-д тракторын жолоочоор 1992 оны 3 сараас 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бямба нь Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд тракторын жолоочоор 1980 оны 11 сарын 04-ний өдрөөс 1992 оны 03 сар хүртэл, Архангай аймгийн Хотонт сумын “Ханбургалтай” ХК-д тракторын жолоочоор 1992 оны 3 сараас 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 
1.    Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Социалист уралдааны болзолд зааснаар хаврын тариалалт хөрс боловсруулалт үрийн будаа төмс ялгаж цэвэрлэх, тээвэрлэх зэрэг ажилд 3 хоногоор төрөл бүрийн ажлыг 2-4 удаа дүгнэж давхардсан тоогоор болзол биелүүлсэн 249 хүнд 6349 төгрөг, хаврын хагалгаа үр суулгах ажилд бригадын өдрийн аварга тэргүүн болсон 33 хүнд 165 төгрөг, бүгд 282 хүнийг 6514 төгрөгөөр шагнасугай. Хавсралтанд: Д.Бямбаа, бригадын дугаар-3, хийсэн ажлын нэр-хаврын хагалгаа, дараалан хийсэн 3 хоногийн болзол-төлөвлөгөө-21, гүйцэтгэл-22, хувь-101.7, гүйцэтгэсэн хугацаа сар өдөр-21-23/IV, олгох шагнал-10 гэсэн “Социалист уралдааны болзолыг дүгнэх тухай” Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 06-р сарын 05-ны өдрийн 48 тоот тогтоол,
1.2. Тракторчин ... Д.Бямбаа, ... нарын ээлжийн амралтыг 12-р сарын 16-ны өдрөөс ажлын 26 өдрөөр бодож олгосугай гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 12-р сарын 17-ны өдрийн 81 тоот тушаал,
1.3. 1985 оны газар тариалангийн үйлдвэрлэлийн ажилд идэвхитэй оролцож ургац хураах төлөвлөгөөг 137%-иар биелүүлж амжилт гаргасан бригад салаа хэсгийг шагнах нь зүйтэй гэж үзсүгэй. Үүнд: ... б/ үр тарианы 1-р бригадыг 430, 2-р бригадыг 470, 3-р бригадыг 670, хүнсний ногооны хэсгийг 525, үтрэмийн ажилчдыг 450, граж автын жолооч нарыг 1060 бүгд, 3685 төгрөгөөр шагнасугай. Хавсралтанд: Хотонт сумын Цацрал нэгдлийн үр тарианы 3-р бригадын механикчдийг шагналд олгосон мөнгөний жагсаалтанд: Д.Бямбаа, бригадын дугаар албан тушаал-тракторч комбайнч, авсан шагнал төг-өөр-70 гэсэн “Газар тариалангийн хамт олныг шагнах тухай” Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 02-р сарын 07-ны өдрийн 09 тоот тогтоол,
2. Хүсэлт гаргагч Д.Бямбыг шагнасан: 
2.1. Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн 1980 оны 09 сарын 25-ны өдрийн дурсамж,
2.2. Хотонт сумын Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хороо, Цацрал нэгдлийн зөвлөлийн 1987 оны 10 сарын 23-ны өдрийн диплом,
2.3. 1989 онд ургац хураах ажилд идэвх зүтгэл гарган ажилласныг өндрөөр үнэлж Цацрал нэгдлээс шагнасан баярын бичиг,
2.4. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны 1989 оны 06 сарын 30-ны өдрийн баярын бичиг,
2.5. Хотонт сумын Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хороо, Цацрал нэгдлийн ерөнхий хорооны 1990 оны 02 сарын 27-ны өдрийн аваргын диплом,
2.6. Нэгдлийн ерөнхий хорооны 1992 оны 02 сарын 01-ний өдрийн сайшаалын үнэмлэх,
3. Дэлгэр овогтой Бямбын Хотонт сумын Цацрал нэгдлийн тракторын жолоочоор 1981, 1982, 1983, 1984 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 94 тоот цалингийн тодорхойлолт,
4. Ханбургалтай компаний 1992 оны 09 сарын цалингийн тооцооны хүснэгтэнд: Д.Бямбаа, хийснээр-2400, ашгийн татвар-24 80, жинхэнэ олгох нь 2375 20 гэжээ,
5. Ханбургалтай компаний 1993 оны 02 сарын цалингийн тооцооны хүснэгтэнд: Д.Бямбаа, урьдчилгаа-1000, жинхэнэ олгох нь 1000 гэжээ,
6. Ханбургалтай компаний 1995 оны 8, 9, 10 сарын цалингийн тооцооны хүснэгтэнд: Д.Бямбаа, сарын цалин-174435, камбайны засвар-30000, бүгд-204435, ашгийн татвар-5226, урьдчилгаа-2044, суутгалын дүн-25659, суутгалын дүн-178776, олгосон урьдчилгаа-84000 гэжээ,
7. Гэрч Ш.Долгорсүрэнгийн: “Би Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1969 оноос 1973 он хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1976 онд цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1976 оноос 1986 он хүртэл Хотонт сумын Цацрал нэгдэлд мужаан, тракторын жолооч зэрэг ажлуудыг хийж байгаад 1986 оноос 1991 он хүртэл Архангай аймгийн Өгийнуур сумын Туяа нэгдэлд трактор комбайны жолоочоор шилжиж ажилласан. 1991, 1992 оны үеэс 1994 оныг дуустал Хотонт сумын Өндөр сант ХК-д тракторын жолоочоор тус тус ажилласан. Д.Бямба 1980 оноос Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж, намайг 1986 онд Өгийнуур сумын Туяа нэгдэл рүү шилжихэд Д.Бямба нь Хотонт сумын Цацрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж л байсан. Дараа нь намайг 1991, 1992 оны үеэс Хотонт сумын Өндөр сант ХК-д тракторын жолоочоор ирж ажиллахад Д.Бямба нь Хотонт сумын Хан бургалтай компанид тракторын жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед Хотонт сумын Цацрал нэгдэл хувьчлагдаж Хан бургалтай, Өндөр сант, Улаан чулуу компани болж салахад Д.Бямба нь Хан бургалтай компанид тракторын жолоочоор ажиллаж, уг ажлаа 1994 оныг дуустал хийж байсан. Би ч мөн адил Өндөр сант ХК-д 1994 оныг дуустал тракторын жолоочоор ажилласан” гэх мдүүлэг,
8. Гэрч И.Минжмаагийн: “Би 1973 оноос 1992 он хүртэл Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд нягтлан бодогчоор, 1992 оноос 2000 он хүртэл Хотонт сумын Хан бургалтай компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан. Д.Бямба 1980 онд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд уг ажлаа Цацрал нэгдлийг 1992 онд хувьчлагдах хүртэл хийж, Цацрал нэгдлийг хувьчлагдсны дараа Хан бургалтай ХК-д тракторын жолоочоор шилжин ажилласан. Д.Бямба нь Хан бургалтай ХК-д тракторын жолоочоор 1998 он хүртэл ажилласан. Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэл хувьчлагдаж Хан бургалтай, Өндөр сант, Баянзүрх ХК /Улаан чулуу багийн/ болон хуваагдаж байсан. Би Хотонт сумын Цацрал нэгдэл болон Хан бургалтай ХК-д Д.Бямбатай хамт ажиллаж, түүний цалин хөлсийг бодож олгодог байсан учир түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
9. Ш.Долгорсүрэнгийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэл, Өгийнуур сумын Туяа нэгдэлд болон Хотонт сумын Өндөр сант ХК-д ажиллаж байсныг тогтоосон 2010 оны 08 сарын 05-ны өдрийн 512 тоот шийдвэр,
10. 1980 оны 10 сарын 13-ны өдөр жолооч болсныг тэмдэглэсэн 1995 оны 10 сарын 10-ны өдрийн 059724 тоот механикмын жолоочийн үнэмлэхийн анхааруулах талон,
11. Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэл /хуучин нэрээр/ нь 1992 оноос Ханбургалтай ХК болж нэр, хэлбэрээ өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 01 сарын 10-ны өдрийн 2160571 тоот тодорхойлолт,
12. Тус аймгийн Хотонт суманд үйл ажиллагаа явуулж байсан “Хан бургалтай ХК” 1993-1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэлийг 13.5 хувиар төлж харьцаж байсан баримт нь аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно гэсэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 2814 тоот архивын лавлагаа,
13. Дэлгэр овогтой Бямба нь цэргийн албыг ямар нэг хэлбэрээр хаагаагүй болохыг тодорхойлов гэсэн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 32 тоот тодорхойлолт зэрэг болно.

Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Чулуунаагийн хүсэлтээр Д.Бямбатай хамт ажиллаж байсан Ш.Долгорсүрэн, И.Минжмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгт, баярын бичиг, диплом, сайшаалын үнэмлэх, дурсамж зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.  
Хүсэлт гаргагч Д.Бямбын Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан нь Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 06-р сарын 05-ны өдрийн 48 тоот, 1986 оны 02-р сарын 07-ны өдрийн 09 тоот тогтоол, тус нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 12-р сарын 17-ны өдрийн 81 тоот тушаал, 1981, 1982, 1983, 1984 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 94 тоот цалингийн тодорхойлолт, 1980 оны 09 сарын 25-ны өдрийн дурсамж, 1987 оны 10 сарын 23-ны өдрийн диплом, 1989 онд ургац хураах ажилд идэвх зүтгэл гарган ажилласныг өндрөөр үнэлж шагнасан баярын бичиг, 1989 оны 06 сарын 30-ны өдрийн баярын бичиг, 1990 оны 02 сарын 27-ны өдрийн аваргын диплом, 1992 оны 02 сарын 01-ний өдрийн сайшаалын үнэмлэх, гэрч Ш.Долгорсүрэн, И.Минжмаа нарын мэдүүлэг, Хотонт сумын “Ханбургалтай” ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан нь 1992 оны 09 сар,  1993 оны 02 сар, 1995 оны 8, 9, 10 сарын цалингийн тооцооны хүснэгт, гэрч Ш.Долгорсүрэн, И.Минжмаа нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хэрэгт хүсэлт гаргагчийн ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн сар, өдрийг тодорхойлох бичгийн баримт авагдаагүй боловч хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн “Д.Бямба нь Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд тракторын жолоочоор 1980 оны 11 сарын 04-ний өдрөөс 1992 оны 03 сар хүртэл ажилласан. 1992 онд нэгдэл хувьчлагдан тарсны улмаас газар тариалангийн “Ханбургалтай” ХК-д тракторын жолоочоор 1992 оны 3 сараас 1998 оныг хүртэл ажилласан” гэх тайлбар, гэрч Ш.Долгорсүрэнгийн “Д.Бямба 1980 оноос Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж, 1991, 1992 оны үеэс Хотонт сумын Хан бургалтай компанид тракторын жолоочоор ажиллаж, уг ажлаа 1994 оныг дуустал хийсэн” гэх мдүүлэг, гэрч И.Минжмаагийн: “Д.Бямба 1980 онд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд уг ажлаа Цацрал нэгдлийг 1992 онд хувьчлагдах хүртэл хийж, Цацрал нэгдлийг хувьчлагдсны дараа Хан бургалтай ХК-д тракторын жолоочоор шилжин ажилласан. Д.Бямба нь Хан бургалтай ХК-д тракторын жолоочоор 1998 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн Д.Бямбыг Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд тракторын жолоочоор 1980 оны 11 сарын 04-ний өдрөөс 1992 оны 03 сар хүртэл, Архангай аймгийн Хотонт сумын “Ханбургалтай” ХК-д тракторын жолоочоор 1992 оны 3 сараас 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ. 
Иймд Д.Бямбын Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд тракторын жолоочоор 1980 оны 11 сарын 04-ний өдрөөс 1992 оны 03 сар хүртэл, Архангай аймгийн Хотонт сумын “Ханбургалтай” ХК-д тракторын жолоочоор 1992 оны 3 сараас 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д зааснаар Боржигон овгийн Дэлгэрийн Бямбыг Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд тракторын жолоочоор 1980 оны 11 сарын 04-ний өдрөөс 1992 оны 03 сар хүртэл, Архангай аймгийн Хотонт сумын “Ханбургалтай” ХК-д тракторын жолоочоор 1992 оны 3 сараас 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
    
              


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА