| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1521/Э |
| Дугаар | 1563 |
| Огноо | 2020-08-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 1563
2020 08 27 2020/ШЦТ/1563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч Б.С, Э.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-н С, Б овогт Э-н Шнарт холбогдох эрүүгийн 2006 02807 1978 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Б.С- нь Э.Ш-тай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Саруул тэнгэр 1 хотхоны гадна Г.Б-тай маргалдсаны улмаас түүний толгой, цээж, хөл рүү нь тус тус хөлөөрөө өшиглөж Г.Б-н биед тархи доргилт, дээд уруулд шарх, цус хуралт, дух, хүзүү, цээж, баруун өвдөгт зулгаралт гэмтэл учруулсан,
Э.Ш- нь Б.С-тай бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Саруул тэнгэр 1 хотхоны гадна Г.Б-тай маргалдсаны улмаас түүний толгойн тус газар гараараа цохиж, газар унагаан Г.Б-н биед тархи доргилт, баруун чамархай, баруун дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун дээд зовхи, дээд уруулд шарх, цус хуралт, дух, хүзүү, нуруу, зүүн даланд зулгаралт гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Ш-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... Бид 4 пиво ууж дуусгаад ярилцаж байхад, Ануны нөгөө хоёр найз нь намайг доромжлоод байсан, тэгээд би тухайн үедээ их тэвчсэн, сүүлдээ нөгөө хоёр найзыг нь гэртээ харь гээд хэлэхэд гараад явах гэж байсан. Би нөгөө хоёр найзыг нь машинд суулгаж өгнө гээд гадаа гарсан. Тэгээд бид гурав төв зам дээр яваад очтол цагаан өнгийн приус-30 маркын тээврийн хэрэгсэл ирээд жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан нэг залуу бууж ирээд ална шүү гэж хэлээд намайг зодсон. Тэр залуу намайг зодож байхад нөгөө хоёр эмэгтэй мөн адил хамт зодсон, сүүлд намайг газар унасан байхад толгой, цээж, нуруу хэсэг бүхэлдээ өшиглөж зодсон. Тухайн үед би түр хугацаанд ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд нөгөө залуу намайг чирээд цайз 16 Саруул тэнгэр хотхоны хүнсний дэлгүүрийн гадаа чирээд явж байгаад үлдээгээд миний өмдний халаасанд байсан 2015 онд үйлдвэрлэгдсэн Хуйвэй п-20 про загварын хар өнгийн гэртэй утсыг аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч А.Анхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Баяндалай өөрөө машинаа өөрөө унаж ирээд найзыг нь Ардын эрхийн тэндээс авахаар явах замд Баяржаргал, Сайнаа хэрэлдээд хорооллын өргөөгийн тэнд буулгасан ... Би Сайнааг сэрээх гэхэд явах гэлээ гээд Далай уурлаад намайг элдэв үгээр харааж эхлэсэн ба тэр үеэр Сайнаа сэрсэн. Намайг өмөөрөөд Сайнаа хэрэлдсэн чинь Далай 6 давхараас авч шиднэ гээд сүрдүүлээд байсан ба би болиоч гэхэд намайг Далай гараараа нэг удаа алгадсан ... Шинээ дээр намайг очиход Далай ардаас ирээд Шинээг цохих гэж байхад нь Сайнаа дуудсан ба Шинээ эргэж хараад далай унагаасан байсан. Сайнаа хараалгаж, дарамтлуулсан уурандаа Далайг нэг хоёр удаа өшиглөж байсан ... Далайг унагаасан байхад нь би халааснаас нь гар утсыг нь авчихсан. Сайнаа бид хоёр яваад өгсөн. Явсаны дараа ардаас орилоод хэний хүүхдээр оролдсоноо хараарай гээд элдэв үгээр хараагаад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6990 дугаартай “Г.Б-гийн биед тархи доргилт, баруун чамархай, баруун дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун дээд зовхи, дээд уруул шарх, цус хуралт, дух, хүзүү, цээж, нуруу, баруун өвдөг, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Яллагдагч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад Шинэбаяр гараараа нэг удаа Баяндалайн нүүр хэсэгт цохиод үргэлжлүүлэн Баяндалайг тонгороод газарт унагаасан. Газарт унаад хэвтэж байхад нь би Баяндалай дээр очоод чи түрүүн намайг юу гэж харааж, сүрдүүлээд байлаа гэж хэлэн бие рүү нь 5-6 удаа, цээж рүү нь 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 дугаар хуудас/,
Яллагдагч Э.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би тэсэлгүй нэг удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэгтэл Баяндалай газарт унасан тул дээрээс Сайнжаргал хөлөөрөө толгойн хэсэгт нь 1 удаа, цээж рүү нь 2 удаа өшиглөөд үргэлжлүүлээд хөл, гуя гэх мэт газрууд руу нь өшиглөж эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.С, Э.Ш нар бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр хотхоны орчим хохирогч Г.Б-тай маргалдан түүний толгой, цээж, хөлөн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чамархай, баруун дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун дээд зовхи, дээд уруул шарх, цус хуралт, дух, хүзүү, цээж, нуруу, баруун өвдөг, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.С, Э.Ш нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогч Г.Б-н “... бид гурав төв зам дээр яваад очтол цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ирээд жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан нэг залуу бууж ирээд ална шүү гэж хэлээд намайг зодсон. Тэр залуу намайг зодож байхад нөгөө хоёр эмэгтэй мөн адил хамт зодсон, сүүлд намайг газар унасан байхад толгой, цээж, нуруу хэсэг бүхэлдээ өшиглөж зодсон. Тухайн үед би түр хугацаанд ухаан алдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч А.Анхзаяагийн “Би Сайнааг сэрээх гэхэд явах гэлээ гээд Далай уурлаад намайг элдэв үгээр харааж эхлэсэн ба тэр үеэр Сайнаа сэрсэн. Намайг өмөөрөөд Сайнаа хэрэлдсэн чинь Далай 6 давхараас авч шиднэ гээд сүрдүүлээд байсан ба би болиоч гэхэд намайг Далай гараараа нэг удаа алгадсан ... Шинээ дээр намайг очиход Далай ардаас ирээд Шинээг цохих гэж байхад нь Сайнаа дуудсан ба Шинээ эргэж хараад далайг унагаасан байсан. Сайнаа хараалгаж, дарамтлуулсан уурандаа Далайг нэг хоёр удаа өшиглөж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-45 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6990 дугаартай “Г.Б-гийн биед тархи доргилт, баруун чамархай, баруун дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун дээд зовхи, дээд уруул шарх, цус хуралт, дух, хүзүү, цээж, нуруу , баруун өвдөг, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/, яллагдагч Б.С-ын “... Тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад Шинэбаяр гараараа нэг удаа Баяндалайн нүүр хэсэгт цохиод үргэлжлүүлэн Баяндалайг тонгороод газарт унагаасан. Газарт унаад хэвтэж байхад нь би Баяндалай дээр очоод чи түрүүн намайг юу гэж харааж сүрдүүлээд байлаа гэж хэлэн биерүү нь 5-6 удаа, цээжрүү нь 2-3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 дугаар хуудас/, яллагдагч Э.Ш-ын “... Би тэсэлгүй нэг удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон. Тэгтэл Баяндалай газарт унасан тул дээрээс Сайнжаргал хөлөөрөө толгойн хэсэгт нь 1 удаа, цээжрүү нь 2 удаа өшиглөөд үргэлжлүүлээд хөл, гуя гэх мэт газруудруу нь өшиглөж эхлэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Б.С, Э.Ш нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ш, Б.С нараас 270.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Б-д олгохоор шийдвэрлэлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Э.Ш-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С, Э.Ш нарын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.С, Э.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Э.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш овогт Б-н С, Б овогт Э-н Ш нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.С, Э.Ш нарт тус бүр зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С, Э.Ш нар нь оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.С, Э.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ш, Б.С нараас 270.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Б-д олгосугай.
7. Хохирогч Г.Б- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.С, Э.Ш нараас нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.С, Э.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ