| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1544/Э |
| Дугаар | 1614 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 1614
2020 09 04 2020/ШЦТ/1614
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Санаасайхан,
Улсын яллагч О.Баярсайхан,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал,
Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б-н Ц-д холбогдох эрүүгийн 1906 04915 1983 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Оргил Кондитер ХХК-ны захиалгын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс хувьдаа 37.271.295 төгрөгийн завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,
Хохирогч Б.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б.Ц- нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдтэй харилцаж зээлээр барааг олгодог байсан ба эргэн төлөлтийг компаний дансанд шилжүүлэх ажил хийдэг байсан. Ажилтан Б.Ц- нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж ажилдаа ирэхээ байсан ба шалтгаан нь хөл хугарч босч чадахгүй байна гэдэг байсан. Тэгээд аж ахуй нэгжээс эргэн төлөлт орж ирэхгүй байхаар нь Цацралыг дуудан тооцоо нийлэх хэрэгтэй байгаа талаар хэлэхэд эмчилгээтэй байна. Одоо боломжгүй байна гэсээр удаадаг байсан. Тэгээд компани хүмүүс, харилцагч аж ахуй нэгжүүдээс лавлан асуухад эргэн төлөлтөө Б.Ц-д төлсөн гэж хэлсэн. Тэгээд Цацралыг олж уулзан тооцоо нийлэхэд одоогоор 42.452.580 төгрөгийг өөрийн дансандаа авч завшсан байсан. Дээрх мөнгөөр Цацрал нь Сайн ломбарднаас Приус-30 маркийн автомашиныг 7.500.000 төгрөгийн урьдчилгаа өгч 3 хувь хүүтэйгээр зээлж авсан. Мөн нөхөр Э.Мэнд-Амгалангийн 10.000.000 орчим төгрөгийн цалингийн зээл дарсан. Хойд аавынхаа Нисэхэд байрлах газрыг чөлөөлж одоо амьдарч буй байрныхаа түрээсийг төлж хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Л.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай захирал Б.Баярхүү 2019 оны 07 дугаар сарын сүүлээр надад худалдааны төлөөлөгч Б.Ц-ын авлага нь огт багасахгүй байна чи нэг шалгаадах гэсний дагуу би 2019 оны 08 дугаар сарын 07, 08-ны өдөр Цацралыг дуудахад ирээгүй ба түүнээс хойш 2, 3 хоногийн дараа ирэхээр нь би Цацралын тооцоог хэвлэж гаргаад түүний хамт бараа өгсөн аж ахуй нэгжүүдээр явъя гээд Амгалан захруу явж байтал Цацрал ахаа ярих юм байна гэхээр нь би юу вэ гэтэл Амгалан захын тооцоо болох 400.000 орчим мянган төгрөг өөрөө авч үрсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь би чи яг хэдэн төгрөг авсан юм бэ гэтэл би аж ахуй нэгжүүдээс авах ёстой 36.000.000 гаран төгрөг хувьдаа аваад 20 гаран сая төгрөгөөр нь би аавыгаа эмчлүүлсэн юмаа тэгээд аав маань сая нас барсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би өртэй байгууллагуудаар явах үед өөрөө тэмдэглэлийн дэвтэр дээрээсээ надаа үзүүлсэн тэгэхээр нь чи ахын дүү одоо яаж барагдуулах юм бэ гэтэл би машинаа зараад цалингийн зээл авч байгаад өрөө төлнө, үлдэгдэл төлбөрийг нь цалингаа авахаар өгч байна гэж хэлээд та захирлуудад битгий хэлээрэй гээд маргааш нь Цацрал өөрөө надтай Нарантуул дээр уулзаад Дүнжингаравын урд очоод надад бичиг хийж өгсөн юм. Тэгээд бид 2 тооцоо хийхээр 40.800.000 төгрөгийг хувьдаа авсан байсан ба сүүлд би аж ахуй нэгжүүдтэй нь тулаад тооцоо гаргатал 42.452.580 төгрөг болсон юм. Ингээд би захирлуудад Б.Ц-ын талаар хэлтэл юу ч гэсэн дуудчих өөртэй нь уулзъя гээд уулзсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Захиалгын худалдааны төлөөлөгчдийн ажил, гүйлгээг шалгасан дотоод хяналт шалгалтын дүгнэлт /хх-ийн 110-144 дүгээр хуудас/,
Б.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн “ ... Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... Ямарч байсан би одоо Оргил Кондитер компанид учруулсан хохирлоо төлж байгаа ба яг хэд үлдсэн талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил Кондитер ХХК-нд захиалгын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу компаний орлогын мөнгийг завшиж 37.271.295 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогч Б.Баярхүүгийн “... Цацралыг олж уулзан тооцоо нийлэхэд 42.452.580 төгрөгийг өөрийн дансандаа авч завшсан байсан. Дээрх мөнгөөр Цацрал нь Сайн ломбарднаас Приус-30 маркийн авто машиныг 7.500.000 төгрөгийн урьдчилгаа өгч 3 хувь хүүтэйгээр зээлж авсан. Мөн нөхөр Э.Мэнд-Амгалангийн 10.000.000 орчим төгрөгийн цалингийн зээлийг дарсан. Хойд аавынхаа Нисэхэд байрлах газрыг чөлөөлж одоо амьдарч буй байрныхаа түрээсийг төлж хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 18-19 дүгээр хуудас/, гэрч Л.Отгонбаатарын “Цацрал нь ахаа ярих юм байна гэхээр нь би юу вэ гэтэл Амгалан захын тооцоо болох 400.000 төгрөгийг өөрөө авч үрсэн гэж хэлсэн тэгэхээр нь чи яг хэдэн төгрөг авсан юм бэ гэтэл би аж ахуй нэгжүүдээс авах ёстой 36.000.000 төгрөг хувьдаа аваад 20 гаран сая төгрөгөөр нь би аавыгаа эмчлүүлсэн юмаа тэгээд аав маань сая нас барсан гэж хэлсэн ... би аж ахуй нэгжүүдтэй нь тулаад тооцоо гаргатал 42.452.580 төгрөг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, захиалгын худалдааны төлөөлөгчдийн ажил, гүйлгээг шалгасан дотоод хяналт шалгалтын дүгнэлт /хх-ийн 110-144 дүгээр хуудас/, ажилд томилсон тушаал /хх-ийн 37 дугаар хуудас/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 38-41 дүгээр хуудас/, тооцоо нийлсэн баримт /хх-ийн 81-82 дугаар хуудас/, Б.Ц-ын хохирол төлөхөө илэрхийлсэн баталгаа /хх-ийн 103 дугаар хуудас/, Оргил кондитер ХХК болон Б.Ц- нарын хохирол төлж барагдуулах талаар харилцан тохиролцсон хүснэгт график /хх-ийн 104 дүгээр хуудас/, яллагдагч Б.Ц-ын “Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... Оргил Кондитер компанид учруулсан хохирлоо төлж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Б.Ц-ын “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хуулийн этгээдийн эд хөрөнгөнд хохирол учирсан тул хохирогч, иргэний нэхэмжлэгчээр хуулийн этгээдийг буюу Оргил кондитер ХХК-ийг тогтоох нь хуульд нийцнэ. Гэтэл хохирогчоор хувь хүнийг тогтоосон мөн иргэний нэхэмжлэгч тогтоогоогүй зэрэг зөрчил гаргасан байгааг анхааруулах нь зүйтэй.
Нийт 37.271.295 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Б.Ц- нь 9.015.260 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц-аас 28.256.035 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Баярхүүд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тодорхой хэмжээний хохирол төлж, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил хүртэл хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жил хүртэл хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршигийг арилгах арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар тус тус ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ц-д мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. З овогт Б-н Ц-г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил хүртэл хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жил хүртэл хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршигийг арилгах арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар тус тус ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ц-д мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ц-аас 28.256.035 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ