Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 44

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн 
      зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 


Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би, 
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1-р хороо Бага тойруугийн 7/1 тоотод байрлах “Төрийн банк” ХХК-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р баг, Баянбулагийн 5а-10 тоотод оршин суух Боржигон овогт Лүндэн-Очирын Батбаатар /РД:АЮ84110379/, Халх овогт Нарангийн Номин /РД:КЖ84122004/ нарт холбогдох
33192582,30  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Батбаатар, Н.Номин нар нь Аялал жуучлал, амралтын газар, зоогийн газар барихад зориулж, Төрийн банкнаас 2013 оны 4-р сарын 25-ны өдрийн 460 тоот “Зээлийн болон барьцааны гэрээ”-гээр 41 000 000 төгрөгийг, 2014 оны 7-р сарын 10-ны өдрийн 467 тоот “Зээлийн болон барьцааны гэрээ”-гээр 13 736 000 төгрөгийг /зээлийн нийт үлдэгдэл 54 736 000 төгрөг/ тус тус авсан. Зээлдэгч Л.Батбаатар, хамтран зээлдэгч Н.Номин нар нь Аялал жуучлал, амралтын газар, зоогийн газар барихад зарцуулсан бөгөөд зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгч Л.Батбаатар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаатай холбогдуулан мэдэгдлийг 2016 оны 5-р сарын 3-ны өдөр хүргүүлж, энэ асуудлаар шүүхэд хандах тухай урьдчилан мэдэгдсэн болно. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч Л.Батбаатар, хамтран зээлдэгч Н.Номин нар нь зээлийн төлбөрийг огт төлөлгүй 196 хоносон, түүнтэй байгуулсан зээлийн гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болоогүй байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар нийт зээлийн төлбөр 30 402 832,8 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2 769 249,5 төгрөг, нотариатын зардал 20 500 төгрөг, нийт 33 192 582,3 төгрөг болсон байна. Иймд зээлдэгч Л.Батбаатар, хамтран зээлдэгч Н.Номин нар нь зээлийн гэрээний 5.1.2-д заасан ноцтой зөрчлийг гаргаж зээлийн гэрээний хугацааг удаа дараа зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээл төлөхөөс зайлсхийж байгаа тул зээлийн гэрээний 5.2-д заасныг үндэслэн гэрээг дуусгавар болгож, үндсэн зээл болох төлбөр 30 402 832,8 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2 769 249,5 төгрөг, нотариатын зардал 20 500 төгрөг нийт 33 192 582,3 төгрөгийг гаргуулах. Нэхэмжлэлийн дагуу хэргийг шийдвэрлэж, Л.Батбаатар, хамтран зээлдэгч Н.Номин нарын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлийг төлүүлж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Л.Батбаатар, Н.Номин нар шүүхэд гаргасан тайлбартаа: Лүндэн-Очир овогтой Батбаатар миний бие хамтран зээлдэгч Н.Номинтой хамтаар аялал жуулчлал амралтын газар зоогийн газар барихад зориулж Төрийн банкнаас 2013 оны 4 сарын 25-ны өдөр 41000000 төгрөгийг 2014 оны 7 сарын 10-ны өдөр 13736000 төгрөг нийт 54736000 төгрөгийг тус тус авсан бөгөөд барилга байгууламжаа 85 хувь барьж дуусган үйл ажиллагаа явуулж байсан боловч бүрэн ашгаа өгч чадалгүй эдийн засгийн хямралд орж, ашиг орлого олох нөхцөл улам багассаар 2016 оны 8 сараас зээлээ төлөх чадваргүй болсон. Зээлийн үлдэгдэл болох 30402832 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2769249 төгрөг, нотариатын зардал 20500 төгрөг, нийт 33192582 төгрөгийГ Төрийн банк ХХК-д барагдуулах нь үнэн бөгөөд зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хоёр хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийг бүрэн барагдуулах нь үнэн бөгөөд зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хоёр хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжлэлийг бүрэн барагдуулах хүсэлтэй байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Худалдан борлуулах 30 хоногийн хугацаа өгвөл Төрийн банк ХХК-ий нэхэмжлэлийг бүрэн барагдуулахын төлөө хичээн ажиллах ба энэ хугацаанд худалдан борлуулж чадахгүй бол хуулийн дагуу барьцаанд байгаа хөрөнгөөрөө нэхэмжлэлийг хаахад гомдолгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгон шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Л.Батбаатар, Н.Номин нарын хариу тайлбартай танилцлаа. Зээлээ төлөх хугацаан дээр бид тохиролцсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.
Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь Л.Батбаатар, Н.Номин нарт холбогдуулан 33192582 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 33192582 төгрөгийг 30 хоногийн дотор төлөхийг зөвшөөрсөн тайлбаруудаа шүүхэд ирүүлсэн байна. 
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч зээл төлөх хугацааг зөвшөөрч байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323913 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Номин, Л.Батбаатар нараас 161956 төгрөг, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 161956 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ий нэхэмжилсэн 33192582 /гучин гурван сая нэг зуун ерэн хоёр мянга таван зуун наян хоёр/ төгрөгийг 30 хоногийн дотор төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Л.Батбаатар, Н.Номин нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323913 /гурван зуун хорин гурван мянга есөн зуун арван гурав/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Батбаатар, Н.Номин нараас 161956 /нэг зуун жаран нэг мянга есөн зуун тавин зургаа/ төгрөг, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 161956 /нэг зуун жаран нэг мянга есөн зуун тавин зургаа/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                           Ч.ЖАРГАЛАН