| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1579/Э |
| Дугаар | 1648 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 1648
2020 09 11 2020/ШЦТ/1648
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Санаасайхан,
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Өсвөр насны шүүгдэгч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгч А.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч Б.Байгальмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-н Х-д холбогдох эрүүгийн 2006 01368 1923 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.Х- нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 110 дугаар байрны гадна “утсаар яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Э.Э-нгийн эзэмшлийн Самсунг Галакси А-10 загварын гар утсыг авч залилан 259.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Б.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Найз Энхжин болон түүний найзтай нь хамт гэрт нь очиж хоносон. Тэгээд өглөө нь босоод утсаар хүн дуудсан. Тэгээд би гарахдаа Энхжинг утсаа түр хэрэглүүлээч гэж хэлээд утсын нь авч гарж утсаар ярих гэж байгаад мартаад утсыг нь аваад явчихсан байсан. Тэгээд тэр утсыг нэг найздаа өгчихсөн юм гэв ” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Э-нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 110 дугаар байрны орцонд айлд орох гээд хүлээгээд байж байсан чинь манай найз Энхчимэгийн найз нь гэх Хүслэн гэдэг эмэгтэй хүүхэд утсаа өгч байгаач би ярьчихаад өгье гэж хэлээд миний гар утсыг гуйж аваад утсаар ярих гэж орцноос гараад явсан. Тэгээд Хүслэн буцаж ирэхгүй миний гар утсыг өгөхгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан ... миний утсыг аваагүй гэж хэлээд байсан” /хх-ийн 12, 13-14 дүгээр хуудас/,
Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.Х нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 110 дугаар байрны гадна “утсаар яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Э.Э-нгийн эзэмшлийн Самсунг Галакси А-10 загварын гар утсыг авч залилан 259.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан өсвөр насны шүүгдэгч Б.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Найз Энхжин болон түүний найзтай нь хамт гэрт нь очиж хоносон. Тэгээд өглөө нь босоод утсаар хүн дуудсан. Тэгээд би гарахдаа Энхжинг утсаа түр хэрэглүүлээч гэж хэлээд утсын нь авч гарж утсаар ярих гэж байгаад мартаад утсыг нь аваад явчихсан байсан. Тэгээд тэр утсыг нэг найздаа өгчихсөн юм” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Э-нгийн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 110 дугаар байрны орцонд айлд орох гээд хүлээгээд байж байсан чинь манай найз Энхчимэгийн найз нь гэх Хүслэн гэдэг эмэгтэй хүүхэд утсаа өгч байгаач би ярьчихаад өгье гэж хэлээд миний гар утсыг гуйж аваад утсаар ярих гэж орцноос гараад явсан. Тэгээд Хүслэн буцаж ирэхгүй миний гар утсыг өгөхгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан ... миний утсыг аваагүй гэж хэлээд байсан” /хх-ийн 12, 13-14 дүгээр хуудас/, Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26 дугаар хуудас/, Өсвөр насны шүүгдэгч Б.Х-гийн “... Э.Э-нгийн гар утсаар тэнд байсан хүүхдүүд бүгд ярьж байсан. Энхбаяртай ярих гэж Энхжингийн гар утсыг авсан. Энхбаярыг ирж байгааг харах гээд орцны гадаа гарахад Энхбаяр байрны гадаа байгаагүй ... шууд ганцаараа автобусны буудалруу алхсан. Энхжингийн гар утас миний зүүн талын халаасанд байсан ... Энхбаяр залгахаар нь мэдсэн. Би гар утсыг нь авч яриагүй дууг нь хаачихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, өсвөр насны шүүгдэгч Б.Х-г “Хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгчөөс насанд хүрээгүй хохирогч Э.Э-нд учирсан 259.200 төгрөгийн хохирлыг төлсөн ба энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.Х-гийн учруулсан хохирол төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу өмнөх шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн гэх хэргээс өмнөх үйлдэл нөхөн илэрсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал, коллежид сурч байгаа гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1264 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 90 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 210 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч 210 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Х-д мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш овогт Б-н Х-г “Хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1264 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 90 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 210 цагаар тогтоож, өдөрт гурваас дээшгүй цагаар эдлүүлсүэй.
4. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр гурваас дээшгүй цагаар эЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч 210 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Х-д мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ