| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07612/И |
| Дугаар | 102/ШШ2017/00005 |
| Огноо | 2016-12-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/00005
2016 оны 12 сарын 21 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00005
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 31-р байрны 6 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УШ64093005, Хотгойд овогт Гэлэнхүүгийн Эрдэнэцэцэг,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 21-р хороо, Горькийн 19-664 тоотод оршин суух, регистр УХ95071122, То мэргэн овогт Батмөнхийн Баярмаа нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 21-р хороо, Горькийн 19-664 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХН62022612, То мэргэн овогт Баатарын Батмөнхөд холбогдох хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг, Б.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин /үнэмлэх 1967/, хариуцагч Б.Батмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин /үнэмлэх 0611/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Батмөнхтэй 19 жил хамт амьдарсан. Хамтран амьдрах хугацаандаа 2 хүүхдийн аав ээж болж, том охин Б.Баярмаа 1995 онд, бага охин Б.Нарантуяа 2007 онд тус тус төрсөн. 2 охин минь аав Б.Батмөнхөөр овоглодог, энэ нь бидний хамт амьдарсны баталгаа болно гэж бодож байна. Бид албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй бөгөөд таарамж, тохиромжгүй байсан тул салсан, хамт амьдарч байхдаа дундын хашаа байшин, машинтай болсон. Бид 2 тусдаа амьдарч байгаа бөгөөд хашаа байшин болон, машинаа ам бүлдээ хуваан 2 охин, өөрт оногдох хувийг гаргуулахыг хүсч байна. 2003 онд бид анх жижигхэн хашаа байшинг Б.Батмөнхийн захирал Лхагвасүрэн гэх хүн 1.000.000 төгрөг зээлээр өгч байсан бөгөөд би Оюун гэх найзаасаа авч Батмөнхийн захиралд буцаан төлсөн. Ингэж бид анх өөрсдийн гэсэн 4х3 хэмжээтэй жижиг байшинтай болсон. Машины хувьд бол хамтын амьдрал эхлээгүй байхад 1997 онд Б.Батмөнх 500 000 төгрөгөөр машин авсан. Би 180 000 төгрөг, мөн үзлэгт орох мөнгө гээд нийт 260 000 төгрөг өгч байсан. Хашаа байшин, машин гээд бүх зүйлд би өөрийн хүч
хөдөлмөрийг зориулсан. Би Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Горькийн 19-664 тоотод байрлах хашаа байшингаа 15 000 000 төгрөгөөр, машиныг 6 000 000 төгрөгөөр үнэлж байгаа. Нийт 21 000 000 төгрөгөөс өөрт болон 2 охинд ноогдох байшингаас нэг хүний 3 750 000 төгрөг, машинаас нэг хүнд оногдох 1 500 000 төгрөг нийт 15 750 000 төгрөгийг Б.Батмөнхөөс нэхэмжилж байна. Хашаа байшин, машиныг би зах зээлийн ханшаар бодон өөрийнхөөрөө үнэлэн тогтоосон. Мөн биднийг хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү. Охин Б.Нарантуяад хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ээжийн дурдсан нэхэмжлэлийн шаардлагатай адилхан, хашаа байшин, машинаас өөрт оногдох хувь болох 5 250 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.Батмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Эрдэнэцэцэгтэй амьдарч эрүүл саруул байхдаа гэр бүл, 2 охиноо хангалттай тэжээн тэтгэж, амьдрал ахуйгаа сайн авч явж байсан. Бид 1997 онд АУИС-ийн оюутны байранд амьдарч эхэлсэн, тэр үед захирлын жолооч байсан бөгөөд Лхагвасүрэн захирал надад “сайн жолооч, цаашид сайн ажиллаарай” гэж амьдрал ахуйд дэм болж 1 000 000 төгрөг өгсөн, мөн миний төрсөн дүү 100 000 төгрөг өгч хашаа байшин авч байсан. Тэрнээс мөнгө зээлсэн асуудал байхгүй, тэр мөнгийг буцааж өгөөгүй юм. Оюун гэдэг хүнээс 1 000 000 төгрөг авсан, тэр бол бидний амьдралд зарцуулагдсан. Би Эрдэнэцэцэгтэй амьдархаасаа өмнө Москвич 13-60 машинтай байсан, тэрнийгээ зарж сайжруулсаар Nissan X trail машинтай болсон. Машинаараа амьдрал ахуйгаа залгуулах гэж явдаг байсан, тэгж явж байгаад 2014 оны 4-р сард осолд орж хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, группэд байдаг, ажил хийх боломжгүй, авдаг мөнгө нь амьдрал ахуйд хүрдэггүй. Шүүх цагдаа дээр ирчихсэн ааваасаа мөнгө нэхээд зогсож байгаа охин Б.Баярмаад их гомдож байна. Би охин Б.Баярмааг өөрийн ажиллаж байсан АУИС-д оруулж, цалингийн зээлээр 3-р курс төгстөл нь төлбөрийг нь төлсөн. Би эрүүл байсан бол үүнээс ч илүү туслах байсан. Гэтэл аваарт ороод ажил хийх боломжгүй болсон, хөл муутай хүн хашаа байшингаа өгчихөөд өөрөө хаана амьдрах вэ, надад өгөх ийм их мөнгө байхгүй, миний амьдрал ч гэсэн хүнд байна. Намайг амьдарлаа авч явж чадахгүй болсон гээд Г.Эрдэнэцэцэг, хүүхдүүдээ аваад хаяад явсан. Ийм байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Эрдэнэцэцэг, Б.Баярмаа нар нь Б.Батмөнхөд холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг 15 750 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Б.Батмөнх, Г.Эрдэнэцэцэг нар нь 1996 оноос гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамт амьдарч, амьдарч байх хугацаандаа 1995 оны 07-р сарын 11-нд охин Б.Баярмаа, 2007 оны 07-р сарын 27-нд охин Б.Нарантуяа нарыг төрүүлж өсгөжээ.
Талууд таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 7-р сараас тусдаа амьдарч байгаа, насанд хүрээгүй охин Б.Нарантуяа нь эхийн асрамжинд байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь Б.Батмөнхтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтийг гаргасан байх ба энэ хүсэлт нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлагатай, өөрөөр хэлбэл, маргааны зүйлтэй холбоотой байна. Иймд хамтран амьдарч байсныг тогтоох шаардлагагүй гэж дүгнэлээ.
Харин талууд 1996 оноос гэр бүл болох зорилгоор хамт амьдарч эхэлснээс хойш Баянгол дүүргийн 9-р хороо /одоо 21-р хороо/, Горькийн 19-664 тоот хашаа, байшинг худалдан авсан, улмаар хамт амьдарч байхдаа засан сайжруулж гэр бүлээрээ амьдарч байжээ.
Нийслэлийн Засаг даргын 2005 оны 155-р захирамжаар дээрх хаяг бүхий 456.32 м.кв талбай бүхий газрыг Б.Батмөнх, Г.Эрдэнэцэцэг, Б.Баярмаа нарт өмчлүүлсэн бөгөөд газраас салгаж үл болох хашаа байшинг бусдаас авсан мөнгөөр авсан эсэхээс үл хамааран насанд хүрсэн болон насанд хүрээгүй хүмүүсийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзнэ.
Нөгөө талаас, тухайн үед Г.Эрдэнэцэцэг нь “Хүрд” компанид, Б.Батмөнх Анагаах ухааны дээд сургуульд ажиллаж цалин орлоготой байжээ.
Нэхэмжлэгч хашаа, байшингийн үнийг 15 000 000 төгрөгөөр тодорхойлсон бөгөөд энэ үнийн талаар хариуцагч маргаагүй байна. Иймд нэг хүнд ногдох хэсгийг 3 750 000 төгрөгөөр тооцож Б.Батмөнхөөс 11 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Харин Б.Батмөнх нь нэхэмжлэгчтэй хамт амьдрахаас өмнө хувьдаа Москвич маркийн машинтай байсан талаар нэхэмжлэгч маргаагүй, машинаа хэд хэдэн удаа сольж одоо Nissan X trail маркийн 51-70 УНТ дугаартай автомашины эзэмшигч болсон байна. Иймд уг машин нь Б.Батмөнхийн өөрийн хөрөнгө бөгөөд дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд тооцогдохгүй, машины үнээс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд 2007 оны 07-р сарын 27-ны өдөр төрсөн Б.Нарантуяад хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэдийгээр хариуцагч Б.Батмөнх нь хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан боловч дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1, 108-р зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Батмөнхөөс 11 250 000 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Г.Эрдэнэцэцэг, Б.Баярмаа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 07-р сарын 27-ны өдөр төрсөн Батмөнхийн Нарантуяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Батмөнхөөр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133-р зүйлийн 133.2.14 дэх хэсэгт зааснаар Б.Батмөнхтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн Г.Эрдэнэцэцэгийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 900 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Б.Батмөнхөөс 194 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
| |