Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1970 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац баг, Дэл гэх газар оршин суух Цацчой овогт Ширээмашины Алтанхуяг /РД:АА70041410/-ийн хүсэлттэй,

            Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1986 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ш.Алтанхуяг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ш.Алтанхуяг би 1970 онд төрсөн. Би анх 1986 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн 8-р ангиа төгсөөд илгээлтээр мал аж ахуй дээр гарч 1988 оны 10-р сарын 21-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад цэрэгт явсан. Энэ хугацааг бичсэн хөдөлмөрийн дэвтэр дээр малчнаас чөлөөлөгдөж цэрэгт явсан хугацаа бичигдээгүй байгаа тул хохироход хүрээд байна. Иймээс архивын лавлагаа, хөдөлмөрийн илгээлтийг үндэслэн миний Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн Цац бригадад 1986 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Ш.Алтанхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Алтанхуяг миний бие 1986 онд 8-р ангиа төгсөөд 1986 оны 7-р сарын 1-ний өдрөөс илгээлтээр мал дээр гарсан. 1988 оны 10-р сарын 21-ний өдөр цэргийн албанд татагдсан. Хөдөлмөрийн дэвтэрт цэргээс халагдсан тушаал байхгүй учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан. Иймд миний дээрх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ш.Алтанхуяг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 6-р сарын 27-ны өдрийн 50 тоот “Бүгд найрамдах Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 32-р зүйлийн А-д заасныг Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн зөвшөөрлийг үндэслэн 1986 оны ерөнхий боловсролын сургууль төгсөөд нэгдлийн нэгдэлд хуваарьлагдан ирсэн охид, хөвгүүдийг ажилд томилох тухай” тушаалд 1. 1986 оны ерөнхий боловсролын сургууль төгсөн ирээд нэгдлийн үйлдвэрлэлд хуваарьлагдан ирээд ирсэн охид хөвгүүдийг 1986 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1-р хавсралтаар ажилд томилсугай. Хавсралтад: Ширээмашины Алтанхуяг, эрэгтэй, Цац бригадад туслахх малчнаар, дагуулан сургах хүн Ширээмашин гэсэн,

          2. Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 5-р сарын 30-ны өдрийн 45 тоот “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолд 1. Хөдөө аж ахуйн нэгдлийн нийгмийн даатгалд хамрагдаагүй гишүүдэд олгох ээлжийн амралтын Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 25-р тогтоолоор батлагдсан заавар бригадын зөвлөлүүдээс ирүүлсэн санал, сум бригадад байнга зохиогддог цаг үеийн ажилтай зохицуулан боловсруулсан жагсаалтыг хэлэлцээд 1-р хавсралтаар тогтоосугай. Хавсралтын 118-д Ш.Алтанхуяг гэсэн,

          3. Архангай аймгийн  Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 2-р сарын 24-ний өдрийн 09 тоот “Шагнал олгох тухай” тушаалд: 1.1987 онд Зөвлөлт холбоот улсын мэргэжилтэн А.К.Лида нь тус нэгдлийн мал ям, бруциллёд өвчний шинжилгээ хийхэд идэвхи зүтгэлтэй ажилласныг нь тэмдэглэж 52 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтын 8-д Ш.Алтанхуяг 12 төгрөг, 60 мөнгө гэсэн,

          4. Ширээмашины Алтанхуягт Архангай аймгийн Ардын депутатын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1988 оны 2-р сарын 26-ны өдөр олгосон 645119 тоот цэргийн батлах

            Хүсэлт гаргагч Ш.Алтанхуяг нь Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1986 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 8-р сарын 27-ны өдрийн 50 тоот тушаал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 5-р сарын 30-ны өдрийн 45 тоот “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоол, Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 2-р сарын 24-ний өдрийн 09 тоот “Шагнал олгох тухай” тогтоол, Ш.Алтанхуягийн 645119 тоот цэргийн батлах зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1986 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Ш.Алтанхуягийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч Ш.Алтанхуягийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цацчой овогт Ширээмашины Алтанхуягийг Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1986 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1988 оны 10-р сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Алтанхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ЖАРГАЛАН