Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 634

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийж, “Э М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрхийг сэргээлгэх, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахыг А*******Х-т даалгуулах” шаардлага бүхий А*******Х-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь XV-017.... тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан боловч А*******Х- нь хүлээж аваагүй бөгөөд бид бодит нөхцөл байдлыг тайлбарлан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тухайн этгээдэд дахин хандсан боловч А*******Х- өргөдлийг хүлээн авах боломжгүй талаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 7/3554 тоот албан бичгээр бидэнд мэдэгдсэн тул ийнхүү шүүхэд хандаж байна.

   “Э М” ХХК нь Б******* аймгийн Б******* сумын Н******* нэртэй газар ашигт малтмалын  XV-017... тоот  тусгай  зөвшөөрлийг хууль  ёсоор эзэмшдэг  бөгөөд  2015  оноос  эхлэн  геологи  хайгуулын  ажил  болон  байгаль орчны нөхөн  сэргээлтийн  ажлыг зохих  журмын  дагуу  хийж  ирсэн  билээ.  Ашигт малтмалын  хайгуулын  XV-017...  тоот  тусгай   зөвшөөрөл нь  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр 07-ны өдрийн 252 тоот шийдвэрээр 3 жилийн хугацаатай олгогдсон бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөр уг хугацаа дуусгавар болж байсан болно.

“Ашигт малтмалын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтад хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй хэмээн заасан боловч мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг холбогдох баримт бичгийн хамт төрийн захиргааны байгууллагад гаргахаар хуульчилсан байдаг. Тодруулбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өргөдөлдөө: тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөр, хайгуулын ажлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт болон хайгуулын ажлын тайланг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсаргасан байхыг хуулиар шаарддаг.

   Тус компани нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалт болон 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтын дагуу байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, Б******* аймгийн Б******* сумын Засаг даргаар хянан батлуулахаар 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн боловч тухайн суманд өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засаг дарга нь хөдөө томилолттой байсны улмаас тус компанийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр баталсан. Ийнхүү хугацаа алдаж байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталсан нь тус компани нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон үр дагаварт хүргэсэн. Өөрөөр хэлбэл, тус компани нь хуульд заасан холбогдох баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлсэн боловч бидний хүсэл зориг, ажлын хариуцлагаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас “байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан” гэх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан “Э М” ХХК”-ийн XV-017... тоот тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрхийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахыг А*******Х-т даалгаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч 2018 оны 07 дугаар  сарын  03-ны  өдөр  шүүхэд  бичгээр  гаргасан хариу тайлбартаа: “Э М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрхийг сэргээлгэх, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахыг А*******Х-т даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

   Б******* аймгийн Б******* сумын нутаг Н******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XY-017.... дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр 07-ны өдрийн 252 тоот шийдвэрээр “Э М” ХХК-д олгосон.

   “Ашигт малтмалын тухай” хуулийн 22 дугаар зүйлд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасан ба “Э М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XY-017... тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

   Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хавсаргахаар заасан ба “Э М” ХХК нь хуулийн хугацаанд хугацаа сунгуулах өргөдөл гаргаж Төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй байна.

   Төрийн захиргааны байгууллагаас тус компанид XY-017.... тоот тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тодорхой эрх, үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг тодруулбал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг Кадастрын нэгжээс гаргасан загварын дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас сарын өмнө гаргаж байхаар мэдэгдэж, мэдэгдлийг компанийн эрх бүхий ажилтан Л.Б гардуулсныг 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч  гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.

   Иймд “Э М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрхийг сэргээлгэх, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахыг А*******Х-т даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр “Э М” ХХК-ийн А*******Х-т холбогдуулан гаргасан ““Э М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрхийг сэргээлгэх, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахыг А*******Х-т даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Э М” ХХК нь Б******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт Н******* нэртэй газарт ашигт малтмалын ХV-077... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр эзэмшсэн байна.

Хариуцагч Ашигт  малтмал, газрын  тосны газрын  Кадастрын  хэлтэс  нь  “Э М”  ХХК-ийг  ашигт  малтмалын  ХV-077....  дүгээр  хайгуулын  тусгай  зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дууссанд тооцож, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4/3554 дүгээр албан бичгээр мэдэгджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн  22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу “Э М” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ХV-077... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахаар хуульд заасан баримтуудыг тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд хариуцагчид гаргах ёстой байжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан шаардлагын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад тухайн тусгай зөвшөөрлийн талбай байгаа орон нутгийн Засаг даргаар байгаль орчныг хамгаалах ажлын менежментийн төлөвлөгөөг батлуулах ёстой байна.

Нэхэмжлэл гаргагч “Э М” ХХК нь Б******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт эзэмшиж байгаа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчныг хамгаалах ажлын менежментийн төлөвлөгөөг тус сумын Засаг даргаар батлуулахаар 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн боловч тус сумын нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан хуулийн хугацаа болох 10 хоногт сумын Засаг дарга баталж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Б******* аймгийн Б******* сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1а/149, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2/166,  2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2/176 дугаар албан бичгүүдээр нотлогдож байна.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж заасан шаардлагуудыг “Э М” ХХК биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Үүнд: Тусгай зөвшөөрлийн сунгалтын үйлчилгээний хөлс 1 сая төгрөг, ээлжит жилийн төлбөр 4,123,000 төгрөгийг төлсөн төлбөрийн баримт, 2017 онд гүйцэтгэсэн хайгуулын тайлан, геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 305 дугаар тодорхойлолт, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2017 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс хүлээн авч баталгаажуулсан зэрэг.

Иймээс Ашигт малтмал, газрын тосны газар нь “Э М” ХХК нь хайгуулын  зөвшөөрлийг  сунгахад шаардагдах  үйлчилгээний  хөлс  болон  тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хүлээн авсан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээ, хайгуулын ажлын тайланг тус тус хүлээн авч баталгаажуулсан тул хариуцагч хугацаа сунгахад шаардагдах зарим үүргийг нэхэмжлэгч биелүүлснийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх эрх зүйн зарчимд тулгуурлан Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй нь нэхэмжлэгч “Э М” ХХК-ийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаас үүссэн, сунгуулахад шаардлагатай зарим үүргийн биелүүлсэн тул нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй болно.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдийн удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгүүдийг баримтлан “Э М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Э М” ХХК-ийн ашигт малтмалын ХV-077.... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг А*******Х-т даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э М” ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ