Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2021/0715/З |
Дугаар | 221/МА2022/0341 |
Огноо | 2022-05-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2022/0341
Ш.Н-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т
Нэхэмжлэгч: Ш.Н
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/601 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох
Хэргийн индекс: 128/2021/0715/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Н- нь “нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/601 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Н-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/601 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэргэл анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар 600 м.кв газрыг иргэн Ш.Н-д амины сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.
3.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/601 дүгээр захирамжаар иргэн Ш.Н-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
3.3. Эрчим хүчний тухай хуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус зөрчин эзэмшүүлсэн тул иргэн Ш.Н-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
3.4. Иймд нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/601 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасны дагуу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ш.Н-аас “нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/601 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. Маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/601 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ш.Н-ад эзэмшүүлэхээр олгосон газар нь шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурваст байхаас гадна Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн гэж түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
4. Нэхэмжлэгч нь анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/203 дугаар захирамжаар тус дүүргийн 8 дугаар хороонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 600 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан ба мөн дүүргийн Засаг дарга 2018 оны А/235 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр баримтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.
5. Улмаар нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган маргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 он 02 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 257 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 242 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны А/235 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрх анх хэрхэн үүсч, ямар үндэслэлээр цуцлагдсан, уг эрхийг ямар үндэслэлээр сэргээсэн үйл баримттай холбогдуулан шүүхийн шийдвэрийг биелүүлж олгосон газар эзэмших эрхийг хамгаалах зарчмын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруу биш гэж үзлээ.
7. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” гэж тус тус заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар Ш.Н-ын хүсэлтийг шийдвэрлүүлэхээр нийслэлийн Засаг даргад уламжилж, улмаар Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 23 дугаар хурлаар нэхэмжлэгчид өмнө нь эзэмшүүлж байсан газрыг буцаан эзэмшүүлэхийг зөвшөөрч, нийслэлийн Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/263 дугаар захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж Ш.Н-ад газар эзэмших эрх олгосон байна.
8. Гэвч хариуцагч нийслэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлж газар эзэмших эрх олгосон атлаа 4 сарын дараа газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
9. Учир нь нэхэмжлэгчээс өмнөх газар эзэмших эрхийг цуцалсан Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч маргаж байх үед тухайн маргаан бүхий газрыг өөр бусад этгээдэд олгох эсхүл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг алдагдуулах бөгөөд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж газар эзэмших эрх олгосноос 4 сарын дараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмших эрх олгосон шийдвэр алдаатай байсан гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.
10. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох зохицуулалттай.
11. Тодруулбал, шүүхийн шийдвэрийг биелүүлж газар эзэмших эрхийг сэргээсэн байхаас гадна хэрэгт авагдсан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3/1420 дугаар албан бичгээр Ш.Н-ын 000148837 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар нь шугам сүлжээ аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвас газарт байрлаагүй болохыг тодорхойлсноос үзэхэд маргаан бүхий захиргааны актын үндэслэл үгүйсгэгдэж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Эрчим хүчний тухай хуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчин эзэмшүүлсэн тул иргэн Ш.Н-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэх гомдол үндэслэлгүй.
12. Нөгөөтэйгүүр 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн буруу шийдвэрээ хариуцагч хуульд заасан эрхийн хүрээнд зассан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
13. Зүй нь нэхэмжлэгчээс анх газар эзэмших эрхийг цуцалсан Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч маргаж байх үед маргаан бүхий газрыг өөр бусад этгээдэд олгох эсхүл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах ёсгүй байжээ.
14. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч маргасан, энэ утгаараа шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх нөхцөлийг хангаж тухайн газартай холбоотой аливаа харилцаа хязгаарлагдмал байна.
16. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасантай нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ