Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 817

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Цогбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00294 дугаар шийдвэртэй, Ж.Цогбаярын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

С.Цогбаяр 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын санхүүгийн хэлтэст жолоочоор орж ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/159 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Байгууллагын бүтэц, орон тооны зохион байгуулалт шинээр батлагдсантай холбогдуулан, ажлаас чөлөөлсөн боловч Санхүүгийн хэлтэст жолоочийн ажил хэвээр хадгалагдаж байна. Иймд С.Цогбаярыг урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч тогтоодог тул 2016 онд 2 удаа шинэчлэн баталсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай А/395 дугаар захирамжаар Газрын дарга 1, Орлогч дарга 2, Дотоод хяналтын алба 3, Захиргаа, удирдлагын хэлтэс 26, Санхүүгийн хэлтэс 15, Захиалагчийн хэлтэс 22, Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтэс 12, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтэс 10, нийт 91 хүний бүрэлдэхүүнээр баталсан.

Харин Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлах тухай А/688 дугаар захирамжаар Газрын дарга, Орлогч дарга, Ерөнхий инженер, Хууль, дотоод хяналтын алба, Захиргааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс, Барилга захиалагчийн хэлтэс, Зураг төслийн хэлтэс, Төлөвлөлт судалгааны хэлтэс гэсэн 5 хэлтэс, нийт 80 хүний бүрэлдэхүүнээр батлагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүтэц орон тоо шинэчлэн зохион байгуулагдаж Санхүүгийн хэлтсийн жолоочоор ажиллаж байсан С.Цогбаярт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5/2482 тоот албан мэдэгдэл хүргүүлж, нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/159 тушаал нь хууль зөрчөөгүй. С.Цогбаярын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хамгийн сүүлд ажилд орсон шалгуураар чөлөөлсөн. Одоо 8 жолооч ажиллаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 040 155 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай С.Цогбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбарт хууль ёсны дүгнэлт хийж чадаагүйн улмаас шийдвэр хууль ёсны болоогүй. С.Цогбаяр жолоочоор ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг мөрдөж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Гэтэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын шинээр томилогдсон дарга Ц.Ариунбаяр 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б/159 тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцээгүй. УДШ-ийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тайлбарласан. Үүний дагуу ажил олгогч дээрх хуульд заасан үндэслэлээс алийг нь баримталсан болохоо Б/159 дугаар тушаалд тодорхой заагаагүй.

Үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа дурдсаар байхад шүүх хууль зөрчин нөхцөл байлыг огт харгалзаж үзэлгүй, хууль болон ажилтны эрх ашигт үл нийцэх тушаалыг хамгаалсан шийдвэр гаргаж, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Санхүү, аж ахуйн хэлтэс нь дарга ... жолооч 8, бүгд 15 хүний бүрэлдэхүүнээр бүтэц зохион байгуулалт зурагдаж, жолоочийн орон тоог нэгээр цөөрүүлсэн болох нь тогтоогдож байна” гэж илт үндэслэл муутай, бодит байдалд үл нийцэх дүгнэлт хийсэн. Санхүү, аж ахуйн хэлтэст орон тоог цөөрүүлэх нөхцөл үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогддоггүй.

Нийслэлийн Засгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/688 тоот захирамжийн хавсралтаас үзэхэд тус хэлтэс 16 хүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан ба өмнөх бүтэц схем болох Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/395 тоот захирамжийн хавсралтаар нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй байсан байдаг. Үүнээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын баталсан шинэ бүтэцээр орон тоо цөөрөөгүй, харин ч нэгээр нэмэгдсэн байхад шүүх илт үндэслэлгүй дүгнэсэн. Түүнчлэн хэргийн 59 дүгээр талд авагдсан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тус газрын даргын тушаалаар батлагдсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын бүтэц, схемээс Санхүүгийн хэлтсийн орон тоо цөөрсөн гэдэг нь нотлогдож байна гэх агуулгатай дүгнэлт шийдвэртээ оруулсан. Уг нотлох баримт тухайн маргаанд төдийлөн ач холбогдолгүй. Учир нь хариуцагч тал 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн орон тооны цомхотгол хийгдсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Уг бүтэц схем ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш 1 сарын дараа батлагдсан нь тогтоогдох тул үүнийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед тухайн байгууллагад орон тоог цөөрүүлэх нөхцөл байдал үүссэн гэдгийг шууд нотлох баримт болж чадахгүй юм.

Мөн шийдвэрт “...орон тооны хязгаарыг 91 хүний бүрэлдэхүүнтэй баталсан байхад 92 дахь хүн болгож С.Цогбаяртай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд хамгийн сүүлд ажилд орсон гэх шалгуураар ... хөдөлмөрийн гэрээг цуцласан...” гэж дурдсан. Энэ нь бодит байдалд нийцэхгүй, чухам аль баримтыг үндэслэж нэхэмжлэгчийг хамгийн сүүлд тус байгууллагад ажилд орсон, цаашлаад 92 дахь хүн болсон гэдгийг тогтоож байгаа нь ойлгомжгүй. Түүнчлэн 92 дахь ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй, сүүлд ажилд орсон гэх шалгуур нь шударга ёсонд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасантай нийцэхгүй. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн, хууль хэрэглээ болон агуулгын хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Цогбаяр нь хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Цогбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг учир дутагдалтай болсон гэж үзэв.

 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/159 дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Цогбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлах тухай А/688 дугаар захирамжийг үндэслэл болгожээ. /хх 30, 61/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй үндэслэлээ дээрх захирамж, түүний хавсралтаар Санхүүгийн хэлтэс татан буугдаж, тус байгууллагын орон тоог нийт 11 хүнээр цөөрүүлсэн учраас жолооч С.Цогбаярт хуульд заасан хугацааны өмнө мэдэгдэж, нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй гэж тайлбарласан. /хх 23-24, 86-93/

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/688 дугаар захирамж болон түүний хавсралтаар хариуцагч байгууллагын бүтэц 7 алба хэлтэстэй, нийт 80 орон тоотой байхаас Санхүүгийн хэлтэс нь Санхүү, аж ахуйн хэлтэс болж, түүнд ажиллах ажилтан 16 байхаар орон тооны хязгаарыг тогтоожээ. /хх 25, 26/

 

Үүнийг өмнө үйлчилж байсан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны А/395 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын баталсан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн орон тоо, зохион байгуулалтын бүтэц схемтэй харьцуулхад “Санхүүгийн хэлтэс нийт 15 ажилтан”-тай байсан үйл баримт тогтоогдож байгаа нь ажилтны тоог цөөрүүлсэн гэж үзэхгүй, харин ч нэмэгдсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэл бүхий байна. /хх 27, 28, 64/

 

Дээрх нотлох баримтуудыг ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон үндэслэл, зохигчдын тайлбар зэрэгтэй харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч С.Цогбаярын ажиллаж байсан Санхүүгийн хэлтэс нь нэршил, чиг үүргийн хувьд өөрчлөгдсөн байх боломжтой боловч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй юм.

 

Нөгөө талаар тус хэлтэс татан буугдсан, орон тоог цөөрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар, татгалзал нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх  эдгээр нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, ажил олгогчийн гаргасан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын “...ажилтны тоог цөөрүүлсэн” гэх агуулгад нийцүүлэн дүгнэсэн нь буруу байна.

 

Иймд нэхэмжлэгч С.Цогбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Санхүү, аж ахуйн хэлтэст жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 040 000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00294 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Цогбаярыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Санхүү, аж ахуйн хэлтэст жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 040 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ                                                                 

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Т.ТУЯА