Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 177

 

 

 

 

 

 

 

                                             

                                                    

       Ц.Ганболд, Д.Отгонжаргал, Ж.Өнөрсайхан нарт

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

 

  Прокурор П.Нямцэцэг,

  Хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Я.Батханд,

  Хохирогч П.Ийн өмгөөлөгч С.Цацралтуяа, 

  Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг, М.Алтанцэцэг,

  Цагаатгагдсан Ж.Ө,  

  Цагаатгагдсан Д.Отгонжаргалын өмгөөлөгч Д.Энхцэцэг,

  Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 516 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Нямцэцэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Б.Бямба, шүүгдэгч Ц.Ганболд, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Г, Д.О, Ж.Ө нарт холбогдох эрүүгийн 21040691 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Аргалан овогт Цэдэндоржийн Ц.Г, 1965 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ....байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 000 дугаар хороо, 0 дүгээр хорооллын 8-53 тоотод оршин суудаг,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 124 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3-д зааснаар 250.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, /РД: ... 001671/,

  2. Боржигон овогт Дашнямын Д.О, 1900 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 500 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ажилтай... байсан, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 44 дүгээр байрны 1 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000545060/,

 

  3. Ванжилынхан овогт Жадамбын Ж.Ө, 1900 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд төрсөн, 004 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ _...байсан, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 000 дугаар хороо, 100 дүгээр байрны 000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ....00465/.

 

1. Ц.Г нь тендерт оролцох өөрийн хөрөнгөгүй атлаа 2008 оны 7 дугаар сарын 24-нд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт шалгарч, уг тендерийн ажилд оролцох, тендөрийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд Ж.Өтай бүлэглэж, иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр 2008 оны 9 дүгээр сарын 11-нд Х.Оюунчимэгтэй тендерт хамтран ажиллах гэрээ байгуулж, түүний гэр бүлийн өмчлөлийн 23 сая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 20 дугаар байрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, улмаар чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн,

- Ц.Г давтан үйлдлээр Д.Отай бүлэглэн дээрх аргаар иргэн Б.Бямбаад итгэл үнэмшил төрүүлж, түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 9 дүгээр сарын 25-нд өөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөлгүй, Д.О нь өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулсан ба Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн,

- Ц.Г нь 2008 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ё.Энхсайханы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 25 дугаар байрны 28 тоот 79.25 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг Капитал банкинд барьцаалж, барьцаанаас чөлөөлж өгөлгүй, 29.627.517 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн,

- Ц.Г нь 2008 оны 4 дүгээр сарын 8, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Жи И Жао” ХХК-ийн шүүхэд төлөөлөх итгэмжлэлүүд дээр компанийн захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Мяо Юн Ю-гийн гарын үсгийг хуурамчаар зурж, өмгөөлөгч Д.Энхтөр уг итгэмжлэлүүдийг үндэслэн Баянгол дүүргийн иргэний шүүх хуралдаанд уг компанийг төлөөлөн оролцож 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №1275, 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдөр №696 дугаартай шийдвэрүүд гаргуулан, иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн,

- Ц.Г нь 2008 оны 8 дугаар сард П.Ичинхорлоод “Капитал банкинд таньдаг хүн байгаа, үл хөдлөх хөрөнгөтэй бол манай компаний нэрээр зээл авахад тусална, банкнаас хувь хүнд их хэмжээний зээл өгөхгүй, харин би компаниараа зээлийн гэрээ байгуулж энэ зээлийг бүтээж өгнө манай компани тендерт ордог санхүүгийн боломжтой зээл авахад чинь асуудалгүй тусална чи үл хөдлөх хөрөнгөө барьцаалчих” гэж итгүүлэн “Монпасс интернэшнл” ХХК-ийн нэр дээр П.Ичинхорлоо болон түүний хүү Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарын нэр дээр байсан 2 орон сууцыг барьцаалан 100 сая төгрөгийн зээл банкнаас авах байсан дээр нэмж 20 сая төгрөгийг “би зээл, зээлийн хүүгийн хамт төлж барагдуулна” гэж авсан боловч уг зээлээ болон П.Ичинхорлоогийн үндсэн зээл, зээлийн хүү төлүүлэхээр 2008 оны 10 дугаар сарын 3-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөг, 2008 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр өгсөн 2.976.000 төгрөг, 2008 оны 12 сарын 3-ны өдөр өгсөн 2.880.000 төгрөгийг залилан авсны улмаас П.Ичинхорлоо, Б.Ганбаатар, Л.Мөнхцэлмэг нарт нийт 28.736.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. Ж.Ө нь 2008 онд Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерт хөрөнгө оруулаагүй, мөн өмнөх тендерт Ц.Гтой хамтран оролцохдоо Худалдаа хөгжпийн банкинд 3 өрөө орон сууцаа барьцаалж, тендерт оролцоод барьцаа хөрөнгийг суллаагүй, тендерээс ашиг олоогүй атлаа уг тендерийн ажилд оролцох, тендерийн ажлыг гүйцэтгэх мөнгө олохын тулд яллагдагч Ц.Гтой бүлэглэн, үгсэн тохиролцож “бид удаа дараа тендерт хамтран оролцож байсан туршлагатай, энэ удаагийн тендер нь өмнөх тендерүүдээс илүү ашигтай” гэж иргэн Х.Оюунчимэгийг ятгаж, гарын үсэг зурах эрхийг эдэлж, тендерийн үйл ажиллагаанд хяналт тавьж оролцохоор тохиролцож Х.Оюунчимэгийн гэр бүлийн өмчлөлийн 23 зая төгрөгийн үнэлгээтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 20 дугаар оайрны 111 тоот 1 өрөө байр, 53 сая төгрөгийн үнэлгээтэй Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 46 дугаар байрны 31 тоот 62.7 мкв талбайтай 2 өрөө орон сууц бүхий нийт 2 орон сууцыг Капитал банкны барьцаанд тавьж, чөлөөлж өгөлгүй 76 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн,

 

3. Д.О нь Ц.Гтой бүлэглэн Онцгой байдлын ерөнхий газраас зарласан НБ-08-03 тоот “улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх” тендерийн ажлыг гүйцэтгэхэд хөрөнгө оруулалт хийх хүн хэрэгтэй байна, бид удаа дараа тендерт хамтран оролцож байсан, Ц.Г нь найдвартай, туршлагатай хүн хэмээн иргэн Б.Бямбааг ятгаж, итгэл үнэмшил төрүүлснээр түүний гэр бүлийн өмчлөлийн “Говь-44” байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг банкны барьцаанд тавиулж, мөнгийг тендерийн ажилд зарцуулна гэж 2008 оны 9 дүгээр сарын 25-нд эөрийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авсан атлаа уг орон сууцыг “Цорлон зет зет” барьцаалан зээлдүүлэх газарт 28 сая төгрөгийн барьцаанд тавьж, орон сууцыг барьцаанаас суллаж өгөлгүй, өөрийн хувийн “Бөмбөлөг” нэртэй цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулж иргэн Б.Бямбаа нь байраа суллаж авахын тулд 32.509.200 төгрөг төлсөн ба Б.Бямбаад 32.509.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ц.Год холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зїйлийн 148.4, 253 дугаар зүйлийн 253.1, Д.О, Ж.Ө нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зїйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, Ж.Ө нарт холбогдох хэргийг, мөн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Год холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Ө, Д.О нарыг цагаатгаж, Прокуророос шүүгдэгч Ц.Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Х.Оюунчимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарыг хуурч мэхлэх аргаар залилсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Прокуророос шүүгдэгч Ц.Гыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Ц.Гыг бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Год холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Г нийт 274 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ж.Ө нийт 73 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.О нийт 151 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураагдан иргэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Гоос 20.000.000 төгрөг гаргуулан хохирогч П.Ичинхорлоод олгож, хохирогч нь гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г, Ж.Ө, Д.О нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Нямцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах эсэргүүцлийг бичсэн. Анхан шатны шүүх Оюунчимэг, Бямба нарыг залилсан үйлдлийг бараа материалын үнийн өсөлт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр тус гэрээ нь эрсдэлд орсон, иргэний эрх зүйн маргаан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дээрх үйлдлийг иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд дараах тайлбарыг хийж улсын яллагчийн эсэргүүцлэл бичсэн. Мөрдөн байцаалтын шатанд Оюунчимэг болон түүний гэр бүлийн хүн болох Хүрэлбаатар, хохирогч нарын мэдүүлгүүд байгаа. Мөн хохирогч Бямбаагийн хохирогчоор өгсөн мэдүүлгийг үзэхэд тухайн үед Ц.Гын тухайн компани нь өөрийн гэсэн хөрөнгөгүй болсон байхад, хүмүүст итгэл үзүүлж, ашигтай тендерт оролцож байгаа юм гэж итгэл төрүүлж, бодит байдлаас илт зөрүүтэй байдлаар хуурч эдгээр хүмүүст тодорхой хэмжээний мөнгө амлаж, хөрөнгүүдийг барьцаанд тавьж зээл авсан байдаг. Шүүх бараа бүтээгдэхүүний эрсдэлд орж байгаа гэж дүгнэснийг тодорхой дүгнэж өгөөгүй. Үнэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өөрчлөлтийн дүнд ямар нэгэн үнийн хүчин зүйл нөлөөлсөн нь хэрэгт авагдаагүй. Шүүх хуралдаанд Ц.Гын удаа дараагийн мэдүүлэгт бензин шатахууны үнэ өссөний улмаас гэрээний эрсдэл үүссэн юм гэж мэдүүлэг өгдөг. Ийм нөхцөл байдал би болсон юм уу гэдэг нь энэ гэрээний нөхцөл байдалд хэрхэн нөлөөлсөн юм бэ гэдгийг шинжээч томилж тогтоолгосон байгаа. Үүнд тендерийн шатахууны зардалд 9.917.000 төгрөг буюу нийт үнийн дүнгийн 2 хувь эзлэхээр ийм нөхцөл байдал тухайн гэрээг эрсдэлд оруулахаар нөхцөл байдал би болоогүй юм гэдгийг энэ дүгнэлтээр тогтоож өгч байгаа. Тэгэхээр бусад хохирогч нарын мэдүүлэг болон хохирогч нарын хохирсон нөхцөл байдлыг авч үзэхгүйгээр зөвхөн Ц.Гын бүтээгдэхүүн эрсдэлд орсон юм гэсэн мэдүүлэгт үндэслэж, дээрх үйл баримт иргэний эрх зүйн харилцаа байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэдэг үүднээс эсэргүүцэл бичсэн. Үүнд Оюунчимэг, Бямба нарыг залилсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогч Б.Бямба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг маш их удаан шалгагдаж байна. Би Ц.Г гэдэг хүнтэй Д.Отай зуучилж танилцсан. Д.О бид хоёр олон жил нэг байгууллагад хамт ажиллаж, нэг орон сууцанд хамт амьдардаг байсан.

Д.О нь 2008 оны 8 дугаар сараас дүүд нь мөнгөний хэрэг байна, гэр бүлийн найз Ц.Гтой хамтарч Онцгой байдлын ерөнхий газартай гэрээ байгуулж малын тэжээл бэлтгэж байгаа гээд тамгатай гэрээ үзүүлж, удаа дараа гуйж, дүүдээ туслаач гэсэн. Би уулзахдаа асуусан “ямар баталгаа байгаа юм бэ” гэхэд Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан Ц.Гын гэрээг үзүүлсэн.

Тэгээд би эд нар найдвартай ажил хийж байгаа юм байна гэж итгэл төрсөн. Дараа нь Д.О мөн батлан даана гэж батлан даасан. Бид банкнаас зээл аваад мөнгө Онцгой байдлын ерөнхий газраас орж ирэнгүүт байрыг чинь буцаагаад өгнө гэж байсан. 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Мөнгөн завъяа”-гийн хойно нотариат дээр гэр бүлийн хамт Д.Оын дуудсаны дагуу очиход Ц.Г гэдэг захирлыг анх харсан. Д.О зуучлан Ц.Гтой гэрээ байгуулж Капитал банкнаас 60 сая төгрөгийн зээл авахад нь итгэмжлэл гарган өгсөн.

Ц.Гыг ломбарднаас зээл ав гэж бид итгэмжлэл хийж өгөөгүй. 2008 оны 9 дүгээр сарын 25-нд байгуулсан “итгэмжлэл” дээр нотариат засвар хийж, тамга 2008 оны 11 дүгээр сарын 17-нд дарж өгсөн байгаа. Ц.Г, Д.О хоёр гэр бүлийн найзууд учраас миний мөнгийг малын тэжээлд бус 2008 оны 11 дүгээр сарын 17-нд 28 сая төгрөгийг Ц.Гоос Д.О хүлээн авсан баримт хэрэгт байдаг. Миний бие Ц.Гтой хамтарч тендерийн ажилд оролцоогүй, тендерийн ашиг ч надад хамаагүй. Энэ хүмүүс надад гэм хорын хохирол өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байна. Энэ хугацаанд гэм хорын хохирол их гарсан. 36.400.000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан, орон сууц өмчлөх эрхээрээ хохирсон. Манай орон сууц 2017 оны 3 дугаар сард дахин үнэлгээ хийлгэхэд 141.700.000 төгрөгийн үнэлгээтэй гарсан. Намайг эдгээр хүмүүс орон сууцаа зарсан гэдэг, би 84.000.000 төгрөгөөр орон сууцаа зарсан. 57.000.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ олон жилийн хугацаанд сэтгэл санааны хохирол учирсан. Шударга ёс гэж байдаг гэж ойлгодог. Энэ гэмт хэрэг үйлдэгдэж олон жил болж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүн сул чөлөөтэй явж эцэст нь ямар шийтгэлгүй байгаад гомдолтой байна. Насны эцэст хэцүү байдалтай байна. Тэгээд 2017 оны 11 дүгээр сард Ц.Гын дансаар мөнгө орж ирээгүй байтал Д.Од 28.000.000 төгрөгийг өгсөн байдаг. Энэ мөнгө тендерт зарцуулах байдал нь өөр цэцэрлэгт зарцуулсан. Эд нар хоорондоо үгсэн тохирч, зохион байгуулалтай үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Надад эдгээр хүмүүс итгэл үнэмшил төрүүлсэн, залилан мэхэлсэн, миний орон сууцыг бусдад дамжуулсан, өөрсдөө мөнгийг авч ашигласан учраас би орон сууц өмчлөлийн эрхээр хохирсон хохирлоо болъё гэхэд надад учирсан гэм хохирлын хохирол 36.400.000 төгрөгийг барагдуулж өгнө үү. Ц.Г надтай гэрээ байгуулсан, итгэмжлэл хийж авсан, зээл авсан. Д.Од мөнгийг өгсөн учраас би хамаагүй юм шиг ойлгож байгаа. Би шударга шүүх байдаг гэдэгт итгэдэг, би Ц.Г, Д.О нарт гомдолтой байна, хохирлыг бүрэн барагдуулж өгөхийг хүсье...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ичинхорлоод 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж гомдол гарсан. Ичинхорлоогийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн шаардлагын даруу харилцан ярилцаж тохирч манай компанийн нэр дээр 120.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ 120.000.000 төгрөгийн зээл авахад зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийхэд эхлээд зээлийн гэрээ хийгдэж байж дараа нь зээл гардаг. Энэ зээл, барьцааны гэрээнд 120.000.000 төгрөгийн зээл авах нь гэдгийг Ичинхорлоо мэдэж байсан. Сүүлд нь манай компани эрсдэлд орж зээл төлөхгүй, хугацаа удааширснаас болж намайг 20.000.000 төгрөгөөр залилсан гэж гомдол гаргасан. Тийм болохоор би “20.000.000 төгрөгөөр залилаагүй, бид нар гэрээ байгуулж, гэрээний дагуу зээл авсан, манай компаниуд ямар ч орлого орохгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас болж зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа ч гэсэн Ичинхорлооийн зээл дээр Капитал банкны зээлийн хуулбаруудыг засварлаж, зээл төлсөн баримт хавсаргаж, 89.000.000 төгрөг төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс манай компани 64.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэлийг төлнө. Прокурорын эсэргүүцлийн тухайд Оюунчимэгийг залилсан гэж байгаа. Оюунчимэг бид хоёр 2008 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтран ажиллах гэрээний дагуу би өөрийн төрсөн дүүгийн орон сууц, Оюунчимэгийн орон сууцтай 87.000 ам.долларын зээл авсан. Энэ зээлээс Оюунчимэг хамтран ажиллах гэрээний дагуу өөрөө 10.000.000 төгрөг авсан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Авсан зээлийнхээ хэмжээг төлж, бүх орон сууцнуудаа чөлөөлж авсан. Бид нарын хооронд ямар ч санал, гомдол байхгүй. Бямбын хувьд Бямба манай компанд итгэмжлэл олгосон 60.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд нэг жилийн хугацаатай орон сууцаа тавьж, түүний дагуу итгэмжлэл олгож, тендерийн хугацаа дуусах гэж, шаардлагатай байсан 28.000.000 төгрөгийг банкнаас зээл авахад хугацаа алдагдахаар байсан учраас “Цорлон зэт зэт” компаниас шаардлагатай байсан 28.000.000 төгрөгийн зээл авч, Бямба, Д.О нарын батлан даалтыг хийж, нотариатаар баталгаажуулсан байсан болохоор 2008 онд байгуулсан гэрээг үндэслэж, Д.Од 28.000.000 төгрөгийг өгсөн. Гэрээг үндэслэж 28.000.000 төгрөгийг олгосн баримт нь 10 дугаар хавтаст хэргийн 53 дугаар талд байгаа. Оюунчимэг бид хоёрын дунд төлбөр тооцоо байхгүй гэдэг нь 11 дүгээр хавтаст хэргийн 144, 145 дугаар талд байгаа. Тийм болохоор прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид нар гэрээний үндсэн дээр эдгээр хүмүүстэй ярилцаж тохирч, зохих хэмжээний иргэний хуулийн дагуу итгэмжлэл авч, итгэмжлэлийн дагуу бид зээл авсан. Энэ зээлүүдийг хугацаанд нь төлж чадаагүй ч гэсэн хүү алдангийнх нь хамт төлж дууссан. Зөвхөн Ичинхорлоогийн зээлийн асуудал байгаа. Энэ асуудалд манай төлбөрийн асуудлыг зувчуулсан нь шийдвэрлэгдэж тэр нь тодорхой болсон. Ичинхорлоо өөрсдөө байрандаа амьдарч байгаа. Төлбөрөөс 20 гаруй сая төгрөг дутуу байгаа, түүнийг төлж байрыг чөлөөлнө…” гэв.

 

Шүүгдэгч Ц.Ганболдын өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Улсын яллагчийн эсэргүүцэлтэй танилцсан. Анхан шатын шүүх шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь анх би энэ хэргийг эрүүгийн хэрэг биш гэдэг талаар 2016 онд хүсэлт гаргасан. Мөн дээд шатны прокурорт хүсэлт гаргасан. Иргэний хуулийн 95, 96 дугаар зүйлд заасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна. Ийм учраас гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэсэн хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хүлээж аваагүй. Харин анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн. Хоёр байр барьцаалсны нэг байрыг нь барьцаанаас Бямбын хүү нь авсан байна. Одоо Ичинхорлоогийн орон сууц үлдсэн. Үүнийг чөлөөлөх үндэслэл нь 2010 оны 6 дугаар сараас шалгагдаж эхэлж байгаа. Энэ хугацаанд компани бүрэн зогссон, орлого байхгүй учир энэ мөнгийг төлөх ямар ч боломж байхгүй. Харин Оюунчимэгт төлбөрөө төлсөн байна. Улсын яллагч эсэргүүцэлдээ 76.000.000 төгрөгөөр хохироосон гэж байна. Хохирсон зүйл байхгүй, үүнийг шүүх зөв дүгнэсэн. Ичинхорлоогийн орон сууц үлдсэнийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байгаа ч энэ нь ямар ч гэмт хэргийн шинжгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна...” гэв.

 

Хохирогч Б.Бямбын өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Оын үйлдлийг цагаатгасан байдаг. Гэтэл Д.О, Ц.Г нарын үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн шинж байдаг. Учир нь Бямбын орон сууцыг анх итгэмжлэл авч барьцаанд авахдаа банкинд тавина гэж хэлсэн. Үүнд нь Бямба итгэсэн. Гэтэл “Цорлон зэт зэт” ломбарданд тавьж авсан. Тэгээд энэ ломбарднаас авалгүй байж байгаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжсэн. Бямба өөрийнхөө байрыг барьцаанд тавьж 32.905.000 төгрөгийг өөрөө төлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас чөлөөлж авч, банк бус санхүүгийн байгууллагад тавьсан зээлээ төлөхийн тулд орон сууцаа 84.000.000 төгрөгөөр зарсан. Тийм учраас миний үйлчлүүлэгч Ц.Г болон Д.О нарын залилан мэхэлж үйлдэж байгаа гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол учирсан байгаа. Тэр 32.000.000 төгрөгийг шүүх хуралдаанд гаргаж өгч байгаа мөнгө Бямба гуай өөрөө төлсөн мөнгийг эд нар шүүх хуралдаанд авчирч өгөөд байдаг болохоос тэр учруулсан хохирол биш. Тэр нь Бямба гуай өөрөө орон сууцаа барьцаанд тавьж, өөрөө төлсөн мөнгө байдаг. Хэргийн материалд бүх нотлох баримтуудыг хавсаргасан байгаа. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

  Шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд миний үйлчлүүлэгчийг тендерт оролцох хөрөнггүй атлаа гэж байна. Тендерт оролцох хөрөнгөгүй гэдгийг хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар үгүйсгэдэг. Учир нь “Монпасс интернэшнл” ХХК-ийн 2009-2011 онуудын бүх тайлангуудыг шүүхэд гаргаж өгдөг. Энэ тайланд “Монпасс интернэшнл” ХХК-ийн хөрөнгө оруулалт дурдагдсан байгаа. Үүн дээр нэмж миний үйлчлүүлэгч тендерт оролцоход буюу 4 дүгээр цахилгаан станцын тендерт оролцсон материалыг өмгөөлөгч миний бие гаргаж өгсөн байдаг. Тэр баримтыг мөн давсны тендерт 45.000.000 төгрөг дутуу байгааг гаргасан баримт байгаа. Тэгэхээр өөрийн хөрөнгөгүй байж тендерт оролцсон гэж ярьж байгаа нь энэ хавтаст хэргүүдэд авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэнэ. Прокурор яллах дүгнэлт үйлдэж ирэхдээ “Оюунчимэг, Энхсайхан нарын байрыг чөлөөлж өгөлгүй гэсэн байгаа. Тэгэхээр анхан шатны шүүх яллах дүгнэлтийг үндэслэж, энэ байрыг чөлөөлж өгөлгүй гэдгийг анзаарч харсан. Үүнийг хавтаст хэрэгт байгаа 2011 оны өвөл зудтай байсан. Миний үйлчлүүлэгч тендер авсан уу гэвэл авсан. Тэр жил зудтай байсан учраас бензиний үнэ нэмэгдсэн үү гэвэл нэмэгдсэн. Хавтаст хэрэгт гэрч, жолооч нарын мэдүүлгүүд бүгд байгаа. Мөн шинжээчийн дүгнэлт байгаа. Шинжээчийн дүгнэлтэд 9.000 төгрөг илүү байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх зөв үндэслэсэн. Учир нь бараа материалын үнэ өссөн, бензинээс гадна тэр жил зудтай байсан болохоор өвс, тэжээлийн үнэ өссөн. Ийм учраас иргэний хэрэг байна гэдэг нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөн прокурор эсэргүүцэлдээ гэрээгээр халхавчилж гэж байна. Оюунчимэг, Хүрэлбаатар нар хоёр орон сууцныхаа нэгийг барьцаалсан байсан. Миний үйлчлүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулахдаа гэрээний 2.1 дүгээр хэсэгт заасан, оруулсан үүргийнхээ 10 хувийн авна гэдэг үндэслэлээр 10.000.000 төгрөгийг аваад, өөрийнхөө барьцаалсан байрныхаа нэг орон сууцыг чөлөөлж, Ц.Гтой нийлж тавьсан. Ц.Г барьцаанд тавихдаа ганцхан Хүрэлбаатар, Оюунчимэг нарын орон сууцыг тавиагүй, мөн өөрийнхөө өмчлөлийг, Энхсайханы буюу өөрийн эгчийн орон сууцыг барьцаалж зээл авсан. Зээл авч байгаа байдал нь өнөөдөр залилан мэхлэх, бусдын эд хөрөнгийг барьцаанд тавихад ямар нэгэн байдлаар хурдан ашигласан байхыг шаарддаг. Тэгэхэд өөрийнхөө эд хөрөнгийг тавьчихаад чөлөөлсөн байхад улсын яллагч энэ залилан мэхлэх гэмт хэрэг юм гэж эсэргүүцэл бичиж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн улсын яллагч хохирогч Ичинхорлоогийн хэргийг нөгөө бусад хэрэгтээ адилхан, тэгэхэд Ичинхорлоог залилан мэхлэх гэж үзэж, нөгөө Хүрэлбаатар нарын хэргийг залилан биш гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Ичинхорлоо зээл авахдаа 100.000.000 төгрөгийг Ичинхорлоо авсан байдаг. Миний үйлчлүүлэгч 20.000.000 төгрөг авсан байдаг. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Зурахдаа тэр хүн хэдэн төгрөгийн зээл авч байгаагаа тэр хүн мэдэж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд “би хэдэн төгрөгийн зээл авч байгаагаа мэдээгүй” гэж залилан мэхлэх тал руугаа оруулахын тулд хохирогч нарын мэдүүлэг байдаг. Гэхдээ хүн барьцааны гэрээг үзээгүй хараагүй байна гэдэг нь худлаа юм. Ийм учраас улсын яллагчийн хэлж байгаа болон миний үйлчлүүлэгчийн хавтаст хэрэгт байгаа материалуудаар нотлогдож байгаа учраас Ичинхорлоогийн хэрэг 20.000.000 төгрөгийн зээлийг яагаад төлөхгүй байгаа вэ гэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт Ичинхорлоо ирээгүй байхад иргэний шүүхийн шийдвэр 86.000.000 төгрөг гарсан байхад давж заалдах гомдол гаргаж, шүүхийн шийдвэр гарсан байгаа. Яагаад тэгвэл Ичинхорлоогийн анхан шатны шүүхийн иргэний шүүхийн шийдвэр гаргаагүй байсан учраас бид нар мэдэж, 31.000.000 төгрөг төлсөн байхад үндсэн зээлээс хасалгүй 86.000.000 төгрөг болсон учраас шүүгдэгч нарын гэм хорын асуудлыг шийдвэрлэхэд энэ асуудалтай, чухал үүрэг гүйцэтгэж байгаа учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Ичинхорлоогийн хохирлын мөнгөний асуудалд тодорхой шийдэл гараагүй байгаа учраас энэ асуудал ийм байгаа. Хохирогч Бямба гуай давж заалдах гомдол гаргасан. Үүнд тендерийн асуудал гэж байна. Энэ хүн итгэмжлэл хийлгэж ав гэсэн. Бямба гуай банк бус санхүүгийн байгууллага гэж хэлээгүй, эд нар намайг залилсан гэж байгаа. Тэр хүний үндсэн зорилго нь барьцаалах эрхийг олгосон, мөн 60.000.000 төгрөгийг эрх олгосон. Тэгэхэд 28.000.000 төгрөг олгосон. Миний үйлчлүүлэгч Д.Од өгөхдөө нэг сарын дараа баталгаа гаргасан учраас Д.Од өгсөн нь би буруудсан байна гэж анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Миний үйлчлүүлэгч Д.О Бямба нар найзууд болохоор би өгчих байх гэж өгсөн. Би хавтаст хэрэгт Д.ОЦ.Гоос мөнгийг нь авч цэцэрлэгтээ хэрэглэсэн юм” гэж мэдүүлдэг. Тэгэхээр миний үйлчлүүлэгч нэг жилийн хугацаатай итгэмжлэл байсан. Миний үйлчлүүлэгч энэ мөнгийг нэг сарын дараа хүлээлгэж өгсөн. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн, энэ орж ирж байгаа мөнгийг өгч байгаа байдал нь Бямба гуайг залилан мэхэлсэн зүйл байхгүй. Бямба гуай найман хувиа авсан. Бямба гуай найман хувиа авснаа ч хүлээн зөвшөөрдөг. Шүүхээс тогтоосон шууд хохирол 32.000.000 төгрөгийг миний үйлчлүүлэгч төлсөн байгаа. Анхан шатны шүүх бусдад төлөх ямар нэг хохиролгүй байна гэж үндэслэлээр цагаатгасан байх боломжтой юм. Ийм учраас прокурорын бичсэн эсэргүүцлийг болон хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

 

  Цагаатгагдсан Д.Отгонжаргалын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос миний үйлчлүүлэгч Д.Од холбогдох хэсгийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Түүнчлэн өнөөдрийн давж заалдах шатны шүүхэд гаргасан улсын яллагчийн гаргасан эсэргүүцэлд Д.Оын хэргийг буруу шийдвэрлэсэн талаар ямар нэгэн зүйл дурдагдаагүй. Бямбаа гуайн хувьд овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж хэлж байгаачлан Ц.Г тендерт оролцох гэж байгаа гэдэг зүйл яриагүй байсан бол өнөөдөр Д.О хэрэгт холбогдох ч уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Ц.Г 28 сая төгрөгийг зээл аваад Д.Од өгсөн гэдэг зүйл ярьж байна. Тухайн үед нөхцөл байдал ийм байсан учраас 28 сая төгрөг өгсөн, авсан гэсэн бичиг хийж өгсөн юм гэж Д.О шүүхэд удаа дараа тайлбарладаг. Түүнээс бус хэрэг дээрээ мөнгө авсан зүйл байхгүй гэж хэлдэг. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгөөч...” гэв.

 

  Хохирогч П.Ичинхорлоогийн өмгөөлөгч С.Цацралтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Гын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хавтаст хэрэгт хохирогч Ичинхорлоо, түүний хүү Ганбаатар, Мөнхцэлмэг нар нь мэдүүлгүүдээ өгсөн. Хохирогч Ичинхорлоо анхан шатны шүүх хуралдаанд өөрөө тайлбар мэдүүлгээ гаргасан байгаа. Өмгөөлөгчийн зүгээс тэрхүү гаргасан тайлбар дээр нэмж хасч ярих зүйл байхгүй. Гэтэл 2008 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Монпасс интернэшнл” ХХК-ийн Капитал банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулагдахад Ичинхорлоог очиж зээлийн хэмжээ, хүү болон бусад зүйлийг заавал харсан байх ёстой мэтээр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байгаа. 2008 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн зээлийн гэрээнд Ичинхорлоо нь огт гарын үсэг зураагүй, уг зээлийн гэрээ Капитал банк болон “Монпасс интернэшнл” ХХК-ийн хооронд хийгдсэн, гэрээнд захирал Ц.Г гарын үсэг зурсан болох нь хавтаст хэргээс харагдаж байгаа. Барьцааны гэрээнд эд хөрөнгө өмчлөгч нар гарын үсэг зурсан байдаг ч барьцааны гэрээнд зээлийн гэрээний  үнийн дүн огт харагддаггүй талаар Ичинхорлоо тайлбарлаж байсан. Банк бол 120 сая төгрөгөөс хүү, алдангиа тооцож авдаг ба эцсийн байдлаар Ичинхорлоогийн зүгээс өөрийн авсан 100 сая төгрөгийн үндсэн төлбөр болон хүүгийн хамт төлсөн байдаг. Гэтэл үлдэгдэл 20 сая төгрөгийг төлөөд барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөөч гэсэн шаардлагыг Ц.Год удаа дараа тавьж байсан боловч одоо удахгүй мөнгө орж ирэхээр өгнө, ийм газар зараад өгнө, тендерээс мөнгө орж ирэхээр өгнө, тийм жоншны уурхай зарна гэж байнга л бичиг цаас үзүүлсээр байгаад энэ хугацаанд хуулийн байгууллагад хандалгүй яваад байсан байдаг. Хавтаст хэргээс харахад хамгийн эхэлж буюу 2008 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Ичинхорлоогийн байрыг авч Капитал банктай зээлийн гэрээ байгуулж эхэлсэн нь харагддаг, ингээд 2009 оны 9 дүгээр сарын 11-нд Оюунчимэг, 2009 оны 9 дүгээр сарын 18-нд Энхсайхан, 2009 оны 9 дүгээр сарын 25-нд Бямбаа гуай гээд хохироогоод явдаг. Яг энэ цаг хугацаанд “Монпасс интернэшнл” ХХК нь ямар ч эдийн засгийн чадваргүй байсан ба компанид банк болон бусад байгууллагаас зээл авах ямар ч эх үүсвэргүй байсан учраас бусдын зээл авах хүсэл эрмэлзлэл дээр нь дөрөөлж үл хөдлөх хөрөнгө барьцаалуулаад компанийн нэрээр зээл гаргуулж байгаа мэтээр аль хэдийнэ залилан мэхлэх гэмт хэргээ үйлдсэн байдаг. Гэтэл энэ хооронд буюу 2012 оны 12 дугаар сарын Улсын Дээд шүүхийн дээрх зээлийн гэрээтэй холбоотой 89 сая орчим сая төгрөгийг “Монпасс интернэшнл” ХХК-иас гаргуулах шүүхийн тогтоол, шийдвэр гарсан байхад энэ талаар Ичинхорлоод огт мэдэгддэггүй. Ичинхорлоо 2013 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас барьцааны эд хөрөнгийг шүүхийн албадан дуудлага худалдаанд оруулах талаар албан мэдэгдэл ирснээр анх мэдсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ц.Гыг бусдыг залилан мэхэлж авсны улмаас бусдад хохирол учруулсан гэм буруутай тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

  Цагаатгагдсан Ж.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхийг хүсэж байна. Миний бие нь Оюунчимэгийг залилах, хуурч мэхлэх санаа зорилго анхнаасаа огт байгаагүй. Оюунчимэг, Ц.Г хоёр хоорондоо тохиролцон гэрээ хийсэн. Гэрээ хийгээд 87.000 ам.доллар авсан, түүнээс би нэг ч төгрөг аваагүй. Яллах дүгнэлт дээр намайг гарын үсэг зурах эрх эдэлж гэж бичигдээд байдаг. Би “Монпасс интернэшнл” компанийн нэг ч баримт бичиг дээр гарын үсэг зураагүй, гарын үсэг зурж гэрээний аль нэг тал болж оролцоогүй. Тийм ч учраас надад холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт холбогдолгүй гэж удаа дараа хэрэгсэхгүй болгож байсан. Прокуророос намайг яллахдаа байраа суллаж авсан гэдэг ба энэ нь ямар ч үндэслэлгүй. Би Ц.Год итгэмжлэл гаргаж өгсөн, Ц.Г миний итгэмжлэлийн дагуу Капитал банкинд тавиад зээл аваад, авсан зээлийг нь төлөхгүй болохоор нь Худалдаа хөгжлийн банк хоёр банкны хоорондын гэрээгээр шууд татаж авснаа сүүлд нь надад мэдэгдсэн байдаг. Энэ талаар баримт хавтаст хэрэгт мэдүүлэгтээ өгсөн байдаг. Прокурор Оюунчимэг, түүний нөхөр Хүрэлбаатар нарын мэдүүлэгт үндэслэн намайг залилж мэхэлсэн гэж гүтгээд байдаг. Гэтэл энэ хоёр хүний хувийн байдал, мэдүүлэг нь дандаа зөрүүтэй байхад энэ байдалд огт анхаарал тавьж, дүн шинжилгээ хийгээгүй. Гэр бүлийн хоёр хүний хуйвалдаж хүнийг гүтгэж байгаад дүгнэлт хийгээгүйд би прокурорт гомдолтой байдаг...” гэв.

                                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх хуулийн заалтуудыг зөрчжээ.

Шүүхийн 516 дугаар шийтгэх тогтоолоос үзэхэд шүүгдэгч нарын үйлдлийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримт хоорондоо зөрүүтэй байхад цагаатгах нотлох баримтыг гол болгон дүгнэж бусад нотлох баримт нь ач холбогдолгүй болсоныг үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй байна.

Иймд энэ байдалд анхаарч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхдээ хүн тус бүрийн үйлдэл, санаа зорилго, үйлдлийн сэдэлт, оролцоог ялган зааглаж, шүүгдэгч тус бүрт хамааралтай нотлох баримтыг тал бүрээс нь хандан үнэлэлт-дүгнэлт өгч, хүн бүрийн үйлдлийг тус тусад нь тодорхой болгосны эцэст уг үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх эсэхээ эцэслэн шийдвэрлэх шаардлагатай. Ингэхгүйгээр шүүгдэгчийг бүгдийг нь буруутгах, эсвэл цагаатгах байдлаар адилхан хандаж хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргах ёсгүйг анхаарах. Тухайлбал шүүгдэгч Ц.Гын үйлдлүүд нь санаа зорилгын хувьд адил, аргын хувьд төсөөтэй байхад шүүх тэдгээр үйлдлүүдэд эрс өөр дүгнэлт хийсэн нь эргэлзээтэй бөгөөд үндэслэл муутай болжээ. Түүний хэрэгт болон болсон үйл баримтад оролцсон оролцоо нь тооны болоод шинжийн хувьд Д.О, Ж.Ө нарын үйлдлээс ихээхэн ялгаатай байгааг шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ онцлон анхаарвал зохино. Мөн хэрэг шийдвэрлэх үедээ хохирогчид учирсан гэх хохирлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэг мөр шийдвэрлэх боломж эрх зүйн хувьд байгааг дурдаж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурор П.Нямцэцэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Ц.Г, Д.О, Ж.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогч Б.Бямба болон шүүгдэгч Ц.Ганболд, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаад хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 516 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Г, Д.О, Ж.Ө нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Ц.Г, Д.О, Ж.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

Д.МЯГМАРЖАВ