| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0761/Э/Т |
| Дугаар | 1539 |
| Огноо | 2020-08-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 1539
2020 08 24 2020/ШЦТ/1539
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
улсын яллагч Ц.Гантулгабат,
хохирогч Ж.Энхбат, П.Наранцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,
гэрч Ч.Чулуунбаатар, Н.Зоригтбаатар,
шүүгдэгч Т.Г, П.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Пүрэвийн Нарангэрэл, Тайжууд овогт Төрбатын Гэрэлт-Од нарт холбогдох эрүүгийн 1806 06120 0456 дугаартай хэргийг 2020 оны 06 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Г нь Д.Алтангэрэл, П.Н- нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа худалдааны төвд хохирогч Ж.Энхбат, П.Наранцэцэг нараас "Увс аймагт барааг чинь зарж өгнө" гэж хуурч 57.795.000 төгрөгийн үнэ бүхий барааг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч П.Н нь Д.Алтангэрэлтэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа худалдааны төвд хохирогч Ж.Энхбат, П.Наранцэцэг нараас “Бор-Өндөр суманд барааг чинь зарж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөгийн үнэ бүхий барааг авч, Д.Алтангэрэл, Т.Г- нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Увс аймагт барааг чинь зарж өгнө” гэж хуурч 57.795.000 төгрөгийн үнэ бүхий барааг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч, бусдад нийт 60.795.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Г-ын шүүхийн хэлэлцүүүлэгт өгсөн “Би Наранцэцэгийн 40.000.000 төгрөгийн бараа авсан. Тэр барааг борлуулах гэсэн боловч зах зээлийн үнэнээс үнэтэй байсан учир өрөө төлнө гэсэн бодолтой авсан. Наранцэцэгийн зөвшөөрсөн болохоор авсан. Хохирлын тооцооноос одоо 4.000.0000 төгрөгийг төлсөн. Одоо хохирол төлөх гээд оёдлын үйлдвэр ажиллуулж байгаа” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Н-н шүүхийн хэлэлцүүүлэгт өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баялаг ундраад ажилладаг Наранцэцэгээс цахилгаан бараа авсан. Анх намайг Хөвсгөлд ажил хийгээд явж байхад Алтангэрэл надад өртэй байсан. Тэгээд өрийг чинь өгөх боломж гарлаа газар дээрээ хөрөнгө оруулалт оруулаад ирлээ хүрээд ир гээд би очсон. Тэгэхэд газрын бичиг авах мөнгө шаардлагатай байна гэсэн. Тухайн үед нь мөнгө байгаагүй. Тэгээд Наранцэцэгээс 1.000.000 төгрөгийн бараа өгөөч гээд авсан. Тэгээд Алтангэрэлтэй очиж бараа нэмж авсаар байгаад 3.000.000 төгрөгийн бараа болсон. Тэгээд дараа нь 11 дүгээр сарын 26-ны өдөр Алтангэрэл, Гэрэлт-Од, Ууганбаатар, Чулуунбаатар нартай очиж 57.000.000 төгрөгийн барааг 14 хоногийн хугацаатай авсан. Яагаад авсан бэ гэхээр Чулуунбаатар 14 хоногийн дотор энэ авсан барааг төлчихнө үлдэгдэл барааг нь Увсад очоод 2 дэлгүүрт хуваагаад зарна гэсэн. Тэгээд 14 хоноод Чулуунбаатар утсаа авахаа больсон. Гэрэлт-Од хоригдсон байсан. Тэгээд 16 дахь хоног дээр нь би охиныхоо 19.500.000 төгрөгийн үнэтэй машиныг 13.000.000 төгрөгт зараад Энхбатын дансанд хийсэн байгаа. Тухайн үед би иргэн хүнийхээ хувьд ухамсарлаад хүнээс юм авсан юм чинь өгөх ёстой гээд 14 хоногийн хугацаа дууссан байсан учраас би 16 дахь хоног дээр 13.000.000 төгрөгийг нь төлсөн. Үлдэгдэл бараанаас Гэрэл-Од 40.000.000 төгрөгийг, Алтангэрэл 18.000.000 төгрөгийг авч өрөндөө өгсөн. Хүмүүст зарлаа гээд тараагаад өгсөн. Алтангэрэл хоригдоод явсан би цаад хүмүүсийг нь танихгүй учраа мөнгөө олж авч чадаагүй. Миний хувьд хамгийн эхний авсан 3.000.000 төгрөгийн бараанаас би нэг ком сав авсан өөр юм аваагүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Энхбатын шүүхийн хэлэлцүүүлэгт өгсөн “Энэ 2 хүн төлбөр төлөхгүй шоронд явчихвал хэцүү байна. Энэ хүмүүсийн авсан барааг нь төлөхийн тулд би машинаа хүртэл ломбардад тавьсан байгаа. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Наранцэцэгийн шүүхийн хэлэлцүүүлэгт өгсөн “Нарангэрэлийн хүүхдийг таньдаг манайд ажилладаг юм. Энэ хоёр 3.000.000 төгрөгийн бараа авахдаа Алтангэрэл эгчтэй ирээд Бор-Өндөрт зарчхаад ирнэ гэсэн. Нараа эгч 1.000.000 төгрөгийн авна гэж утсаар ярьсан Тэгсэн Гэрлээ эгч ингэвэл сонгоно гээд бараанаас сонгоод 3.000.000 төгрөгийн бараа болсон. Тэгээд Нараа эгч 3.000.000 болсон байна болох юм уу гэсэн чинь Гэрлээ нь болно гээд авсан. Тэгээд би Нарангэрэл эгчээс энэ юун хүн бэ гэхэд Алтангэрэл манай найз гэсэн байгаа юм асуудалгүй өгөөд явуулчих гэсэн. Тэгээд би залгаад 14 хоночихлоо мөнгөө авъя гэсэн чинь Алтангэрэлийн хөл нь хугарсан аваарт орчихлоо гэсэн. Тэгэхээр нь хүнд ийм зүйл тохиолдсон байхад би мөнгө нэхээд яах юм гэж бодоод 7 хоногийн дараа залгая гэж бодож байсан. Тэгсэн өөрсдөө хүрээд ирсэн. Эхлээд Нарангэрэл эгч залгаад лангуун дээрээ байна уу 3.000.000 төгрөгийг чинь аваачиж өгөх гэж байна гэсэн би лангуун дээрээ байна хүрээд ир гэсэн. Тэгээд байж байтал Нарангэрэл, Алтангэрэл, Гэрэлт-Од, Ууганбаяр, Чулуунбаатар гэсэн хүмүүс хүрээд ирсэн. Тэгээд би жижиг лангуун дээр байхад Нарангэрэл эгч бид нар хөдөө явж зарах гэсэн юм 50.000.000 төгрөгийн бараа өгчих гэсэн. Тэгэхээр нь би ийм их бараа гаргаж болохгүй энэ барааг чинь урд хужаа мэддэг би хужаагаас асууя гэсэн. Тэгээх хажууд нь хужаатай ярьсан хол байсан болохоор удаан 10 минутаас 20 минутын дараа хариу өгсөн. Эд нар гараад явсан байсан. Тэгээд эргэж орж ирээд бөх гээд байгаа Чулуунбаатар гэх ах асуудалгүй 12 сар гэхэд зарчихна би нутагтаа очоод зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний бараа нэмэгдэлтэй үнэтэй шүү гэхэд Алтангэрэл үнэ бол хамаагүй болно зүгээр бараагаа бид нарт өгчих гэсэн. Тэгээд би жижиг лангууныхаа барааг бүгдийг нь өгөөд үлдэгдэл барааг нь би складаас гаргаад өгсөн. Гэрэлт-Од гэх хүн бараа авахад бол юу ч дугараагүй би Гэрэлт-Одыг юун хүн бэ гэхэд Чулуунбаатар гэх хүний эхнэр гэсэн. Тэгээд том машин оруулаад ирсэн. Би энэ юун машин бэ гэхэд Чулуунбаатарын компанийн машин юм гэсэн. Тэгээд их бараа өгсөн болохоор санаа зовоод би буулгасан Гурвалжингийн гүүрний тэнд нь очсон. Тэгэхэд Зоригтбаатар ланд 200 машинтай ирсэн. Тэгээд би машиндаа дуудаж оруулж ирж байгаад Нарангэрэл, Алтангэрэл хоёроос асуусан чинь Нарангэрэл эгч асуудал байхгүй . Энэ ланд 200 машинтай хүмүүс хөдөө ачих гэж байгаа. Маргааш явж зарах гэж байгаа асуудалгүй гэсэн. Тэгээд би Нарангэрэл, Алтангэрэлээр гарын үсэг зуруулаад энэ тоглоом биш та хүнд хулхидуулаагүй биз гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би санаа зовоод бичлэг хийсэн. Тэгээд би яваад 10 хоносон би Нарангэрэл эгч рүү залгахад эгч нь уулзъя ерөөсөө болохоо байлаа эгч нь тэр хүмүүст хулхидуулчихлаа гэсэн. Та нар хужаагаас бараа авчаад ёстой болохгүй гээд би Нарангэрэл эгчтэй зөндөө явсан. Тэгээд би цагдаад өгнө гэсэн Алтангэрэл нь 2 хоногийн дараа газар зарах гэж байна гэсэн. Тэгээд би нөгөө Гэрэлт-Од чинь хаана байна гэсэн чинь чиний мөнгөөр хохирлыг нь төлөөд ял авахгүй юм болов уу гэсэн ял өгчихлөө гэж Нарангэрэл эгч хэлсэн. Тэгэхээр нь би Нарангэрэл эгчид ийм зүйл байхгүй ээ гээд Зоригтбаатар гэдэг хүний өмгөөлөгчтэй нь ярьсан. Энэ миний бараа байгаа юм бараагаа авъя гэсэн чинь миний барааг та нарын хохиролд өгсөн байна гэж хэлсэн. Тэгэхэд Зоригтбаатар намайг загнаад байсан. Алтангэрэл гээд байгаа хүний өмгөөлөгч энэ барааг авч залилан хийх гэж байгааг мэдсэн байсан. Тэгээд би өмгөөлөгчид нь хэлсэн та яагаад өмгөөлөгч хүн байж миний барааг хохиролд өгчхөв гэж хэлсэн. Хохирол төлөх юм бол гарах байх гэсэн гарсангүй би яаж мэдэх юм чамайг Нарангэрэлийн дүү юм байх гэж бодсон гэж хэлсэн. Тэгээд би хужаа залгаад байна та яаж хийж байгаад мөнгө олж өг гэсэн. Нарангэрэл эгч охиныхоо машиныг зараад 13.000.000 төгрөгийг өгсөн. Тэрнээс хойш хохирол өгөхгүй байж байгаад Гэрэлт-Од гэх хүн гарч ирээд би уулзаад яагаад миний барааг ингэсэн юм бэ гэсэн. Тэгээд саяхан Гэрэлт-Од надад 50 ширхэг даавуу өгсөн 70.000.000 төгрөгөөр давуу өгсөн. Одоо оёдол ажиллуулж байгаа дүүгийнхээ мөнгийг олж өгнө гэсэн. Одоо нийт 48.500.000 төгрөг нэхэмжилж байна. Хохиролд 17.000.000 төгрөг авсан. Саяхан надад бид 2 шоронд орж магадгүй 2.500.000 төгрөг хэрэгтэй байна банкнаас зээл авах гээд байна мөнгийг чинь олж өгөх гээд байна гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би наймаа муу байна. Хужаа над руу залгаад мөнгө нэхээд байна гэхэд миний дүү ганц тусалчих гээд гуйгаад байсан. Би одоо надад мөнгө алга гээд би утсаа гаргаж ирээд та 2 энэ утсаар өрөө дарах уу гэсэн дарна 7 хоноод л буцаагаад өгчихнө гээд банкнаас зээл аваад бүх юм бүтэх гээд байна одоо ёстой асуудалгүй гээд гуйгаад байхаар нь би утсаа өгсөн. Одоо миний утас байхгүй болохоор хэцүү байна. Энэ 2 зарсан хүнтэй би уулзсан 2.500.000 төгрөгөөр зарсан байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Чулуунбаатарын шүүхийн хэлэлцүүүлэгт өгсөн “Би өөрөө компанитай хүн. Надад Гэрэлт-Од шоронд орох гээд байна гээд туслаач гэхээр нь би алтны төхөөрөмж өгөөд зараад өрөө гэсэн Алтангэрэл надад миний вагоныг төмөр замд зарж өгнө гэсэн өгөөгүй. Тухайн үед вагоны түрээсийн 3.000.000 төгрөг орж ирэх байсан юм. Би болохгүй бол тэнд өгч тусална гэж ярьж байсан юм. Түүнээс бол надад тэгж итгэл үнэмшил төрүүлээд байх шаардлага байхгүй. Энэ хүмүүсийн хоорондын гарын үсэг зурж авсан би хамаагүй. Эд нар алтны төхөөрөмж зарж өгнө Камаз 15.000.000 төгрөгөөр вагон 100.000.000 зарж өгнө гэж хэлсэн хэлсэндээ байгаагүй. Бор-Өндөр авч явсан барааг нь би хүргэж өгч тусалсан надад авсан зүйл байхгүй. Би Зоригтбаатар гэдэг хүнийг танихгүй би Гэрэлт-Одыг л танина. Би энэ хоёрыг холбож л өгсөн” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Зоригтбаатарын шүүхийн хэлэлцүүүлэгт өгсөн “Гэрэлт-Од тийм зүйл өгнө гэж байгаад өгсөн. Маргааш нь шүүх хурал болно гэж байхад. Гэрэлт-Од хүмүүстэй ирсэн. Тэгэхээр нь би өмгөөлөгчтэй уулз гээд өмгөөлөгчөө дагуулж очсон. Гэрэлт-Од надаас 60.000.000 төгрөг авсан би нялх хүүхэдтэй танд оронд нь бараа өгчих гээд 30.000.000 төгрөгийн бараа авчирч өгье та гомдолгүй гээд хэлчих гэсэн. Тэгэхээр нь эмэгтэй хүн алдсан юм байлгүй шоронд орж байгаа юм яахав гэж бодсон. Тэгээд 30.000.000 төгрөгийн бараа гээд өмнөх өдөр нь өгсөн. Урьд нь ах дүү хамаатан гэх 4, 5 хүнтэй ирсэн. Чулуунбаатар гээд байгаа хүн тэр үед ирсэн би ах нь байгаа юм. Би бөх хүн та мэдэж байгаа биздээ манай дүү шоронд явах гээд байна. Энэ барааг нь авчих гэж хэлсэн. Би 60.000.000 төгрөгийнхөө оронд 30.000.000 төгрөгийн бараагаар цайруулсан.” гэх мэдүүлэг,
Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 11, 12 дугаар хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... би Нарантуул захын Баялаг-Ундраа төвийн 4 давхарын 45-46 тоот цахилгаан бараа, гэр ахуйн барааны лангууг Наранцэцэг гэх хүнтэй хамтарч ажиллуулдаг. Тус лангууг ажиллуулж байх хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шиг санаж байна танил Нарангэрэл, Алтангэрэл хоёр Наранцэцэг дээр очиж 3.000.000 төгрөгийн бэлэг дурсгалын барааг зараад өгнө гэж авсан байсан. Ингээд тэр барааныхаа мөнгийг өгөхгүй явж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр намайг байхгүй Эрдэнэтэд байх үед Нарангэрэл, Алтангэрэл хоёр манай лангуун дээр ирээд Увсруу бараа авч зарах гэсэн юм. Албан байгууллагын урамшуулалд зарна гээд 61.095.000 төгрөгийн барааг падаанаар тоолж авч явсан байсан. Тухайн барааг Увсруу явуулж зарна гэж байсан боловч заралгүйгээр өөр хүний өрөнд өгчихсөн гэж тэр хоёр хүн ярьж байна лээ” гэх мэдүүлэг /1хх-ийн 21, 49-51 дүгээр хуудас/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн " ... 2017 оны 10 дугаар сарын эхээр Нарангэрэл нь Алтангэрэл гэх эмэгтэйтэй хамт манай лангуун дээр ирээд эгч нь 3.000.000 төгрөгийн бараа авъя, би Бор-Өндөр авч яваад барааг чинь зарчихаад ирье гээд нийт 3.000.000 төгрөгийн бараа авсан ... Нарангэрэл нь манай лангуун дээр Алтангэрэл, Гэрэлт-Од, Чулуунбаатар, Ууганбаяр гэх хүмүүстэй хамт ирчихээд Нарангэрэл намайг тусдаа уулзъя гээд лангууны хажуухан талд тусдаа уулзаад 3.000.000 төгрөгийг чинь одоо энэ Чулуунбаатар гэх хүн бэлэн төлнө ... Чулуунбаатарын компанийн машиныг гээд 3 том ачааны машин ирсэн. Ингээд 13.495.000 төгрөгийн барааг миний лангуун дотроос авч явсан, Хятадын складнаас 44.300.000 төгрөгийн барааг нэмж ачиж авч явсан ... тэр орой Нарангэрэлийн гэрт нь очоод “Та яг үнэнээ хэл” гэсэн чинь “Тэр бараа авдаг орой Гэрэлт-Одын өртэй хүнд чиний бараагаар өрийг нь дарчихсан, үлдэгдэл бараагаар нь Алтангэрэл бид хоёр жижиг сажиг өрөө дарчихсан” гэж хэлсэн ... би Нарангэрэл рүү ярьсан чинь Нарангэрэл над дээр 2 хоногийн дараа 13.000.000 төгрөг Алтангэрэлтэй хамт бариад ирсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Гэрч Ж.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн үдээс хойш ажил дээр байж байтал манай захирал Наранцэцэгтэй Нарангэрэл, Гэрэлт-Од, Чулуунбаатар нар ирээд бараа авахаар тохиролцож байсан. Тэгээд тэр өдрөө 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа худалдааны төвийн 45, 46 дугаар лангуун дээр зогсож байтал Нарангэрэл, Алтангэрэл, Гэрэлт-Од, Чулуунбаатар гэдэг хүмүүс ирээд 46 дугаар лангуунаас 13.000.000 гаруй төгрөгийн бэлэг дурсгалын зүйл боолгож, баглуулж, хайрцаг саванд хийж аваад худалдагч нараар зөөлгөөд, портер ачааны машинд хийлгээд аваад явсан. 46 дугаар лангуун дээр байсан бүх бараагаа өгчихсөн. Уг бараа дотор бэлэг дурсгалууд болох төрөл бүрийн ханын цаг, болор хун, заан гэх мэт зүйлсүүд байсан. Эдгээр бэлэг дурсгалын зүйлс нь 15.000-200.000 төгрөгийн хооронд зарагддаг зүйлс байгаа юм" гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Гэрч Ө.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг ундраа худалдааны төвийн 46 дугаар лангуу дээр зогсож байтал захирал Наранцэцэг нь эдгээр хүмүүст юм бараа тоолж өгнө шүү гэж хэлж байсан. Тэгээд манай лангуу дээр Нарангэрэл, Алтангэрэл, Гэрэлт-Од, Чулуунбаатар гэдэг хүмүүс ирээд 46 дугаар лангуунаас 13.000.000 сая гаран төгрөгний бэлэг дурсгалын зүйл боолгож баглуулж хайрцаг саванд хийлгээд надаар зөөлгөөд портер ачааны автомашинд ачуулаад аваад явсан. Тухайн үед ачааны автомашины улсын дугаарыг харж чадаагүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зах дээр ажлаа тараад харих гэтэл захирал Наранцэцэг намайг дуудаад хөдөө бараа ачуулна бараа гаргах хэрэгтэй байна гээд бичсэн барааны баримт өгөхөөр нь би тэр бичгийн дагуу бараа гаргаад нөгөө хүний автомашин дээр ачиж өгсөн. Тухайн үед миний тооцоолсноор 4
0.000.000 гаруй сая төгрөгний бараа аваад явсан. Тэд нар ачааны хоёр машинд бараагаа ачуулаад явахаар нь захирал Наранцэцэг бид хоёр нөгөө бараа авч явсан хүмүүсийг дагаад араас нь явтал 4 дүгээр цахилгаан станцын урд талд байрлалтай контенарт нөгөө бараагаа буулгасан. Тэгээд захирал бид хоёр явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
Гэрч Ч.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Алтангэрэл, Нарангэрэл нартай Гэрэлт-Одоор дамжуулан 2017 оны 11 дүгээр сард танилцаж байсан. Ингээд Алтангэрэл, Нарангэрэл нартай 1-2 удаа уулзаж байсан тул би сайн танихгүй ... Д.Алтангэрэл, Т.Г-, П.Н- нар Нарантуул зах руу автомашинтайгаа хамт яваад өгөөч гэж гуйхаар нь би хамт явсан ба Гэрэлт-Од намайг автомашинаа байрлуулчихаад араас ороод ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би Д.Алтангэрэл, Т.Г-, П.Н- нарын араас Баялаг-Ундраа худалдааны төв рүү ороход тэр гурав бэлэг дурсгалын лангуун дээр оччихсон худалдагч нь болох үл таних эмэгтэйтэй уулзаад ярилцаад зогсож байсан ... Миний хувьд тэд нарын ярианд оролцоогүй ба удалгүй гарч автомашиндаа сууж байхад Гэрэлт-Од ганцаараа гарч ирээд түүрүүний лангуунаас бараа авахаар боллоо, эндээс авсан бараагаа өрөндөө өгнө гэж хэлж байсан. Удалгүй Д.Алтангэрэл, Т.Г-, П.Н- нар 2 ачааны автомашин дээр бараагаа ачуулсаны дараагаар миний автомашинд суугаад Гурвалжингийн гүүр рүү явья, ачааны машиныг дагаад явчих гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/,
Гэрч Б.Чинзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай ээж П.Н- нь Гэрэлт-Од гэх эмэгтэйн хамт Баялаг-Ундраа төвд худалдаа эрхлэгч П.Наранцэцэгээс 60 гаруй сая төгрөгийн бараа авсан юм шиг байна лээ. Мөн Гэрэлт-Од нь тухайн үед эрүүгийн хэрэгт шалгагдаад ял эдлэх гээд байсан тул Наранцэцэгээс авсан бараагаа өрөндөө өгсөн гэсэн ... Би 2017 оны 12 дугаар сард өөрийн автомашинаа зараад 13.000.000 төгрөгийг Наранцэцэгийн Хаан Банкны дансанд шилжүүлсэн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар хуудас/,
Гэрч Н.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Гэрэлт-Од 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр цэцэрлэгийн барилга буулгах тендерийн ажил авч өгнө гэж хэлээд надаас нийт 60.000.000 төгрөгийг авч залилсан ... шүүх хурал болхын өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Т.Г- нь надад хохиролоо төлж барагдуулсан ... Т.Г- нь надад нийт 60.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба үүнээс 30.700.000 төгрөгний бараа өгч байсан ... Т.Г- нь надад байгаа боломж нь энэ байна гээд 30.700.000 төгрөгний бараа өгсөн ба би ойлгохдоо тухайн барааг Т.Г-ын өөрийнх нь юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн дугаар 226-228 хуудас/,
Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 58-59дугаар хуудас/,
Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 11 дүгээр сарын эхээр Алтангэрэл эгч надаас бүтээгдэхүүний талаар зөвлөгөө авах гэж ирээд танилцаж байсан. Танилцсанаас хойш 10 гаруй хоногийн дараа Алтангэрэл эгч манай найз байгаа юм гээд Нарангэрэл гэх эгчийг мөн надтай танилцуулсан. Тухайн үед Алтангэрэл, Нарангэрэл нар надад хандаж “бид хоёр 3.000.000 төгрөгний цахилгаан бараа зарж байгаа” гэж ярьж байсан ба Наранцэцэг гэх эмэгтэйгээс бараа зээлэээр авч байгаа гэдгээ хэлсэн. Тэгээд Алтангэрэл, Нарангэрэл бид гурав ярилцаж байгаад Наранцэцэгээс бараа зээлээр авч, үнэ нэмж зараад ашиг олох зорилгоор Наранцэцэгтэй уулзаад 61.000.000 төгрөгийн барааг Алтангэрэл, Нарангэрэл нар бэлэг дурсгалын зүйл гэх мэт барааг авсан. Миний хувьд уг бараанаас 45.000.000 төгрөгийн барааг хүлээн авч үлдэгдэл барааг нь Алтангэрэл, Нарангэрэл нар авсан ба үүнээс хэн нь хэдэн төгрөгний бараа авсаныг нь мэдэхгүй. Би өөрт авсан 45.000.000 төгрөгийн барааг барааг үнэ нэмж зарах гэхэд ашиг гархааргүй байсан тул Алтангэрэл, Нарангэрэл нараас гуйж байгаад бусдаас мөнгө зээлсэн өрөндөө өгсөн. Учир нь би тухайн үед эрүүгийн хэрэгт шалгагдаад надад холбогдох хэрэг шүүхэд шилжсэн байсан тул уг хэргийн хохирогч Зоригтбаатарт 30.000.000 төгрөгний барааг, Лувсансамбууд 13.000.000 төгрөгийн барааг өгч хохиролоо барагдуулсан ба үлдсэн 2.000.000 төгрөгийн барааг нь өмгөөлөгчиддөө өмгөөллийн төлбөрийн хөлсөнд өгсөн. Тэгээд шүүх хурал болж надад 6 жилийн хорих ял оногдуулсан ба би эрүүгийн хариуцлага хүлээсэнээр Наранцэцэгтэй уулзаж зээлсэн барааныхаа мөнгийг өгөх боломжгүй болсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 95-101 дүгээр хуудас/,
П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... 2017 оны 11 дүгээр сард Гэрэлт-Одын ажил дээр байхад Наранцэцэг над руу утсаар яриад удахгүй монитагийн баяр болох гэж байна, цахилгаан бараа 14 хоног, бэлэг дурсгалын бараа 1 сарын хугацаатай зээл авах хүн байна уу гэж асууж байхаар нь би хамт байсан Гэрэлт-Од, Алтангэрэл нарт хэлэхэд Алтангэрэл нь надад хандаж газрын кадастрын зураг хийлгэхэд 350.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн ба тухайн үед Алтангэрэл бид хоёрт мөнгө байгаагүй тул Наранцэцэгээс бараа зээлээр авч, зараад кадастрын зураг хийлгэх мөнгө шилжүүлэх болсон юм. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын эхээр Алтангэрэл бид хоёр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа төвд худалдаа эрхлэгч Наранцэцэгтэй очиж уулзаад 3.000.000 төгрөгийн бараа зээлээр авсан. Уг бараанаас Алтангэрэл бид хоёр тус бүрдээ 200.000 төгрөгийн үнэтэй сав суулганы комыг гэр гэртээ авч, 500.000-600.000 төгрөгийн барааг нь бусдад зарж, үлдсэн барааг нь Алтангэрэл ах дүү, төрөл садангийн хүмүүстээ тарааж өгсөн ... Алтангэрэл, Гэрэлт-Од гурав ярилцаж байгаад 30.000.000-40.000.000 төгрөгийн бараа зээлээр авахаар болсон .... 58.000.000 төгрөгийн бараа авсан ба Алтангэрэл бид хоёрын өмнө авсан 3.000.000 сая төгрөгний барааг нэмж 61.000.000 төгрөгийн бараа болсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 110-113 дугаар хуудас/,
Д.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оын 11 сард Нарангэрэл нь Наранцэцэг гэх эмэгтэйгээс бараа зээлээр авч болох тухай ярьж байсан ба тухайн үед Нарангэрэл бид хоёрт мөнгөний хэрэг гарсан тул Баялаг-Ундраа төвд худалдаа эрхэлдэг Наранцэцэгээс 3.000.000 төгрөгийн бараа зээлээр авсан ... Гэрэлт-Од нь эрүүгийн хэрэгт шалгагдаад 73.000.000 төгрөгийн өр төлбөртэй байсан ба Нарангэрэл бид хоёроос хохирол төлөх боломж байгаа эсэхийг асууж, тусламж гуйсан. Ингээд бид нар ярилцаж байгаад Наранцэцэгээс 58.000.000 төгрөгийн бараа авсан. Үүнээс Гэрэлт-Од 45.000.000 төгрөгийн барааг авч, тухайн үед шалгагдаж байсан эрүүгийн хэргийн хохирогч болох Зоригтбаатарт 30.700.000 төгрөгийн барааг, Лувсансамбууд 13.000.000 төгрөгийн барааг, үлдсэн барааг өмгөөлөгчдөө өгч байсан. Үлдсэн 13.000.000 төгрөгийн бараанаас би 10.000.000 төгрөгийн барааг, Нарангэрэл 3.000.000 төгрөгийн барааг авч, өр төлбөрөө төлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 119-126 дугаар хуудас/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Алтангэрэл хүндэтгэх үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, тухайн шүүгдэгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан үргэлжлүүлснээр хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр шүүгдэгч Д.Алтангэрэлд холбогдох хэргийг тусгаарлан, өвчний улмаас шүүхэд ирэх бололцоогүй нь эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Алтангэрэлийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжтой болох хүртэл хугацаагаар түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Г- нь Д.Алтангэрэл, П.Н- нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа худалдааны төвд хохирогч Ж.Энхбат, П.Наранцэцэг нараас "Увс аймагт барааг чинь зарж өгнө" гэж хуурч 57.795.000 төгрөгийн үнэ бүхий барааг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг,
Шүүгдэгч П.Н- нь Д.Алтангэрэлтэй бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа худалдааны төвд хохирогч Ж.Энхбат, П.Наранцэцэг нараас “Бор-Өндөр суманд барааг чинь зарж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөгийн үнэ бүхий барааг авч, Д.Алтангэрэл, Т.Г- нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Увс аймагт барааг чинь зарж өгнө” гэж хуурч 57.795.000 төгрөгийн үнэ бүхий барааг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч бусдад нийт 60.795.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан Т.Г-ын “Би Наранцэцэгийн 40.000.000 төгрөгийн бараа авсан. Тэр барааг борлуулах гэсэн боловч зах зээлийн үнэнээс үнэтэй байсан учир өрөө төлнө гэсэн бодолтой авсан. Наранцэцэгийн зөвшөөрсөн болохоор авсан. Хохирлын тооцооноос одоо 4.000.0000 төгрөгийг төлсөн. Одоо хохирол төлөх гээд оёдлын үйлдвэр ажиллуулж байгаа” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Н-н өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баялаг ундраад ажилладаг Наранцэцэгээс цахилгаан бараа авсан. Анх намайг Хөвсгөлд ажил хийгээд явж байхад Алтангэрэл надад өртэй байсан. Тэгээд өрийг чинь өгөх боломж гарлаа газар дээрээ хөрөнгө оруулалт оруулаад ирлээ хүрээд ир гээд би очсон. Тэгэхэд газрын бичиг авах мөнгө шаардлагатай байна гэсэн. Тухайн үед нь мөнгө байгаагүй. Тэгээд Наранцэцэгээс 1.000.000 төгрөгийн бараа өгөөч гээд авсан. Тэгээд Алтангэрэлтэй очиж бараа нэмж авсаар байгаад 3.000.000 төгрөгийн бараа болсон. Тэгээд дараа нь 11 дүгээр сарын 26-ны өдөр Алтангэрэл, Гэрэлт-Од, Ууганбаатар, Чулуунбаатар нартай очиж 57.000.000 төгрөгийн барааг 14 хоногийн хугацаатай авсан. Яагаад авсан бэ гэхээр Чулуунбаатар 14 хоногийн дотор энэ авсан барааг төлчихнө үлдэгдэл барааг нь Увсад очоод 2 дэлгүүрт хуваагаад зарна гэсэн. Тэгээд 14 хоноод Чулуунбаатар утсаа авахаа больсон. Гэрэлт-Од хоригдсон байсан. Тэгээд 16 дахь хоног дээр нь би охиныхоо 19.500.000 төгрөгийн үнэтэй машиныг 13.000.000 төгрөгт зараад Энхбатын дансанд хийсэн байгаа. Тухайн үед би иргэн хүнийхээ хувьд ухамсарлаад хүнээс юм авсан юм чинь өгөх ёстой гээд 14 хоногийн хугацаа дууссан байсан учраас би 16 дахь хоног дээр 13.000.000 төгрөгийг нь төлсөн. Үлдэгдэл бараанаас Гэрэл-Од 40.000.000 төгрөгийг, Алтангэрэл 18.000.000 төгрөгийг авч өрөндөө өгсөн. Хүмүүст зарлаа гээд тараагаад өгсөн. Алтангэрэл хоригдоод явсан би цаад хүмүүсийг нь танихгүй учраа мөнгөө олж авч чадаагүй. Миний хувьд хамгийн эхний авсан 3.000.000 төгрөгийн бараанаас би нэг ком сав авсан өөр юм аваагүй” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Энхбатын шүүхийн хэлэлцүүүлэгт өгсөн “Энэ 2 хүн төлбөр төлөхгүй шоронд явчихвал хэцүү байна. Энэ хүмүүсийн авсан барааг нь төлөхийн тулд би машинаа хүртэл ломбардад тавьсан байгаа. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг, хохирогч П.Наранцэцэгийн өгсөн “Нарангэрэлийн хүүхдийг таньдаг манайд ажилладаг юм. Энэ хоёр 3.000.000 төгрөгийн бараа авахдаа Алтангэрэл эгчтэй ирээд Бор-Өндөрт зарчхаад ирнэ гэсэн. Нараа эгч 1.000.000 төгрөгийн авна гэж утсаар ярьсан Тэгсэн Гэрлээ эгч ингэвэл сонгоно гээд бараанаас сонгоод 3.000.000 төгрөгийн бараа болсон. Тэгээд Нараа эгч 3.000.000 болсон байна болох юм уу гэсэн чинь Гэрлээ нь болно гээд авсан. Тэгээд би Нарангэрэл эгчээс энэ юун хүн бэ гэхэд Алтангэрэл манай найз гэсэн байгаа юм асуудалгүй өгөөд явуулчих гэсэн. Тэгээд би залгаад 14 хоночихлоо мөнгөө авъя гэсэн чинь Алтангэрэлийн хөл нь хугарсан аваарт орчихлоо гэсэн. Тэгэхээр нь хүнд ийм зүйл тохиолдсон байхад би мөнгө нэхээд яах юм гэж бодоод 7 хоногийн дараа залгая гэж бодож байсан. Тэгсэн өөрсдөө хүрээд ирсэн. Эхлээд Нарангэрэл эгч залгаад лангуун дээрээ байна уу 3.000.000 төгрөгийг чинь аваачиж өгөх гэж байна гэсэн би лангуун дээрээ байна хүрээд ир гэсэн. Тэгээд байж байтал Нарангэрэл, Алтангэрэл, Гэрэлт-Од, Ууганбаяр, Чулуунбаатар гэсэн хүмүүс хүрээд ирсэн. Тэгээд би жижиг лангуун дээр байхад Нарангэрэл эгч бид нар хөдөө явж зарах гэсэн юм 50.000.000 төгрөгийн бараа өгчих гэсэн. Тэгэхээр нь би ийм их бараа гаргаж болохгүй энэ барааг чинь урд хужаа мэддэг би хужаагаас асууя гэсэн. Тэгээх хажууд нь хужаатай ярьсан хол байсан болохоор удаан 10 минутаас 20 минутын дараа хариу өгсөн. Эд нар гараад явсан байсан. Тэгээд эргэж орж ирээд бөх гээд байгаа Чулуунбаатар гэх ах асуудалгүй 12 сар гэхэд зарчихна би нутагтаа очоод зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний бараа нэмэгдэлтэй үнэтэй шүү гэхэд Алтангэрэл үнэ бол хамаагүй болно зүгээр бараагаа бид нарт өгчих гэсэн. Тэгээд би жижиг лангууныхаа барааг бүгдийг нь өгөөд үлдэгдэл барааг нь би складаас гаргаад өгсөн. Гэрэлт-Од гэх хүн бараа авахад бол юу ч дугараагүй би Гэрэлт-Одыг юун хүн бэ гэхэд Чулуунбаатар гэх хүний эхнэр гэсэн. Тэгээд том машин оруулаад ирсэн. Би энэ юун машин бэ гэхэд Чулуунбаатарын компанийн машин юм гэсэн. Тэгээд их бараа өгсөн болохоор санаа зовоод би буулгасан Гурвалжингийн гүүрний тэнд нь очсон. Тэгэхэд Зоригтбаатар ланд 200 машинтай ирсэн. Тэгээд би машиндаа дуудаж оруулж ирж байгаад Нарангэрэл, Алтангэрэл хоёроос асуусан чинь Нарангэрэл эгч асуудал байхгүй . Энэ ланд 200 машинтай хүмүүс хөдөө ачих гэж байгаа. Маргааш явж зарах гэж байгаа асуудалгүй гэсэн. Тэгээд би Нарангэрэл, Алтангэрэлээр гарын үсэг зуруулаад энэ тоглоом биш та хүнд хулхидуулаагүй биз гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би санаа зовоод бичлэг хийсэн. Тэгээд би яваад 10 хоносон би Нарангэрэл эгч рүү залгахад эгч нь уулзъя ерөөсөө болохоо байлаа эгч нь тэр хүмүүст хулхидуулчихлаа гэсэн. Та нар хужаагаас бараа авчаад ёстой болохгүй гээд би Нарангэрэл эгчтэй зөндөө явсан. Тэгээд би цагдаад өгнө гэсэн Алтангэрэл нь 2 хоногийн дараа газар зарах гэж байна гэсэн. Тэгээд би нөгөө Гэрэлт-Од чинь хаана байна гэсэн чинь чиний мөнгөөр хохирлыг нь төлөөд ял авахгүй юм болов уу гэсэн ял өгчихлөө гэж Нарангэрэл эгч хэлсэн. Тэгэхээр нь би Нарангэрэл эгчид ийм зүйл байхгүй ээ гээд Зоригтбаатар гэдэг хүний өмгөөлөгчтэй нь ярьсан. Энэ миний бараа байгаа юм бараагаа авъя гэсэн чинь миний барааг та нарын хохиролд өгсөн байна гэж хэлсэн. Тэгэхэд Зоригтбаатар намайг загнаад байсан. Алтангэрэл гээд байгаа хүний өмгөөлөгч энэ барааг авч залилан хийх гэж байгааг мэдсэн байсан. Тэгээд би өмгөөлөгчид нь хэлсэн та яагаад өмгөөлөгч хүн байж миний барааг хохиролд өгчхөв гэж хэлсэн. Хохирол төлөх юм бол гарах байх гэсэн гарсангүй би яаж мэдэх юм чамайг Нарангэрэлийн дүү юм байх гэж бодсон гэж хэлсэн. Тэгээд би хужаа залгаад байна та яаж хийж байгаад мөнгө олж өг гэсэн. Нарангэрэл эгч охиныхоо машиныг зараад 13.000.000 төгрөгийг өгсөн. Тэрнээс хойш хохирол өгөхгүй байж байгаад Гэрэлт-Од гэх хүн гарч ирээд би уулзаад яагаад миний барааг ингэсэн юм бэ гэсэн. Тэгээд саяхан Гэрэлт-Од надад 50 ширхэг даавуу өгсөн 70.000.000 төгрөгөөр давуу өгсөн. Одоо оёдол ажиллуулж байгаа дүүгийнхээ мөнгийг олж өгнө гэсэн. Одоо нийт 48.500.000 төгрөг нэхэмжилж байна. Хохиролд 17.000.000 төгрөг авсан. Саяхан надад бид 2 шоронд орж магадгүй 2.500.000 төгрөг хэрэгтэй байна банкнаас зээл авах гээд байна мөнгийг чинь олж өгөх гээд байна гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би наймаа муу байна. Хужаа над руу залгаад мөнгө нэхээд байна гэхэд миний дүү ганц тусалчих гээд гуйгаад байсан. Би одоо надад мөнгө алга гээд би утсаа гаргаж ирээд та 2 энэ утсаар өрөө дарах уу гэсэн дарна 7 хоноод л буцаагаад өгчихнө гээд банкнаас зээл аваад бүх юм бүтэх гээд байна одоо ёстой асуудалгүй гээд гуйгаад байхаар нь би утсаа өгсөн. Одоо миний утас байхгүй болохоор хэцүү байна. Энэ 2 зарсан хүнтэй би уулзсан 2.500.000 төгрөгөөр зарсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Чулуунбаатарын өгсөн “Би өөрөө компанитай хүн. Надад Гэрэлт-Од шоронд орох гээд байна гээд туслаач гэхээр нь би алтны төхөөрөмж өгөөд зараад өрөө гэсэн Алтангэрэл надад миний вагоныг төмөр замд зарж өгнө гэсэн өгөөгүй. Тухайн үед вагоны түрээсийн 3.000.000 төгрөг орж ирэх байсан юм. Би болохгүй бол тэнд өгч тусална гэж ярьж байсан юм. Түүнээс бол надад тэгж итгэл үнэмшил төрүүлээд байх шаардлага байхгүй. Энэ хүмүүсийн хоорондын гарын үсэг зурж авсан би хамаагүй. Эд нар алтны төхөөрөмж зарж өгнө Камаз 15.000.000 төгрөгөөр вагон 100.000.000 зарж өгнө гэж хэлсэн хэлсэндээ байгаагүй. Бор-Өндөр авч явсан барааг нь би хүргэж өгч тусалсан надад авсан зүйл байхгүй. Би Зоригтбаатар гэдэг хүнийг танихгүй би Гэрэлт-Одыг л танина. Би энэ хоёрыг холбож л өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Н.Зоригтбаатарын өгсөн “Гэрэлт-Од тийм зүйл өгнө гэж байгаад өгсөн. Маргааш нь шүүх хурал болно гэж байхад. Гэрэлт-Од хүмүүстэй ирсэн. Тэгэхээр нь би өмгөөлөгчтэй уулз гээд өмгөөлөгчөө дагуулж очсон. Гэрэлт-Од надаас 60.000.000 төгрөг авсан би нялх хүүхэдтэй танд оронд нь бараа өгчих гээд 30.000.000 төгрөгийн бараа авчирч өгье та гомдолгүй гээд хэлчих гэсэн. Тэгэхээр нь эмэгтэй хүн алдсан юм байлгүй шоронд орж байгаа юм яахав гэж бодсон. Тэгээд 30.000.000 төгрөгийн бараа гээд өмнөх өдөр нь өгсөн. Урьд нь ах дүү хамаатан гэх 4, 5 хүнтэй ирсэн. Чулуунбаатар гээд байгаа хүн тэр үед ирсэн би ах нь байгаа юм. Би бөх хүн та мэдэж байгаа биздээ манай дүү шоронд явах гээд байна. Энэ барааг нь авчих гэж хэлсэн. Би 60.000.000 төгрөгийнхөө оронд 30.000.000 төгрөгийн бараагаар цайруулсан.” гэх мэдүүлэг, цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 11, 12 дугаар хуудас/, хохирогч Ж.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шиг санаж байна танил Нарангэрэл, Алтангэрэл хоёр Наранцэцэг дээр очиж 3.000.000 төгрөгийн бэлэг дурсгалын барааг зараад өгнө гэж авсан байсан. Ингээд тэр барааныхаа мөнгийг өгөхгүй явж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр намайг байхгүй Эрдэнэтэд байх үед Нарангэрэл, Алтангэрэл хоёр манай лангуун дээр ирээд Увсруу бараа авч зарах гэсэн юм. Албан байгууллагын урамшуулалд зарна гээд 61.095.000 төгрөгийн барааг падаанаар тоолж авч явсан байсан. Тухайн барааг Увсруу явуулж зарна гэж байсан боловч заралгүйгээр өөр хүний өрөнд өгчихсөн гэж тэр хоёр хүн ярьж байна лээ” гэх мэдүүлэг /1хх-ийн 21, 49-51 дүгээр хуудас/, хохирогч П.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн " ... Нарангэрэл нь Алтангэрэл гэх эмэгтэйтэй хамт манай лангуун дээр ирээд эгч нь 3.000.000 төгрөгийн бараа авъя, би Бор-Өндөр авч яваад барааг чинь зарчихаад ирье гээд нийт 3.000.000 төгрөгийн бараа авсан бөгөөд манай хүүд битгий хэлээрэй гэхээр нь бараа авсан талаар хэлээгүй. Ингээд бараа авснаас хойш 14 хоног өнгөрөөд залгасан чинь Нарангэрэл нь цуг бараа авч явсан Алтангэрэл аваарт орчихлоо гэхээр нь би бие нь гайгүй юу гэсэн чинь гайгүй, гайгүй гэж хэлээд сураггүй алга болсон ... Нарангэрэл намайг тусдаа уулзъя гээд лангууны хажуухан талд тусдаа уулзаад 3.000.000 төгрөгийг чинь одоо энэ Чулуунбаатар гэх хүн бэлэн төлнө. Энэ улсын харцага Чулуунбаатар байгаа юм. Энэ залуу одоо 3.000.000 төгрөгийг чинь өгнө, энэ залуу машин, вагон, контейнер зарах гэж байгаа гэхээр нь энэ хүний юм зарах ямар хамаатай юм бэ гэсэн чинь эгчдээ 50.000.000-60.000.000 төгрөгийн бараа өгчих, энэ Чулуунбаатарын нүүрээр энэ барааг Увс аймагт очиж зарна гэж хэлсэн ... 13.495.000 төгрөгийн барааг миний лангуун дотроос авч явсан, Хятадын складнаас 44.300.000 төгрөгийн барааг нэмж ачиж авч явсан ... Бэлэг дурсгалын барааны мөнгийг 2017 оны 12-р сарын 27-ны өдөр өгнө гэж хэлсэн. Үлдэгдэл 48.095.000 төгрөгийг 2018 оны 01-р сарын 03-ны өдөр өгнө гээд гарын үсэг зурсан. Ингээд бараа өгснөөс хойш хэд хоногийн дараа залгаад “Юу болж байна” гэсэн чинь Нарангэрэл “Эгч нь Увсад бараагаа зараад явж байна, санаа зоволтгүй, чи ингэж юмаа өгчихөөд араас нь залгаад байхаар яаж бүтэх юм” гэхээр нь хэсэг залгаагүй ... ингээд тэр орой Нарангэрэлийн гэрт нь очоод “Та яг үнэнээ хэл” гэсэн чинь “Тэр бараа авдаг орой Гэрэлт-Одын өртэй хүнд чиний бараагаар өрийг нь дарчихсан, үлдэгдэл бараагаар нь Алтангэрэл бид хоёр жижиг сажиг өрөө дарчихсан” гэж хэлсэн ... Нарангэрэл над дээр 2 хоногийн дараа 13.000.000 төгрөг Алтангэрэлтэй хамт бариад ирсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 23-25 дугаар хуудас/, гэрч Ж.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... тэр өдрөө 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа худалдааны төвийн 45, 46 дугаар лангуун дээр зогсож байтал Нарангэрэл, Алтангэрэл, Гэрэлт-Од, Чулуунбаатар гэдэг хүмүүс ирээд 46 дугаар лангуунаас 13.000.000 гаруй төгрөгийн бэлэг дурсгалын зүйл боолгож, баглуулж, хайрцаг саванд хийж аваад худалдагч нараар зөөлгөөд, портер ачааны машинд хийлгээд аваад явсан. 46 дугаар лангуун дээр байсан бүх бараагаа өгчихсөн. Уг бараа дотор бэлэг дурсгалууд болох төрөл бүрийн ханын цаг, болор хун, заан гэх мэт зүйлсүүд байсан. Эдгээр бэлэг дурсгалын зүйлс нь 15.000-200.000 төгрөгийн хооронд зарагддаг зүйлс байгаа юм" гэх мэдүүлэг /1хх-ийн 42-43 дугаар хуудас/, гэрч Ө.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг ундраа худалдааны төвийн 46 дугаар лангуу дээр зогсож байтал захирал Наранцэцэг нь эдгээр хүмүүст юм бараа тоолж өгнө шүү гэж хэлж байсан. Тэгээд манай лангуу дээр Нарангэрэл, Алтангэрэл, Гэрэлт-Од, Чулуунбаатар гэдэг хүмүүс ирээд 46 дугаар лангуунаас 13.000.000 гаран төгрөгийн бэлэг дурсгалын зүйл боолгож баглуулж хайрцаг саванд хийлгээд надаар зөөлгөөд портер ачааны автомашинд ачуулаад аваад явсан. Тухайн үед ачааны автомашины улсын дугаарыг харж чадаагүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Ч.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул зах дээр ажлаа тараад харих гэтэл захирал Наранцэцэг намайг дуудаад хөдөө бараа ачуулна бараа гаргах хэрэгтэй байна гээд бичсэн барааны баримт өгөхөөр нь би тэр бичгийн дагуу бараа гаргаад нөгөө хүний автомашин дээр ачиж өгсөн. Тухайн үед миний тооцоолсноор 40.000.000 гаруй төгрөгийн бараа аваад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч Ч.Чулуунбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөн тухайн үед Д.Алтангэрэл, Т.Г-, П.Н- нар Нарантуул зах руу автомашинтайгаа хамт яваад өгөөч гэж гуйхаар нь би хамт явсан ба Гэрэлт-Од намайг автомашинаа байрлуулчихаад араас ороод ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би Д.Алтангэрэл, Т.Г-, П.Н- нарын араас Баялаг-Ундраа худалдааны төв рүү ороход тэр гурав бэлэг дурсгалын лангуун дээр оччихсон худалдагч нь болох үл таних эмэгтэйтэй уулзаад ярилцаад зогсож байсан. ба тэр эмэгтэйг Наранцэцэг гэдэг байж магадгүй юм. Миний хувьд тэд нарын ярианд оролцоогүй ба удалгүй гарч автомашиндаа сууж байхад Гэрэлт-Од ганцаараа гарч ирээд түүрүүний лангуунаас бараа авахаар боллоо, эндээс авсан бараагаа өрөндөө өгнө гэж хэлж байсан. Удалгүй Д.Алтангэрэл, Т.Г-, П.Н- нар 2 ачааны автомашин дээр бараагаа ачуулсаны дараагаар миний автомашинд суугаад Гурвалжингийн гүүр рүү явья, ачааны машиныг дагаад явчих гэж хэлсэн. Тэгээд Д.Алтангэрэл, Т.Г-, П.Н- нар Баялаг-Ундраа төвөөс авсан барааны тухайд огт хамааралгүй бөгөөд тухайн үед Гэрэлт-Од нь намайг автомашинаараа үйлчлээд хамт яваад өгөөч гэж гуйхаар нь нэг өдөр хамт явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/, гэрч Б.Чинзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний ойлгосоноор манай ээж П.Н- нь Гэрэлт-Од гэх эмэгтэйн хамт Баялаг-Ундраа төвд худалдаа эрхлэгч П.Наранцэцэгээс 60 гаруй сая төгрөгний бараа авсан юм шиг байна лээ. Мөн Гэрэлт-Од нь тухайн үед эрүүгийн хэрэгт шалгагдаад ял эдлэх гээд байсан тул Наранцэцэгээс авсан бараагаа өрөндөө өгсөн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар хуудас/, гэрч Н.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Гэрэлт-Од 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр цэцэрлэгийн барилга буулгах тендерийн ажил авч өгнө гэж хэлээд надаас нийт 60.000.000 төгрөгийг авч залилсан ба 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Т.Г-од холбогдох хэргийн шүүх хурал болж байсан. Мөн шүүх хурал болхын өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Т.Г- нь надад хохиролоо төлж барагдуулсан ... Т.Г- нь надад байгаа боломж нь энэ байна гээд 30.700.000 төгрөгний бараа өгсөн ба би ойлгохдоо тухайн барааг Т.Г-ын өөрийнх нь юм байна гэж бодсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн дугаар 226-228 хуудас/, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 58-59дугаар хуудас/, Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Наранцэцэг гэх эмэгтэйгээс бараа зээлэээр авч байгаа гэдгээ хэлсэн. Тэгээд Алтангэрэл, Нарангэрэл бид гурав ярилцаж байгаад Наранцэцэгээс бараа зээлээр авч, үнэ нэмж зараад ашиг олох зорилгоор Наранцэцэгтэй уулзаад 61.000.000 төгрөгийн барааг Алтангэрэл, Нарангэрэл нар бэлэг дурсгалын зүйл гэх мэт барааг авсан. Миний хувьд уг бараанаас 45.000.000 төгрөгийн барааг хүлээн авч үлдэгдэл барааг нь Алтангэрэл, Нарангэрэл нар авсан ба үүнээс хэн нь хэдэн төгрөгний бараа авсаныг нь мэдэхгүй. Би өөрт авсан 45.000.000 төгрөгийн барааг барааг үнэ нэмж зарах гэхэд ашиг гархааргүй байсан тул Алтангэрэл, Нарангэрэл нараас гуйж байгаад бусдаас мөнгө зээлсэн өрөндөө өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 95-101 дүгээр хуудас/, П.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Гэрэлт-Од нь тухайн үед “Үүдэл эс” ХХК-нд эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалдаг ажил хийдэг байсан тул Алтангэрэл бид хоёр Гэрэлт-Одын ажил дээр очиж бүтээгдэхүүний сургалтанд хамрагддаг байсан ... 2017 оны 11 дүгээр сарын эхээр Алтангэрэл бид хоёр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг-Ундраа төвд худалдаа эрхлэгч Наранцэцэгтэй очиж уулзаад 3.000.000 төгрөгийн бараа зээлээр авсан. Уг бараанаас Алтангэрэл бид хоёр тус бүрдээ 200.000 төгрөгийн үнэтэй сав суулганы комыг гэр гэртээ авч, 500.000-600.000 төгрөгийн барааг нь бусдад зарж, үлдсэн барааг нь Алтангэрэл ах дүү, төрөл садангийн хүмүүстээ тарааж өгсөн ... Алтангэрэл, Гэрэлт-Од гурав ярилцаж байгаад 30.000.000-40.000.000 төгрөгийн бараа зээлээр авахаар болсон. Тэгээд Наранцэцэгтэй очиж уулзахад өмнөх 3.000.000 төгрөгийн барааныхаа мөнгийг өгөөгүй тул дахин бараа зээлээр өгөхөөс татгалзсан. Алтангэрэл, Гэрэлт-Од бид гурав буцаж очоод 58.000.000 төгрөгийн бараа авсан ба Алтангэрэл бид хоёрын өмнө авсан 3.000.000 төгрөгний барааг нэмж 61.000.000 төгрөгийн бараа болсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 110-113 дугаар хуудас/, Д.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... 2017 оны 11 сард Нарангэрэл нь Наранцэцэг гэх эмэгтэйгээс бараа зээлээр авч болох тухай ярьж байсан ба тухайн үед Нарангэрэл бид хоёрт мөнгөний хэрэг гарсан тул Баялаг-Ундраа төвд худалдаа эрхэлдэг Наранцэцэгээс 3.000.000 төгрөгийн бараа зээлээр авсан ... Гэрэлт-Од нь эрүүгийн хэрэгт шалгагдаад 73.000.000 төгрөгийн өр төлбөртэй байсан ба Нарангэрэл бид хоёроос хохирол төлөх боломж байгаа эсэхийг асууж, тусламж гуйсан. Ингээд бид нар ярилцаж байгаад Наранцэцэгээс 58.000.000 төгрөгийн бараа авсан. Үүнээс Гэрэлт-Од 45.000.000 төгрөгийн барааг авч, тухайн үед шалгагдаж байсан эрүүгийн хэргийн хохирогч болох Зоригтбаатарт 30.700.000 төгрөгийн барааг, Лувсансамбууд 13.000.000 төгрөгийн барааг, үлдсэн барааг өмгөөлөгчдөө өгч байсан. Үлдсэн 13.000.000 төгрөгийн бараанаас би 10.000.000 төгрөгийн барааг, Нарангэрэл 3.000.000 төгрөгийн барааг авч, өр төлбөрөө төлсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 119-126 дугаар хуудас/, шүүгдэгч нарт бараа хүлээлгэн өгсөн жагсаалт, хохирлын талаарх баримтууд /1хх-ийн 62-84 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Т.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд,
шүүгдэгч П.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, их хэмжээний хохирол учруулан, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Т.Г-, П.Н-, Д.Алтангэрэл нарын бүлэглэн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас 57.795.000 төгрөгийн хохирол учирсныг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч тус бүрээс 19.265.000 төгрөг, Шүүгдэгч П.Н-, Д.Алтангэрэл нарын бүлэглэн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас 3.000.000 төгрөгийн хохирол учирсныг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч тус бүрээс 1.500.000 төгрөг төлөхөөр тооцож, шүүгдэгч Т.Г-оос 19.265.000 төгрөг, шүүгдэгч П.Н-ээс 20.765.000 төгрөг тус тус гаргуулахаар тогтов.
Шүүгдэгч П.Н- нь гэмт хэргийн улмаас учруулсан 20.765.000 төгрөгийн хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлсөн, шүүгдэгч Т.Г- нь гэмт хэргийн улмаас учруулсан 19.265.000 төгрөгийн хохирлоос 4.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд Т.Г-ын төлөөгүй үлдсэн 15.265.000 төгрөгийг хохирлыг Иргэний хуулийн холбогдох заалтад заасны дагуу гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Т.Г, П.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
шүүгдэгч Т.Г, П.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Г-д 5 жил ял, П.Н-д 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан байна.
Шүүхээс Т.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, Т.Г-ын урьд үйлдсэн залилах гэмт хэргийн хохирол төлөгдөөгүй шалтгаан нөхцөлийн улмаас дээрх гэмт хэрэгт үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдал зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил 6 сар хорих ял,
Шүүхээс П.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд, учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-, П.Н- нарт оногдуулсан хорих ялыг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.
Шүүгдэгч Т.Г-, П.Н- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгч Т.Г-, П.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Т-н Г-д “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэм буруутайд,
Човогт П-н Н-г “Хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, их хэмжээний хохирол учруулан үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Г-од 4 жил 6 сар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Н-д 2 жил 6 сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-д оногдуулсан 2 жил 6 сар хорих ял, Т.Г-д оногдуулсан 4 жил 6 сар ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.Г, П.Н нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч П.Н- нь бусдад төлөх төлбөргүй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Г-оос 15.265.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Энхбат, П.Наранцэцэг нарт олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүгдэгч Т.Г-ын 5 настай хүү Мишигдоржийн Алтанхишиг /РД:УК14313012/-т асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т., П.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ