Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/63

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

гэрч Л.Б, Б.Г, Ч.Б,

шүүгдэгч, хохирогч П.О, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал,

шүүгдэгч, хохирогч Л.Ц, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-н О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Л-н Ц нарт холбогдох эрүүгийн 2017000440046 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 09-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Н-н Б дүүргийн  дугаар хороо, нуурын  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 154 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 77 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт П-н О /РД: /

Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 13-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг, Ө-н гол гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 10 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан гэх Ц овогт Л-н Ц, /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч П.О нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Өгөөмөрийн гол гэх газар иргэн Л.Ц-тай мал дутаасан гэх асуудлаас болж  маргалдан, түүний зүүн гарын дунд хурууг мушгиж даран эрүүл мэндэд нь зүүн сарвууны дунд 2-р үеийн холбоосны суналт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Л.Ц нь үргэлжилсэн үйлдлээр  2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Өгөөмөрийн гол гэх газар иргэн Л.О-тай мал дутаасан гэх асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохих, хүзүүнд маажих зэргээр зодож, мөн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нүүрэн тус газар алгадаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч П.О нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Өгөөмөрийн гол гэх газар хохирогч Л.Ц-тай мал дутаасан гэх асуудлаас болж маргалдан, түүний зүүн гарын дунд хурууг мушгиж даран эрүүл мэндэд нь зүүн сарвууны дунд 2-р үеийн холбоосны суналт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай,  

шүүгдэгч Л.Ц нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Өгөөмөрийн гол гэх газар хохирогч Л.О-тай мал дутаасан гэх асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохих, хүзүүнд маажих зэргээр зодсон,

мөн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Өгөөмөрийн гол гэх газар хохирогч Л.О-тай мал дутаасан гэх асуудлаас болж маргалдан түүний нүүрэн тус газар алгадаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Ц гэх эгчид 2019 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр Өгөөмрийн голд малаа авчирч өгсөн. Үүнээс өмнө Сайншандаас гараад явж байхад зам дээр 2 хүн байсан. Өвлийн хүйтэнд гээд цуг явж байсан залуудаа хэлээд авсан. Тэгсэн нэг нь 33 дугаар зөрлөг дээр буусан. Нөгөө нь Чойрт бууна гэсэн. Тэгээд замдаа явж байхдаа энд өвөлжихөөр өвөлжөө байна уу? гэсэн манай эхнэр 2 дагавар хүүтэйгээ энд байдаг гэсэн. Тэгэхээр нь хаана байдаг юм уулзъя гэж хэлсэн. Тэгсэн Чойроос 20 гаран км гэсэн ирээд уулзах гэтэл Ц гэдэг хүн малаа уруудуулчихсан гээд байхгүй байсан учраас би явсан. Тэгсэн 2-3 хоногийн дараа залгаад 500 000 төгрөг өгчих эгч нь хониныг нь хариулаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр би за тэгье гэж хэлсэн чинь эгч нь төв гарлаа машиндаа юм авна гэж хэлсэн. Би эхнэр Б рүү залгаад 500 000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд л 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэж өгсөн. Тэгсэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр залгаад миний дүү малаа авах уу? гэхээр нь 2020 оны 03 дугаар сарын эхээр авна гэж хэлсэн гэсэн чинь боломжгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ирсэн. Намайг ирэхэд Ц эгч байгаагүй. Ээж нь байсан. Миний хүү орж цай унд уу гэсэн. Тэгээд цай унд уучихаад малаа ялгах уу гэсэн тэгье гээд малаа ялгаж байтал Ц эгч ирсэн би сайн байн уу? та сайхан өвөлжиж байна уу? гэсэн чинь ингэж мал ялгадаг юм уу гэсэн. Дүү нь хэдэн хонь ялгаад байж байтал дүүтэйгээ муудсан. Тэгээд малаа тоолж дуусаад эгчээ 2 удаа тоолж үзлээ 30 гаран мал дутаж байна гэж хэлээд одоо яах вэ? гэсэн чинь ойр хавийн айлын малтай нийлсэн байж магадгүй гэсэн. Тэгээд хүүгийнх нь хонинд очиж үзсэн чинь байхгүй байсан. Нэг адилхан имтэй хурга байна гэж хэлээд танай хүү хэзээ ирэх вэ? гэж асуухад удахгүй ирэх байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би 3 хонь хашаад байж байсан. Тэгсэн юун хонь вэ? гэхээр нь танай хашаа руу хийгээд ялгасан хоньтойгоо нийлчихээд хүү чинь ирэхээр үзүүлье гэж хэлээд Ц эгчээ та 2 хонь ачаад явчих жижиг машин болохоор багтахгүй байна гэсэн чинь яваад өгсөн. Тэгээд би араас нь хонио ачаад очсон. Хашааны хажууд байж байгаад нэг хонио алдсан. Би цуг явж байсан залуудаа  хүний хонь алдчихлаа гэж хэлсэн. Тэгсэн Ц эгч гарч ирээд дундуураа гүйцээж дутуугаа нөхөх нь үү чи гэсэн. Тэгэхээр та яагаад өглөөнөөс хойш азраганаад дүүтэйгээ ч хэрүүл хийгээд, надтай ч хэрүүл хийгээд та яасан сонин ааштай болчихсон юм бэ гэсэн. Намайг нүүрэндээ хадаастай гэдгийг мэдсээр байж хайр найргүй нүдээд эхэлсэн. Тэгсэн цуг явж байсан залуу дундуур ороод салгасан чинь толгой руу нь барьж явсан шилбүүрээрээ цохисон. Тэгээд зодуулаад байж байтал ээж нь гарч ирээд хөөе Ц чи болиоч холын хүмүүсийг явуулаач яасан нүдний булайтай юм бэ гэсэн. Тэгэхээр нь явах санаатай байж байтал манай эхнэр салгах гээд голоор ортол манай эхнэрийн толгой руу цохичихоод чи миний гарыг эвгүй болгочихлоо гэж хэлсэн. Тэгсэн ээж нь аль гар вэ? гэсэн зүүн гар нь юм шиг байна гэсэн чинь гэмтэлтэй гар нь байна гэж ээж нь хэлсэн.  Тэгээд мал авахаас өмнө 3 000 000 төгрөг хэрэг болоод байна эгч нь нэг машин авмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр  би та надаас ав хэлсэн. Ц эгч 5 хоногийн дараа надад өгсөн гэв.

 

1.2. Шүүгдэгч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би О гэдэг хүнийг өмнө таньж мэдэхгүй. Манай нөхөртэй Дорноговь аймгаас цуг ирсэн. Манай нөхөр надад замын нэг залуу энд өвөлжих өвөлжөө байна уу? гэж асуусан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хаанахын, ямар хүн бэ? гэж асуусан. Тэгсэн Багануурын хүн гэсэн. Гэхдээ О байнга ярьдаг байсан. Ярих үедээ малаа маллуулах талаар огт хэлж байгаагүй. Би одоо гарч байна. Танайх хаана вэ? гэж асуусан байсан. Би юун хүнтэй яриад байгаа юм бэ? гэж асуухад манай энд өвөлжих айлын хүн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаанаас ирж байгаа хүн юм бэ гэж асуусан чинь Багахангайгаас ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа манай нөхөртэй ярьж байгаад надтай ярьсан. Та мал хараад өгөх юм уу? Би мотоциклоос унаад гэмтэл авсан байгаа. Эмч намайг даарч болохгүй гэсэн. Би танд сарын 2 000 000 төгрөгийн цалин өгье гэж хэлсэн.  Тэгэхээр нь би жаахан ажилтай байна эргээд ярь гэж хэлсэн. Тэгсэн орой нь залгаад би 14-ийн энд малтайгаа цуг явж байна. Та манай малыг харж өгөх юм уу? гэж асуусан. Би нэгэнт ирж байгаа юм бол малыг чинь хараад өгье гэж хэлээд мал харуулах 2 000 000 төгрөгөөсөө 500 000 төгрөг өгчих. Би машиндаа дугуй болон ойр зуурын юм авах хэрэгтэй байна. Чиний малыг авчих юм бол гарч, орж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр О ирчихээд төөрсөн. Би О-ыг хайгаад овоон дээр зогсож байсан. Тэгсэн О өөрөө хүрээд ирсэн. Тэгээд миний машинд нэг улаан ямаа хийсэн. Та гэртээ тавьчих гэсэн. Тэгэхээр нь би чамайг эргэж яаж олох уу гэхэд энэ үхрийн хажууд хүрээд ирээрэй гэж хэлсэн. Би нөгөө ямааг нь гэртээ тавьчихаад 1 цагийн дараа нөхөртэйгөө гарсан. Тэр өдрөө олоогүй төөрсөн. Тэгсэн маргааш нь утас дуугарсан. Та хайрханыхаа баруун дээгүүр гараад ир гэж хэлсэн. Би гараад очтол машин, мотоциклтойгоо малаа туугаад явж байсан. Би очоод өчигдөр яасан бэ? гэхэд бензин дуусаад Чойр ороод бензин аваад ирлээ гэж хэлсэн. Мал дээрээ нөхрөө үлдээгээд энэ хэдийг аваад гэр лүүгээ яваад очиж хоол унд хийсэн. Тэгээд малаа ирэхээр нь буцаад 3 удаа тоолоод 629 мал хүлээж авсан. Тэгсэн би хэдэн үхрээ алдчихсан гэж хэлсэн. Тэгээд 3-4 хоногийн дараа 7 үхэр авч ирээд ээжийн урд буулгасан нэг нь нэмнээтэй байсан. Би хонио тогтоочихоод уулнаас бууж байтал миний өөдөөс эхнэртэйгээ хамт ирсэн. 7 үхэр авч ирсэн гэж надад хэлэхээр нь очиж үзье гэж хэлсэн. Очоод үхрийг нь үзчихээд буцаад О-тай хамт хонь дээр ирсэн. Тэгсэн нэг хурга нь болохгүй болсон байсан. О өөрөө аваад гэр лүү явсан. Надад үхэр маллуулах талаар огт хэлээгүй. Тэгээд үхрээ хүлээлгэж өгчихөөд та үлдсэн 1 500 000 төгрөг авах юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би чи надад 500 гаран мал гэж хэлсэн. Одоо надад 600 гаран мал хүлээлгэж өгсөн учраас би мөнгөө авахаа болиод чиний малнаас үрэгдэх тохиолдолд малаар төлье 2-лаа малын гэрээ хийе гэж ярьсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө үхрээ усалчихаад хүрээд ирсэн чинь О ирчихсэн хонь хашаад байж байсан. Тэгээд би танай 80 гаран ямаа байгаа. Манайх ээжийн малтай нийлээд 200 гаран ямаа байгаа гэсэн. Тиймээс цөөхөн малаа чирээд гаргая гэж хэлсэн. Тэгсэн О нэгэнт бүгдийг нь хашчихсан юм чинь бүгдийг нь тоолъё гэж хэлээд бүгдийг нь чирсэн. Намайг дүүтэйгээ маргасан гээд байгаа. Дүү маань эдний хонь биш ээжийн хониныг чирээд гаргасан. Тэгэхээр би чи ээжийн малыг чирээд байна гэсэн чинь дүү би танихгүй юм байна гэхээр нь гадаа гараад байж бай гэж хэлсэн. Тэгээд эхнэр нь бас нэг залуу энэ хэд ялгаад чирээд, тоолоод гаргасан. Жижиг хороо учраас 1000 гаран малыг 2 хувааж оруулсан. Тэгээд эхнэрийгээ ямаа тоолчих, эхнэрийнхээ эгчийг хонь тоолчих гэж хэлсэн. О хотон дотор зогсож байсан. Би хонь шүүж байсан. Надад нэг ч мал тоолуулаагүй. Малаа тоолж дуусаад Улаанаа гээд малчин хойшоо туугаад явсан. Тэгээд эхнэр нь тоогоо гаргаад 30 мал дутаж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ингэж дутах ёсгүй манай хүүгийн малд очиж үзье гэж хэлсэн. Би Цагаан сарын юм бэлдэх гээд 2 өдөр дүүдээ малаа харуулсан. Энэ хонь алдчихсан юм байхдаа гэж хэлээд хэрвээ танай мал дутаж байгаа бол манай мал бас дутах ёстой. Тиймээс манай малыг тоолж үзье гэхэд тоолж өгөөгүй. Г гэх залуу, эхнэртэйгээ 3-лаа намайг дагаад манай хүүгийн мал дээр очсон. Тэгэхэд эдний малнаас нэг ч мал байгаагүй. Та хэд манай хүүгийн малд үзэж бай. Би энэ хавийн айлаар яваад үзээд ирье гэж хэлээд Батжаргал, Тайван, Баатар гэх айлуудын малд үзэхэд О-ын мал байгаагүй. Тэгээд эргээд ирэхэд хонь гаргаад 4 хонь хашаанд хашсан байсан. Нэг хурга нь эдний имтэй байсан. Нөгөө 3 нь биш байсан учраас би наад 3 хонь чинь танай хонь биш байна гэж хэлсэн. Тэгсэн О-ын эхнэр нь та яаж мэдэж байгаа юм гэхээр нь эгч нь 2 сар гаран малыг чинь харсан юм чинь танина. Наад хонь чинь шинэ будагтай хонь байна гэж хэлсэн. Наад хонио битгий аваарай эзэн нь Шивээ рүү нүүрс ачих гээд явсан. Ирэхээр нь асуугаарай гэж хэлээд яваад өгсөн. Тэгсэн чинь Г гэх залуу, О, эхнэр нь 3-лаа араас аваад ирсэн. Тэгэхээр та хэд мал дутчихаад байхад яагаад айлын мал аваад ирж байгаа юм бэ? би та хэдэд эзнийг нь ирэхээр үзүүлээрэй гэж хэлсэн гэсэн чинь эхнэр нь мөн гээд дайраад байсан. Тэгэхээр нь би одоо наад 3 хонио энд буулга гэж хэлсэн. Тэгсэн О та юу гээд жон жон гээд байгаа юм бэ? гээд над руу дайрсан. Би малыг бичиг баримтыг машинаас авсан байсан. О намайг чи миний 33 хониныг идсэн, муу луйварчин авгай минь гээд дайраад миний ам руу салаавч хийсэн. Тэгэхээр нь би малыг чинь төлнө, би өвлийн хүйтэнд малыг чинь малласан. Тэгэхэд чи яагаад намайг ингэж байгаа юм арай дэндүү байна гэж хэлсэн. О их муухай авир гаргасан би цохих гээд цохиж чадахгүй байсан. Би О-т мал алдах юм бол төлнө гэсэн гарын үсэг байгаа гэдгээ ч хэлсэн. Намайг цохих гээд байхаар нь 2 гараа өргөөд ухраад ээжийнхээ гэрийн үүдэнд ирсэн. Тэгэхэд хорооны үүдэнд байсан хүмүүсээс нэг нь ч ирж аваагүй. Тэгээд л миний хурууг шууд дарсан. Тэгээд би уйлаад гар эвгүй болгочихлоо гэсэн чинь О чимээгүй болсон. Би гэр лүүгээ ороод гараа нүүр гарын алчуураараа ороогоод машиныхаа түлхүүрийг бичиг баримттай аваад гарах гэсэн эхнэр нь миний хажууд зогсож байсан. Би эхнэрт нь гар өвдөөд байна эмнэлэг явахгүй бол болохгүй байна гэж хэлээд явсан. Ойрхон болохоор Баянталын эмнэлэг явсан. Отгонбаатар надтай ч яриагүй. Б миний толгой руу цохиод гараа гэмтээсэн гэж мэдүүлэг өгсөн байсан. Тэр нь худлаа. Мөн хүүхдээрээ зодуулна гэж хэлсэн зүйл огт байхгүй худлаа зүйл яриад байгаа. Намайг Баянтал сумын эмнэлэгт үзүүлэх гээд очиход баахан эмэгтэй хүмүүс байсан учраас хонь барих гэж байгаад гэмтээчихлээ гэж хэлсэн. Тэгсэн эмч нь намайг зургийг нь авахуул гэж хэлсэн. Би шөнө хөдөө гэртээ очсон. Тэр шөнөдөө унтаж чадаагүй. Тэгээд 2020  оны 02 дугаар сарын 11-ний өглөө О ээжийн гэрийн гадаа машинаа тавиад орсон байсан. Би араас нь ороод чи надаар өвлийн хүйтэнд малаа маллуулчихаад миний гарыг ийм болгочихлоо гээд алгадсан нь үнэн. Би цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн О-аас уучлалт гуйж байна. Тэгээд би ээжийнхээс гараад гэр лүүгээ очоод галаа түлээд сууж байхад О миний араас орж ирээд эгчээ уучлаарай би таны гарыг яг хуучин хэвэнд нь оруулаад өгнө. Та нааш, цааш нь хэлээд яахын бэ гэж өөрөө надад хэлсэн. Тэгэхээр нь би эд ажлын үеэр миний гарыг ийм болгочихлоо гэсэн О гараад явсан. Тэгсэн  гадаа машин ирсэн. Гараад хартал манай бага хүү, бэр 2 ирсэн. Тэгэхээр нь би айлын мал дутчихсан байна. Хаана байж байгаад алга болсон талаар мэдэхгүй байна. Айлын хүн надад хонио тоолуулсангүй араас явж малыг нь тоолъё гэж хэлсэн. Тэгсэн манай хүү, бэр 2 гадаа байгаа танай малыг эхлээд тоолъё гэсэн. би хонио тоолоход нэг ч хонь дутаагүй байсан. Тэгээд хойд дээрээ гартал  манай том хүү ирсэн. Би хонь тоолоод өг О хонио туугаад хойшоо явсан гэж хэлсэн. Тэгээд хайгаад Гашуун гэх газрын наана Отгоогийн малчин У гэх залуу жижиг тэрэгтэйгээ зогсож байсан. Хонио 2 машиныхаа голоор оруулаад тоолоход 594 мал байсан. Би Улаанаад мал чинь бүрэн байна. Өчигдөр Отгоо 33 хонь дутаачихсан гээд гар эвгүй болгочихсон гэж хэлсэн. Тэгсэн У малын багцаа харахад бүрэн юм шиг харагдаж байсан гэж хэлсэн. Би О-г яасан талаар асуухад  Чойр луу явчихсан гэж хэлсэн. Тэгээд машиндаа ороод суухад М гэх цагдаа над руу залгаад танд өргөдөл гомдол ирсэн байна. Одоо хүрээд ир гэсэн за гэж хэлээд бага хүүтэйгээ яваад очсон. Майнбаяр гэх цагдаагийн өрөөнд ороход О наад авгай чинь аймар шуналтай авгай байна лээ. Хүн хүнээс юм луйвардаад сурчихсан авгай байна лээ гээд М гэх цагдаагийн хажууд хэлээд байсан. Би М гээд цагдаад энэ хүний хэлж байгаа үгийг нэгт нэгэнгүй бичээрэй гэж хэлээд би гар өвдөөд байгаа учраас эмнэлгээр явъя гэж хэлсэн. Тэгсэн М та эмнэлгээрээ яваад гомдол санал байвал бичээд ир гэж хэлсэн. О намайг М-н өрөөнд байхад маш их доромжилсон. Тэгсэн тэр цагдаа та хэдийн хэрүүлийн газар юм уу? гар гэж хэлсэн. Тэгээд би гарч яваад эмнэлэгт үзүүлсэн хурууны холбоос нь тасарсан байна гэж хэлсэн гэв.

1.3. Хохирогч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ц гэдэг хүн миний нүүр лүү бал, цаастай гараараа саваад цохиод байсан. Тэгээд мөн хөлөөрөө өшиглөөд байсан. Маргааш нь ээжийнх нь гэрт байхад орж ирээд намайг чирээд гаргасан, мөн гэртээ оруулаад чамайг хүүхдүүдээрээ зодуулна гээд байсан. Би яаж гарах учраа олохгүй байж байсан. Тэгсэн ээж нь гаднаас орж ирсэн. Ц эгч уйлаад, ээж нь бас уйлаад байхаар нь би бие засаад ирье гээд гарсан.  Тэгээд машинаа унаад хойд дээгүүр давтал толгой эргэсэн. Тэгээд жоохон зогсож байгаад эхнэр лүүгээ явсан. 2-лаа цагдаа дээр нь очоод малаа гаргуулаад авъя гэж хэлсэн. Одоо нэхэмжлэх зүйл гэвэл унааны хөлс, үлдсэн малаа авмаар байна. Өөр гомдол санал гээд байх зүйл байхгүй гэв.

 

1.4. Хохирогч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 10-ны үдээс хойш О гэх залууд хуруугаа гэмтээлгэсэн. Үүнээс болж би маш их хохирол амсаж байна. Би өөрөө хувцасаа угааж чадахгүй, толгойгоо угааж чадахгүй. Мөн суганы булчирхай цочоод гэртээ хэвтэрт орсон. Малаа маллаж чадахаа байсан учраас малчин авсан. Малчиныхаа мөнгийг өгөхийн тулд машинаа ломбарданд тавьсан. Одоо хүртэл миний гар юм хийж болохгүй байгаа. Оыг арай ч миний гарыг ийм болгоно гэж санаагүй. Тиймээс О-ыг миний гарыг өмнө ямар байсан яг тэр хэвээр нь болгож өгөөч гэж хүсэж байна. Мөн би хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ, өндөр настай ээжийгээ асраад малаа хараад байдаг хүн. Гэтэл О миний гарыг гэмтээснээсээ хойш огт над руу яриагүй. Би ярих байх гэж хүлээсэн. Одоо гарсан бүх хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг бүгдийг нь нэхэмжилнэ гэв.

 

1.5. Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай охин Ц-гийн малд малаа тавьсан гэх залуу өөрөөсөө гадна 4 хүний хамт ирсэн. Тэгээд манай охины малаас малаа ялгаад байгаа бололтой байсан. Манай охин манай гэрт нэг орж ирээд айлын малаас 30 гаран мал дутсан байна, манайх бас малаа нэг тоолж үзье гэж хэлсэн. Би чи айлынхаа малыг тоолж үзсэн юм уу гэсэн тоолж үзээгүй гэж хэлсэн. Ц гэрээс гараад явсан. Тэгээд байж байтал гэрийн гадаа хүмүүс чанга дуугараад байхаар нь гараад ирсэн чинь О гэх залуу манай охин Ц руу дайрч байсан. Би наанаас нь очоод хүүхдүүд нь юу болоод байна больцгоо гээд наанаас яваад очсон чинь Ц ёооё гээд орилхоор нь яав гэсэн чинь гар мушгиад эвгүй болгочихлоо гэж хэлсэн. Ц-гийн гарыг харахад хажуу тийшээ мурийгаад эргэчихсэн байсан. Тэр малын эзэн залуугийн эхнэр нь ирээд таны охины чинь гар угаасаа ийм моониг байсан гэж хэлэхээр хуучин шинийг эмнэлэг тодорхойлоод өгнө гэж хэлсэн. Тэгээд Цг эмнэлэгт очиж үзүүлье гэж хэлсэн. Орой ирэхдээ эмнэлэгт үзүүлсэн гээд гараа боолгосон ирсэн.

...Би гэрээс гараад тэр хэд рүү явж байтал О манай охины гараас барьсан байсан. Ц орилоод ёооё гэсэн. Ц гар эвгүй болгочихлоо гэсэн. Гарыг нь харахад зүүн гарын дунд хурууг нь хажуу тийшээ эргүүлээд мурийлгасан байсан. Би О гэх залууд хандаад та нар яаж байгаа юм бэ гэсэн чинь Ц эгч айлын мал авчирлаа гэж хэлээд муудалдцсан гэж хэлсэн. О эзэнгүй айлын хотноос мал аваад ирсэн байсан. О гэх залуу манай гэрт орой орж ирэхээр нь манай гэрт хоночих, маргааш өглөө малыг чинь тоолж байгаад явуулъя хэд дутсан байна, баараггүй болгоод яв, яг хэдэн мал дутаж байгааг нь тоог нь гарга гэж хэлсэн. О бага малаа туугаад яваад өгсөн. Тэр оройдоо ирээгүй. Маргааш өглөө үүр цайж байхад О эхнэртэйгээ орж ирсэн. Манай гадаа 7 үхэр байсан юм. Эхнэр нь тэр үхрээ туугаад явсан. О бид нар малаа туугаад явлаа гэхээр нь хонио явуулж болохгүй тоог нь нарийг гаргаж байж яв гэж хэлсэн. Та нар хонио наашлуул гэж хэлсэн. Ц хүүхдүүдээ төвөөс дуудсан. Ц хүүхдүүдээ авчираад Оын малыг тоолж үзсэн бүрэн байсан. Тэгээд Ц-г цагдаагаас дуудсан гээд явсан. Ийм асуудал болсон. Миний гайхаж байгаа зүйл гэвэл 5 хүн 500 тоолж чаддаггүй ямар учиртай юм бэ гэж бодож байна. Мөн миний охины гарыг ямар учраас хугалсан гэдгийг гайхаж байна. Мөн эзэнгүй айлаас мал авчирсанд гайхаад байна. Манай гэрийн хамаг ажлыг хийдэг охины минь гарыг хугалсанд гомдолтой байна. Одоо би гар мухардаад байна. Одоо би мал маллах хүн байхгүй малчин авах гэж байна. Малчингийн хөлсийг Оаас нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр би Баянтал сумын эмнэлэгт жижүүр эмчээр ажиллаж байсан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Л-н Ц гэх эмэгтэй 18 цаг 42 минутанд ирж үзүүлсэн байна. Ц-гийн зүүн гарын дунд хуруу нь хавдаж хөхөрсөн чинэрч маш их өвдөлттэй байсан байна. Мөн суга руугаа хөндүүрлэж өвдөж байсан байна.

...Хурууны байдал өвдөлт зэргийг нь харахаар шинэ гэмтэл байсан. Тухайн үед зүүн гарын дунд хуруу нь мурийсан байсныг татаж хэвэнд нь оруулаад чиг тавьж хөдөлгөөнгүй боож өгөөд зөвлөгөө өгөөд өвчин намдаах тусламж үзүүлсэн байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж зураг авахуулах талаар зөвлөсөн байна... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

 

1.7. Гэрч О.Б-д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр би гэртээ байхгүй Айраг суманд ажлаар явж байсан. Манай эхнэр Ц-д манайд малаа тавьж өвөлжүүлсэн О гэх залуу зүүн гарынх нь дунд хурууг мушгиад гэмтээсэн байсан. Отай намар нь Сайншандаас наашаа явж байхдаа машинд сууж ирээд танилцсан. Би хөдөө малтай байдаг гээд ярьсан чинь танай хавьд оторлож бууя гэж ярьсан. Тэгээд энээс хойш О байнга танай хажууд бууя гээд байдаг болсон. Сүүлдээ малаа тавъя, энэ өвөл өвөлжүүлье гэсэн. Тэгээд хөлс мөнгөө тохироод малыг нь харахаар болсон. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл харахаар болсон. Тэгээд малаа авахгүй байсаар байгаад 2020 оны 02 дугаар сарын 10-н өдөр ирж авсан байсан. Мал авахдаа буруу тоолоод мал дутсан байна гэх асуудлаас болоод манай эхнэртэй маргалдаж байгаад зүүн гарыг дунд хурууг нь мушгиад мурийлгасан байсан. Одоо гар нь бүрэн эдгээгүй өвчтэй байгаа. Мөн цаашдаа хагалгаанд орох шаардлагатай гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

1.8. Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 09-ний орой манай найз О манайд ирж хоносон. Маргааш өглөө малаа айлаас ялгаж аваад буцна гэсэн. Тэр айл нь 2020 оны 03 дугаар сарын 01-н хүртэл харж өгнө гээд хөлс мөнгийг нь авчихаад хугацаа нь болоогүй байхад малаа ав гээд байсан юм байна лээ. Намайг хамт яваад мал ялгалцаад өгөөч гэсэн юм. Тэгээд маргааш өглөө буюу 2020 оны 02 дугаар сарын 10-ны өглөө босоод Чойроос зүүн тийш 30 орчим км газарт хөдөөний айлд очсон. Тэр айлд очиход Ц гээд байгаа хүн, мөн Ц-гийн ээж нь гэх хөгшин, мөн 1 эрэгтэй дүү нь мөн нэг эмэгтэй дүү нь байсан. Тэгээд цай уучихаад гараад мал ялгахаар болсон. Малаа ялгаж аваад тоолсон чинь О-ын малаас 30 орчим мал, Ц-гийн малаас 90 орчим мал дутсан. Тэгтэл Ц манай хүүгийн малтай шүргэсэн, тэдний малыг шүүз үзье гэсэн. Тэгээд Ц-гийн гэрээс хойш ойрхон хороотой хүүгийнх нь гэх айлд очсон. Хүүгийнд нь хүн байгаагүй. Ц хүүгийнхээ малыг тууж ирээд хашаандаа оруулж өгчихөөд та хэд энэ малыг шүүж бай, би хойд айлд очоод асуучихаад шүүж үзчихээд ирье гээд яваад өгсөн. Бид нар хүүгийнх нь малыг шүүгээд О 1 хурга, 3 хонь барьж авсан. Им будаг нь таарч байна. Ц хүрч ирээд наад мал чинь биш гэж хэлээд яваад өгсөн. Бид нар таньдаг хүнд  нь үзүүлье гээд Ц-гийн хороон дээр аваачаад хашаанд нь 4 малаа хийсэн. Тэгтэл Ц гэрээс гарч ирээд наадах чинь биш гээд байх чинь пиздаа чинь чи хүний үгийг сонсдог юм уу гээд О луу хүрээд ирсэн. О Ц-д хандаад хүү чинь ирэхээр нь мөн бишийг нь үзүүлчихээд тавьчихна шүү дээ, ямар одоо аваад явах гэж байгаа биш гэж хэлсэн. Ц О-т хандаад би мэдэж байна, наадах чинь биш гэж хэлсэн. О Ц-д хандаад та хүний мал маллаж байж хүүгийнхээ малыг адилхан будгаар будаж байж хүний толгой эргүүлээд, дураараа хүний малаас мал алж иднэ, та ер нь даварсан авгай байна шүү гэж хэлсэн. Тэгтэл Ц гүйж ирээд О-ыг үсдэж бариад гараараа нүүр лүү нь алгадаад доош нь дараад хөлөөрөө доогуур нь өшиглөөд байсан. Би О-ыг урд нь аваарт ороод нүүрнийхээ ясыг гэмтээгээд төмөр суулгасан байсныг мэддэг учраас салгах гээд тэр хоёр луу гүйгээд голоор нь орсон. Тэгээд больцгоо гэсэн чинь Ц гартаа барьсан шилбүүрээрээ миний шилэн хүзүүн дундуур хоёр удаа цохисон. О цаашаа алхаад явахаар нь би салчихлаа гэж бодсон. Би эмэгтэй хүнд зодуулчих юм байна л даа гээд эргээд машин луугаа алхаж байтал О-ын эхнэр Б надтай зөрөөд О тэр хоёрын зүгт явсан. Тэгээд машин луугаа алхаж байтал ард талд Б та намайг юугаар цохичихвоо гэхээр нь эргээд хартал толгойгоо барьсан сууж байсан. Ц малын данс бичсэн цаас балаа гараасаа авч байсан. Тэгээд О луу очоод цохих гэхэд нь О хоёр гарынх нь бугуйнаас бариад цаашаа түлхчихээд яваад өгсөн. Тухайн үед Оын өөдөөс Ц-гийн ээж дүү хоёр нь гэрээсээ гараад ирж байсан. Ээж нь та нар аятайхан малаа ялгаж авцгаа Ц чи боль гэж хэлж байсан. О Ц-гаас зугтаагаад ээж дээр нь хүрээд очсон чинь араас Ц О-аа чи миний гарыг мушгиад эвгүй болгочихлоо би чамайг хүүхдүүдээрээ зодуулна, чи энэ нутгаас гарахгүй гэх зэргээр эсэн бусаар хэлээд байсан. О ээжид нь хандаад гар хуруу гэмтсэн бол цагдаа дуудъя гэсэн чинь Ц цагдаа яах вэ малныхаа учрыг ольё, дараа нь больё гэсэн. Тэгээд Ц, О, Б, Бийн эгч гэх эмэгтэй бид нар бэлчээр дээр очоод Ц-гийн малыг тоолсон чинь бүрэн байсан. Танай мал бүрэн байгаа, танай малыг тоолъё гэсэн. Тухайн үед харанхуй болсон байсан. Тэгээд Ц малынхаа хажууд үлдсэн. Бид нар малынхаа араас очоод тоолсон чинь 5-6 мал дутсан. Тэгээд тэр шөнөдөө малынх нь хажууд би малчин залуугынх нь хамт хоносон. О эхнэртэйгээ Чойрт ирээд манайд хоносон. Маргааш өглөө нь би үүр цайлгаад гэр лүүгээ ирсэн чинь О эхнэртэйгээ мал руугаа явсан байсан. Замдаа зөрсөн юм шиг байна лээ. Мал дээр нь малчныг орхиод явсан. О мал дутсан, маргааш учрыг нь олж байгаад хөдөлнө гэж байсан. Өдөр О манайд ирээд ярьж байхдаа Ц-гийнд очоод дахиад зодуулчихаад ирлээ. Цагдаад өгч учраа олохгүй бол ойлголцохгүй юм байна гэж байсан. Тэгээд цагдаа дээр ирж өргөдөл өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

1.9. Гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр О Болдоо гэх хүнтэй танилцаад малаа тавихаар болсон юм. Манай мал Багахангайд байдаг байсан юм. Тэгээд Болдоогийн эхнэр Ц-тай уулзаад малаа хөлсөөр тавихаар болсон. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ц-гийнд малаа авчирч өгсөн. Ц эгч бид хоёр мал хүлээлцээд гарын үсэг зурсан. Манайх малаа төллөх дөхөөд ирэхээр 03 дугаар сар дөхүүлээд авъя гэж ярьж тохирсон байсан юм. Тэгтэл 2020 оны 02 сар гаргаад Ц эгч малаа ав манай мал төллөөд байна гээд утасдаад байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ирээд малаа ялгаж аваад тоолсон чинь 32 мал дутаад байсан. Тэгээд энэ талаараа Ц эгчид хэлсэн. Ц эгч манай хүүгийн малтай манай мал шүргэсэн юм, манай хүүгийн малд шүү гээд хүүгийнхээ малыг шүүлгэсэн. Хүүгийнх нь малд манай нэг хурга байсан. Мөн манай малын будсан будагтай адилхан будагтай 3 хонь байсан. Ц эгч өөрөө айлын малаар шүүнэ гээд ийш тийшээ давхиад байсан. Тэгээд 3 хонь 1 хургаа ачаад байж байтал Ц эгч ирээд та хүний мал авлаа, луйварчид чинь дутуугаа гүйцээж дундуураа дүүргэх гээ юу гээд загнаад байсан. О ийш тийшээ 2 ажил удаж байхаар хүүг чинь ирэхээр үзүүлж байгаад буцаагаад авчираад тавьчихъя гэж хэлсэн. Ц эгч хөдлөөд давхиад явсан. Тэгээд 4 хонио жижиг машинд хийгээд аваад очсон. Ц эгч гэрээс гарч ирээд та нар дутуугаа гүйцээлээ гээд загнаад байсан. О Ц-д хандаад та юу гээд байгаа юм бэ хүүг чинь ирэхээр үзүүлчих гээд буцаагаад аваачаад өгчихье жон жон гээд байх юм гэж хэлсэн. Тэгтэл Ц эгч О-ыг заамдаж аваад гартаа барьсан бал, цаасаараа шавхуурдаад байсан. Манай нөхрийн найз Г голоор нь ороод салгах гэсэн Ц эгч толгой руу нь 2-3 удаа цохиод авсан. Г энэ авгайд зодуулчих юм байна л даа гээд машин луугаа яваад өгсөн. О Ц руу тэгвэл май гээл салаавч хуруу гаргасан. Ц дахиад О-ыг зуурч аваад хүзүүг самардаад байхаар нь би голоор  нь ороод та болиоч гэсэн чинь миний толгой руу Ц цохиод авсан. Би ёо гээд толгойгоо бариад доошоо суусан. Тухайн үед Цгийн ээж нь миний ард ирээд зогсчихсон Ц эгчид хандаад чи болиоч эмэгтэй хүн байж яасан нүгэлтэй хүн бэ гээд зогсож байсан. Ц та нар миний гарыг эвгүй болгочихлоо гээд гараа харуулж байсан гар нь мурийсан юм харагдаж байсан. Ц гэр лүүгээ гүйгээд явсан. Ээж нь наадхын чинь гар угаасаа мурий байгаа юм гэж хэлж байсан. Ц эгч гараа цагаан даавуугаар боосон, та нар гар эвгүй болгочихлоо эмчид үзүүлнэ цагдаад өгнө гэж хэлээд машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд Цгийн ээж нь гэрт ороод цай уучихаад гараад ирсэн чинь Ц өөрийнхөө хонийг тоолоод байж байсан. Бид хэд очоод хонийг тоололцсон ээжийн малаас 90-н мал дутлаа энэ салаад айлын малтай нийлсэн байх гэж ярьж байсан. Ц эмчид үзүүлнэ гээд явсан. Бид нар ялгаж авсан малаа тусад нь хонуулсан. Тэгээд маргааш өглөө үхрээ авахаар Ц-гийнд ирэхэд нь Ц эгч унтаж байсан. Ээж нь боссон гэрээ галлаж байсан. Тэгээд эгч Баярсайхан эгч бид хоёр үхрээ туугаад явсан. О ээжийнх нь гэрт суугаад үлдсэн. О нилээн удаж байгаад араас ирсэн. О ирээд Ц эгч намайг алгадаж зодоод манай хүү нар ирнэ чи байж бай гээд байна намайг зодуулах гээд байгаа юм шиг байна гээд ирсэн. Мөн Ц цагдаад өгнө гэж байна гэж хэлсэн. Тэгээд яваад өгүүл буруудах юм болов уу гэж бодоод цагдаад ирээд үнэн зөвийг олж өгөх талаар өргөдөл гаргасан. Тэгээд цагдаа дээр байж байтал Ц араас орж ирээд танай малыг тоолчихоод ирлээ та нар буруу тоолсон байна лээ гээд загнаад байсан. Оын гар мушгиад эвгүй болгосон гээд байсан. О гар хүрээгүй. Ц миний толгой руу өөрөө цохиод гараа гэмтээсэн. Тэгээд О бид хоёр шинжээчид үзүүлчихээд О, Б эгч бид гурав мэдүүлэг өгчихөөд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

1.10. Хохирогч Л.Ц, гэрч Ч.Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл

Гэрч Ч.Б: Миний толгой руу гараараа цохисон. Би ёооё гээд тонгойсон чинь та нар миний гарыг эвгүй болгочихлоо гээд гараа боогоод эмнэлэгт үзүүлнэ гээд явсан.

О Ц эгчийн гарыг нь мушгиагүй. Ц эгч Оыг

заамдаж аваад хүзүүг урахаар нь би болиоч ээ та гэж хэлээд голоор нь орсон чиний миний толгой руу цохисон. Миний толгой руу цохисноос болоод гараа гэмтээсэн гэж бодож байна.

Хохирогч Л.Ц: Энэ хүн худал мэдүүлэг өгч байна. Би хуулийн дагуу үнэнээр нь мэдүүлэг өгч байна. Миний гаран дээр хүнд гэмтэл гарчихаад байхад энэ хүний толгойд гэмтэл яагаад учраагүй байдаг юм бэ, намайг гүтгэж байна. Миний гарыг О хажуу тийш нь дарсан. Тэгээд гэмтээсэн. Би Б-тэй муудалцаагүй. Энэ хүнтэй зууралдсан зүйл байхгүй. Би Б.Бтэй маргалдаагүй.

Гэрч Ч.Б: Ц эгч манай нөхрийн зодоод хүзүүг нь ураад байхаар нь би голоор нь орсон чинь миний толгой руу гараараа цохисон.

Би тухайн үед нарийн шинжилгээ өгөөд хот хүрээ явуул явах л байсан. Хүн чанар гаргаад явж үзүүлээгүй.

Хохирогч Л.Ц: Миний хувьд энэ хүн ингэж худал мэдүүлэг өгч болохгүй. Шинжээчийн гаргасан дүгнэлт дээр Бийн биед учирсан гэмтэл, шалбархай ч байхгүй байсан. Хүний урамд энэ Ч.Б-тэй хэрүүл маргаан хийсэн гар хүрсэн зүйл байхгүй. Энэ хүн өөрөө малаа тоолоод 33 мал дутсан гэж хэлсэн. Маргааш нь тоолоход мал нь бүрэн байсан. Би цаашид эмчилгээнд гарсан зардал болон бусад зардлаа гаргуулж авна. Би хуруундаа даруй хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа. Удах юм бол хуруугүй болно гэсэн. Би эмчилгээнийхээ зардлыг яаралтай гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

1.11. Хохирогч Л.Ц, П.О нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл

Хохирогч П.О: Би наад хүнийг чинь цохиж зодоогүй. Наад хүн чинь миний эхнэрийг цохиод гараа эвгүй болгочихоод гар ийм болгочихлоо гэж хэлсэн. Би хурууг нь мушгисан зүйл байхгүй. Наад хүн чинь над руу дайраад байсан.

Хохирогч Л.Ц: Би О-ын эхнэрийн толгойг цохиод гараа гэмтээсэн гэдэг нь худал үг байна. Би эхнэрийнх нь шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Гэмтэл гараагүй байсан. Миний гар хажуу тийшээ дарагдаад мурийгаад унасан байхад чи гар ийм болгочихлоо гээд би О-т харуулсан. Би гараа бариад гэр лүүгээ ороод гараа юмаар боогоод Баянталын эмчид үзүүлсэн. О 33 мал дутаасан О Б- та хоёр идсэн гээд доромжлоод байсан. Тухайн үед эхнэр Б нь хажууд байсан. О миний зүүн гарын дунд хурууг барьж аваад хажуу тийш нь дараад мушгисан. Би О-ын эхнэр Б-т гар хүрээгүй. Б-тэй муудалцсан зүйл байхгүй. Хажууд та хоёр боль гээд зогсож байсан.

Хохирогч П.О: Ц-гийн хэлсэн худлаа. Хажууд гэрч байсан. Ц гар эвгүй болчихлоо гээд гүйгээд явахад нь Цгийн ээж нь аль гар нь байна хугархай гар нь байна уу гэж байсан.

Ц анх мал харахаар явахдаа 500 000 төгрөг авсан. Дараа нь малаар тооцоо хийхдээ 5 төлөг, 15 ямаа өгсөн. Тэгээд 300 000 төгрөгийг нь бэлчээр мөнгө гээд өгсөн. 200 000 төгрөгөө эргүүлж авахаар болсон. 85 ямаа байхаас 82 ямаа очсон. Манай найз Б-р манай хонийг байнга хариулж байдаг юм. Нэг хонь дутсан байна гэж хэлсэн. Энэ бол эмчилгээтэй холбоотой зардал биш.

Хохирогч Л.Ц: Би малыг нь бүрэн өгсөн. Эхлээд 33 мал дутсан гэж надаас нэхсэн. Би малыг хүү Б, Б, бэр Э, Б болон О-ын малчин Б нарыг хамт тоолсон. Мал бүрэн байсан. Нийт  594 мал байсан. Би тэр хүнд гар хүрээгүй. Тэр залуу болсон явдлыг харж байсан.

Оын эхнэр Б, эгч гэх хүүхэн, мөн хамт ирсэн нэг залуу байсан.

Энэ хүн манай эхнэрийг зодоод гараа гэмтээсэн гэж худлаа хэлж байна. Эхнэрийнх нь биед гэмтэл учраагүй байна. Хэрэв би цохисон бол эхнэрт нь гэмтэл гарах ёстой. Маргааш өглөө үхрээ авах гээд ирэхэд нь би нэг удаа зүүн хацар луу алгадсан. О би таны гарыг эмчлүүлээд өгье та наашаа цаашаа яваад яахав гэж хэлсэн. Би гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

1.12. Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Л.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр үзүүлсэн байна. Энэ картан дээр бичсэн бичиг миний бичиг мөн байна. Хөдөө хүн хүний мал ялгаж байхаар хүний мал ш дээ гэж хэлсэн чинь нөгөө хүн нь ирээд зүүн гарын дунд хурууг нь барьж аваад мушгисан гэж байсан. Тухайн асуудал нь нилээд хэд хоногийн өмнө болсон гэж байсан. Намайг үзэх үед зүүн гарын дунд хуруу нь хавдар хаван ихтэй байсан. Хурууг нь хөдөлгөж үзэхэд сул хөдөлгөөнтэй байсан. Учир нь холбоос нь гэмтэж тасарсан байж болзошгүй гэж үзэж урьдчилсан онош тавьж Улаанбаатар хот руу явж үзүүл гэж зөвлөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

1.13. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 46 дугаартай дүгнэлтэд:

- П.О-ын биед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

1.14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай дүгнэлтэд:

- Л.Ц-гийн биед зүүн гарын 3 дугаар хурууны холбоосны няцрал гэмтэл тогтоодлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 45 дугаар хуудас/

 

1.15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 553 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч Л.Жаргалтогтохын 2020.02.14-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байжээ.

- Л.Ц-гийн биед зүүн сарвууны дунд 2-р үений холбоосны суналт гэмтэл үүсч уг гэмтлийн улмаас 2-р үений хөдөлгөөн хязгаарлалт болсон нь тогтоогдож байна.

- Уг гэмтэл нь тухайн үед мохоо зүйлийн үүлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөлөөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Т.Амартүвшин, Ж.Ганцэнгэл, Н.Туяа гэжээ. /хх-ийн 53-55 дугаар хуудас/

 

1.16. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтэд:

- Ч.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 59 дүгээр хуудас/

 

1.17. Хохирогч П.О-ын Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, /хх-ийн 7 дугаар хуудас/

 

1.18. Хохирогч Л.Ц-гийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/

 

1.19. Люкс Центр төвийн баруун сарвууны тодосгогчгүй MRI шинжилгээ, зураг /хх-ийн 127-128 дугаар хуудас/

 

1.20. Шүүгдэгч Л.Ц-гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 129-132 дугаар хуудас/

 

1.21. Хохирлын тооцооны баримт /хх-ийн 135-142 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч П.О нь хохирогч Л.Ц-гийн гарыг мушгиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь, шүүгдэгч Л.Ц нь хохирогч П.Оын нүүр лүү нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч Л.Б, О.Болд, Б.Б-н, М.Э, Ч.Б, Б.Г нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч П.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Цг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох” саналыг,

 

Шүүгдэгч П.О-ын өмгөөлөгч Г.Энхжаргал гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч П.О нь хохирогч Л.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдохгүй байгаа. Учир нь гэрч Ч.Б, Б.Г нар нь Ц өөрөө Б-ийн толгой руу бал цаас барьсан гараараа цохиод гараа эвгүй болгосон гэж мэдүүлдэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэх саналыг,

 

Шүүгдэгч Л.Ц-гийн өмгөөлөгч Э.Сайханаа гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Л.Ц-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Харин шүүгдэгч П.О-ын хувьд хохирогч Л.Цг зодсон үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч Л.Б, О.Болд, Б.Б, М.Э нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон. Гэрч Ч.Б, Б.Г нар нь бол шүүгдэгч П.О-тай нэг ашиг сонирхолтой гэрчүүд. Мөн хохирогч Л.Ц-гийн нэхэмжилж байгаа 3 444 280 төгрөг, малчин хөлсөлсөн зардлыг гаргуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүхээс шүүгдэгч П.О-ын өмгөөлөгч Г.Энхжаргалаас гаргасан “шүүгдэгч П.О-т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч П.О нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “...би Л.Ц-гийн гарыг мушгиагүй, манай эхнэр Ч.Бийн толгой руу цохиод гарын хуруугаа гэмтээсэн...” гэж мэдүүлдэг, мөн гэрч Ч.Б, Б.Г нар нь “Л.Ц нь Ч.Б-ийн толгой руу бал цаас барьсан гараараа цохиод хуруугаа гэмтээсэн...” гэж тус тус мэдүүлдэг боловч Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 47 дугаартай дүгнэлтээр Ч.Бийн биед гэмтэл тогтоогдоогүй, мөн шүүгдэгч П.О нь хохирогч Л.Цгийн гарыг мушгиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь

хохирогч Л.Цгийн “...О намайг цохих гэхээр нь зүүн гараараа өөрийгөө хамгаалаад хаасан чинь миний зүүн гарын дунд хурууг хажуу тийш дараад мушгисан. Миний гар хажуу тийшээ үенийхээ эсрэг нугалараад эвгүй болсон байсан...” гэх  мэдүүлэг,

гэрч Л.Б-гийн “...О гэх залуу манай охин Ц руу дайрч байсан. Би наанаас нь очоод хүүхдүүд нь юу болоод байна больцгоо гээд наанаас яваад очсон чинь Ц ёооё гээд орилхоор нь яав гэсэн чинь гар мушгиад эвгүй болгочихлоо гэж хэлсэн. Ц-гийн гарыг харахад хажуу тийшээ мурийгаад эргэчихсэн байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Бямбасүрэнгийн “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Л-н Ц гэх эмэгтэй 18 цаг 42 минутанд ирж үзүүлсэн байна. Ц-ийн зүүн гарын дунд хуруу нь хавдаж хөхөрсөн чинэрч маш их өвдөлттэй байсан байна... ...Хурууны байдал өвдөлт зэргийг нь харахаар шинэ гэмтэл байсан. Тухайн үед зүүн гарын дунд хуруу нь мурийсан байсныг татаж хэвэнд нь оруулаад чиг тавьж хөдөлгөөнгүй боож өгөөд зөвлөгөө өгөөд өвчин намдаах тусламж үзүүлсэн байна...” гэх мэдүүлэг,

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 553 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүхээс дүгнэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч П.О, Л.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд шүүгдэгч П.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Л.Ц-г үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч П.О, Л.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-111 дүгээр хуудас/

 

2.2. Шүүгдэгч П.О-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар хуудас/

 

2.3. Шүүгдэгч Л.Ц-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн

 

2.4. Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 154 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 114-116 дугаар хуудас/

 

2.5. Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 77 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 118-119 дүгээр хуудас/

 

2.6. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 124-125 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч П.О, Л.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

          Иймд шүүгдэгч П.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, 

          шүүгдэгч Л.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Л.Цд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тэдний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч П.О, Л.Ц нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

         

          Шүүгдэгч П.О, Л.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

          Хохирогч Л.Ц нь шүүгдэгч П.Оаас нэхэмжилсэн 4 977 080 /дөрвөн сая есөн зуун далан долоон мянга ная/ төгрөгийг, хохирогч П.О нь шүүгдэгч Л.Цгаас нэхэмжилсэн 601 000 /зургаан зуун нэг мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх;” мөн зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх;” үүрэгтэй гэж заасан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Ц-г 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн прокурорын тогтоолоор яллагдагчаар, хохирогч П.О-ыг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн прокурорын тогтоолоор яллагдагчаар тус тус татсан ба хохирогч Л.Цгийн нэхэмжилсэн 5 334 280 төгрөгийн баримтнаас 4 977 080 төгрөгийн баримтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүрэлцэн ирсэн зардал, барьцаат зээлийн гэрээтэй холбоотой баримт, малчин хөлсөлсөн баримт багтаж байх тул үүнийг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Барьцаалан зээлдүүлэх газар эд хөрөнгөө барьцаалж зээл авах, малчин хөлсөлж малаа маллуулах зэрэг нь хохирогч Л.Цгийн эрхийн асуудал юм.

          Хохирогч П.О нь шүүгдэгч Л.Цгаас 601 000 төгрөг нэхэмжилсэн байх ба түүний шүүхэд ирүүлсэн эдгээр баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүрэлцэн ирсэн зардал байх тул шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

 

          Хохирогч Л.Ц нь шүүгдэгч П.О-аас нийт 5 334 280 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс эмчилгээтэй холбоотой баримт болон шатахууны зардал нь хавтаст хэргийн 136 дугаар хуудсанд 30000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн авто зогсоол 1000 төгрөг, Ансот эмийн сан 35000 төгрөг, хавтаст хэргийн 138 дугаар хуудсанд 225 000 төгрөг, шатахуун 65000 төгрөг, Ансот эмийн сан 1200 төгрөг, нийт 357 200 баримтууд авагдсан ба эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байна гэж шүүхээс үзлээ.

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.О-аас 357 200 /гурван зуун тавин долоон мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Ц-д олгох нь зүйтэй байна.

          Хохирогч Л.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч П.О-аас,

          хохирогч П.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Л.Цгаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тус тус баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П-н О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц овогт Л-н Ц-г үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч П.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,  шүүгдэгч Л.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Л.Ц-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Шүүгдэгч П.О, Л.Ц нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.О, Л.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Л.Ц нь шүүгдэгч П.О-аас нэхэмжилсэн 4 977 080 /дөрвөн сая есөн зуун далан долоон мянга ная/ төгрөгийг, хохирогч П.О нь шүүгдэгч Л.Цгаас нэхэмжилсэн 601 000 /зургаан зуун нэг мянга/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.О-аас 357 200 /гурван зуун тавин долоон мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Цд олгосугай.

8. Хохирогч Л.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч П.Оаас, хохирогч П.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Л.Цгаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тус тус баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О, Л.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХМАНДАХ