Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00010

 

2016 оны 12 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00010

       Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

        Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан оргил сувилал 48-р байр 1 тоотод байрлах “Элит техно монгол сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 39-р байр 66 тоотод оршин суух, регистр:НЩ78122865,  Цагаан Дээлий Дамдин овогт Лувсандоржийн Тогтуунцэндэд холбогдох  4 650 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл нь шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Тогтуунцэндээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 4 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.  Нэхэмжлэлийн шаардлагаас 1 550 00 төгрөгийг багасгаж үлдэгдэл төлбөр 3 100 000 төгрөгийг 2016 оны 12-р сараас 2017 оны 4-р сарыг дуустал сар бүр 200 000 төгрөг, 2017 оны 9-р сарыг дуустал сар бүр 420 000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд эвлэрлийг баталж шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Элит техно монгол сервис” ХХК нь Л.Тогтуунцэндэд  холбогдуулан 4 650 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

“Элит техно монгол сервис” ХХК нь Л.Тогтуунцэндтэй 2013 оны 5-р сарын 18-ны өдөр худалдах худалдан авах тухай гэрээ байгуулжээ. 

 

Нэхэмжлэгч нь үндсэн зээл болон гэрээгээр тохирсон алданги 4 650 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, талууд нэхэмжлэлийн шаардлагаас  3 100 000  төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, хариуцагч төлбөрийг бүрэн төлөхөөр тохирсон байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “Элит техно монгол сервис” ХХК болон хариуцагч Л.Тогтуунцэнд нар нь 4 650 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 100 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг бүрэн төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Тогтуунцэндээс 44 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

              3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА