| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2020/0062/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/66 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/66
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А овогт Г-ын Ц-д холбогдох эрүүгийн 2017000860068 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 30-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Шивээ-Овоо зөрлөгт замчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Г аймгийн С сумын дугаар баг, Х тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх А овогт Г-н Ц /РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Г.З-д “40 төлөг худалдах хүн хайна” гэж хуурч урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 3 000 000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Г.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Г.З-д “40 төлөг худалдах хүн хайна” гэж хуурч урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 3 000 000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2019 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Зод төлөг өгнө гээд 3 000 000 төгрөгийг аваад мөнгийг нь өгч чадаагүй удаасан. Энэ миний буруу гэв.
1.2. Шүүгдэгч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2019 оны 05 дугаар сард З гэж миний хуучин танил залуу над руу ярьж төлөг авах хэрэгтэй байна та таньдаг хүн байгаа бол төлөг аваад өгөөч, мөнгийг нь одоо өгөөд намар очиж төлөгөө авахаар төлөг аваад өгөөч гэсэн. Тэгээд Чойрт байх таньдаг хүмүүст төлөг авна шүү гэж хэлсэн юм. Тэгээд манай найз А 15 төлөг 75 000 төгрөгөөр зарна гэхээр нь З руу хэлээд тэр өдрөө 15 төлөгний 1 125 000 төгрөгийг найз А-ын данс руу хийлгэсэн. Н гэх найз маань төлөг зарах гэж байна гэхээр нь Зд хэлж 10 төлөгний 800 000 төгрөг өөрийнхөө дансаар аваад Нд 800 000 төгрөг өгсөн. Дараа нь Т гэх залуу банкны мөнгө дутаад байна, 20 төлөгний мөнгө өгөөч намар төлөг өгий гэсэн. Тэгэхээр нь З-д хэлээд 20 төлөгний мөнгө болох 1 500 000 төгрөгийг өөрийнхөө дансаар авч Тид 1 400 000 төгрөг өгсөн. Хэд хоногийн дараа Т дахиж яриад 3 төлөгний мөнгө өгөөч хүүхдийн төрсөн өдөр болох гээд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би өөрийнхөө мөнгөнөөс 210 000 төгрөгийг Тийн данс руу шилжүүлсэн. Нийтдээ Тоос 23 төлөг авах ёстой боловч утсаа авахгүй зугтаагаад байсан. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би З руу залгаад 40 төлөг 75 000 төгрөгөөр оллоо авах уу гэсэн чинь тэгий гээд 3 000 000 төгрөгийг 2 хувааж миний данс руу шилжүүлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг болоод байсан юм. Тэгээд З төлөг байна авах уу гэхээр нь авна гээд мөнгө шилжүүлдэг байсан болохоор нь Зыг мөнгө өгөх байх гэж бодоод 40 төлөг зарах хүн байна гэж Зийг хуурч 3 000 000 төгрөгийг өөрийн дансанд авсан. Зийг хуурч авсан 3 000 000 төгрөгийнхөө 1 400 000 орчим төгрөгөөр нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Төрийн банкны өрөө дарсан. Үлдсэн мөнгөөр нь мөрийнтэй тоглоом тоглоод дуусгасан. З намар ирээд төлгөө бөөгнүүлж айлд тавина гээд ирсэн. Тэгээд тэр үед би ажилтай байж таараад А гэж манай баз байдаг юм. Тэр залууг хамт яваад цуглуулаад өг гэсэн. Тэгээд А, З 2 хамт явж Нгаас авсан 15 төлөг, Аоос авсан 12 төлгөө нийлүүлж аваад А-ийнд тавьсан. Тоос авах гээд очсон гэсэн, тэгсэн чинь Т гэртээ байхгүй эмнэлэгт хүүхдээ сахиж байна гэж байна гэсэн. Тэгээд З буцахаар болсон. Тэгэхээр нь Ттой би уулзаад авсан малаа аваад байж байя, санаа зоволтгүй гэж Зд хэлсэн. З үлдсэн мал хаана байна гэхээр нь 24 төлөг хүнээс авна, оторт явсан ирээгүй, утас нь холбогдохгүй байна гэж худлаа хэлсэн. 2019 оны 12 дугаар сард байхаа Г гэх залуу мал авна гэхээр нь З-д хүн мал авна гэж байна зарах уу гэж хэлсэн чинь тэгье гээд би А-гийнд тавьсан 27 төлгийг Г0 гэх махны ченж залууд 2 160 000 төгрөгөөр зараад мөнгийг нь З-д өгөхгүйгээр өөрөө хэрэглэсэн. Тэгээд З-д мөнгөний хэрэг гараад би мал зарсан мөнгийг нь хэрэглэчихлээ дараа нь мал зараад өгье гэж хэлээд төлж чадаагүй байсан юм. Тэгээд З-ыг ирэхээр мөнгийг нь өгч чадаагүй болохоор зугтаагаад байсан чинь цагдаад мэдэгдсэн байсан. Манай төрсөн эгч Д хүнээс мөнгө зээлж миний З-од учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Эгчийнхээ хүнээс зээлсэн мөнгийг цалингаасаа бага багаар дарж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/
1.3. Хохирогч Г.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Готовын Ц гэж хүнийг урьд нь таньдаг байсан юм аа. Нэг өдөр найз Ц-0гоо мал авах талаар ярьж байсан юм. Тэгсэн чинь манай найз Ц залгаад Ц гэж хүн цөөхөн цөөхнөөр нь төлөг өгөх хүн байна гэж байна гээд Ц-тай холбуулсан. Би Ц-ыг урьд нь таньдаг байсан юм. Ц-тай холбогдоод хавар мөнгөө өгвөл арай хямд үнээр мал олддог юм байна гэсэн чинь төлөг 75 000 төгрөгөөр л авах боломжтой юм байна гэсэн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр над руу залгаад нэг бүрийн үнэ нь 75 000 төгрөгөөр 15 төлөг хүнээс авахаар боллоо, одоо мөнгөө шилжүүл гэсэн. Тэгээд би 1 125 000 төгрөгийг найз Эын данснаас утга дээр нь ЗООС гэж бичээд 5079... гэх данс руу шилжүүлсэн. Хэний данс байсныг санахгүй байна. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр залгаад 75 000 төгрөгөөр олдохгүй байна 80 000 төгрөгөөр 10 ширхэг олдож байна авах уу гэсэн. Тэгээд би зөвшөөрөөд найз Эын данснаас Цын 5463... гэх өөрийнх нь данс руу 800 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр залгаад 20 ширхэг төлөг 75 000 төгрөгөөр олдлоо гэхээр нь найз Эын данснаас Цын 5463... гэх өөрийнх нь данс руу 1 500 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 40 тооны төлөг 75 000 төгрөгөөр олдлоо авах уу гэсэн. Тэгээд би энэ өдрөө Эын данснаас Цын 5463... гэх данс руу 2 000 000 төгрөг шилжүүлээд 2 хоногийн дараа өөрийнхөө Хаан банкны 5021... гэх дансаас 1 000 000 төгрөгийг Цыг 5463... гэх өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Нийтдээ Цд 6 245 000 төгрөг шилжүүлсэн. 2 сарын дараа 5 төлөг нь худлаа болсон, хүн нь мөнгөө буцааж өглөө гээд 5 төлөгний мөнгө болох 375 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Наадмын өмнө Чойрт ирж 3 төлөг А гэх хүнээс авсан. Ц хэлэхдээ энэ хүнээс 15 төлөг авах ёстой шүү гэж байсан. Би наадмаар хэрэглэх 3 төлгөө аваад явсан. Тэрнээс хойш ярихаар хүмүүс нь үнээ өсгөсөн гэх утгатай юм яриад зарим нь оторт явсан утас нь холбогдохгүй байна гэх зэргээр тайлбар хэлж байсан. Тэгж байгаад намар авсан малаа цуглуулах гээд Чойрт ирээд Аоос авах ёстой 12 төлөг, Цын найз гэх хүнээс 15 тооны төлөг авсан. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Ингээд 27 тооны төлөг болгоод байсан чинь Ц надад Адраа гэж манай баз байгаа юм, малаа цуглуулж дуустлаа энэ айлд малаа тавьчих гэсэн. Тэгээд би Адраа гэх залуугийнд 27 ширхэг төлгөндөө тэмдэг тавиад үлдээсэн. Ц Т гэх хүнээс 23 тооны төлөг авах ёстой гэж хэлсэн. Ттой утсаар ярьсан чинь өгнө гээд хойшлуулаад байсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. Тэгээд 2019 оны 09 дүгээр 20-н хавьцаа Чойрт ирээд Тийн аавынд очоод уулзсан чинь Т эмнэлэгт хүүхдээ хараад хэвтэж байгаа, миний мэдэх юм байхгүй байна гэсэн. Тэгээд Түдэвтэй яриад эмнэлэг дээр хүүхдээ сахиж байна маргааш очоод ялгаж салгаад өгнө гэсэн. Тэгээд маргааш нь эмнэлэг дээр ирсэн чинь Т байхгүй байсан. Аав дээр нь очсон чинь ирээгүй байсан. Тэгээд утсаа авахгүй алга болсон. Тэгээд Цд учир явдлаа хэлсэн чинь оторт явсан хүнээс 24 тооны төлөг авах ёстой, тэр асуудал байхгүй, би авчихна найдвартай хүн байгаа гэж хэлсэн. Би Тийг олж уулзаад холбоо бариад чамд хэлнэ гэсэн. Тэгээд би буцаад хотод байж байгаад 12 дугаар сарын дундуур Чойрт ирээд Цыг гэрээс нь аваад Тийн гэрт очоод уулзсан чинь ойрхон мал зардаг хүнтэй уулзчихаад ирье наанаа хүлээж бай гэсэн. Тэгээд хөдөлж яваад утсаа унтраагаад алга болсон. Тэгэхээр нь Цыг дагуулаад Тийн аав Т гэх хүнтэй уулзаад танай хүүхэд чинь зугтаагаад миний малыг өгөхгүй байна гэсэн чинь наадахтайгаа одоо юу ярихав дээ надтай холбогдоорой, ах нь удахгүй зохицуулж өгье гээд дугаараа өгсөн. Тэгээд би буцсан. Тэрнээс хойш залгахаар аль аль нь утсаа авахгүй болсон, Тэгэхээр нь би Цд чи Чойрт олон очлоо ирж очих хэцүү байна анх чамд мөнгөө өгсөн учраас чамтай л тооцоо хийж дуусгая чи цаад улсуудаасаа өөрөө олж ав гэсэн чинь за тэгье гэсэн. Би А-нд байгаа 27 малаа зарж мөнгө болгоё мал авах хүн байна уу гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа Ц над руу залгаад мал авах хүн байна үзүүлэх үү гэхээр нь тэг тэг гэсэн. Тэгсэн чинь хүн үзлээ 20 төлгийг 85 000 төгрөгөөр, 7 төлгийг нь 80 000 төгрөгөөр авна гэнээ, өгөх үү гэхээр нь би тэг тэг гээд Цд дансаа өгсөн. Тэрнээс хойш Ц утсаа авахгүй алга болсон. Тэгж байгаад нэг холбогдсон чинь би мөнгөний хэрэг болоод мал зарсан мөнгийг нь хэрэглэчихсэн, цалин буухаар өгье, бас ажлынхаа хүнээс мөнгө авах ёстой тэрийг авахаар өгье гээд байсан. Тэгээд тэрнээс хойш утсаа авахгүй болсон, авахаараа шалтаг тоочоод байсан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирж ажил дээрээ байхад нь уулзсан чинь Хаан банкнаас цалингийн зээл нэмж аваад өгье гэсэн. Тэгээд Хаан банкинд очоод уулзсан чинь сарын сүүл зээл өгөхгүй гэж байна сар эхлэхээр зээл ав гэж байна. 7 хоног хүлээчих гэсэн. Тэгээд би буцсан. 2020 оны 05 дугаар сарын 04-нд утсаар ярьсан чинь банкинд явж байна гэж хэлээд утсаа унтраагаад алга болсон. Тэгэхээр нь 2020 оны 05 дугаар сарын 06-нд Чойрт ирээд ажил дээр нь уулзсан чинь банкнаас зээл гарахгүй байна, мал зарж өгье гээд өдөржин дагуулж явж байгаад орой болох үед гэртээ орчихоод гараад ирье гээд хашаа руугаа ороод хойд талаараа гараад алга болсон. Утас нь холбогдохгүй алга болсон. Тэгээд цагдаад хандаж байна.
...Би Цын дансанд 5 удаагийн шилжүүлгээр 85 төлөг авахаар 6 450 000 төгрөг өгсөн.
...Нийт 85 төлөг авахааар болсон. Үүнээс 5 төлөгний мөнгө 350 000 төгрөгийг над руу буцаасан. 3 төлгийг нь би наадмаар авч идсэн. Одоо бол 77 төлөгний мөнгө болох 5 825 000 төгрөг авна... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/
...Би Цаас авах ёстой 5 825 000 төгрөгөө бүрэн хүлээж авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/
1.4. Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Цын малын А данс худлаа. Багийн засаг даргатайгаа хуйвалдаж байхгүй малыг байгаа мэт болгож бичсэн байсан. Би тэр талаар багийн даргатай уулзаж та ингэж болохгүй гэхэд танай дүү банкнаас зээл авах гээд 100-с доош малтай бол зээл авч болохгүй нь гэж гуйгаад байхаар нь нэмж бичиж өгсөн юм гэж надад хэлсэн. Багийн дарга Д гэдэг хүн бий. Ц нийт 23 бог малтай. Түүнээс өөр мал байхгүй. Би дүүгийнхээ малыг малладаг юм. Бид нар ах дүү нартайгаа ярьж байгаад Цын өрийг дарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
1.5. Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2020 оны 04 дүгээр сард байхаа цагдаа ирж Ц хүнээс мөнгө авсан гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн. Урьд нь З гэж миний зүс таних залуу манайхаар ирж Ц хаана байна, мал авна гэж мөнгө өгсөн юм аа гээд явж байсан. Манай ирснийхээ дараа бас над руу залгаад Цыг сураад цагдаад мэдэгдэнэ гээд байсан юм. Тэгээд З нь цагдаагийн байгууллагад өгсөн юм байна гэж бодсон. Цаас өөрөөс нь юу болсон талаас асуухаар би өөрөө мэдэж байгаа гээд надад юм хэлдэггүй байсан. Хэдэн төгрөг хүнээс аваад юунд зарцуулсан эсэхийг нь би мэдэхгүй. Хүнээс мал авч өгнө гээд мөнгө авсан юм шиг байна лээ. Ц Улаанбаатар төмөр замын 3-р ангид замчин хийдэг. Би өөрөө ажил төрөл хийдэг болохоор Цаас мөнгө төгрөг гээд байдаггүй, Ц хэдэн төгрөгийн цалин авдаг эсэхийг нь мэдэхгүй, ажил хийж байгаа хүн цалин авдаг байх. Ямар ч байсан цалингийн зээлэнд нь 520 000 төгрөг төлдөг, үлдсэн цалингаа юунд зарцуулдаг эсэхийг нь мэдэхгүй байна. Хүмүүстэй мөрийтэй тоглоод л үрдэг байх. Гэр орон болон хүүхдүүддээ мөнгө төгрөг гэж юм зарцуулдаггүй. Ажилдаа явлаа гэж 1 дэх өдөр гараад 5 дахь өдрийн орой гэртээ ирдэг. Заримдаа ирдэггүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
1.6. Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Г.Ц нь манай сумын 3 дугаар багт харъяатай малчин боловч малаа өөрөө малладаггүй, ах О нь малыг нь малладаг юм. 2019 оны жилийн эцсийн мал тооллогын үеэр Ц нь өөрийн биеэр байгаагүй. О нь тухайн мал тооллогын үеэр оторт Дорноговь чиглэлд явсан байсан учир малыг нь нүдээр үзэж тоолох боломж байгаагүй юм. Тэгээд Оийн эхнэр нь мал тооллого бичүүлэх гэж ирэхдээ Цын малын тоог бичиж ирээгүй юм. Тэгээд би 2019 оны мал тооллогын программ хаагдах гээд байсан учир Цын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг хараад тухайн жил гарсан төл болон ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн болон үхэж үрэгдсэн хорогдлыг нь хасаад 2019 оны жилийн эцсийн А дансыг нь үйлдсэн юм. Уг А дансанд 10 адуу, 38 хонь, 22 хурга нийт 60 тооны хонь, 40 ямаа, 22 ишиг нийт 62 ямаа эдгээр мал нийлээд нийт 132 толгой мал тоологдсон. Тухайн үед Цын утас нь холбогдохгүй байсан юм. Сүүлд хэд хоногийн дараа утас нь холбогдоод энэ талаар хэлсэн чинь тэр орчим байгаа байхаа гэж хэлж байсан. Ер нь отроор явсан айлын малыг нүдээр үзэж тоолох боломж байдаггүй юм. Одоо Цд яг хэдэн тооны мал байгааг мэдэхгүй байна. Өмнө нь нилээн олон малтай айл байсан юм, өөрөө их зарж үрээд өөрөө маллахгүй байгаа учир мал нь цөөрсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
1.7. Гэрч Э.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Ц гэж хүнийг танихгүй. Манай найз З хүнээс мал авч байгаа юм аа гээд надад нэг хүний 5079... гэх данс өгөөд 15 ширхэг төлөг 1 125 000 ЗООС гээд шилжүүлчих гэсэн. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 80 000 төгрөгөөр 10 ширхэг төлөг авч байгаа юм гээд Цын 5463... гэх данс руу 800 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 20 ширхэг төлөг 75 000 төгрөгөөр авч байгаа гээд Ц гэх хүний 5463... данс руу 1 500 000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 40 тооны төлөг 75 000 төгрөгөөр авч байгаа юм 3 000 000 төгрөг байна уу гэсэн надад 2 000 000 төгрөгийн боломж байна Ц гэх хүний 5463... данс руу нь 2 000 000 төгрөг шилжүүлж нийтдээ 5 450 000 төгрөгийг найз Г.Зод зээлүүлээд буцааж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
1.8. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ц мал авч байгаа гэж сонсож байсан. Тэгээд би Цд төлөг 75 000 төгрөгөөр авах уу гэсэн чинь би бишээ З гэж хүн авч байгаа гээд надтай холбож өгсөн. Тэгээд би мал бэлэн байгаа мөнгөө явуулчих гээд эгчийн дансаар 15 төлөгний мөнгө болох 1 125 000 төгрөг авсан. Тэгээд малаа намар авахаар болсон. З гэж залуу 2019 оны 07 дугаар сард наамдын үед баяраар хэрэглэх гээд 3 төлөг аваад үлдсэн 12 төлөгөө намар ирж авсан. Өөрөөр Цтай наймаа хийсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
1.9. Гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 09 дүгээр сарын 15-н хавьцаа байхаа, З гэж эртний танил залуу надтай ирж уулзаад Баясаа, А, Т гэж Чойрын айлуудаас мал цуглуулах ажил байна, та газар мэдэх юм чинь хамт яваад өгөөч, тэгээд малаа цуглуулаад танайд малаа тавъя, сэрүүн ороод мах хөлдөх үе хүртэл маллаж өгөөч гэсэн. Тэгээд би отор нүүдэл хийж хол явж магадгүй шүү хаанаас ч хамаагүй очиж авна гэвэл хамаагүй би маллаж байж болно гэсэн. Тэгээд З бид хоёр Сүмбэр сумын нутаг Адуунчулуун гэх газар нутаглах А гэх айлаас 12 тооны төлөг аваад манай гэрт хүргэсэн. Тэгээд дараа нь тэр өдрөө Баянтал сумын нутаг Цэрдгэрийн худаг гэх газар нутаглах Н гэх айлаас 15 тооны хонь ачиж манайд авчирсан. Тэр оройноо Цагаандэлгэр сумын нутаг Цагааншанд гэх газар нутаглах Тийн аав Т ахынд очсон чинь Т нь байхгүй байсан. Тэгээд Тийн аав Т ах орой болчихлоо манай хонь холдоод явчихлаа, манай хүүхэд зарсан юм бол би өгнө, ер нь бол Т надад юм хэлээгүй, би мэдээгүй гэсэн. Тэгээд З бид хоёр манайд буцаж ирээд З Улаанбаатар хот руу буцсан. Тэрнээс хойш нээх юм ярихгүй байж байгаад 12 сарын 25-н хавьцаа байхаа яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Шинэ жил дөхчихсөн байсан. Чойрт ирчихсэн явж байсан чинь Цтай таарсан. Тэгсэн чинь Ц надад З танайд байгаа хэдэн хонио зарчих гэж байна гэж байсан. Тэгээд чи надад төв рүү дөхүүлээд өгөөрэй, би түлшний чинь мөнгийг өгнө гэсэн. Манайх тэр үед Сүмбэр сумын нутаг 4-р баг, Эвзэд гэж газар нутаглаж байсан. Чойроос нээх холгүй 30 километрт байсан учир би тэр өдрөө гэр лүүгээ яваад Згийн манайд тавьсан байсан 27 тооны хонийг 15-45 ГСА улсын дугаартай Портер машкийн машинаараа хоёр хувааж ачиж ирээд Христийн сүмээс хойш байдаг байх, Г гэх махны ченж залуугийн хашаанд авчирч буулгасан. Тэгээд би буцсан. Ц, Г гэх ченж залуутай юм яриад байсан. Хөлс мөнгөө тохирсон байх, би хүргэж өгчихөөд буцсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
1.10. Гэрч Т.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ц мал авч байгаа гэж ярьж байсан юм аа. Тэгээд 2019 оны 04 дүгээр сард банкны мөнгө дутаад байхаар нь Ц руу ярьж 20 төлөгний мөнгө авъя, хавар төлгөө аваарай гэсэн чинь дансаа явуулчих гээд надад 1 400 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Тэгээд дараа хүүхдийн төрсөн өдөр болох гээд байхаар Ц руу ярьж төлөгний мөнгө болох 210 000 төгрөг өөрийнхөө дансаар авсан. Тэгээд намар 9 сард байхаа З гэж залуу малаа авъя гээд ирсэн. Цаар дамжуулж мал авч байсан юм байна лээ. Тухайн үед манай мал тарга тэвээрэг муутай байсан болохоор тэр малаа аваад өгье гэж бодоод Мөнхөө ахтай уулзаад ирье гээд явсан. Уулзчихаад ирсэн чинь З явчихсан байсан. Тэгээд сүүлдээ Мөнхөө ахаас мал авах нь худлаа болоод авсан мөнгөө буцааж өгье гэж хэлсэн чинь нэг төлгөө 100 000 төгрөгөөр бодож авна гээд байсан. Тэгээд мөнгөний боломж болохгүй байсан юм аа. Өвөл ярихаар нь би хавар ноолуур дээрээс өгье гэсэн. Тэгээд одоо болтол ноолуураа тушааж чадаагүй, мөнгийг нь өгч чадахгүй байна. Ноолуураа тушаачихвал Цаас авсан мөнгөө өгнө... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
1.11. Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би Г.Цыг цагдаад шалгагдаж байгаа талаар мэдээгүй байсан. 2020 оны 05 дугаар сарын 20-н хавьцаа байх надад мөнгө хэрэгтэй байна. Би хороогоо зарах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь яагаад хороогоо зарах гээд байгаа юм бэ гэсэн чинь надад юм хэлээгүй яваад өгсөн. Тэгээд эхнэр Цаас нь Ц хороогоо зарна гээд байна юу болсон юм бэ гэж асуусан чинь эхнэр нь Ц З гэж хүнд мөнгө өгөх ёстой юм шиг байна лээ цагдаад дуудагдаад байгаа ажилгүй болохвийдээ гэж хэлсэн. Тэгээд Зын дугаарыг нь аваад юу болсон талаар тодруулах гээд залгасан чинь утсаа аваагүй. Тэгээд цагдаа дээр очиж уулзаад юу болсон талаар мэдэж авий гэж бодож байгаад ажил амьжихгүй байж байгаад өнөөдөр ирж юу болсон талаар нь мэдэж авлаа...гэх мэдүүлэг /хх-имйн 23 дугаар хуудас/
1.12. Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 05 дугаар сард байхаа Ц төлөг авч байгаа гэж сонссон юм. Тэгээд тухайн сардаа байхаа яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна. Намар төлөг өгнө гэж хэлээд Цаас 1 050 000 төгрөг 5062... тоот дансаар авсан. Өөр хүнээс мөнгө аваад төлөг авч байгаа юм шиг байна лээ би сайн мэдэхгүй байна. Тухайн үед надад юм хэлээгүй. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад намар 9 дүгээр сард Ц над руу яриад төлөг авах хүн нь ирчихсэн төлөгийг нь өгөөрэй гэсэн. Тэгээд З гэх залуу ирж манайхаас 15 төлөг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/
1.13. Гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай хүү Т Гомбо буюу Цаас 1 700 000 орчим төгрөг авсан гэсэн. Ц Улаанбаатар хотын нэг танихгүй залуугийн хамт манайхаар ирээд өгсөн мөнгөндөө мал авна гэж 2019 оны 10 сарын үеэр манайхаар ирсэн. Тэр үед манай хүү Т Говьсүмбэр аймгийн гэртээ байсан. Тийн гэр нь Төмөр замын эмнэлгийн ард талд гэр нь байдаг юм байна лээ. Ихэвчлэн хөдөө бид хэдтэй хамт байдаг. Манай хүү Т Дундговь аймаг руу ажилд орохоор явсан, эзгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/
1.14. Хохирогч Г.З-ын Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Ц-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Ц нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Г.Ц нь шунахайн сэдэлтээр хохирогч Г.З-ын хүнд итгэх итгэлийг ашиглан түүний итгэлийг эвдсэнээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Ц-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Г.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Хөдөө байхдаа тун ч гайгүй хүүхэд байсан. Ц нь эхнэр хүүхдэтэйгээ Чойрт амьдардаг. Одоо Төмөр замд ажилладаг гэсэн. Цалин мөнгө гэж авдаггүй, өрөнд явчихдаг гэж дуулсан. Тоглоомонд алдсан гэж бодож байна. Түүнээс биш юун даа алдахав дээ... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
2.2. Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Ц нь цэргийн албаа Дорноговь аймгийн Улаан-Уул сумын цэргийн ангид хаасан. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. 7 хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд нь байгаа юм. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын дунд сургуульд суралцаж байгаад 8-р ангиасаа мал дээр гарсан. Ер нь ажил төрөл хийдэггүй байж байгаад 2017 оноос Төмөр замд замчнаар ажиллаж байгаа. Урьд өмнө нь ял шийтгэж эдэлж байгаагүй. Архи дарс нээх уудаггүй байж байгаад 2008 оноос хойш архи уух болсон. Архи уухаараа агсам зантай, хардаж сэрдээд элдвээр хэлээд байдаг. Гар хүрч зодож байгаагүй. Ер нь гэртээ байх нь ховор, хаана юу хийж яваа нь мэдэгддэггүй, асуухаар худал хэлээд байдаг. Эрүүлдээ бол үг дуу цөөтэй даруухан зантай... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
2.3. Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Г.Ц нь эхээс 8 хүүхдтэй, айлын бага хүүхэд байгаа юм. Багаасаа мал маллаж байгаад 2019 оноос Төмөр замд ажиллаж байгаа. Эхнэр 3 хүүхдийн хамт Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханангийн 3 тоотод амьдардаг. Цэргийн алба хаасан эсэхийг нь мэдэхгүй байна. Байнга архи дарс уугаад байдаггүй, хурц ааш зан байхгүй. Хүнээс урьд мөнгө төгрөг авч асуудал үүсгэж байгаагүй. Банкнаас зээл хийж байсан. Г.Цын нэр дээр гээд байх зүйл одоо амьдарч байгаа гэр нь байгаа байх. Хэдэн мал байсан одоо байгаа эсэхийг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/,
2.5. Шүүгдэгч Г.Ц-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Г.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Г-н Ц-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ